Х.Баттулгад талархахын учир буюу спортын менежмент

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 21

“Болдогсон бол олимпийн аварга болох юмсан” гэсэн бодол тамирчин хүн бүрийн сэтгэлд нуугдаастай. Зүүдэлж хонодог хүн ч олон бий. Энэ бодлыг УИХ-ын гишүүн, МЖБХ-ны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга ч мөрөөдөж явсан гэж дотны хүнээс нь сонсов. Гэхдээ тэрбээр өмнө нь гадаад, дотоодод зохион байгуулагдсан олон тэмцээний медалиар энгэрээ мялааж байсан ч түүнийгээ нэг их амжилтад тооцдоггүй бололтой. Тэр “Миний үеийн залуус тийм амжилт үзүүлэхэд ойрхон байсан юм чинь би нэг их тоодоггүй юм. Тийм амжилт гаргахыг хүсвэл хэн ч жаахан хөдөлмөрлөхөд л болно” гэх утгатай юм ярьж даруухан загнаж байсан удаатай. Энэ амжилт нь дээрх бодлынх хаана нь ч хүрэхгүй болохоор аргагүй л жижигдэж таарна.

Мал мэддэггүй хүн малчин болдоггүйтэй адил түүний хамгийн сайн мэдэх зүйл бол жүдо бөхийн спортын холбоог удирдах. Гэхдээ тэр “Би удирдъя” гэж томроогүй. Чадахыг нь жүдочид сайн мэдэх тул 2006 онд сонгож ерөнхийлөгчөө болгосон. Уг нь тэр үед дархан аварга Б.Бат-Эрдэнэ томилогдсон ч өөрийн хүсэлтээр татгалзсан. Ингээд Х.Баттулга залуудаа гаргаж чадаагүй амжилтаа тамирчдаараа гүйцэлдүүлэх их аянд мордов. Тэр үед олон хүн “Жүдо бөхийн холбоог тэр удирдан залбал уналтад ороод байсан үеийг нь сэргээж чадна” гэж итгэл хүлээлгэж байв. Тамирчин хүнд амжилт гаргахад хамгийн гол нь таатай орчин хэрэгтэй. Тухайн үед жүдочид бүрэн хангагдсан материаллаг газар бэлтгэл хийж байгаагүй болохоор тэр ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ Спортын ордны “Б” заалыг удаан хугацаагаар түрээсэлж авсан. Түүнд ямар нэгэн зүйлийг хийвэл хийсэн шиг хийх гэсэн зарчим байдаг гэдгийг би олон хүний амнаас сонссон. Уг зарчмаа тэр үед гаргаж эхэлсэн нь лавтай. Холбоогоо удирдаж эхэлснээс хойш өдгөөг хүртэл их ч мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Түүнчлэн хаана сайн тамирчин байгааг хол, ойроос битүүхэн сураглаж, ажиглаж байсан гэдэг. Тэр тамирчдын дунд өдгөөгийн хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр байжээ. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэдэг үг тэр агшинд өөрт нь хэлэх шиг санагдсан биз. Х.Баттулга спорт мэддэг тулдаа л түүнийг хоёрхон жилийн дотор байгалиас заяасан ховорхон чадварыг нь амжилтын буухиагаар үргэлжлүүлэхээр зүтгэж эхлэв. Өглөөд нь хамт гүйж, өдөр нь бэлтгэлээ хийж, оройд нь саунд хамт сууна. Зарим үед бэлтгэл хангагч нь болно. Тэр үеэс л Х.Баттулга Н.Түвшинбаярын сэтгэлийг улам мэдэрч яавал амархан баярлах, гомдох, ямар мэх түүнд тохирох зэргийг нь таньж байжээ. Ингэх нь өөрийнх нь хувьд “Уяач хүн хурдан хүлгийнхээ уяа сойлгыг хэрхэн мэдэрч хурдлуулдаг вэ” түүн шиг л санагдаж байсан байж таарна. Тэр үеийг Н.Түвшинбаяр “Миний хамгийн дотны зөвлөгчдийн нэг Тулга захирал” гэж ярьдаг.

Х.Баттулгын цаад санаа нь Н.Түвшинбаярыг 2008 оны Бээжингийн олимпоос улсаасаа хэний ч авч чадаагүй алтан медалийг хүртээлгэх байсан. Гэхдээ тэр санаагаа Н.Түвшинбаярт хэлж байгаагүй юм билээ. Зөвхөн олимпийн аварга болоход санаа нь амарсан аятай “Улсынхаа тамирчинг энэ медалийг аваасай гэж мөн ч олон жил хүлээсэн дээ” гэж хэлсэн юм. Тухайн үед тэрбээр Н.Түвшинбаярыг тийм ихээр бэлтгэл хийлгэж, сэтгэл зүйг нь бэлдэж байсан ч ард түмний ярианы завсар нэг ч үг хавчуулаагүй. Яг л “нууц хөзөр” мэт. Н.Түвшинбаяртай ярилцахдаа зөвхөн бэлтгэлээ сайн хийж ирэх олимпод сайхан оролцох төдийд л яриа өрнүүлдэг байсан гэдэг. Хэрэв ил хэлбэл анх удаа олимпод оролцох гэж байгаа хүний сэтгэл хөөрч анхаарлаа сарниулж болзошгүй. Хэрэв анхаарлаа алдчихвал цагийн юмыг цагт нь хийх дуртай Х.Баттулгын хувьд Н.Түвшинбаяраас илүүтэй өөрөө харамсах болно. Иймд өөрөөсөө хүртэл тэр санаагаа нууж байсан биз. Тэр үед Н.Түвшинбаярыг Азийн аварга, Азийн наадмын аварга, ДАШТ, оюутны ДАШТ, Их дуулга зэрэг тэмцээнд оролцож байсныг эс тооцвол спортын хүрээнийхнээс бусад нь аймгийн арслан цолтойгоор нь л төсөөлдөг байв. Тэр ч байтугай дэлхийн хүчирхэг тамирчид ч манай улсаас жиндээ ноёлсоор байгаа хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарт л бүхий л анхаарлаа хандуулж түүний эсрэг бэлтгэлээ базааж байсан юм чинь. Гэтэл Н.Түвшинбаярын авъяасыг Х.Баттулга эзнээс нь урьтаж харж чадсан нь маш том амжилт.

Н.Түвшинбаярыг 2008 оны олимпод аваргалахад ихэнх хүн “Үнэнхүү хүчээрээ аварга боллоо доо” гэж яриагүй нь харамсалтай. Зөвхөн “Азаар аварга боллоо” гэж байв. Тэр олимпоос хойш аварга жил гаруйн хугацаанд ямар ч тэмцээнд оролцоогүй. Тэр өөрөө орох сонирхолгүйдээ биш ээ. Бас амжилтдаа ханасандаа ч биш юм. Тэр шийдвэрийг нь Х.Баттулга гаргасан. Нэг үгээр хэлбэл тэмцээний дараа түүнийг манай ард түмэн байтугай дэлхий дахинаа чихээ дэлдийлгэж, нүдээ бүлтийлгэж байсан тул оролцуулаагүй. Нэг ёсондоо их галыг намдаах гэж тэр. Тэр үед манайхан Н.Түвшинбаярыг ямар нэгэн амжилт гаргалаа гэж сонсогдохгүй байсан болохоор “Яах аргагүй азын аварга байж. Үгүй байсан бол тэр өнөөдөр ямар нэгэн тэмцээнд түрүүллээ гэж сонсогдолгүй яах вэ дээ” гэх яриа дэгдсэн. Зарим нь “Мөнгөтэй захирлын дор байгаа болохоор наймаалцсан байж таарлаа” гэж баруун зүүнгүй “донгосч” алдав. Энэхүү яриаг тэр хоёр үл ойшоосон. Мэдээж цуурхал үгний хойноос жинхэнэ эр хүн эм хошуулж явдаггүй л байхгүй юу. Тэд зөвхөн дараагийнхаа амжилтаар л буруу яриа дэгдээсэн хүмүүсийн амыг таглаж, өөрсдийнхөө амжилтаар дэлхийд хэн бэ гэдгээ дахин таниулах гэж 2009 оны дундуур бэлтгэлээ эрчимжүүлж тэмцээндээ эргэн оров. Анхны тэр тэмцээн нь 2009 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Түвшөө хүрэл медаль хүртсэн.

Ямар ч ясны тамирчин форумаа алддаг. Н.Түвшинбаяр тэр тэмцээнээс хойш бэлтгэлээ эрчимжүүлж Дэлхийн цом, Гран-при, Их дуулгаас олон медаль хүртэж өрсөлдөгчдөө хэн гэдгээ дахин нотолж эхлэв. Ингээд гурван жил нүд ирмэхийн зуур өнгөрч Лондоны олимп хаяанд ирэхэд Х.Баттулга түүнийг дахин гаргаж ирэхийн төлөө бүхий л анхаарлаа хандуулав. Хэрэв тэр ядаж хүрэл медаль авч чадахгүй бол өнөө цээжнийхээ пангаар авдаг хүмүүсийн үгээр “Азтай бөх” гэж хэлэгдээд өнгөрөхөд хүрлээ. Үүнийг Н.Түвшинбаяр ч сайн мэдэж байсан болохоор эх орныхоо нэрийг өөрийнхтэйгөө хамт авч гарах гэж маш их хичээсэн. Тэр зүтгэлийнхээ хүчээр алтын дайтай мөнгөн медаль ч авч чадлаа. Хөлийн бэртэлгүй байсан бол хошой алтан медаль авах шаанс түүнд мэдээж байсан. Одоо түүний хөлийг Х.Баттулга сайн эмчлүүлж байгаад ирэх олимпод ч хүчийг нь үзүүлье гэж бодож байгаа ч юм бил үү хэн мэдлээ. “Эр хүний дотор эмээл хазаартай морь багтана” гэдэг дээ. Ямартай ч Х.Баттулга өөрийн агуу менежментээ түүний төгс чадвартай хослуулан бидний зүүдлээ ч үгүй олимпийн алтан медалийг бараг хоёр удаа хүртээлгэж чадлаа. Хэрвээ Х.Баттулга тус холбоонд ерөнхийлөгчөөр сонгогдоогүй эсвэл Н.Түвшинбаярт тийм менежмент бэлтгэж гаргаагүй байсан бол яах ч байсан юм гэсэн асуулт гарч ирнэ. Мөн ард түмэн “Манай тамирчид олимпоос алтан медаль хүртэхэд хол байна даа” гэж гутранги бодолтойгоо эвлэрээд сууж байх байсан биз. Тиймээс манай төр зөвхөн олимпийн алдартнууддаа бус түүнд бие, сэтгэл, хөрөнгөө зарцуулж гаргаж ирсэн Х.Баттулгад хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй юм бус уу. Мөн 32 жил тасраад байсан чөлөөт бөхийн медалийг гавьяат тамирчин С.Батцэцэгээр буухиаг нь залгуулсан улсын аварга Д.Сумъяабазар, Д.Дагвадорж, энэ жилийн олимпод шилдэг боксчидоо сойж, гавъяат тамирчин Н.Төгсцогтоороо мөнгө, У.Мөнх-Эрдэнээр хүрэл медаль хүртээлгэсэн боксын холбооны ерөнхийлөгч Ч.Ганзориг, тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Хэрвээ манай улсад спортын салбар бүрт эдгээр удирдагч нар шиг менежменттэй хүн олон байгаа бол тамирчид маань өнөөгийн амжилтаасаа илүү гарах нь илт харагдаж байна. Өнөө цагт зөвхөн хүчээр бус ухаанаар, нарийн менежментээр амжилт гаргадаг болжээ гэдгийг хэн хэн маань ойлгох хэрэгтэй.       

У.Баярсайхан         

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top