Олимпийн наадам руу манай улсаас нэг ч гэрэл зурагчин албан ёсны зөвшөөрөлтэй явж байгаагүй. Харин “Лондон-2012” зуны XXX наадамд улсаа төлөөлөн анх удаа гэрэл зурагчин Ч.Ганбат явсан билээ. Олимпийн үеэр түүний бүтээлээр манай улсын хэвлэл мэдээллийнхэн ялангуяа сайтууд мэдээллээ чимж байсан гэхэд хилсдэхгүй. Тэрбээр өнөөдөр “Үл мартагдах агшин” нэртэй үзэсгэлэн СТӨ-ний Уран зургийн галерейд нээлээ. Тиймээс өчигдөр түүнийг бүтээлээ дэглэж байхад нь уулзлаа. Уншигч та түүнийг Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдагийг мэдэх биз ээ.
-Олимпийн наадмын гэрэл зургаар үзэсгэлэн гаргаж байгаа нь шинэлэг санаа юм. Энэ таны мөрөөдлийн нэг үү?
-Бараг тийм. Манай улсын тамирчид олимпийн наадамд оролцоод 50 гаруй жил болж байна. Тэр үеэс өнөөг хүртэл тус наадамд манай улсаас албан ёсны гэрэл зурагчин явж байгаагүй. Энэ жилийн олимпод надад явах эрх олдсонд маш их баярлаж байгаа.
-Албан ёсны эрх, зураг авах эрх хоёр өөр биз?
-Өөр байлгүй яах вэ. Миний хувьд ямар ч спортын төрлийг хангалттай ойр зайнаас авсан. Хамгийн гол нь тэр боломжийг ашиглаж торгон агшин бүрийг алдалгүй авах нь чухал байсан. Бас асар их хариуцлага хүлээсэн. Нэг эрх авчихаад сайхан сайхан агшнуудыг алдчихвал харамсалтай шүү дээ. Зураг авах эрхтэй зурагчид дэвжээний хажуугаас авах боломжгүй. Хашлагны цаанаас авна гэсэн үг. Тэдэнд тамирчдын торгон агшнуудыг авах боломж тэр бүр олдохгүй.
-Та яагаад энэ үнэт бүтээлээ олны хүртээл болгохоор шийдэв. Хэн нэг нь хувийн аппаратаараа хуулж магадгүй шүү дээ?
-Миний аз таарч тус олимп руу явсан болохоор тэр баяр баясалтай сэтгэлээрээ тоссон бүтээлээ үзэгчидтэйгээ хуваалцах нь зүйн хэрэг. Тэгээд ч би үзэгчдээ хуулчихна гэж бодохгүй байна. Би зөвхөн өөртөө хадгалаад яах юм. Эх хувь нь надад байгаа. Миний бүтээлүүд олон сайтад тавигдсан байдаг. Тэрэнд би нэг их эмзэглэдэггүй. Тэгээд ч миний тамгатай байдаг юм чинь.
-Үзэсгэлэнд хэчнээн тооны бүтээл дэлгэгдэж байгаа вэ?
-250 гаруй. Улсынхаа тамирчдыг олимпод бэлтгэж байгаа үйл явдалтай зураг ч багтсан. Мөн медаль хүртсэн элэг нэгт таван тамирчнаас гадна бусад орны хүчтэй, хурдтай, авхаалж самбаатай, эрэмгий тамирчдын торгон агшин ч бий.
-Та энэ олимпийн спортын бүх төрлийн зургийг авсан уу?
-Ихэнхийг нь. Дээрх агшнуудаас гадна нээлт, хаалт, Лондонгийн иргэдийн амьдрал, барилга, олимпийн хөгжөөн дэмжигчид гээд л...
-Сая намайг орж ирэхэд фото зургийн зэрэгцээ дижитал үзэсгэлэн харагдсан. Үүнийг фото зурагчид үзэсгэлэнгээ гаргахаараа нэг их ашигладаггүй санагдана?
-Тийм. Энэ олимпоос би маш их зурагтай ирсэн. Тэднээсээ шилж 250 гаруйг нь сонгосон. Гэвч үлдсэнээс нь дахиж дэлгэмээр санагдаад дижитал дэлгэц ашигласан юм. Тэгээд ч бүгдийг нь фотогоор дэлгэхээр энэ галерейд багтахгүй.
-Тэр олон бүтээлээсээ сонгох гэж нэлээд юм болсон байлгүй?
-Тэгсэн. Олон зургаа харсан чинь бүгдийг нь л гаргачихмаар харагдсан. Уран бүтээлчид бүтээл бүхэндээ хайртай, хүүхэд шигээ ханддаг гэдэг шүү дээ. Надад яг л тэгж бодогдсон. Үүнд гэрэл зураг авдаг найзууд маань их тус болсон. Энэ зураг дажгүй, тэр нь гоё юм байна гээд л. Тэд одоо ч миний зургийг хананд байрлуулж байгааг та харж байгаа биз дээ.
-Улсынхаа тамирчдыг дэвжээн дээр хүч үзэж байхад та хэр тайван байдаг вэ. Ялахад нь хамт баярлаад зургаа авахаа умартах тал байдаг уу?
-Улсынхаа тамирчинг ялалт байгуулахыг хараад баярлахгүй хэн байх билээ. Сэтгэл хөдөлдөг. Гэхдээ хамгийн гол нь тэр баярыг би зургийн хальсандаа буулгах үүрэгтэй гэдгээ байнга ухамсарладаг болохоор сэтгэл хөдлөлөө барьдаг.
-Бусад орны хэчнээн аваргын зургийг авсан бэ. Жаахан ч суух зав хэр гарсан бол?
-Зав ерөөсөө гараагүй. Аппаратныхаа цүнхэнд ус хийчихээд л гүйгээд байсан. Тэгж явсны эцэст олон орны аваргын зургийг авсан.
-Энэ олимпоос хамгийн их хөдөлмөр гаргаж хэн гэдэг тамирчныг зургийг авсан бэ?
-Усейн Болт. Түүний өрсөлддөг спорт ч зурагчин бидний чадварыг нэлээд шалгасан. Нүдний өмнүүр жирэлзээд гүйчих болохоор жаахан л хоцрох юм бол нурууных нь зургийг аваад үлдэх болно. Тиймээс анхаарлаа сарниулахгүй маш хянамгай хандсан. Мөн Францын тамирчин домогт жүдоч Ринегийн зургийг авсандаа баяртай байгаа.
-Нээлт, хаалтын зураг нэлээд харагдаж байна. Оролцсон уран бүтээлчид нь ч дэлхийн одууд. Таны хувьд тэнд байхад олон алтны дунд зогссон юм шиг л санагдсан байлгүй?
-Яг л тийм. Хөлбөмбөгийн хаан Плейгээс эхлээд попын загалмайлсан эцэг гэгддэг “Битлз” хамтлагийн Пол Маккартнигийн зургийг хэдхэн алхмын зайнаас авсан. Бас дууг нь сонссон. Үнэхээр гоё байсан шүү.
-Ер нь спортын аль төрлийг зургийн хальсандаа буулгах хэцүү вэ?
-Бүгд хэцүү. Тэр хэцүү зүйлийн торгон агшин бүрийг хальсандаа буулгах нь л чухал. Бас мэдрэх хэрэгтэй. Үндэсний бөхийн мэхээр жишээ авбал хэн нэгэн өрсөлдөгчөө хавирах, хутгах мэхээр давах гэж байгааг нь түрүүлж харж аппаратаа чиглүүлж байх хэрэгтэй. Тэгсэн цагт яг тэр мэхээ хийж давж байхад нь дарвал гоё зураг гарна.
-Тэр мэхийг нь мэдэхийн тулд спортын мэдлэгтэй байх хэрэгтэй биз?
-Бөхийн зураг олон жил авч, тэдэнтэйгээ байнга хамт байдаг болохоор өөрийн эрхгүй мэдэрдэг болдог юм билээ.
-Тэр бүрийг хальсандаа буулгахад мэргэжлийн төхөөрөмж их чухал байх нь ойлгомжтой. Таны аппарат бусад орны гэрэл зурагчдынхаас ялгаа бий юу?
-Байхгүй. Би хамгийн сүүлд үйлдвэрлэгдсэн никоны камер барьдаг. Тэд ч мөн адил. Машинаар яривал тэд бензтэй байвал би адилхан бенз унах хэрэгтэй. Лада уначихаад тэдэн шиг зураг авна гэж байхгүй. Гэхдээ энэ олимпод Гүржийн нэг зурагчин хямдхан, муу камераар зураг авч байсан. Түүний зураг ч сайн гараагүй. Түүнийгээ тэр мэдээд өөрөө зураг авалгүй миний аппаратны цүнхийг бариад дагадаг болсон. Дараа нь би түүнд бүх зургаа хуулж өгсөн. Миний тэр зураг тэдний улсын бүх хэвлэл мэдээллээр гарсан байна билээ. Муу аппараттай явах тийм л байгаа юм.
-Олимпийн наадам руу явах эрх авсан юм чинь тоног төхөөрөмжөөр ч хангасан байлгүй?
-Үгүй. Би өөрийнхөө хувийн зардал, тоноглолтойгоо явсан. Байрласан байр маань ч тусдаа.
-Та фото зурагтай хэдэн оноос хойш нөхөрлөж байна вэ?
-1990-ээд оноос хойш. Оюутан байх цагаасаа гэсэн үг л дээ.
-Яагаад спортын гэрэл зураг авдаг болсон юм бэ?
-Спортдоо хайртай болохоор.
-Энэ таны хэд дэх үзэсгэлэн бэ?
-Дөрөв. Монгол бөх Геннист нэртэй фото зургийн ном хэвлүүлсэн. Мөн бөх нэртэй сэтгүүл гаргадаг.
-Та жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашдаг. Тиймээс мэдээж бөхийн спортод илүү сонирхолтой байх нь ойлгомжтой...?
-Тэгэлгүй яах вэ. Ялангуяа үндэсний болон жүдо бөх үзэх, зургийг нь авах дуртай. Тэднийхээ зургийг авах сайхан байдаг. Жүдочидтойгоо хоёр ДАШТ, нэг Азийн наадам руу хамт явсан.
-Та энэ бүтээлүүдээ яаж хадгалж байна вэ?
-Зурагчин бүр өөр өөрийнхөөрөө хадгалдаг. Миний хувьд бас л өөр аргаар. Гэхдээ одоо хэлмээргүй байна. Хэлчихвэл архиваасаа алдчих ч юм бил үү (инээв).
-Үзэсгэлэн хэдэн хүртэл үргэлжлэх вэ?
-Энэ сарын 3-8-ны өдрүүдэд үзэгчдийн өмнө нээлттэй байна.
-Нээлт 4-нд болно гэсэн. Тамирчид ирэх болов уу?
-Медальтнууд болон холбоодын ерөнхийлөгчид, салбарын сайд ирнэ.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )