Спортын салбарынхан уулзлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 27

Шинэ засгийн газар байгуулагдаж яамууд тус бүрийнхээ ажлыг эхлүүлээд байна. Тэдний нэг нь Спорт, Соёл, Аялал жуулчлалын яам. Тус яамаас дэд сайд М.Түмэнжаргал, Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Жаргалсайхан нар Спортын төв ордны жудо, хүндийг өргөлт, бокс, гимнастикийн бэлтгэлийн заал, Спортын эмнэлэгтэй танилцаж удирдлага албан хаагчид, багш дасгалжуулагчдын сэтгэгдлийг сонслоо. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 34 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн тамир, спортын газрыг Спортын бэлтгэлийн төв болгон өөрчилсөн. Соёл, Спорт, аялал жуулчлалын сайдын тушаалаар тус төвийн даргаар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавъяат тамирчин Б.Наранбаатарыг томиллоо.


Энэ үеэр тус яамны дэд сайд М.Түмэнжаргалаас дараах асуултад тодруулга авсан юм.

М.Түмэнжаргал: Хамгийн түрүүнд гимнастикийн заалыг тохижуулна


-Спортын салбаруудтайгаа танилцлаа. Танд ямар санагдав?

-Сэтгэгдэл өндөр байна. Манай улсын залуус нэг үеэ бодвол спорт сонирхдог болж. Спортын ордон ч байнга хүний хөл дарагдаж байна. Энэ сайхан хэрэг. Үүний зэрэгцээ ч дутагдаж байгаа зүйл байна. Эхний асуудал нь Спортын төв ордны их засварын асуудал. Мөн хажуу талынх нь газрыг зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр авч барилга барьчихаж. Тэр ч бүү хэл барилга дээр нь хүртэл нэг давхар байшин нэмээд барьчихаж. Энэ мэт зүйлсийг бид онцгой анхаарч зохицуулна.

-Спортын холбоодын удирдлагууд тантай нэг уулзсаных гээд зовлон их тоочиж байна уу?

-Гайгүй ээ. Ер нь тамирчид маань их тэвчээртэй шүү дээ. Болохгүй ч байсан болж байна аа гээд л гүйж байдаг. Би дээрх холбоодын удирдлагууд болон заалаар орлоо. Надад хамгийн түрүүнд гимнастикийн заалыг бүрэн тохижуулмаар санагдсан. Тэр зааланд ихэвчлэн жаахан охид хичээллэдэг юм байна. Яасан ч хүйтэн юм. Тэд тэр байдалдаа дассан бололтой инээгээд л явж байна.

-Та өнөөдрөөс өмнө хамгийн сүүлд хэзээ Спортын төв ордонд орж ирсэн бэ?

-Жилд нэгээс хоёр удаа заавал орж ирдэг. “А” зааланд сагсны лигийн тэмцээн болдог шүү дээ. Тэр тэмцээнийг үзэх гэж ирдэг. Мөн боксын холбоогоор орно. Би энэ холбооныхонтой илүү хамтарч ажилладаг юм.  

-Гэхдээ энэ удаагийнх шиг бүх холбооны удирдлагатай танилцаж, заалаар нь орж байгаагүй байлгүй?

-Тийм. Эдгээр хүнтэй ярилцах сайхан байлаа.

-Танай яам спортын салбартаа яг одоо ямар ажил эхлүүлэх гэж байна вэ?

-Спорт маань олон нийтэд хүрэх цаг нь ирчихсэн юм байна. Үүнийг “Спортын төв ордон”-д байдаг спортын сургалтын төв харууллаа. Энэ төвд 400 гаруй хүүхэд сурч байна. Тэдний ихэнх нь Баянхошуу, Яармаг, Нисэх, Налайх зэрэг хол газраас ирдэг аж. Тэдний оршин суугаа газарт нь ийм төв байхгүй болохоор спортод дэндүү элэгтэйдээ холоос даарч, өлсөж, цангасан ч ирж байна. Тиймээс манай яам Биеийн тамирын төвийг дүүрэг тус бүрт байгуулна.

-Мэдээж та олон улсын спортын газруудаар явсан байх. Манай улсын спортын газар тэдэнтэй эн тэнцүү түвшинд очиход юу чухал гэж үзэж байна вэ?

-Олон чухал зүйл байна. Гэхдээ манай улсын бокс, чөлөөт, жүдо бөхийн төрлүүд нэлээд сайжирч байна.

-Таныг уншигчид маань өмнө нь ямар нэгэн спортын салбарт ажиллаж байсан болов уу гэж бодож байгаа байх?

-Би спортыг их хүндэлж, хайрладаг. 2005-2010 оны хооронд хувиараа боксын клуб байгуулж арваад залуу тамирчин, нэг зөвлөх, хоёр дасгалжуулагчийг цалинжуулж ажиллуулж байлаа. Тухайн үед спорт, соёл урлагийнханд нэлээд хүнд үе байсан. Тиймээс спортынхныхоо жаргал, зовлонг мэднэ ээ.

У.Баяраа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top