Бөмбөр бөмбөр модонд нь...

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 18

Энэ сумын төв тун авсаархан хэрнээ ихээ тохижсон, хөдөө газрын товхийсэн суурин. Захиргаа, эмнэлэг, сургууль, соёлын төв, зочид буудал гэсхийгээд гол барилгууд нь гүйцнэ. Сүүлийн үед харин орон сууцны хөөрхөн байшингууд дориун олширчээ. Хаа газар нэг иймэрхүү л байдаг.  Хойд талаараа хадархаг намхан хэц сунайх говийн энэ сумыг Өлзийт хэмээнэ. Нутгаараа нэрлэгдсэн сум ажээ.

Төвийн зүүн талаар зөгийний үүр шиг олон дөрвөлжин хашаа их л эмх цэгцтэй байрлах агаад түүнийг гэр хороолол гэх.

Энэхүү хорооллын хамгийн баруун захад хашаагүй үнхэлцгэн чинээ бор гэрийн яндангаар зөөлөн цэнхэр утаа утас шиг угалзрана. Говийн тунгалаг хөх тэнгэрийн хаяа дөвийтөл өргөсөөр түмэн шаргал цацрагаа цацлан наран мандаж ахуй цаг.

Намнан энэ өглөө их л эртлэн босчээ. Залуу эр цайгаа үйчихээд гадагш гарч наран сөрөг харан хэд сайхан суниав. Овойж товойсон хүрэн булчин зангирч, цээж нь хүрэл адил гялалзна.

Нас дөч дөхсөн ч хар бор ажилд чухам л бөхгүй тэмээ гэсэн үг. Сумын дэлгүүр, сургуулийн дотуур байр, худалдаа бэлтгэлийн анги гээд хаана ачих зөөх, хагалах хөрөөдөх ажил гарна, Намнан тэнд явж байх. Хүмүүс ч харамж шанг нь гомдоохгүй өгнө. Түүнд танихгүй хүнгүй, түүнийг танихгүй хүн ч байхгүй. Намнан сургууль соёлд сууж үзсэнгүй. Бичиг бараг мэдэхгүй. Одооны их л цэвэрхэн нэрлэдгээр хөгжлийн бэрхшээлтэй нэгэн. Үзвэр, тоглолт болоход хамгийн түрүүнд ирээд урдуур суучихна. Тоглолтон дундуур том том инээн, алгаа учир зүггүй чанга таших. Үүнд нь зарим хүн дургүйцэн, муухай харж, ёвроод авах. Мань эр гялаан толгойгоо нэг муу илнэ. Бас хөөрхөн төрхгүйтнэ. Охид хүүхнүүдийн нүцгэн шилбийг барих гэж сандаргана. Тэгээд тэнэг мангараа дуудуулна. Нялх хүүхдийг бол заавал үнсэж байж сална. Хүмүүс бараг төлөв түүний нь тоох ч үгүй, хүүхдүүдээ үнсүүлчихнэ. Ганц нэг төрхгүй хүүхэд “Мангар Намнан Мантуу толгой, Мулзан Намнан мухартолгой” гэж хэлээ гарган даапаална.

Намнан халимаг тавьж явсангүй. Хуруу хэртэй ургахлаар нь үсээ хусуулчихна. Түүний үсчин гэж жар хол давсан Бужаа гэх түгдгэр бор өвгөн. Гялалзсан цагаан тонгоргоо монгол гутлынхаа түрийнд хэд нийлснээ: “За миний хүү цамцаа тайлчих. Чамайгаа  баригиадлана даа хө

Хутга ч гэж мэс

Хуруу ч гэж бүжиг

Хусаад байдаг хэрэг ээ

Хуйх ч гэж тойром болно доо” гэж нэг их өег сайхан инээмсэглэнэ.

Толилзсон цагаан тонгоргийн ир үнэхээр гойд, ширд ширд гэсэн сонин авиа гарч хэдхэн хормын дотор Намнангийн толгой ноосы нь мулталсан хаврын шалдан тэмээ шиг мулзайсан хөхөлбөр юм болно. “Чи бас үс авхуулахад сайн өдрийг мэднэ ээ. Эр хүн дээ. За нэг сайхан савандаад угаачих. Бөндгөр чинь өндөг шиг, түнтгэр чинь түүдэг болжээ, хүү минь” гэж хэлээд гэр дүүрэн паржигнатал инээнэ.

-Бужаа, хагалах мод бий юу, би одоохон яйруулаад өгье.

-Дараа бол доо хүү минь. Хэд хоногийн түлш байгаа.                                                                                                                                      

Хөгшин залуу хоёрын наймаа ингээд л дуусах нь тэр. Мулзан толгойт, тоймог толгойт гэж хочлох үгнээс Намнан ер цэрвэхгүй. Нэг муу инээхчээ болно.

“Талхий чинь хагалаад өгье” гэж хэлээд газраас чулуу шүүрэх боловч шидэхгүй, нөгөө төрхгүй хүүхэд тоос манарган гүйж одоход араас нь харан “Ха ха, айж байна” хэмээн их л бахтай хөхөрнө.

Зарим хүүхэд ганц нэг чихэр илүүчилнэ. Хоёр алгаа нийлүүлж байгаад тосч авангаа “баяллаа” гэнэ.  Тусархуу болохоор Намнанд хүмүүс хир халдаахгүй. Арваад насандаа ээжээсээ өнчирсөн аж. Аав нь гэж тодорхой хүн байхгүй, бутач нэгэн бололтой.

Намнан юм л бол “Бөмбөөлий бөмбөөлий моодонд” хэмээн аялчихсан явна. Өрөвч нэг нь түүнийг сонсоод нулимс унагах дөхнө.

Эвий хүний үр ээжийгээ боддог байх даа гэнэ. Өнчин хүн дууламтгай гэж үнэн ч байж мэднэ.

Зуны цагт томдсон бакиалын түрий дорвогонуулан хол хол алхана. Өвөл болохоор Бужаа өвгөний өгсөн монгол гутлаар гангарна. Төрхгүй залуус “За хө Намнандаа авгай авч өгнө өө” гэнэ

“Авгай хэлэггүй ээ. Бол гэлтээ богд гэдэг биз дээ” гэж хэлчихээд яваад өгнө. Намнанд нэг сонин заншил байх. Өглөө бүр гэрийнхээ баруунтаа гарч төрийн далбаа намирах Захиргааны байгшингийн зүг харж залбирна. Үдэш болохоор Өлзийт хайрхнаа  харж зогсоод залбирна. Настайчууд: “Та нар тэнэг л гэдэг. Намнан ухаантай хүн шүү. Төрийн сүлд, хайрхан хоёртоо мөргөдөг хүн түүнээс өөр хэн байгаа юм” гэнэ.

Ийм нэг гэмгүй амьтан хүмүүсийн гарын үзүүрт хөдөлж л байх.

Зах зээл хөгжөөд нэлээд хэдэн жил болчихсон байлаа. Зүүн багийн баян Дорлигийнх мал нь багтахаа байж, хүн бүлээр дутмаг байх боллоо.

Нэг өдөр “Бээжин жип” хөлөглөн ирж элдвээр ятгаж, ихийг амлаж байгаад Намнанг аваачив.

Мань эр очсон өдрөөсөө эхлээд тэмээ дагав. Хатах хавраар тэмээ услах, хариулах гэдэг амаргүй. Үд хүртэл худгийн бүүрэг дээр нуруугаа бөгтийтөл зогсож, алд алдын орхиул гогцооруулан зуу гаруй тэмээ услана. Бэлчээрт нь залчихаад ирж унд цайгаа ууж, бага зэрэг амравч халууны тэмээ салхи залгиад хаашаа хамаагүй цувчихдаг нэг гэмтэй. Дорлиг: “Явж үз хүүхээ. Тэмээ цуглуулах гэж унаа морио цуцаах нэг ажил бий. Багачууд голдуу тэмээ таржбутраад алга болчих вий” гэнэ.

Ийн зун намрын хэдэн сарыг Намнан худаг, бэлчээр хоёрт өнгөрөөж, хацар нүүр нь осгоруутсан хүрэн хар юм болов.

Наадамд яваад ирэхдээ Дорлиг комиссын дэлгүүрээс гутал, малгай хоёр авчирч өгөв.

Юм мэдэхгүй амьтан их баярлажээ. Зул сар гарлаа. Үе үе салхи хуйлран исгэрч, цас хялмаалаад, сар хүрээлж сүрхий хүйтрэх шинж орлоо. Дорлигийн өгсөн хуучин лоовуузыг тас эрүүвчлээд тэмээндээ явна. Өдөр хоног өнгөрсөөр. Гэрээ нэг эргэхсэн гэж бодно. “Цагаан сараар хоёул сумын төв орно оо Намнан минь” гэх Дорлигийн үг байн байн бодогдоно.

Дорлигийнх гурван гэрээр өвөлжив. Том хүүгийнх нь дунд гэр тэдний адууг малладаг дөч эргэм насны авгай нөхөр хоёр, гурван хүүхэдтэйгээ зүүн талд нь.

Цагаан сар боллоо. Дорлигийнх тун дүнжгэр шинэлэв. Тарган хонины ууц тос даан хайлмагтана. Том ширээнээ элдэв амттан ярайж, арааны шүлс асгарам дээд гурилын цагаан бууз таваг дүүрэн цэвцийнэ. Айраг архи цэлэлзэнэ. Ийм баян ширээг Намнан анх удаа харж байлаа. Шинийн найман хүртэл эднийд хөл татарсангүй. Намнан оройн жавар тачигнах үес цан хүүрэг болсон амьтан даарч бээрсээр тэмээгээ туусаар ирнэ.

Шинийн аравдаар: “Доллиг ах аа, би халиад илье. Сумынхаа хөгшүүдтэй, нөгөө Бужаа ажаатай золгоод илье” гэлээ.

“Шинэ хуучирчихлаа. Чи харж байгаа биз дээ, завдал болсонгүй. Тэгээд ч хонь ид хургалж эхэллээ. Мөд ингэ ботголно. Юундаа яардгийм. Тэр хэдэн хөгшчүүл хаачдаг юм. Данх ёроолдоод, дэмий чалчаа л сууж байгаа биз. Ингэ ботголж дууссан хойно яв. Чи ер нь хаашаа туучий вэ? юмны учир ойлгомоор доо. Тэнд очоод чамтай золгох ах дүү садан ямар байх биш. Жаргалтай газар хүн тогтдоггүй, өвстэй газар мал тогтдоггүй гэж үнэн юм гээч. Дахиад битгий гоншигноод байгаарай. Хавар явахад чинь би чамайг гомдоохгүй, за гэвэл ёогүй гэдэг үгийг мэдэх үү чи” гэж хэг ёг загнав.

Намнангийн хоолой зангираад нэг юм хэлэх гэснээ больж, шүлсээ залгиж орхилоо. Түүнээс гурав хоногийн дараа нар жаргахын алдад тэмээгий нь шаа бөөгнүүлэн тууж гэрийн бараа харуулчихаад нэгэн хаямал ингэ унаад хийсгүүлж өгөв. Бууранд гарсан хаямал ингэний явдал гэдэг хачин зөөлхөн, сүүлээ гогцооруулан үе үе шээс савируулан намалзтал жонжино.

Сумын төв хүртэл бараг өртөө газар. Булган зогдор намируулан дөрвөн тавхайгаараа цас ломбодон тамгалах ингэний жонжоо улам гангаран, Намнан нөгөөх “Бөмбөр модоо” дуулан шуугиулж өглөө.

Хорьдын цагаан сар хүүрэг манарсан тэнгэрт мэлтийнэ. Хунгар цас тэмээний хөлд нэгэн сонин чимээ гаргаж нужигнана. Газар дунд орохын алдад үе үе салхи исгэрэн, цас бударч эхлэв.

Төдөлгүй сар үүлний цаана орж, тас харанхуй шөнө нөмрөн авлаа. Хаврын тэнгэр аашаа гаргав бололтой. Намнан ингээ байн байн гуядна. Яах ийхийн зуургүй цасан шуурга оволзож, тэмээ нь салхины уруу даялан олигтой явж өгөхөө болив.

Энгэр заамаар цас чихэн тэнгэр хангай догширч эхэллээ. Элцэлгүй их талд морин шуурга нүүр нүдгүй оволзож, хаашаа яваагаа мэдэхээ байв.

“Би төөрөх нь ээ. Шуурга намжтал бууж хүлээхээс” гэж бодоод тэмээгээ хэвтүүлэн зогдорт нь нүүрээ нааж өмнө нь орж суулаа. Удалгүй хөл нь чимчигнэн бие нь дагжиж эхлэв. Тэмээнийхээ омруу руу байдгаараа шахан суувч араас нь халуу төөнөөхөөс биш, хөлдүү гэзэр хөлий нь хайр найргүй хайрна. Босоод тэмээгээ тойрон баахан гүйлээ. Мэдээ алдах шахсан хөл нь эрх биш дулаацав бололтой. Дахиад л тэмээнийхээ өмнө орж суулаа.

Өглөө тэнгэр их тогтуухан байсан болохоор нэг муу нимгэн сармай дээлтэй гарсан болохоор даарч байна гэж жигтэйхэн. Хөөрхий эр сүүлчийнхээ тэнхээг шавхан босож гүйж, буцаж суусаар арай гэж амьтай голтой юм үүр цайлгав. Хөл нь сүүлдээ мэдээ алджээ. Хөөрхийг бурхан өршөөсөн биз. Ашгүй шуурга тогтож, холын бараа тодров. Саахалтын газар нэг өвөлжөө харагдана. Тэмээн дээрээ мордох гэсэн боловч хөл нь хөдөлсөнгүй. Хашгаръя гэвч эрүү нь зуурчээ. Гараараа тэмээнийхээ бөхнөөс зууран зүтгэсээр арай гэж нуруун дээр нь тэгнээд авав. Хөөрхий адгуус учрыг мэдсэн мэт зөөлөн босоод мөнөөх өвөлжөө тийш хар зөнгөөрөө намалзтал алхах нь тэр.

Буянт мал минь чи л намайг аварлаа даа гэж бодсоноо ухаан алдаж орхив. Яг энэ үес гэрийн эзэгтэй үнсээ асгахаар гартал зэлэн дээр нь нэг хачин юм зогсож байхтай таарч, гэр өөдөө санд мэнд гүйж нөхрөө дуудлаа.

Осгоод удаагүй Намнанг гал үзүүлэлгүй битүү дарж, зуурсан ам руу нь шар тостой нэрмэл цутгав. Гутлыг нь тайлж мөстэй ус руу хөлий нь дүрэв. Гурав хоногийн дараа Намнанг сумруу хүргэж өглөө. Сумаас хоёр саахалтын багцаанд шуурга өнгөрөөсөн байжээ. Дорлигийн ингэ ч яахав тэр өдөртөө ижилдээ нийлсэн сураг дуулджээ.

Буянт мал, буянтай айлын ачаар амьд мэнд үлдсэн Намнан хэдэн өдөр хазганаж байсаар төд удалгүй бүрмөсөн эдгэрч “Бөмбөр модоо” дуулсаар сумынхаа төвд алхаж явдаг болов.

Нэг өдөр мань эрийг сум хариуцсан хэлтсийн төлөөлөгч дууджээ. Айлын мал хаяж явсан гэж загнах байх даа хэмээн айж хулгасаар очлоо. Төлөөлөгчийн Намхай гэх бөгөөд дандаа ул шагайдаг, зээрийн яс байна уу, үгүй юу гэж айл айлын үнс харж явдаг, олиггүй амьтан гэлцэх. Тэр нь Намнанд ямар хамаа байхав. Намхай ширэээний ард ихээ хямсгар сууна. Бүсгүй хүнсэн бол жирэмсэн юм уу даа гэмээр сэвхтэй хар царай нь нэг л ёозгүй, халзарч яваа зулайгаа хэдэн урт үсээр бүтээсэн боловч цаанаас нь түлэнхийн сорви шиг ягаан хуйх цухалзана.

-Наашаа суу хө. Жаахан яриатай даа. Чи энд хүн амьтанд зарагдаж, бүр сүүлдээ хэрэгт орох, амиа алдах дээр тулж байх шив. Бид иргэнийхээ амийг хариуцах  ёстой. Хариулгагүй тэмээ хулгайд өртсөн бол чи насаараа төлж дийлэхгүй, мэдэж байгаа биз. Одоо чинь малын хулгай ширүүссэн цаг. Чиний зол болоход Дорлиг гуайн тэмээ яваад өвөлжөө рүүгээ очсон байж. Тэр сайн хүн болохоор элдэв яриа гомдол гаргасангүй. Гэвч хэрэг хуучирдаггүй юм. Хүний буян дааж чадахгүй чи ч аргагүй л тэнэг хүн юмаа.

-Үгүй ээ, би балаг гэл лүү нь тулгаад шахуу олхисон шүү дээ.

-Үдшийн бүрий болж байсан юм байх ч билээ. Өөр тийшээ явчихыг хэн байг гэсийм. Бас биеэ өмөөрнө өө. За тэр өнгөрсөн явдал яахав. Эртээр их хурлын гишүүний уулзалтанд чи байсан байх аа?

-Тйим, байсан.

-За яахав байж болно. Бүр хамгийн урдуур суугаад л. Хир хөлсөө ханхлуулсан, майжиг гуталтай, даг болсон муу хувцастай гээч. Олны дотроос чамайг гаргаад хөөлтэй биш, санаа зовсон гэдэг нь. Уулзалтын дараа гишүүнтэй гар барих гэж зүтгээд, дагаж давхиад, чи нээрээ мэдрэлтэй амьтан юмаа. Сумынхаа нэрийг баасдаад, хачин нөхөр. Чамд арга хэмжээ авмаар байгаа юм.

-Хүмүүс гал балиад байхлаал нь...

-Дуу чи, Одоо өөр яриа байна. Улс иргэнээ хариуцдаг. Бид чиний талаар ярилцсан. Тамгын газрын шийдвэр гарсан. Амайг Батсүмбэрийн асрамжийн газар аваачна. Ер нь Намнан минь хүний зарц явснаас бэлэн хоолтой, дулаан байранд жаргана шүү дээ. Алийн бүр ингэж явхав, тэнд чинь олон янзын хүн бий. Би очиж үзсэн, жаргасан амьтад байна лээ. Аягүйтвэл чи хань бүлтэй ч болж мэднэ.

Аа, чи бас дургүй байна уу? чи ч мэддэг юм биш. Улс иргэнээ ачилж тэтгэх гэж байхад эргүү мал шиг зүтгэж болохгүй. Гэр үү? Гэр яахав ээ, бид боломжийн үнээр зараад чамд мөнгий нь явуулчихна, тэр амархаан. Олон юм ярилгүй явахад бэлд. Мөд Гомбо жолооч хот орох далимаар чамайг хүргэж өгнө. Тэр газартай бид ярьж тохирсон, зоволтгүй. За гүцээ, одоо яв яв, юмаа бэлд.

Намхайн өрөөнөөс толгой унжуулсаар гарсан Намнан гэртээ ирээд санаа алдаж бодлогоширч хэсэг суулаа. “Насаараа төлж дйилэхгүй өр” гэнэ ээ! Нээрээ ч тэр олон тэмээ алдагдсан бол би юугаараа төлхөв. Нөгөө шорон морон гэгчид орох байсан ч байж мэднэ. Бас юу гэнэ ээ, Дорлиг гуайг хэл ам гаргаагүй гэл үү. Гэвч хэрэг хуучирдаггүй гэсэн. Их эвгүй үг бололтой. Би юугаа мэдхэв, Бужаадаа очиж ярьдаг юм билүү...

Тэр асрамж гэгч ямар газар байдаг бол? Яршиг зүгээр очдог ч юм бил үү...

Хөөрхий муу Намнанг ийм шахаанд оруулсан хүн нь баян Дорлиг гэдгийг тэр яахан мэдхэв. Хэд хоногийн өмнө Дорлиг нөгөө ганган машинаараа давхиж сумын төв дээр хоёр өнжөөд явахдаа Намхайтай уулзсан юмсанж.

-“Төлөөлөгч минь чамтай чухал юм ярья. Зөвхөн бид хоёрын хоорондын яриа шүү. Энэ Намнан золигийг эндээс зайлуулж үз. Толгой цусдах шахлаа байна. Аягүйтвэл тэр зөнөг Бужаа нэг юм гаргаад ирж магадгүй. Их заргач хүн гэдэг юм. Муу Намнангийн орноос өргөдөл гомдол бичээд дээш нь явуулчиж мэднэ.

Үнэ хөлсгүй зарцалсан, шуурганаар осгож үхүүлэх дөхсөн гээд яривал их юм сөхөгдөж болзошгүй. Энэ тухай чимээгүй яваад байгаа чиний толгой дээр ч юм бууж ядашгүй, тийм биз. Чи нэг арга бод. Өнчин ядарсан амьтныг байлгадаг газар байдаг гэх чинь билээ. Чи надаар заалгах юу байхав. Эрх мэдэлтэй хүнд энэ бол амархан ажил байлтай. Ах нь ирэх өвлийн чинь хүнсийг бүтэн даана”

Намхай үзэгнийхээ бөгсөөр ширээ тогшиж баахан суулаа. “Болохгүй юм юу байхав, цус. Эд ямар хууль дүрэм мэдэх биш. Засаг даргад нэг баримжаа төдий юм хэлээд шийдвэр гаргуулчих юухан байхав. Харин энэ сумынхан юу гэдэг бол. Намнанд их сайн шүү. Хууль мууль яриатахлаар эд яав л гэж. Ер нь Намнанг ямар орон шоронд хийж байгаа биш, очих ёстой газар нь явуулж байгаа хэрэг. Үзээд алдна аа хө” гэж бодохуй Намхайн нүдэнд үхрийн хоёр хуруу зузаан өөхтэй харвирга харагдах шиг болов.

Дээрх үгсэл хуйвалдааны хариу нь өнөөдөр Намнангийн толгой дээр бууж байгааг хөөрхий тэрээр юугаа ч мэдэх билээ.

Зэрэглээ мяралзаж, салхи сэвэлзсэн хаврын намуухан хонгор өдөр Намнан холын замд гарав. Хүмүүс янз янзаар ярилцана. Нарийн учрыг тэд яахан мэднэ. Их дотно хүнээ үдэж байх мэт олон хүн Намнанг мордуулж билээ. Намнан золтой л уйлсангүй, муу бор гэрээ нэг харж, үлдэгсдийг нэг харсаар Гомбо жолоочийн машинд суулаа. Үдэгсдээс хэд гурван хүн нулимс унаган зогсоно.

Тэдний дунд өвгөн Бужаагийн царай хүрлийсэн хар юм болж, санаа алдсанаа хүмүүст: “Та нар харж л байгаарай. Намнан буцаад ирэх вий. Эрүүл саруул, залуу хүнийг тийш нь явуулна гэдэг юу гэсэн үг вэ? энд нэг лоосуу байна. Гэрийг нь би заруулахгүй, Намнан чинь миний хуурай хүү” гэв. 

Жил гаруй хугацаа өнгөрлөө. Намнангаас сураг чимээ алга. Хүмүүс мартагнаж эхлэх янзтай. Тэгтэл яасан гэж санана. Намрын нэг хонгор өдөр мань эр Гомбо жолоочийн машинаас нүдэндээ нулимстай инээсээр бууж байдаг байгаа. Нөгөөх асрамжаасаа оргоод хотод тэнэж явтал нь Гомбо тааралдсан юм байж. “Ах минь та намайг аваад яв. Би тэнд идээшихгүй нь, та нарыгаа, нутгаа санаад бүр хэцүүдлээ, би танаас салахгүй шүү” гэж хэлээд кабинд нь ороод суучихаж. Хөөрхий амьтныг өрөвдөөд оргодлыг ийнхүү аваад ирсэн юмсанжээ.

Зарж барьсан ч юмгүй муу гэрий нь Бужаа өвгөн амбаартаа хураачихсан байж. Намнангийн ганц нар нь гарч башийх нь тэр. Намнан чухам бор гэртээ богд мэт заларч, аанай л амьтан хүний хойно урд гүйсээр. Ирэх жилийн хаврын нэг хуйсгануур салхитай өдөр Намнан орон сууцнуудын дундуур ороод гэр өөдөө алхаж явлаа. Гэнэт хүмүүс хашгиралдаад явчихав. Түймэр! Нэг байшингийн цонхоор бөөн хар утаа олгойдож байлаа. Намнан гүйж хүрэв. Хүмүүс ус шороо цацан учир дүрсгүй юм боллоо. Захиргааны бичээч хүүхэн: “Яана аа, хүүхэд. Миний хүү дотор нь байгаа” гэж орь дуу тавин хашгиран гүйхийг сонссон Намнан хүмүүсийн дундуур зүсэн орж цонхны шилийг тохойгоороо ёврон хагалаад гал утаан дундуур орж явчихав.

Нэг их удалгүй хөнжилд ороосон нялх хүүхдийг тэвэрсээр хаалгыг нь зад өшиглөн, хүүхдийг сарвайхад хэн нэг нь шаламгайлан тосч авлаа. Намнан босгон дээр тэгнэн ойчив. Түүнийг чирж холдуулан бөөн гал болсон хувцсы нь урж тасчин, ус цацав.

Эмнэлгийн тэрэг давхиж ирлээ. Тэрбээр ухаан алджээ. Нүүр толгой гэж авах юм алга, түжийсэн хар юм, гагцхүү шүд нь гялалзана. Гарынх нь арьс зулбаран унжаад сарвууных нь яс ил гарчээ.

Эмнэлэгт ирээд нэг ухаан орохдоо “Хүүхэд!” гэж шивнэв. Эмч: “Хүүхэд амьд, одоо дажгүй Намнаан” гэв. “Аа ха” гэж хэлээд дахин ухаан алдав. Бараг бүтэн өдөр турш ухаангүй байсаар нар жаргахын багцаанд амьсгал хураав. Тэр дөнгөж дөч хүрч байж.

Эмнэлгийн гадна олон хүн цугларсан байлаа. Намнанг өнгөрснийг дуулаад хүмүүс ямар их гашуудсан гэхэв. Бичээч бүсгүй хүүхдээ тэвэрчихсэн үүдэнд нь удтал мэгшин зогсож билээ.

Хөдөөлүүлэхээр авч хөдлөхөд сумын төвийнхөн бараг бүгдээрээ байлцав.

Шарилын араас толгой гудайлган алхах хүмүүсийн дунд Намнанг хочилж даажигнадаг асан мөнөөх хэдэн бор жаал нусаа татан, нулимсаа бөмбөрүүлэн явж байлаа. Хүн бүхний сэтгэлд “Бөмбөр модных нь” зөөлөн хонгор аялгуу аяар аяархан эгшиглэж байсан ч байж мэдэх юм.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Э.Хархүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top