Улсын хэмжээнд энэ жил 372.9 мянган га талбайд тариалалт хийжээ. Мэдээж, гурил улмаар талх болох улаан буудайгаа хамгийн их тариалсан. Дараагийн дугаарт төмс. Тэгээд 7.1 мянган га талбайд бусад хүнсний ногоо, 32.3 мянган га талбайд тосны ургамал, 10.4 мянган га талбайд тэжээлийн ургамал, 712 га талбайд жимс тариалжээ. Өмнөх оны тариалалттай харьцуулбал 72 мянган га талбайд шинээр үр тариалалт нэмэгдсэн юм. Хур бороо элбэг байгаа учир төлөвлөснөөсөө ч илүү ургац авах нааштай төлвийг тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн Н.Оюунсувд дуулгав. Түүний хэлснээр өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад соёололт, бутлалт ч илүү гарч, үр тарианы болц сайн байгаа аж. Энэ жилийн хувьд 174 мянган тонн төмс, 90 мянган тонн хүнсний ногоо, 420 мянган тонн үр тариа хураан авах урьдчилсан төлөв бий. Мэдээж, ирэх өдрүүдийн байгаль, цаг уурын байдлаас хамаарах нь ойлгомжтой. Ямартай ч, мэргэжилтнүүдийн тооцоолсноор төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй илүү гарсныг экспортлох зорилготой байгаа ажээ.
АГУУЛАХ, ЗООРЬ ДУТМАГ БАЙНА
Сүүлийн жилүүдэд үр суулгах талбай нэмэгдэхийн хэрээр арвин ургац хураадаг боллоо. Нийслэлийн хэрэгцээг ихэвчлэн Төв, Сэлэнгэ, Орхон, Булган аймгаас хангадаг. Харин газар тариалангийн бүс нутаг болсон эдгээр аймаг хураасан төмс, хүнсний ногоогоо хадгалах зоорь, агуулах саваар дутагдалтай. Хэрэв улаан буудай, хүнсний ногоогоо хадгалах хангалттай агуулах, зоорьтой бол нийслэлчүүд гурил, хүнсний ногооны үнийн өсөлтөд дарлуулахгүй. Тийм том асуудлыг шийдэх гарц нь болоод байгаа агуулах, зоорь барьж байгуулах талаар сүүлийн хэдэн жил яриад ч ажил хэрэг болсон зүйлгүй, тусыг эс олж байгааг салбарынхан хэлж байна.
Тухайлбал, нийслэлийн ойролцоо төмс, хүнсний ногоо хадгалах 15 мянган тоннын багтаамжтай автомат зоорь байгуулахаар эрчимтэй ярьсан ч ажил болох эсэх нь эргэлзээтэй хэвээр. Үүнээс шалтгаалан тариаланчид “Арвин ургац авлаа ч хаана хадгалж, ходоод руугаа хийх вэ” гэсэн бэрхшээлтэй тулгардаг. Уг нь улсын хэмжээнд 130 мянган тонны багтаамжтай 10 мянга гаруй зоорь байдаг аж. Үүний 20 орчим хувь нь автомат бусад нь энгийн гар ажиллагаатай. Гэтэл ихэнх нь эрүүл ахуйн шаардлага хангахгүйд хүрсэн нь өмчийг эзэнгүйдүүлж, үрэлгэн хандсан цаг үе рүү түлхэхээс өөр аргагүй байна. Жилд нэг л удаа ургац хураадаг манай улсын хувьд ногоогоо хадгална гэдэг хамгийн чухал асуудал.
ХЯТАД ТӨМС БАГАСЧЭЭ
Төмс, хүнсний ногоо хураалтын ажил дөхөх бүрт л өмнөд хөршийн чанаргүй төмсний тухай яриа хэрэглэгчдийн дунд өрнөдөг. Харин өнөө жил хятад төмсний импорт эрс багассан судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Урьд жилүүдэд 50-60 мянган тонн төмс, 70 мянган тонн хүнсний ногоо урд хөршөөс орж ирдэг байсан гэнэ. Гэтэл өнөө жилийн эхний дөрвөн сарын байдлаар таван мянган тонн төмс, 15 мянган тонн хүнсний ногоо хилээр орж ирсэн тухай бүрдүүлэлт байна. Дийлэнх нь сонгино, сармис, байцаа, навчит ургамал аж.
Ч.Буянжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл ( 0 )