МҮАН-МАХН-ын “Шударга ёс” бүлэг хуралдсаар байна. Хуралдааны завсраар УИХ-ын гишүүн Ч.Улаан гарч ирсэн юм. Энэ үеэр түүнээс цөөн зүйл тодрууллаа. Тэрбээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаарх хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа юм.
- Ажлын хэсгийн хуралдаанаар юу яригдсан бэ?
- Засгийн газрын бүтэц ямар байвал оновчтой вэ гэдгийг л ярилцсан.
- Зарим яамдын чиг үүрэг давхцаж байна гэдгийг ярилцсан болов уу?
- Давхацсан ч асуудал байна. Орхигдсон ч асуудал байна. Оновчтой биш хуваарилагдсан ч асуудлууд байна. Энэ бүгдийг нэг бүрчлэн авч үзээд одоо асуудлаа хэлэлцэж байна.
- Тухайлбал?
- Хэлэлцэж байгаа асуудлыг одоо хэлээд байх шаардлагагүй байх.
- Засгийн газрын тухай шинэ хуулинд сайд нарт санхүүгийн эрх чөлөөг хэтэрхий олгоод байгаа юм биш үү?
- Ер нь сайд нар хөрөнгө мөнгийг захиран зарцуулах эрхтэй субъект. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг бол өөрт оногдсон төсвийн багцийн хүрээнд төсвөө захиран зарцуулах эрхээ бүрэн эдэлдэг хуультай. Өөрөөр хэлбэл салбарын сайд төсвөө ч зарцуулна, орлогоо ч олно, зарцуулалтын үр ашгийг ч хариуцна. Сайд нарын хувьд төсвийн захиран зарцуулагч хэвээрээ байна. Харин одоо бол нэг шинэ зүйл байна. Энэ бол улсын төсвийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс бүрэн хэмжээгээр хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагаа одоо боловсрогдож байна. Энэ хуулиар харин ч эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх, төвлөрлийг аль болох сааруулах, төр засгийн бодлогыг зарцуулах үүрэг иргэдийн саналд тулгуурлаж ийм шинэ тогтолцоонд шилжих гэж байна. Үүгээрээ онцлогтой.
- Бүлгүүд хуралдаад сайд нарын нэрсийг гаргаад байна. Эвслийн хувьд хэн хэнийг сайд болгох талаар ярилцсан уу?
- Бүлэг сайд нарын нэрийг ярьж эхлээгүй байна. Бид одоо Засгийн газрын бүтцийг ярьж байна. Үүний дараа хуулийнхаа дагуу Засгийн газрынхаа бүрэлдэхүүний талаар саналаа оруулж ирнэ. Тэр үед сайдын нэр тодорхой болно.
- Танай бүлэгт оногдсон яамдад чамлалтай хандаж байна гэсэн мэдээлэл байгаа?
- /инээв. Сурв/ Ер нь чамлалтай гэж хэлэх нь оновчтой үг биш л дээ. Ямар үүргийг хариуцах уу? Ямар хариуцлага хүлээх гэдэг дээр асуудал байгаа юм. Зөвхөн тоон талаас нь авч үзэж болохгүй. Тооны цаана агуулга байх ёстой. Тэгэхээр гурван яам, шадар сайдын цаана хариуцах асуудлын цар хүрээ масштаб ямар байх вэ гэдэг дээр тодорхой санал, дүгнэлт байна.
- Одоо яг юу гэж үзэж байна?
- Бид нар энэ асуудлыг тал талаас нь нухацтай хэлэлцээд оновчтой байлгах хэлбэр лүү нь дөхүүлэхээр ярилцаж байна.
-Агентлагийн тоог цөөлж байгаа нь олон албан хаагчийн эрх ашгийг зөрчиж байгаа юм биш үү?
-Ер нь бүтцийн өөрчлөлтийн асуудал бол орон тоог цөөрүүлэх, халж солих асуудлыг агуулдаггүй. Хамгийн гол нь оновчтой бүтцээ бий болгох, чадварлаг үр ашигтай ажиллах төрийн албан хаагчийг бүрдүүлэх зорилготой байдаг. Энэ зорилгын хүрээнд агентлагуудыг цөөлж байна. Үүрэг функц нь байгаа бол түүнийг хариуцах ажилтан албан хаагч байж л таарна. Харин хаана хэн ямар хүрээнд хариуцах вэ гэдгийг нарийвчлан боловсруулж байна. Тэрнээс хэдэн хүнийг халж сольсноор бүтцийн өөрчлөлт хийнэ гэвэл дэндүү өнгөцхөн болно. Яам, тамгын газруудад 1100 гаруй, агентлагуудад 3500 гаруй хүн, нийт 4600 орчим хүн ажиллаж байна. Тэгэхээр төрийн албыг энэ хүмүүс хариуцаж, үйл ажиллагаа явагдаж байна. Тиймээс энэ хүмүүсийг л оновчтой байршуулах асуудал яригдаж байгаа юм.
- Тодруулга өгсөнд баярлалаа.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )