Дэлхийн зулайд хөл тавьсан Монгол хүн цөөхөн. Гарын таван хуруунд багтах уу үгүй юу байдаг байх. Асар их тэсвэр тэвчээр гарган амь нас эд мөнгөө үрэн байж дурлаад зүтгээд тэмүүлээд байдаг тэдгээр хүмүүсийн амьдрал гайхамшигтай. Дэлхийн уулчин болгоны мөрөөдөл бол Эверест байдаг. Тэрхүү цаст Гимлайн ноён оргилд эх орныхоо төрийн далбааг өнгөрсөн тавдугаар сард мандуулаад ирсэн Уулын спортын ОУХМ Сэрээтэрийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Уулчин хүний мөрөөдөл бол Эверест байдаг. Та өнгөрсөн тавдугаар сард дэлхийн зулайд мөрөө үлдээгээд ирсэн. Энэ талаар яриагаа эхлэе?
-Ер нь уулчин болгоны хүсэл мөрөөдөл Эверестийн оргилд гарах. Энэ хүслээ энэ жил 5-р сарын 19-нд 7:11 минутанд оргил дээр гарч гүйцэлдүүллээ. Тэгээд сэтгэл их өндөр байгаа. Хамгийн гол нь намайг ивээн тэтгэж намайг энэ амжилтанд хүргэсэн хүмүүстээ маш ихээр баярлаж байгаа.
-Баг тамирчдаас гадна Монголоос хэдэн уулчид хамт явсан бэ?
-Үндсэндээ бол “Mongolian Expedition” компанийн захирал н.Алдархишиг гэдэг залуутай хамт явсан. Тэр маань орчуулагч хийгээд дээрээс нь зохион байгуулах үүргийг гүйцэтгэсэн. Яг авиралтын хугацаанд олон улсын экспидишнтэй хамтарч Балбын тал болон Канад, Испанийн уулчидтай нийлж нэг баг болсон юм. Дөрвүүлээ гурван хөтөчтэй, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэй авирсан.
-Эверест гэдэг дэлхийн зулайд Монгол хүн гараад зогсож байх тэр торгон агшнаасаа хуваалцаач?
-Яг Эверестийн оргил дээр гараад зогсож байхад Монгол хүний хүч чадал ямар аугаа байдаг юм бэ гэдгийг л мэдэрсэн. Өөртөө асар их итгэлтэй болж байгаа юм. Хамгийн гол нь бусад орны уулчид замын дундаас буцаад л, зарим үхэл хагацал үзэх зэрэг янз бүрийн бэрхшээл тулгарч байхад Монгол хүн уулын орой дээр гараад маш их өндөр сэтгэгдэлтэй байдаг. Өөрөө өөртөө, Монгол хүн гэдгээ, Монголчууд ямар байдгийг дэлхий дахинд үзүүлж чадсандаа бахархаж байгаа.
-Дэлхийн долоон оргил гэж байдаг даа. Та хэдэд нь авиралт хийв. Мөн Монголдоо?
-Гадаад авиралт бол Японы Пүжи уул тэгээд Европ тивийн ноён оргил Эльбруст дээр нь сая Эверестэд энэ хавар авираад ирсэн. Монголынхоо уулсад жил болгон авиралтаа хийдэг. Ирэх жилээс Китүд авирах төлөвлөгөөтэй байгаа.
-Эверестэд авиах зардал мөнгөний хувьд ямар байдаг вэ? Сүүлийн жилүүдэд уулчдын тоо нэмэгдээд зардал нь өссөн дуулддаг?
-Ер нь бол тамирчид болон уулын спортоор хичээллэдэг хүний хамгийн бэрхшээлтэй зүйл бол зардал мөнгө байдаг. Ууланд авирах бол бусад спортуудыг бодвол хамгийн их зардалтай спорт. Тэгээд зардал мөнгөө шийдэхийн тулд энд тэндхийн албан газруудаар орж спонсороо хайдаг. Ихэвчлэн өөрөөсөө мөнгөө гаргадаг даа. Яг нууцгүй хэлэхэд Эверестэд авирахад спонсор байгууллагууд болон хувийн мөнгө маань нийлээд 40000 ам.доллараар авиралт хийгээд ирлээ дээ.
-Ер нь Эверестэд гарна гэдэг багын мөрөөдөл үү. Хэдэн жил энэ уулын спортоор хичээллэсний эцэст Эверест рүү явав?
-1996 оноос эхлэн анх ууланд хөл тавиад л Гавъяат тамирчин Өсөхбаяр бид хоёр Эверестийг бидний мөрөөдөл гээд зураг авчихаад орой дээр нь улсынхаа далбааг наагаад л тэнд хүрнэ гэж мөрөөддөг байлаа. Тэрэндээ Өсөхөө маань түрүүлээд хүрлээ дараа нь би хүрсэндээ маш их баяртай байгаа.
-Өсөхбаяр гавьяат анхлан тэр ууланд гарлаа шүү дээ. Тэгэхэд өөрөө гарсан юм шиг л баярласан биз?
-Тэгэлгүй яахав ер нь би байтугай Монголын ард түмэн тэр чигээрээ баярласан шүү дээ. Дэлхийн зулайд анх удаагаа Монгол хүн хөл тавилаа гээд л. Өсөхөө гавьяат маань Эверестэд хэрхэн авирсан тухайгаа хүмүүст ярихад нөгөөдүүл нь үлгэр сонсож байгаа юм шиг үнэмшээд байгаа ч юм уу бататгах хүн байдаггүй. Тэгээд намайг авирч ирээд давхар бататгаад ярихлаар "Миний яриаг бататгах хүнтэй боллоо" гээд маш их баярлаж байсан.
-За одоо өөрөө Эверестийн оргилд гарчихлаар дэлхийн хэмжээний зэрэглэл өндөр болсон гэж ойлгож болох уу? Энд тэндээс ямар ба нэгэн хамтран ажиллах санал ирэх юм уу. Яг энэ ууланд гарсанаар өөрийн чинь амьдралд наалдах юм яг юу байна?
-Тэр чинь харин хэцүү асуудал байна даа. /инээв/ Яахав уулын спортод Эверестийн оргилд гарахад боломжийн. Ер нь хүний нэр хүнд өсөхөөр амьдрал арай өөр, хүмүүстэй харьцахад хүртэл нааштай болно. Хүүхдүүдээ сургууль соёлд оруулахад зардал мөнгөнөөс эхлээд арай л нааштай ханддаг болсон.
-Төрөөс ямар ба нэгэн тэтгэмж, шагнал урамшуулал олгосон уу?
-Тэр үеэр сонгууль болоод, харин одоохондоо төр засаг солигдоод хөдөлгөөнтэй үед нь авирчихсан болохоор бас бага зэрэг удаашралтай байгаа юм болов уу гэж бодож байгаа шүү. Гэхдээ болох л байлгүй дээ.
-Уулын спортыг сонирхогчид цөөнгүй байх. Залуучууд их сонирхдог болж?
-Ер нь Монголчууд урьд үеэ бодох юм бол бас олон төрлийн мэдээллийг шууд авдаг болжээ. Дээрээс нь экстрем спортыг сонирхогчид маш олон болсон байна. Жишээ нь зарим хүмүүс ярьдаг юм. Би нэг ийм ууланд гарчих юмсан, энэ ууланд гарчихвал миний мөрөөдөл биелэх гээд байна. Нутгийнхаа нэг өндөр уул эсвэл Цэцээ гүн, эсвэл Мөнххайрхан, Отгонтэнгэрт гарах гэж хүмүүс их мөрөөддөг. Тэр бүх хүслээ биелүүлээд явах юм бол манайд уулын спорт хөгжих бүрэн боломжтой болж байгаа юм. Эдийн засгийн хувьд харьцангуй боломжтой болчихож.
-Хамгийн анх эх орныхоо аль ууланд авирч байв?
-1996 онд өвлийн аялалд Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн. Тэр үед Эрдэнэтийн хоёр бүсгүйтэй дээр нь Завханаас мөн хэд хэдэн уулчидтай хамт анхлан авиралт хийж байлаа. Манай Завхан аймгийнхан болон Эрдэнэтийнхэн уулын спортод илүү сайн амжилт гаргаж байна. Өнгөрсөн жил Эверестэд гараад ирдэг Гангаамаа гавьяат бид хоёр нэг нутгийх шүү дээ.
-Дэлхийн аваргаас медаль авбал тэд, олимпоос медаль авбал тэдээр шагнана гэхчлэн бусад спортыг төрөөс дэмжих дэмжлэг тодорхой хэмжээнд байна. Уулын спортыг төрөөс дэмжиж байна уу? Улс орны хувьд төрийнхөө далбааг мандуулсан том сурталчилгааны асуудал биз дээ?
-Үнэнийг хэлэхэд бусад орны уулчдыг Эверестэд авирч маш их амжилт үзүүлээд ирэхэд төрийнх нь зүгээс маш их мөнгө болон сэтгэл санааны туслалцаа үзүүлдэг юм билээ. Гэхдээ Манайхан тэр талаараа жаахан маруухан байна уу даа. Хэрвээ олимпийн төрөлд ууланд авирах төрөл орсон бол Монголын Засгийн газрын зүгээс дэмжих л байсан байх. Энэ нь холбооны үйл ажиллагааны доголдол байх гэж боддог юм. Олимпод оролцож байгаа тамирчид хэдхэн хормын дотор хүнтэй өрсөлдөөд ялалт байгуулдаг бол Эверестэд гарахын тулд 50 хоног байгальтай өрсөлдөж байж амжилт үзүүлдэг. Үхэл амьдралын зааг дээр явдгаараа онцлогтой.
-Авиралтын явцад өөрт тань аюултай үзэгдлүүд тохиолдов уу?
-Өнөөдөр хамт хоол идээд л инээж ханиагаад сууж байсан манай багийн Италийн тамирчин Хуан гэхэд л Эверестийн оргилоос бууж яваад хүч нь дуусаад л тэндээ үлдсэн юм. Тэгээд осолдоод л тэндээ мөнх үлдсэн дээ. Эверестийн оргил руу явж байхад 8300-аас дээш үхлийн зоо байдаг. Ялангуяа шөнө явж байхад маш эвгүй, хаа сайгүй үхсэн хүмүүс хэвтэнэ.
-Тэгээд тэр хүн амьдаараа үлдсэн үү. Амь насаа алдсан хүмүүсийг ууланд нь үлдээдэг юм уу?
-Ууланд өнгөрсөн хүмүүсийг орхихоос өөр арга байхгүй. Тэр хүн маань яг тэндээ хүч нь дуусаад л нүд аньсан. Хүн үүрээд аваад явна гэсэн асуудал байхгүй. Хүн үүрэх нь битгий хэл нэгнийгээ олсноос татахад л хүчилтөрөгч дутагдалтайн улмаас өөрсдөө амьсгаадаад хэцүү байдалд орчихдог. Хүмүүс зүгээр явж байгаад л гэнэт хүч нь дуусаад ирэхээр л өнгөрчихдөг юм байна билээ. Маш эвгүй байдаг.
-Гэхдээ Эверест рүү гараад мөрөөдлөө биелүүлсэн байна?
-Тийм шүү. Тэр хүнийг гол нь буулгах арга байдаггүй. Хэрвээ буулгах юм бол маш өндөр зардал төлж байж буулгадаг. Хэрвээ ар гэрийнхэн нь зардал мөнгийг нь гаргаад цогцсыг нь авна гэх юм бол буулгаж болно. Хэрвээ буулгахдаа тулах юм бол зуучилж байгаа компаниудын шильфа буюу хөтөч нар л буулгана даа.
-Нэг нөхрөө орхиод явахад сэтгэл хэцүү биз. Олон хоног хамт явсан хүмүүст?
-Би нэг сонин юм ойлгосон. Уулнаас дөнгөж бууж ирээд л тэр хүн маань өнгөрчихсөн гэж хэлж байгаа юм. Орой нь тоохгүй зүгээр л энгийн асуудал мэтээр бодож баярлаад л өнгөрч байсан. Ерөөсөө л тэр хүн мөрөөдлөө биелүүлчихсэн болохоор өнгөрөх нь хамаа байхгүй гээд тоодоггүй.
-Тэгэхлээр уулчид амь нас эрсдсэн ч гомдолгүй гэж гарын үсэг зураад авирдаг гэж ойлгох уу?
-Ер нь анх уулын спортод орохдоо өргөдөл бичээд гарын үсэг зурдаг. Уулын спортод орох хүсэлтэй үхсэн ч гомдолгүй гэдэг. Заримдаа хүнд хэцүү ууланд авирах юм бол заавал ч үгүй өргөдөл бичиж анкет бөглөж байж авирдаг юм.
-Цаашдаа Монголчуудтай хамтраад нэг баг болоод авиралт хийх төлөвлөгөө бий юу?
-Монголчууд маань эдийн засаг нь сайжраад ууланд явдаг хүмүүсийн тоо их болж байна л даа. Миний мөрөөдөл бол багаараа Эверестэд ямар ч хөтөчгүйгээр авирах. Зөвхөн өөрсдөө олсоо тавиад өөр талаас авирах юмсан гэж боддог. Сая би олон улсын багт ороод авираад ирсэн. Одоо бол бие даасан заавал нэг маршрутаар биш арай өөр маршрутаар авираад үзэх хэрэгтэй. Тийм авиралтуудыг л хүсч байна даа.
Сэтгүүлч А.ТЭМҮР
Сэтгэгдэл ( 1 )
Би энэ уулчиддаа үнхээр шүтэн биширч байна баяр хүргье Монголчуудаа энэ Эверестэд авирсан 6 хүнд хөдөлмөрийн баатар цол олгомоор санагдаж байна