Дэлхийн оюуны спортын хоёрдугаар наадмын 100 буудалт даамд өрсөлдөн манай эмэгтэй багийн тамирчид хүрэл медаль хүртжээ. Уг наадмыг оюуны спортын олимп гэж нэрлэдэг бөгөөд ийнхүү дөрвөн жил тутамд болдог зуны олимптой зэрэгцэн хоёр дахь удаагаа зохион байгуулагдаад байгаа аж. Ийнхүү 2008 онд Бээжин хотноо зохион байгуулагдаж байсан бол энэ удаа Францын Лилле хотод шатар, даам, бриж, го даам гэсэн дөрвөн төрлөөр болж өндөрлөжээ.
Манай улс өнгөрсөн 2008 онд 100 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож байсан бол энэ удаа зөвхөн100 буудалт даамын Э.Мандахнаран, Б.Нандинцэцэг нараас бүрдсэн баг оролцож хүрэл медаль хүртлээ. Манай багийн эсрэг дэлхийн олон удаагийн аваргууд тавигдсан ч хүрэл медалийн төлөө БНХАУ-ын багийг 4:0 харьцаатай буулган авч, оюуны чадвараараа илүүрхсэнээр 112 орноос 20 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Харин Нидерланд улсын баг алт, ОХУ мөнгөн медалийг тус тус хүртжээ. Энэхүү наадамд 112 орны 2300 орчим оюуны тамирчид өрсөлдсөн юм.
Ингээд хүрэл медалийн эзэд Э.Мандахнаран, Б.Нандинцэцэгтэй ярилцлаа.
Э.Мандахнаран: Дэлхийн аварга болохыг хүсч байна
-Оюуны спортын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тухай яриагаа эхлэе?
-Миний хувьд ОУ-ын тэмцээнд оролцож байсан туршлага бий. Дөрвөн жилийн өмнө анхны наадамдаа оролцоод 22-р байрт орж байлаа. Энэ жил чансаа өндөр тамирчид оролцож байсан. Таван удаа тоглосон. Медаль авах гээд л байсан боловч болж өгөхгүй хүчтэй өрсөлдөгчидтэй таарсан. Шийдвэрлэх мөчид өрсөлдөж медаль авсандаа баяртай байгаа. Бид хоёр багаараа нэгдэж чадлаа. Ингээд манай улс багийн тэмцээнд илүү амжилт үзүүлэх боломжтой юм гэдгийг ойлголоо. Хамгийн сайхан нь БНХАУ-ын багтай тоглож 4:0-ээр хожсон мөч байсан.
-Цаашдаа даамын спортоороо ямар амжилт үзүүлэх зорилготой байна вэ?
-Би дэлхийн аварга болохыг хүсч байна. Мөн цолоо ахиулан их мастер болно доо. Надад залуу нас, монгол ухаан байна. Илүү их хичээвэл боломжтой гэж бодож байгаа.
-Оюуны спортын ач холбогдлыг өөрийнхөөрөө тодорхойлохгүй юу?
-Оюуны гэдэг утгаараа ой тогтоолт, сэтгэн бодох чадвар, хатуужил шинжийг оюуны спортоос олж авч болно. Логик сэтгэлгээ талаасаа бусдаасаа арай илүү байдаг юм уу гэж бодогддог.
-Хэзээ даамаар хичээллэж эхэлсэн бэ? Хэрхэн сурч байв?
-Нэгдүгээр ангид ороход манай сургуульд анх даамын дугуйлан нээгдээд сурч эхлэж байсан бол одоо хүртэл 14 жил болсон байна. Тавдугаар ангиасаа эхлэн улсын 100 буудалт даамын шигшээ багт орж хичээллэж эхэлсэн юм.
-Даам тоглодог тамирчин болохоор магадгүй олон хүн таних байх. Харин хаана сурдаг, хэдэн настай гэдгийг чинь мэдэхгүй олон хүн бий?
-Би Сүхбаатар аймгийн Түвшинширээт суманд төрсөн. Бага ангидаа нутагтаа сурч байгаад дунд ангиасаа шилжиж 16-р сургуульд сурч төгссөн. Сая ХААИС-ийг маркетинг, менежментийн чиглэлээр төгсөөд байна.
-Одоо ахин ямар тэмцээнд оролцох төлөвлөгөөтэй байна?
-11-р сард Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ тэмцээнд түрүүлбэл дэлхийн аваргад оролцох эрхээ авна. Тэгэхээр 11-р сарын тэмцээн их чухал гэсэн үг.
-Бэлтгэлээ базааж эхэлсэн үү?
-Сая тэмцээн 14 хоног болж өнгөрсөн. Өчигдөр ирсэн болохоор амарч байна даа. Удахгүй бэлтгэлээ базааж эхэлнэ.
Спортын мастер Б.Нандинцэцэг: 100 буудалт даам ямар хэцүүг мэдэрлээ
-Өөрийгөө уншигчдадаа танилцуулаач?
-Би 19 настай. ОУЭЗДС-д банкны мэргэжилтэн, нягтлан бодогч мэргэжлээр, МУИС-д аялал жуулчлалын чиглэлээр сурдаг. Одоо хоёрдугаар курстээ орно.
-Хоёр сургуульд зэрэг сурдаг юм байна шүү дээ. Мөн даамаар хичээллэнэ. Хичээлээ гүйцэж байна уу?
-Хичээлээ гүйцэж л сурдаг даа. Маш олон даамны тэмцээнд оролцоно. Гэхдээ хэцүү байдаг юмаа. Ирц, шалгалтаар дүгнэдэг болохоор хүндрэлтэй л дээ.
-Саяхан хүртээд ирсэн хүрэл медалийн төлөөх тоглолтынхоо сэтгэгдлээс хуваалцахгүй юу?
-Би 100 буудалт даамаар арван жил хичээллэж байгаа. Энэ хугацаанд 100 буудалт даам амархан юм шиг санагддаг байсан. Яагаад гэхээр эх орондоо болдог тэмцээнүүдэд байнга амжилттай оролцдог байж. Харин сая энэхүү тэмцээнд оролцоод 100 буудалт даам ямар хэцүү вэ гэдгийг мэдэрлээ. Алт, мөнгөн медалийн төлөө тоглож хожигдох маш хэцүү санагдаж байсан бол хүрэл медаль хүртээд 100 буудалт даамынхаа сайхныг мэдэрч чадсан. Хамгийн хүчтэй өрсөлдөгчид ОХУ-ын баг байсан.
-Хэр их тэмцээнд оролцож байсан бэ? Олон улсын чанартай тэмцээний туршлага байв уу?
-10 жил 100 буудалт даамаар хичээллэж байна. Энэ хугацаанд гадаад, дотоодын маш олон тэмцээнд оролцож байсан. Тухайлбал, оюуны спортын нэгдүгээр олимп, залуучуудын ДАШТ-ний 11-р байрт орж байлаа. Энэ амжилтаа чанаржуулж, эхний гурван байранд орох боломжтой байгаа тул цаашид маш сайн бэлтгэлээ хийнэ дээ.
-Цаашдаа энэ спортоороо хичээллэхэд ямар нэг бэрхшээл ажиглагдаж байна уу?
-Тэмцээнд явахад санхүүгийн бэрхшээл байдаг. Бид бүгдээрээ л хувийн зардлаараа тэмцээнд явдаг даа. Сая явахад гэр бүл, компанийн дэмжлэгтэйгээр явлаа.
-Анх даам хэрхэн сурч байв?
-Анх ааваасаа даам тоглохыг сурсан. Манайх гэр бүлээрээ даам тоглодог л доо.
-Гэр бүлд нь даамаараа цол, зэрэгтэй хүн байгаа юу?
-Аав маань бид нарт заасан болохоос цолгүй л дээ. Долоон настай дүү гуравдугаар зэрэгтэй. Хоёр эгч спортын мастер цолтой.
-Даам тоглох ямар ач холбогдолтой вэ? Шатрын спортоос ялгаатай тал нь?
-Ялгаа нь олон нүүдлийг бодож нэг нүүдэл хийдэг юм. Олон тоглолтын хувилбарыг боддог л юм даа.
Сэтгэгдэл ( 0 )