Инфляцын эерэг тал

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 28

Төвбанкныхан инфляцыг бууруулна л гэдэг. Тэрнээс биш ор мөргүй алга болгоно гэдэггүй. Засгийн газар бүрийн “хар дарсан зүүд” болж, эдийн засгийн бүхий л доройтлын эх ундарга мэтээр ярьж, бичдэг учраас иргэд үүнийг л ул мөргүй устгачихвал болчих мэтээр төсөөлдөг байв. Сар бүрийн сүүлчээр мөнөөх инфляц нь ахиад л өсчихөж гэсэн мэдээ гарч, улигласаар иргэд “дархлаажиж”, байдаг л зүйл мэтээр хүлээж авдаг боллоо. Энэ бүхний эцсийн гаргалгааг Германы эдийн засгийн эцэг хэмээгдэгч Людвиг Эрхард “Инфляц бол хөгжлийн зүй тогтол ч биш, эмгэнэлт хувь тавилан ч биш” хэмээн тайлбарласан байдаг. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхөд инфляцын муруй дээшээ гозойчихно. Улмаар иргэдийн цалин, бодит орлого буурч, ажилгүйдлийн түвшин их, бага хэмжээгээр өссөн байдаг. Инфляц өсөх үед зээлдүүлэгчид алдагдал хүлээдэг учраас арилжааны банкууд зээлээ зогсоодог. Эсвэл зээлийн хугацааг богиносгож, ирээдүйд алдагдлаа нөхөхийн тулд хүүг нь нэмэх жишээтэй. Гэтэл үнэмлэхүй муу үр дүн гэж байдаггүй учраас, инфляц өсөж, иргэдийн хэтэвч нимгэрэх бүрт энэхүү үйл явцаас ашиг ологч этгээд байж л таарна.

Инфляцын үед бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсдөггүй. Жишээ нь, 1970 онд дэлхийн эдийн засгийг доргиосон инфляцын “Шуурга”ны үед эрчим хүч, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байхад, электрон барааных буурч байсан түүхтэй. Инфляц өндөр байх үед зээлдэгчид, дамын наймаачид, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан хүмүүс хождог. Өдгөө манай улсын жилийн инфляц 14.9 хувь байгаа тухай Монголбанкнаас мэдээлэв. Энэ нь өмнөх жилийнхээс даруй 4.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Тэгвэл үүнийг дагаад арилжааны банкуудын зээлийн хүү өсөж, төгрөгийнх 18.3 хувь болсон байх юм. Гэтэл иргэд бэлэн мөнгөнд итгэхгүй болж, зээл авч, бараа бүтээгдэхүүн, үл хөдлөх хөрөнгөтэй болох сонирхол нь ихэснэ. Эцэс, төгсгөлгүй маргааны эх нь ердөө л энэ аж. Инфляц өсөж буй, мөддөө буурах, нэг оронтой тоонд багтах магадлал бага байгаа учраас иргэд бушуухан л байр, орон сууц, машин худалдан авахыг сонирхох болсон. Үнэ улам л өсөх учраас, гайгүй дээр нь авахыг эрмэлзэх нь эрүүл үзэгдэл.

Тиймээс инфляцын хурд жирийлгэж буй энэ үед барилгын компаниуд хожиж буй. Хэрэв та анзаарсан бол, инфляцыг хяналтаас алдсан сүүлийн гурван жилийн дотор энд тэнд болсон болоогүй барилгууд сүндэрлэх нь ихсэв. Гэр хорооллын иргэдийн орон сууцтай болох сонирхол ч нэмэг дсэн. Эцэст нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд барилгын сал барын эзлэх хувь төдий чинээ нэ мэг дэж байгаа. Ердөө л энэ. Инфляц өсөх үед иргэд банкинд төгрөг хадгалуулахын оронд мөнгөний ханш сулрахаас урьтаж, гэрээ тохижуулан, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг урьдчилан хийхийг боддог. Иргэд банкинд мөнгө хадгалуулах сонирхол нь буурдаг учраас л инфляц өсөж байхад арилжааны банкууд хадгаламжийн хүүгээ өсгөөд байдаг. Тухайлбал, Монголбанкны мэдээлснээр хадгаламжийн хүү өссөөр, 11.2 хувь буюу сүүлийн хэдэн жилд үзэгдээгүй өндөр хэмжээнд хүрсэн байна. Тэгвэл эсрэгээр компьютер, электрон бараа худалдаалагчид, болон бэлэн хувцас үйлдвэрлэгчдийн орлого эрс өссөн байх жишээтэй. Энэ жишиг зах зээлд шууд харагдаж буй.

Арилжааны банкууд зээлээ хумисан, тэдэнд итгэж хадгаламж нээлгэх хүмүүс цөөн буй учраас UBIBOR буюу банк хоорондын захын хүү улам л өсөж эхлэв. Тэдний төгрөгийн нөөц шавхагдах үед л банк хоорондын захын хүү өсдөг аж. Бас болоогүй. Инфляцыг ад үзэхгүй байх өөр нэг шалтгаан бий. Энэ нь эдийн засгийн салбар дахь байгалийн шалгарал болох нь бий. Эргэлт удаан, улирлын чанартай үйлдвэрлэл, үйлчилгээ, нийлүүлэлтийн мэдрэмж багатай салбарууд инфляцын үед ихээхэн хохирдог. Улмаар газар хөдлөлтөд тэсвэргүй, чанаргүй барилгууд түрүүлж нурдаг шиг, инфляцыг даах чадваргүй сул компаниудыг зах зээлээс шахдаг. Гэвч нөгөө талаар энэ бол хүсэхээр үр дүн биш л дээ. Сүүлийн үед баян, хоосны ялгаа хэт ихэслээ гэж ярих нь олшров. Үнэхээр ч баячууд нь хэт баяжиж, ядуус нь улам л доройтож буй. Иргэдийн 50 хүртэлх хувийг эзлэх ёстой дундаж орлоготой иргэдийн тоо улам л цөөрч байна.

Инфляц нэг хэсгийг нь ташуурддаг байхад, нөгөөхийнх нь толгойг илдэг. Нийгмийн цөөн хэсэг нь баяжиж, бусад нь мөлхөж байхыг хүсээгүй л бол инфляцыг нэг оронтой тоонд барих нь чухал байна. Өнгөц харвал инфляц нэмэгдэж байгаа ч, үүнээс хамааралгүйгээр Монголын эдийн засаг, ДНБ-ий өсөлт саарахгүй, харин ч улам эрчээ авч эхлэв. Харин асуудлын гол нь энэ өсөлт нийт даяар биш, цөөн хэдэн хүний хэтэвчийг л зузаатгаж байгаад буй. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн сард хэрэглээний үнийн сагсан дахь 287 бүтээгдэхүүн, үйлчилгээний 60- ынх нь үнэ өсөж, 38-ынх нь буурч, 231-ийнх нь үнэ өөрчлөгдөөгүй аж. Энэ мэдээг сонсоод эдийн засагчид инфляц саарч магадгүй гэх хүлээлттэй байна. “Ард түмнээ зөв жолоодох нэрээр зарим улс төрч, эдийн засагчийн зүгээс инфляц болон дайныг санал болгодог. Аль аль нь түр зуурын цэцэглэлтийг авчрах боловч эцсийн дүндээ байнгын сүйрлээр дуусдаг” гэх Э.Хэмингуэйн үгэнд л итгэх хэрэг гарах нь дээ.

Ж.Тэгшжаргал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top