П.Чулуунбаатар: Өрсөлдөгч орны тамирчид насаа дарж оролцсон

Автор | Zindaa.mn
2012 оны 08 сарын 30

Азербайжаны нийслэл Баку хотноо байрладаг Х.Алиевийн нэрэмжит спорт, урлагийн цогцолборт хэдхэн хоногийн өмнө өсвөрийн ДАШТ болсон билээ. Манай улсаас 18 тамирчин оролцсоноос Б.Нямгэрэл, Г.Нямгэрэл нар хүрэл медаль, дөрвөн тамирчин тусгай байр эзэлсэн. Тус тэмцээний талаар өсвөрийн чөлөөт бөхийн дасгалжуулагч П.Чулуунбатаас тодруулсан юм.

-Тэмцээн сайхан болов уу?

-Сайхан боллоо. Манай улс хоёр дахь удаагаа оролцож байгаа ч гэлээ дэлхийн шилдэг тамирчидтай энэ тэнцүүхэн л өрсөлдсөн.

-Тэмцээнд хэдэн орны тамирчин оролцсон бэ?

-19. Жин тус бүр долоогоос дээш тамирчин оролцсон. Өнгөрсөн жил манай улсын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ жил чанарын хувьд жаахан тааруу оролцсон ч тамирчид маань хийе гэсэн бүхнээ гаргаж барилдсан.

-Тамирчид хэр ядарсан бол?

-Хол нутаг, цагийн зөрүүгээс шалтгаалж тамирчид их ядарсан. Өмнө нь цөөхөн тамирчин энэ тэмцээнд ороцож байсан. Ихэнх нь хамгийн холдоо Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан болохоор арга ч үгүй байх л даа.

-Манай тамирчдад Японы бөхчүүд хатуу самар байв уу?

-Тийм. Ихэнх нь энэ орны тамирчинд ялагдсан. Тэднийг ялсан бол манайхан аваргын төлөө өрсөлдөх байсан.

-Бусад тамирчдын хувьд медаль хүртэх боломжгүй байв уу?

-Боломж байсан. З.Занабазар сайн барилдсан. Оросын тамирчинтай 3:3 харьцаатайгаар цаг дуусахад шүүгчид торгууль өгсөн болоод манай тамирчинг ялагдуулсан. Зарим тамирчдын хувьд ч шүүгчдийн оноо хассан тал бий. Бид ч нэлээд маргалдсан. Хаана ч эзэн орны тамирчин давуу эрхтэй байдаг. Тэр бичигдээгүй хууль л үйлчилсэн гэсэн үг. Гэхдээ манай улсын тамирчид багаараа 45 оноотойгоор зургадугаар байр эзэлсэн.

-Манай өсвөрийн тамирчид хоёр дахь удаагаа оролцож байгаа болохоор туршлага дутсан тал ажиглагдав уу?

-Дутуугүй байсан. Би дээр цагийн зөрүү жаахан дутлаа гэж хэлсэн шүү дээ. Энэ л амжилтад нөлөөлсөн.

-Манай тамирчдын бэлтгэл хэр хангагдсан байсан бэ?

-Хангагдсан. Азийн аварга шалгаруулах тэмцээнээс ирээд нэгдсэн цугларалтад гарсан. Харин өрсөлдөгч орны тамирчдын хувьд насны асуудал их байсан.

-Юу гэсэн үг вэ?

-Энэ тэмцээн чинь өсвөр насны тамирчид орох ёстой шүү дээ. Гэтэл бусад орны тамирчид 17 настай гэхэд хэцүү л харагдсан.

-Биеийн өсөлт, хөгжил тэс өөр байна уу?

-Тийм. Зарим залуу нь сахал ургачихсан ч байх шиг. Бараг миний үеийн залуу шиг харагдаж байгаа юм чинь. Би хувьдаа тэднийг насаа дарж оролцоод түрүүлчихлээ гэж бодсон. Хэрвээ тийм байсан бол энэ тэмцээн утгаа алдана. Нэр хүндгүй ч болно. Манай тамирчид тэдний хажууд жаахан хүүхэд шиг харагдаж байгаа юм чинь. Цээж, гарын булчин нь дэндүү хөгжсөн байна билээ. Гэхдээ манай улсын тамирчид тийм хүмүүстэй өгөө аваатай өрсөлдсөн. Өөрсдөөс нь шалтгаалсан бага зэргийн алдаа ч байсан.

-Эрэгтэй тамирчид медаль хүртэх боломжгүй байв уу?

-Чадлаараа л барилдсан нь тэр. Хүүхэд яаж барилддаг вэ, багшийнхаа даалгаврыг хэрхэн биелүүлэх ёстой вэ гэдгийг гүйцэлдүүлсэн. Ур чадварын хувьд ч муу байгаагүй. Цэвэр ялагдсан бол үнэндээ барахгүй байлаа даа гэж бодохсон. Тэд өгөө аваатай байсан болохоор чадах бүхнээ хийсэн гэсэн үг. Ирэх жил оролцохоороо тэс өөр болох байх.

-Зардлаа хэрхэн зохицуулсан бэ?

-Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Сумъяабазар аварга шийдвэрлэсэн. Хоол, байрны зардал нэлээд гардаг юм билээ.

-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?

-20-иод. Дөрвөн одтой “Кавказ” зочид буудалд байрласан. Манай тамирчдын хувьд дээд амжилт нь ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн.

У.Баярсайхан

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top