Монголд оюутан хэмээх нэгэн “бүлэг” бий. Тэднийг автобусанд суухад нь ад үзэж, төрөөс тэтгэлэг хүртэх гэхээр нь шүүмжилж, залхуу, хойрго, боловсрол мэдлэггүйгээр нь гоочилдог.
Гэвч Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос ирж буй оюутан болох гэсэн залуусын цуваа тасраагүй. Харин ч бүр нэмэгдэж байна. Хэдийгээр оюутнуудыг ийн ад үзэх боловч тэднийг ирэх сургаар баярлан суудаг хэсэг хүмүүс бий. Мэдээж тэд бол худалдаачид болон байр түрээслэгчид. Цаг цагаар нэг цадна, цагаан сараар бүр цадна гэгчээр оюутнууд ирж тэдний халаасыг түнтийлгэж, сэтгэлийг нь баясгадаг. Тэдний хувьд оюутнууд бөөн, бөөн мөнгө болж харагддаг гэвэл нэг их хилсдэхгүй. Тиймээс ч бид энэ жил оюутны дотуур байр болон халаасны өрөөний үнэ ханш хэрхэн нэмэгдсэн талаар сурвалжилсан юм.
Их, дээд сургуулиудын дотуур байр 250-360 мянган төгрөгийн ханштай
Их, дээд сургуулиудын байр болон зарим нэгэн нийтийн байр, халаасны өрөөний үнэ ханшийг сонирхлоо. Дотуур байрнуудын хувьд хичээлийн шинэ жил хаяанд ирчихээд байхад будаг нь хатаагүй, засвар нь дуусаагүй байв. МУИС-ийн хичээлийн III, V байранд очиход засвар нь хараахан дуусаагүй байсан бөгөөд сургууль дээр нь бүртгэл явагдаж байгаа аж. Улмаар факультетаас ирсэн нэрсийг үндэслэн оюутан нэг бүртэй гэрээ байгуулж, “Бүртгэлийн хэсэг”-т байрны бүртгэл явагддаг байна. Түүнчлэн зохицуулагч багш тухайн өрөөнд хэдэн хүүхэд, хэн, хэнтэйгээ суухыг нь хуваарилдаг гэнэ. МУИС-ийн хувьд таван дотуур байранд орон нутгийн оюутнуудыг хүлээж авдаг бөгөөд төлбөрийн хувьд ганц төгрөг ч нэмэгдээгүй хэмээн зохицуулагч багш нь ярьж байсан. Өөрөөр хэлбэл, МУИС-ийн дотуур байрны үнэ өнгөрсөн жил 250 мянган төгрөгийн ханштай байсан бөгөөд энэ жил нэг ч төгрөг нэмэгдээгүй гэнэ. Түүнээс гадна тус байранд 400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ямартай ч I, II курсын оюутнуудаа бүртгэж дууссаны дараа дээд курсынхныг оруулдан аж. МУИС-ийн хичээлийн V байрнаас гараад ШУТИС, ХИС, ЭМШУИС-ийн дотуур байрыг зорив. ШУТИС-ийн дотуур байрны хувьд төлбөр нь хараахан тодорхойгүй байгаа аж. Энэ талаар байрны зохицуулагч багшаас тодруулах гэтэл тэрбээр ямар нэгэн тайлбар хийхийг хүсээгүй бөгөөд “Төлбөрийн асуудлыг бид яаж мэдэх вэ дээ. Их, дээд сургуулийн төлбөрийн асуудлаар захирлууд сайдтай уулзсан гэсэн биз дээ. Тэгээд шийдэх юм байгаа биз” хэмээн ширэв татав. Ямартай ч үүдэнд нь наасан бичгээс харвал ДОХ-ын шинжилгээний бичиг, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан хуудас, оюутны үнэмлэх зэрэг шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд дотуур байранд суух эрхийн бичгээ авах аж. Түүний дараа төлбөрөө тушааж болох юм байна. Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдчихээд байхад дотуур байрны үнэ тодорхойгүй байгаа нь хачирхалтай. ШУТИС-ийн дотуур байрны засварын ажил ч дуусаагүй байсан бөгөөд бүртгэл нь өчигдрөөс эхэлсэн аж. Бид цааш ХИС-ийн дотуур байраар оров. ХИС-ийн дотуур байрны үнэ энэ жил 10 хувиар нэмэгдсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, үндсэн оюутны төлбөр 330 мянган төгрөг бөгөөд гадны оюутнаас 510 мянган төгрөгийн төлбөр авах юм байна. ХИС хоёр дотуур байртай бөгөөд нэг нь 500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай аж. Тэдний хувьд “Билэг” дээд сургуультай нэгдсэн бөгөөд энэ жил “Соёмбо”, “Түгээмэл” сургуулиудын I курсын оюутнуудыг авахаар гэрээ байгуулсан юм байна. Бусад сургуулийн дотуур байртай харьцуулахад тохижилт нь харьцангуй сайн байсан төдийгүй бүртгүүлэхээр ирсэн оюутнууд нь ч сахилга бат сайтай, цэвэр тухтай гээд ам сайтай байдаг юм билээ. Харин ЭМШИУС-ийн харьяа Сувилахуйн сургуулийн дотуур байр 350 мянган төгрөгийн ханштай бөгөөд бүртгэл нь өнөөдрөөс эхлэх аж. Энэ жил дотуур байрнуудын үнэ ханшийн хувьд 250-360 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм. Харин гадны оюутнаас 510-600 мянган төгрөгийн төлбөр авдаг аж.
Танил эгч маань энэ жил оюутан болж байгаа охиноо дотуур байранд суулгах гэж гурав хоног хөөцөлдсөн гэнэ. Учир нь өнгөрсөн жил сургууль төгссөн эгчтэй нь хамт нэг дор суулгах гэж ийн ар, өврийн хаалга хэрэглэж. Анх удаа их хотод хөл тавьж байгаа “нялх” охиноо эгчийнх нь хараа, хяналтан дор байлгах гэсэн ээжийн санаа тийм ч буруу зүйл биш л дээ. Харин том охины оронд суух ёстой байсан хэн нэг оюутан байргүй хоцорсон байх. Энэ бол дотуур байранд байдаг авлигын энгийн жишээ. Харин бидний орсон дотуур байрнуудын зохицуулагч багш нар үүнийг эрс үгүйсгэж байсан юм. Гэхдээ л хичээлийн шинэ жил эхлэхэд багш, ажилчидаас нь эхлээд 2-3 хүүхэдтэй айл хүртэл оюутнуудтайгаа хамт өвөлждөг нь нууц биш. Үндсэн болон өөр сургуулийн оюутан хэмээн төлбөрийн ялгаа тогтоосон дотуур байрны үнэ ханшийн хувьд иймэрхүү байв.
Дүү нартаа “жийгдсэн” ахлах курсын оюутнуудын сонголт түрээсийн байр
Дүү нартаа “жийгдсэн” ахлах курсын оюутнуудын хувьд дотуур байранд орох нь бараг мөрөөдөл байдаг гэнэ. Учир нь их, дээд сургуулиуд дөнгөж Улаанбаатарт хөл тавьж байгаа “нялх” оюутнуудаа байртай болгох гэж чармайдаг аж. Тиймээс ахлах курсын ах эгч нарын хувьд халаасны өрөө болон нийтийн байр түрээслэхээс аргагүйд хүрдэг байна. Үүнийг нь далимдуулж мөнгө хүүлэгсэд бол түрээслэгчид юм. Тэд хэдхэн сарын өмнө 150 мянгаар түрээслүүлж байсан умгар гал тогоогоо оюутнуудад 200 мянга гэж тулгана. Хот хүрээнд хамаатан, садан, танилгүй нэг нь тэдний хэлсэн үнээр нь түрээслэхээс өөр аргагүй. Тэгээд ч айлын тогоо өнгийж амьдарна гэдэг тийм ч амар зүйл биш. Ааштай эгч, ууртай ахын ая талыг харж, ходоодоо хонхолзуулж сууснаас умгар ч гэсэн хар гэртээ хаан нь болж суувал аятай юу. Даанч халаасны умгар өрөө, айлын гал тогоо, зөөврийн устай нийтийн байрны үнэ тэнгэрт хаджээ. Учир нь халаасны өрөө хотын төв, захын дүүрэгт байрлалтайгаасаа шалтгаалаад 180-300 мянга, нийтийн байр 80-200, гал тогоо-100-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Ахлах курсынхнээс гадна дотуур байргүй сургуулийн оюутнууд түрээслэгчидийн хувьд бөөн олз. Нэгэнт сургууль нь дотуур байргүй юм чинь халаасны өрөө хэсэхгүй яах билээ. Тухайлбал, “Отгонтэнгэр” их сургууль дотуур байр барьж байна гэсээр хэдэн жилийг үджээ. Төлбөрийг нь авдаг хэрнээ толгой хоргодох оромж босгочихгүй байгаа нь харамсалтай. Халаасны өрөө болон нийтийн байрнаас өөр нэг хувилбар бол хашаа, байшин түрээслэх. Мэдээж үнийн хувьд хашаа, байшин, гэр түрээслэх нь хамаагүй хямд ч гэсэн өвлийн улиралд нүүрс, түлээ шаардах нь халаас нимгэн оюутнуудын хувьд бас л бэрхшээл. Өөр нэгэн хувилбар бол 2-3-уулаа нийлээд 1-2 өрөө байр түрээслэх. Одоогийн байдлаар нэг өрөө орон сууц байрлалаасаа хамаараад 400-700 мянган төгрөгийн ханштай байгаа бол хоёр өрөө нь 500 мянгаас нэг сая төгрөг хүртэлх үнэтэй байдаг аж. Мэдээж боломжтой айлын хүүхэд бол ганцаараа юм уу ах, дүүтэйгээ 1-2 өрөө байр түрээслэнэ. Харин мөнгөө хэмнэх хүсэлтэй нэгнийх нь хувьд 2-3-уулаа нийлээд нэг өрөө байр түрээсэлсэн нь хавьгүй хямд тусна.
“Халаасны өрөө 400 мянгад хүрч гэнэ, дотуур байрны үнэ 50-100 мянгаар нэмэгдсэн байна. Одоо яах вэ, хүүхдээ орох оронтой болгоод нутаг буцна даа” гэх хүмүүс энд тэндгүй байв. Хэн ч гэсэн үр хүүхдээ Улаанбаатарт толгой хоргодох байртай болгочихоод буцахыг хүснэ. Гэвч хүсэхэд хясахын үлгэрээр халаасны тэмтрүүл болсон нөхдүүд тэнгэрт хадсан үнэ хэлж, эцэг, эх, оюутнуудыг сандаргаж буй. Өнөөх олон жилийн настай оюутны хотхон, 1000 оюутны байр зэрэг нь ашиглалтад орчихвол халаасны өрөөний бизнес цэцэглэхгүй, оюутнуудын хувьд ч байрны түрээсээ бодож шаналахгүй санаа амар хичээлээ хийвэл хэн хэндээ дээрсэн. Гадаадад бол сурч, амьдрах бүх орчин нөхцлөөр нь хангаад, дээрээс нь долоо хоногт ажил хийх цаг олгодог. Харин Монголын хувьд бүх зүйл эсрэгээрээ. Хаа холын Хөвсгөл, Ховдын оюутан бөөн зардал, мөнгө болж байж арай гэж нийслэлд хөл тавина, тэгээд сургалтын болон байрны төлбөрөө 100 хувь төлнө, дээрээс нь ном, дэвтэр, хоол унд, бусад зардлыг тооцоод үзвэл дөрвөн жил сургуульд сурахын тулд дор хаяж 10 гаруй сая төгрөг зарцуулж байна. Жил бүр тулгамддаг оюутнуудынхаа асуудлыг шинэхэн сайд шийдвэрлэх зорилго тээж яваа гэдэгт найдна.
Х.Өнөржаргал
mminfo.mn
Сэтгэгдэл ( 0 )