О.Балжинням: Х.Цагаанбаатарыг ялагдахад бүгдээрээ эвгүй байдалд орсон

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 08

“Лондон-2012” наадмын медалтнуудын түрүүч болох жүдо бөхийн тамирчид эх орондоо ирээд байгаа билээ. Тамирчдаа мөнгө, хүрэл медаль хүртсэнд Монгол түмэн туйлын их баярлаж байна. Тамирчид маань үнэхээр хийморьтой, дайчин барилдсан учир тийм амжилт гаргасан. Гэхдээ тэдний бэлтгэлийг хийлгэж, алтан сургамжаа өгдөг хүн бол дасгалжуулагч нь байдаг. Иймд МҮЖБ-ийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, самбо бөхийн барилдааны дэлхийн гурван удаагийн аварга, жүдогийн дэлхийн аваргын мөнгөн медальт, олимпийн наадмын шагналт, үндэсний бөхийн аварга О.Балжиннямтай ярилцлаа.

-Юуны өмнө танд шавь нартайгаа эх орныхоо алтан соёмбот төрийн далбааг Лондонгийн тэнгэрт мандуулаад ирсэнд баяр хүргэе?

-Баярлалаа. Лондонгийн олимп сайхан болж байна. Дөнгөж сая СТО-нд ороход боксынхон “Өнгөрсөн шөнө гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хүрэл медалийн болзол хангалаа” гээд бөөн баяр болоод сууж байна. Манай хоёр жүдоч ч амжилттай барилдлаа. Тэгэхээр Лондонгийн тэнгэр биднийг ивээж байна. Жүдочид маань “Бээжин-2008” наадмаас нэг медальтай ирсэн бол энэ удаа алтыг нь аваагүй ч Н.Түвшинбаяр алтын дайтай мөнгө, залуу тамирчин С.Ням-Очир хүрэл медаль хүртсэнд сэтгэл хангалуун байна.

-Гэхдээ алтан медальтай ирэх юмсан гэсэн бодол танд байсан биз дээ?

-Байлгүй яах вэ. Тамирчин бүр л алтан медалийн тавцанд зогсохыг хүсдэг. Тэглээ ч олимпийн татами хатуу болохоор санаснаар болохгүй шүү дээ.  

-Бусад жүдочдын хувьд хэнийг медаль хүртэх боломжтой байсан гэж бодож байв?

-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Ц.Мөнхзаяа нарт найдаж байсан. Тэднээс Ц.Мөнхзаяаг илүү анхаарсан. Тэр ДАШТ-ий алтан медальт, Кубын тамирчинг цэвэр ялж медалийн төлөө өрсөлдөж, шүүгчийн саналаар ялагдсан.

-Х.Цагаанбаатарыг медальгүй нутаг буцсанд та өөртэй нь ялгаагүй харамссан байлгүй...

-Тийм. Х.Цагаанбаатар цаг дуусах гэж байхад тактикийн алдаа гаргаж өрсөлдөгчийнхөө хариу мэхэнд орсноор тийм байдалд орсон. ОУХМ П.Лхамдэгд ч ялгаагүй шийдэрлэх барилдаанд өрсөлдөгчтэйгээ адилхан торгуультай хэрнээ түрүүлж барьц авах гээд оноо алдсан.

-Гэхдээ манай улсын тамирчдын хувьд эзэн орны бөхчүүдээс илт ялалттай байж хожихгүй бол шүүгчид өөрийн талдаа оноогоо нэмэх гэдэг. Энэ байдал тэднийг сандаргасан болов уу?

-Энэ тухай тамирчид маань надад хэлээгүй. Ямар ч тэмцээнд эзэн орны тамирчин давуу эрхтэй байдаг. Тэр бичигдээгүй хууль тэнд хэрэгжсэн.

-Х.Цагаанбаатарыг элэг нэгт ард түмэн бид ядаж хүрэл медалийн оосроос атгана гэж найдаж байсан. Гэтэл санаснаар болсонгүй. Өөрөө тэр барилдааныхаа талаар юу гэж ярьж байна вэ?

-Барилдаан хэвийн явагдсан. Цаг дуусахаас өмнө өрсөлдөгчөө чөлөөтэй үүрч байсан. Тэр барилаараа цаг дуусах гэж байхад илүүрхэх гэсэн боловч бүтэлгүйтсэн. Тэр үед түрүүлэх бөхөөр нэрлэгдэж байсан. Даанч хянамгай барилдсангүй. Гэхдээ зөвхөн Х.Цагаанбаатар гэлтгүй жин тус бүрдээ дэлхийд дээгүүр эрэмбэлэгдэж байсан бөхчүүд эхний тойргууддаа учраагаа бараагүй. Үүнээс үзэхэд жүдо бөхийн төрөл аль ч улсад жигд хөгжжээ. Залуу тамирчдыг амархан ялагдана гэж бодож болохгүй болж.

-Манай жүдочдын сэтгэлзүй хэр бэлтгэлтэй байсан бэ?

-Боломжтой гэсэн бүхий л бэлтгэлээ хийсэн болохоор биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл ханасан байсан. Гэхдээ Х.Цагаанбаатарыг ялагдахад бүгдээрээ эвгүй байдалд орсон шүү. Харин С.Ням-Очирыг хүрэл медалийн болзол хангахад барилдах гэж байгаа тамирчдад урам орсон.

-Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн аварга Н.Түвшинбаярын хөл гэмтээгүй байсан бол аварга болох боломжтой байсан болов уу?

-Байлгүй яах вэ. Тойргийн барилдаануудынхаа өрсөлдөгчдийг цэвэр ялж байсныг та нар харсан биз дээ. Мөнгөн медалийн төлөөх барилдаан түүний хувьд маш хэцүү даваа байсан. Хөлөө гэмтээчихсэн хэрнээ хоёр минут гаруй хугацааг үнэхээр шүд зууж давж ялсан.

-Аваргын төлөөх барилдаанд гарахаас нь өмнө та болон эмч нар хориглосон гэсэн. Тэглээ ч өөрөө барилдсан. Ялна гэсэн итгэлтэй байсан юм болов уу?

-Зүгээр бууж өгөхийг хүсэлгүй дэвжээгээ хүндлээд гарсан хэрэг. Гэхдээ мэхний оролдлого хийсэн ч яах арга үгүй хөлөө дийлээгүй.

-Эмчийн хариу ямар дүгнэлттэй гарсан бэ?

-Чагтан холбоос нь тасарч, шөрмөс нь сэтэрсэн байна гэсэн. Энэ хариу медалиа гардаж авахынх нь өмнө гарсан.

-Барилдаж байх үед нь гарсан бол сэтгэлзүй нь өөрчлөгдөж байсан болов уу?

-Тэгнэ. Эрүүл хөл нь гэмтсэн болохоор бүр ч их өвдсөн байх.

-Өмнөх хагалгаа хийлгэсэн хөл нь хөндөгдөөгүй юм уу?

-Үгүй. Одоо хоёулаа гэмтсэн нь харамсалтай хэрэг боллоо. Гэхдээ өндөр хөгжилтэй оронд хагалгаа хийлгэх гэж байгаа болохоор давгүй биз дээ.  

-Хэзээ эмчилгээнд явах вэ?

-Зургаан долоо хоногийн дараа хагалгаанд ор гэж эмч зөвлөсөн.    

-Аль улсад хийлгэх вэ?

-Герман. Өмнө нь АНУ-д хийлгэсэн шүү дээ.

-Аваргыг ялсан ОХУ-ын бөх маш их баярлаж байгаа харагдсан. Та уулзсан уу?

-Үгүй. Н.Түвшинбаяр алтан медалиа зүгээр шахуу өгсөн юм чинь тэгж баярлахаас өөр яах вэ дээ. Гэхдээ Оросын жүдочид энэ жил Итали, Бразилийн шилдэг тамирчидтай хамтарсан бэлтгэл хийсэн байна билээ. Тэр нь түүнийг түрүүлэхэд нөлөөлсөн байх.  

-БНСУ-ын бөх Н.Түвшинбаяртай мөнгөн медалийн төлөө барилдахдаа барилдааны турш гэмтэлтэй хөл рүү нь давшиж байсан. Харин ОХУ-ын бөх жудаг зааж сул талыг нь ашиглахгүйг чухалчилж байгаа харагдсан. Энэ үед та ямар бодол тээж байсан бэ?

-Хэн нэгэн өрсөлдөгчөө ялахын тулд аль нэг сул талыг нь ашигладаг. Тэр зан БНСУ-ын бөхөд байна билээ. ОХУ-ын бөх тийм зан гаргаагүй нь сайхан санагдсан. Гэхдээ муу хөлийг нь дагуулж чирч байсан. Энэ бас л муу арга л даа.

-Лондонгийн сонинд Н.Түвшинбаярыг “Зодог тайлах гэж байна” гэж гарсан байна билээ. Энэ худлаа биз дээ?

-Одоогоор тийм зүйл яриагүй. Тэр сонингийн газрынхан сенсааци дэгдээх гэж тэгж бичсэн байх. Эсвэл гэмтчихээр нь зодог тайлах биз гэж бодоод таамагласан биз.

-ОУХМ С.Ням-Очирыг хүрэл медаль хүртэхэд тухайн үед таны сэтгэлд юу бодогдсон бэ?

-Х.Цагаанбаатарыг ялагдахад бидэнд хэцүү санагдсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр унтарсан сэтгэлийг С.Ням-Очир асааж өгсөн.

-Энэ жилийн улсын их баяр наадмын түрүү, олимпийн хүрэл медальтийг харахад танай нутгийн тамирчид одтой байна. Үүнд таны сэтгэл улам их баярлаж байгаа байх даа?

-Үндэсний их баяр наадмын хувьд манай нутгийн залуу аймгийн арслангаас, улсын арслан цол хүртсэн нь сайхан хэрэг. Харин С.Ням-Очирыг шилдэг жүдочдынхоо хамт бэлтгэлийг нь хийлгэж барилдуулсан болохоор нутаг устай хамааруулж ойлгож болохгүй.   

-Эмэгтэй жүдочдын хувьд медальт байрт шалгарах боломжгүй байсан уу?

-Өөрсдийнх нь жаахан хайнга алдаанаас болж ялагдсан. Түүнээс биш бусад талаар илүү байсан уу гэхээс биш дутуу байгаагүй.

-Хоёр тамирчин медаль хүртсэнд таны сэтгэл хангалуун байна уу?

-Есөн тамирчин оролцсоноос хоёр медальтай ирнэ гэдэг чамлах юм биш. Японд энэ спорт дээд зэрэг хөгжсөн хэрнээ эрэгтэй тамирчид нь ганц ч алтан медаль хүртэж чадсангүй. Эмэгтэй тамирчин нь л нэгийг хүртлээ. Тэгэхээр чанга байсан байгаа биз дээ.   

-Та албан үүргээ хүлээж аваад жил гаруй хугацаа өнгөрсөн ч өмнөх шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн амжилтыг эвдэж хоёр медальтантай ирлээ. Үүнд ямар бодолтой явна вэ?

-Олон жил жүдо бөхийн шигшээ багт багтаж одооны тамирчдын баяр, гунигийг амсаж байсны хувьд эдгээр тамирчдаа сайн ойлгож байна. 1992 онд жүдо бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байхад гавьяат тамирчин Б.Нармандах Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэн. Тэгвэл шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаад удаагүй хэрнээ хоёр шавиа медалийн тавцанд гаргасандаа баяртай байна. Энэ амжилт зөвхөн минийх биш жүдо бөхийн холбооны төлөө сэтгэлээ зориулсан хүн бүрийн хөдөлмөр. Тодруулбал УИХ-ын гишүүн ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулгыг нэрлэмээр байна.     

-Шүүгчдийг хэрхэн дүгнэв?

-Зарим барилдааныг шударга шүүгээгүй. Жишээ нь С.Ням-Очирын хүрлийн төлөөх барилдааны хоёрдугаар тойрогт түүнд цэвэр ялалт өгөх байсан. Үгүй байлаа гэхэд ядаж өрсөлдөгчид нь торгууль өгөх ёстой. Гэтэл тэгээгүй. С.Ням-Очир илүүрхэж байсандаа л ялалтыг гартаа авсан.     

-Та олон олимп үзсэн. Лондонгийн олимпийн талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Олимп бүр тухайн улсын зан үйлээ харуулж найруулсан өөрийн гэсэн онцлогтой. Тэр жишгээр л энэ удаагийн олимп сайхан зохион байгуулагдаж байна. Миний хувьд хамгийн сайхан санагдсан нь бамбар асаах байсан. Их өвөрмөц санагдсан.   

-Барилдааны үед та хэр их нервтсэн бэ?

-Энэ зовлонг дасгалжуулагч бүр мэдэрдэг. Тамирчдаа барилдаж байх үед дасгалжуулагч нь зөвлөх ёсгүй. Тэр үед энэ мэдрэмжийг хамгийн их амсана даа. Дотроо тийм мэх хийгээсэй, ингээсэй гэж бодоод л.   

-Ядарсан уу?

-Ядарсан. Өөрийг тань уулзмаар байна гэхээр л гарч ирлээ. Түүнээс биш өнөөдөр гэртээ сайхан амармаар л байлаа.  

-Манай тамирчдыг одоо ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-Ирэх сарын эхээр Чингис хааны нэрэмжит “Дэлхийн цомын” тэмцээн болно.

У.Баярсайхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top