Монголын “Хөх тэнгэр ” багийн уулчид өнгөрсөн тавдугаар сард дэлхийн ноён оргил Эверестэд амжилттай авирсан. Тус багийн гишүүн Б.Цэвээндаштай уулзаж ярилцлаа. Тэрбээр уул, боксын спортын I зэрэгтэй бөгөөд марафоны спортоор хичээллэдэг аж.
-Эверестэд авирах санааг анх хэн гаргасан бол? багаа хэрхэн бүрдүүлж, бэлтгэлээ яаж базаасан талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би 1997 онд ээжтэйгээ бурхны орноор аялсан юм. Монголоос явсан хэдэн хөгшчүүдтэй хамт Утай Гүмбэн, Лхас, Непал, Дарамсала ороод, далай багш, IX богдтой уулзсан. Буцаж явах замдаа Непалаас түвдийн хил рүү ороод цаашаа машинаар явах байв. Гэтэл Гимилайн уулнаас цас нураад зам таглаад хаячихсан. Тэндээ хүлээвэл хоёр cap болох байсан тул ярилцаж байгаад бүгдээрээ алхахаар шийдсэн юм. Тэндээс нутгийн залуусыг хөлсөлж аваад, ачаа бараагаа үүрээд алхсан. Тэр алхалт бидний төсөөлж байснаас хамаагүй хүнд болсон л доо.
Тэгж гучаад цаг явж байж нэг тосгонд очиж, унаатай залгаж байлаа. Тэгж явахдаа Гимилайн нурууны мөнх цаст хайрхнуудыг хараад авирч үзэх юмсан гэсэн хүсэл төрсөн. Ирээд Эверестэд авирах битүү мөрөөдөл тээж явж байгаад 2008 оноос эрчимтэй бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед Улаанбаатараас Лондон хүртэл бүтэн нэг жилийн гүйлт зохион байгуулж, дэлхий нийтийг архидалт, таргалалт, халдварт өвчний эсрэг уриалахыг хүсч байлаа. Гүйлт маань эхэндээ сайхан бүтэмжтэй байсан. Гэвч визний асуудпаас авахуулаад олон улсын өндөр шалгууруудыг хангахад хэцүү болж ирсэн л дээ.
Үүнээс болж гүйлтээ зогсоохоос аргагүйд хүрсэн юм. Үүний дараа бодсон зүйл маань Эверестэд авирах. Энэ санаагаа хэрэгжүүлэхийн тулд Говь-Алтай аймгийн Тонхил суманд суугаа ахмад уулчин Галсангаас зөвлөгөө авсан. Гааяа ах намайг гоё хүлээж аваад, урам зориг хайрлаж, хэрэгтэй зөвлөгөө өгсөн л дөө. Бас намайг Уулын холбооны гадаад харилцаа хариуцсан Заяа эгчтэй уулзуулсан. Заяа эгч надад өөрийн гаргасан номоо өгч, түүнээс нь би тодорхой ойлголттой болж авсан. Мөн интернет ухаж, нэлээн судалгаа хийсэн. Тэр үед өөр хэдэн хүн явахаар төлөвлөж байсан юм билээ.
Заяа эгч намайг тэдэнтэй уулзуулж өгсөн. ОУХМ Б.Ганбаатар ах, Ц.Цогзолмаа эгч байна. Энэ хоёр өмнө нь 2006 онд Эверестэд авираад 8500 метр хүрсэн юм билээ. Тэгээд цаг агаарын хүнд нөхцөлтэй таарч, буцахаас аргагүйд хүрсэн юм. Тэр үед зөрөөд авирсан гадаадын уулчид нас барсан гэсэн. Тиймээс би энэ хоёрыг уулчин хүнд байх ёстой ухаалаг шийдвэр гаргасан гэж үнэлдэг. Тэднээс гадна спортын мастер Б.Элбэгжаргал ах байна. Элбэгээ ах өмнө нь Оросын өндөр уул болон Монголынхоо Алтай таван богдод авирч байсан юм билээ. Мөн Л.Баярсайхан эмч бидэнтэй хамт авирсан.
Тэр ноднин арваннэгдүгээр сард Гимилайн 6000 м өндөртэй ууланд авирсан туршлагатай хүн. Энэ хэдтэйгээ танилцаад нэг баг болсон доо. Ингээд бид гуравдугаар сарын 29-нд эх орноосоо мордсон. Эхэлж Катмандуд очиж нэг хоноод маргааш нь дэлхийн хамгийн өндөрт орших онгоцны буудалтай Непалын Луклад очсон. Тэндээс авиралт маань эхэлж байгаа юм. Баярсайхан эмч маань ууланд хүмүүсийг аялуулдаг “Монгол хайрхан” клубийг үүсгэн байгуулсан. Тэр клубийн долоон аялагч Эверестийн бааз лагерийг үзэх зорилготой бидэнтэй цуг явсан юм. Бид ес хоног авираад 5400 метрт байрлах бааз лагерьтаа хүрсэн.
-Авиралтын явцад ямар саад бэрхшээл тохиолдож байсан, цаг агаар ямархуу байсан талаар яривал сонин байх болов уу?
-Эверест бол өөр ертөнц гэж болохоор маш хүнд ширүүн уур амьсгалтай. Өдөр нь их богинохон. Нар гарахаараа нүүр түлж, нүд сохолчих гээд хэцүү. Байнга шил зүүхгүй бол сохрох аюултай. Шөнө оройдоо маш хүйтэн, бас их салхитай. Өглөө босоод ирэхэд бидний хэрэглэж байсан нүүрний тос, шүдний оо бүгд хөлдчихнө. Бас маш их дуу чимээ гарна. Юм дэлбэрч байгаа юм шиг тэр чимээнд нь дасч өгөхгүй хэцүү байсан ч сүүлдээ тоохоо больсон.
Гэхдээ хамгийн хэцүү нь өндөрт байх. Тийм өндөрт гарч, хүчилтөрөгчийн дутагдалд орохоор хоолонд дургүй болно, толгой өвдөнө, ам цангана. Байнга хүйтэн агаараар амьсгалахаар маш их ханиалгадаг юм байна. Дандаа халуун юм уухгүй бол болохгүй. Гэхдээ монголчууд дөрвөн улиралтай ийм сайхан нутагт аж төрж байгаа нь давуу талтай. Тиймээс бид хүнд хэцүү нөхцөлд маш хурдан дасан зохицож байсан.
-Эверест рүү хоёр талаар гардаг. Энэ хоёр зам ямар ялгаатай бол? Та нар аль талаар нь гарсан бэ?
-Эверестийн оргил руу Непал, Түвд гэсэн хоёр талаас л авирдаг. Замын хувьд мэдээж ялгаатай. Түвдийн тал нь налуу хэрнээ их алхдаг, маш их салхитай. Гэхдээ амар байна гэж юу байхав. Эверест бол аль аль талаараа хэцүү. Гол ялгаа нь Түвдийн талд 5200 метр хүртэл хятадууд зам тавьчихсан. Бидний найм, ес хоног алхаж очсон газар руу хүмүүс шууд машинаар гараад оччихдог. Бидний хувьд уулын хөндийгөөр алхаж байгаа юм. Дээшлэх тусам гол, мод, цэцэг нь алга болоод улам зэвхий болоод ирнэ. Тэгээд бааз лагерь дээр очингуут ямар ч амьд амьтангүй болно. Ганц нэг шувуу л үзэгддэг юм билээ. Харин 5400 метрээс дээшлэхээр нөгөө шувууд нь ч алга болно.
-Оргил руу монголчууд тавуулаа авирсан юм байна. Өөр гадаадын уулчид байсан уу?
-Бид Эверестэд авирсан анхны монгол баг гэдгээрээ онцлогтой. Өмнө нь манайхан гадны багт багтаж авирдаг байсан бол сая өөр улсын уулчид Монголын багт орлоо. Тухайлбал, Seven summits-ийг хийсэн Канадын шилдэг уулчин эмэгтэй манай багт орсон. Мөн Норвегийн уулчин бидэнтэй хамт амжилттай авирсан. Харин Ганбаа ах, Элбэгээ ах хоёр биеийн байдлаас болоод үргэлжлүүлж авирч чадаагүй. Бид кэмп дөрөв буюу 8100 метр хүртэл багийн зохион байгуулалтад орж явсан. Харин үүнээс цааш өөрсдийн хөтөчтэйгээ хамт тус тусдаа авирсан л даа.
-Кэмп дөрвөөс цааших 700 гаруй метрийг хэдий хугацаанд туулсан бол?
-Бид авиралтаа орой 21 цагаас эхлүүлсэн. Тэр өдөр 600 гаруй уулчин авирсан юм билээ. Тэгээд авиралтаа үргэлжлүүлэхэд шөнөжингөө цасаар шуурсан. Ийм аймаар нөхцөлд авирдаг юм байх даа гэж гайхаж л байлаа. Гэхдээ өмнөө нэгэнт зорилго тавьчихсан болохоор замын дундаас буцаагүй. Тэгээд маргааш өглөө нь үүр цайж байхад Эверестийн оргилд эхэлж гарсан хүмүүс буцаж таарсан. Гэхдээ бүгд нэг шугаманд явж байсан болохоор зөрж гарах зай байдаггүй. Зөрөхийн тулд хамгаалалтын бүсээ тайлах ёстой.
Гэхдээ тэр нь эрсдэлтэй учраас хэн ч тайлж өгдөггүй. Хөл гишгэх зайгүй эвгүй газар хоёр, гурван цаг тэгж түгжирнэ гэдэг үнэхээр хүнд юм билээ. Сүүлд би хөтөчтэйгөө ярьж байгаад хамгаалалтын бүсээ тайлж, замгүй газраар дайрч авиралтаа дуусгасан. Маш том эрсдэл гаргасан гэсэн үг. Хэрвээ хөл алдаад унавал ямар ч авралгүй. Тэндээ хүлээсэн бол бусдын адил буцаж таарах байсан юм. Тэгээд хамгаалалтгүй дайраад өглөөний 11 цаг 16 минутад оргил дээр нь гарч, төрийнхөө далбааг мандуулсан даа.
Тэр үед сэтгэл санаа үнэхээр сайхан байлаа. Өөрөөрөө, монгол хүн болж төрснөөрөө бахархсан. Миний Эверестэд гарсан маань ардчиллын ач гавъяа. Ардчилал гарснаар бид гадаад орон руу чөлөөтэй зорчдог болсон. Тиймээс би Ардчилсан намын жирийн гишүүний хувьд намынхаа, Ардчилсан холбооныхоо тугийг мандуулсан. Ингэж мандуулаарай гэж надад даалгавар өгөөгүй. Зүгээр намдаа бага ч гэсэн туслах үүднээс ингэсэн юм.
-Танай бусад гишүүд гарч чадсан уу?
-Манай Цогзолмаа эгч, Баярсайхан эмч хоёр бас гарсан л даа. Гэхдээ оргил дээр тааралдаагүй. Тэр олон хүн дунд нэгнийгээ олж харна гэдэг хэцүү. Ямар ч байсан бүгдээрээ тавьсан зорилгоо биелүүлж, оргил дээр тугаа мандуулсандаа баяртай байгаа.
-Уучлаарай, нэг эвгүй зүйл асууя. Бид Эверестэд гарлаа гээд зураг үзүүлээд ирэх нэг хэрэг. Харин яг гарсныг баталгаажуулах баримт юу байдаг бол?
-Биднийг Эверестэд авирахад нутгийн хөтчүүд туслахаас гадна хяналт тавиад явдаг. Тэд нэг ёсондоо аялал жуулчлалын яамных нь төлөөлөгчид. Уул бол үзэгчгүй спорт гэдгээрээ бусад төрлөөс ялгаатай. Балба улс аялал жуулчлалаар гол орлогоо олдог учраас энэ тал дээр маш хатуу хяналттай. Хэрвээ янз бүрийн луйвар гарах юм бол тухайн хөтөч нь олон жил шоронд хоригдох хуулийн заалттай.
Тиймээс хэдэн цаас өгөөд гэрчилгээ авчих асуудал байхгүй. Эверест бол аль ч талаасаа гарсан нэг л овоо байгаа шүү дээ. Тэнд зураг авахуулна, хамт явсан хүмүүс нь гэрчилнэ. Хүмүүс гарснаа баталгаажуулахын тулд зураг авч, бичлэг хийх ёстой. Миний хувьд эндээс камер, аппарат авч явсан. Надад бараг дөрвөн цагийн бичлэг байгаа. Саяхан Монголын уулын холбоонд бидний авиралтыг баталгаажуулсан албан ёсны баримт нь ирсэн байна лээ.
-Тэр өдөр авирсан 600 гаруй хүнээс хэд нь оргил дээр гарсан бэ?
-140 нь гарсан гэж сүүлд сонссон.
-Оргил дээр гарчихаад буцаж буух хэцүү гэдэг юм билээ.
-Хүн оргил дээр яаж ийгээд гарчихдаг юм байна. Харин тэндээс бууна гэдэг хамгийн аймаар гэдгийг ойлгосон. Биднийг оргил руу авирч байхад харагдаж байсан зургаа, долоон мянган метрийн өндөртэй мөсөн уулс тээр дор харагдаж байгаа юм. Энэ мөчид л бахархах сэтгэл төрдөг юм билээ. Уулчид оргил дээр гарчихаад буухдаа маш их энддэг юм байна. Намайг бууж байхад хүртэл хүмүүс нас барах тохиолдол гарсан. Яг тэр өдөр 11 хүн нас барсан гэсэн. Яг хажууд хүн өнгөрөхийг харах эвгүй л юм билээ. Доошоо арайхийж л буусан даа.
Сүүлд кэмп гурваас доошоо буух гэсэн чинь миний хүзүү хөшөөд хөдөлдөггүй. Ядаргаанаас л болсон байх. Тэгээд кэмп хоёр дээр ирээд гялгар ууттай мөс хүзүүн дээрээ тавиад, халуун хоол идээд унтчихсан. Харин өглөө сэрсэн чинь гоё болчихож. Тиймэрхүү сонинтой л бууж ирсэн дээ. Монголдоо ирээд, онгоцны буудал дээр буухад хамаатан садан, найз нөхөд, хэвлэлийнхэн ирчихсэн байсан. Тэр үед өөрийн эрхгүй нулимс гарч билээ. Энэ дашрамд намайг дэмжсэн ар гэр, хамаатан садан, найз нөхөд, пүүс компанийн хамт олонд бүгдэд нь баярлалаа гэж хэлье
. “Монос” групп биднийг витаминжуулалтад хамруулсан, Мобиком “Iridium” утсаараа хангаж байлаа. “Аянчин” компани спортын хувцас. хэрэглэлээ хямдруулж, бидэнд туслалцаа үзүүлсэн. “Blue sky” үйлдвэр өөрийн бүтээгдэхүүнээр биднийг хангасан. Бас “Пластик дизайн” компани хэвлэлийн тал дээр туслалцаа үзүүлсэн. Энэ олон хүний хамтын хүчээр авиралт маань амжилттай болсон. Мөн үе үеийн уулчид байна. Уулын холбооны ерөнхийлөгч Д.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оронго, уулчин Байгалиа эгч, хүндэт ерөнхийлөгч Р.Зориг, Говь-Алтай аймгийн Галсан ах, дарханчууддаа, үе үеийн уулчдадаа баярлалаа.
-Эверестэд авирахад нэг хүнээс хэдий хэрийн зардал гарсан бол?
-Миний хувьд 40 гаруй мянган долларын зардал гарсан. Зориулалтын хувцас, техник хэрэгслүүд нь маш үнэтэй.
-Та нар Эверестэд гарсан Монголын хэд дэх уулчид болоод байна?
-Манай ахмад уулчид өмнө нь Эверестэд авирч байсан. Хамгийн анх ахмад уулчин Н.Жуков 7000 гаруй метрийн өндөрт гараад цаг агаарын нөхцөлөөс болж авиралтаа зогсоосон юм билээ. Харин оронд нь Г.Өсөхбаяр амжилттай авирсан. Тэгээд Б.Гангаамаа, гараад байсан. Түүний дараа бид гарлаа. Бас тэр өдөр Эрдэнэтийн уулчин С.Бат-Эрдэнэ Түвдийн талаас гарсан байсан. Одоогоор Эверестийн оргилд гарсан монгол уулчдын тоо зургаа болоод байна.
-Эверест рүү гараад нэлээн халширсан байх. Дахиж гарах төлөвлөгөө байна уу?
-Одоо амьдралаа бодъё доо. Ар гэрээ зовоогоод яахав. Бид ууланд авирна гээд яваад өгдөг. Ар гэрийнхэн маань энэ үед маш хүнд сэтгэлийн дарамтад байдаг. Гэхдээ Монголынхоо сайхан өндөр хайрхануудад гарья гэсэн бодол байгаа.
Г.Баярсайхан
Эх сурвалж: Таван цагариг
Сэтгэгдэл ( 1 )
Би энэ уулчиддаа үнхээр шүтэн биширч байна баяр хүргье Монголчуудаа энэ Эверестэд авирсан 6 хүнд хөдөлмөрийн баатар цол олгомоор санагдаж байна