Булган аймгийн Баян-Агт сумын харъяат Монгол Улсын начин Ж.Оргилболд зургаан жилийн өмнөөс ОХУ-ын Свердловск хотод гэр бүлээрээ амьдарч байгаа. Түүнээс хойш элэг нэгтнүүддээ нэг их харагдаагүй. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр болсон Өсвөрийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдааныг үзэхээр Монгол “Бөхийн өргөө”-нд явж байхад нь таарсан юм. Мэнд усаа мэдэлцэж ярилцлага авах хүсэлтэйгээ хэлэхэд “Би сүүлийн таван жил нэг ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Ах нь ирэх жил ирнэ. Тэгэхээр уулзалдъя” хэмээн цааргалав. Тэгсэн ч нэлээд гуйсны эцэст түүний байрлаж буй "Бөхийн өргөө"-ний ойролцоох буудалд очсон юм.
-Та яагаад буудалд байрлаж байгаа юм бэ. Танай хамаатнууд бүгд Орост байгаа юм уу?
-Үгүй ээ. Энд эмээ, ээж, эгч, дүү бий. Гэр нь Бөхийн өргөөнөөс хол болохоор би энэ буудалд байрлаж байгаа юм. Тэгээд ч би нутгаасаа долоон хүүхэд авч ирж энэ буудалд байрлуулан дээрх тэмцээнд оруулж байгаа.
-Тэмцээний тухай яриач. Та өмнө нь энэ тэмцээнд насанд хүрэгчдийн төрөлд барилдаж байсан шүү дээ?
-Сайхан байна. Хүүхэд насаа дурсах шиг боллоо. Нэг дутагдалтай зүйл хэлэхэд есөн дүүрэг, 21 аймгаас шалгарсан тус бүр нэг хүүхэд оролцох ёстой. Гэтэл хотын гурван клубээс улсын заан Д.Бумбаяр тус бүр нэг хүүхэд оруулж байна. Тэгэхээр утгагүй болж байгаа биз дээ. Тэгсэн хэрнээ хүчний байгууллагаас хүүхэд оруулахгүй гэж байна. Ямар сайндаа улсын заан Ц.Мягмарсүрэн, улсын харцага Ц.Магалжав нар “Гурвуулаа хамт бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржид хүсэлтээ хэлье” гэж байх вэ. Тэгээд ч бидний хүсэлтийг хүлээж аваагүй.
-Тэгэхээр Д.Бумбаяр яаж оруулсан байж таарав?
-Аль хэдийнээ нүхээ малтчихсан байна билээ. Багануур, Налайх, хотоос оруулсан. Би ингэхийг нь мэдсэн бол арай эрт ирэхгүй юу. Баасан гаригийн шөнө нутгаасаа ирсэн болохоор тус холбооныхонтой яриагаа олж чадсангүй. Ямар хурлаар, ямар шийдвэр гарч ийм зохион байгуулалттай болж байгааг нь ойлгохгүй байна. Миний авч ирсэн долоон хүүхдийн хоёрыг оруулахгүй гэхээр нь Налайх, Говь-Алтай хоёрын нэр дээр барилдуулахаар боллоо. Гэтэл Налайхын нэр дээр барилдах хүүхэд маань нутгийнхаа нэр дээр гарч барилдах хүсэлтэй байж. Хэрэг тэгж шийдэгдсэн болохоор яая гэх вэ. Тэгсэн тэр хүү маань надад гомдоод орноосоо босохгүй хөнжлөө толгой дээгүүрээ бүтээгээд хэвтчихдэг байгаа. Хоолоо ч идэхгүй өлсгөлөн зарлаад бөөн юм болсон. Би сүүлд нь уурлаад “Чи аль ч нутгийн нэр дээр гарч барилдсан ямар хамаатай юм. Хасагдчихаагүй нь яамай. Дуугай хоол, цайгаа идэж, уучихаад барилд” гэж хэлсэн. Яг үнэндээ тэрний буруу ч юу байх вэ, зайлуул. Бөхийн холбоо л түүнийг ийм байдалд оруулж байгаа байхгүй юу. Буудлаасаа гарахдаа надад мэдэгдэлгүй жижүүр эгчид “Сайн барилдаад ирнэ ээ” гээд гарсан байна билээ. Хүүхэд юм хойно мартчихаж л дээ. Гэхдээ надад хэлээгүй нь гомдол нь тайлагдаагүйн шинж.
-Та хэдэн онд дээрх барилдаанд зодоглож байв?
-1989 он байх аа. Тав давчихаад зургаагийн даваанд хэнтэй ч билээ дээ барилдаж байгаад зүүн гарныхаа савхан ясыг хугалчихсан юм. Тэгээд олигтой амжилт үзүүлээгүй. Тэр бэртэл одоо ч энэ харагдаж байна (гараа үзүүлэв). Мурий бороолж эдгэсэн байгаа биз.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчлөөд таныг бөхийн спортод хэрхэн хөл тавьсан түүхээс яриагаа үргэлжлүүлье. Ойрын жилүүдэд ярилцлага өгөөгүй таныг уншигчид маань их санасан байлгүй?
-Багаасаа л бөхийн спортод элэгтэй байсан юм шүү дээ. Байнга барилдана. Гэхдээ чөлөөтөөр барилддаг байсан. Өвөл болохоор хааяа цан, тэшүүрээр гулгана.
-Сонгомол бөхөөр хэдэн жил хичээллэсэн бэ?
-Чөлөөтөөр нэг их удаан хичээллээгүй ээ. 80 кг-д хүрэхийн тулд арваад литр хар цай уудаг байлаа.
-Тэгвэл яагаад заавал чөлөөт бөхийг сонгосон юм бэ?
-Манай аймагт бүдүүн Бачаа гэж бөхийн спортод элэгтэй хүн байлаа. Тэр хүн намайг хэдэн хүүхэдтэй хамт аймгийн АШТ-д оруулсан юм. Түүний дараахан Мөнхөө гэдэг багш маань нутагтаа очиж самбо, жүдо бөхийн төрлийг дэлгэрүүлсэн. Тэр үеэс энэ бөхийн төрөл рүү орсон доо.
-Таны анхны амжилт хаанаас эхлэв?
-Надад Дархан нутаг ээлтэй ханддаг. 1986 онд самбо бөхийн залуучуудын УАШТ болоход би алтан медаль хүртсэн. Түүнээс урамшиж хичээллэх болсон. Надтай хамт “Женко” группын ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд олон алдартнууд бэлтгэл хийж тэмцээнд орж байсан. Хэн хэнийгээ хөгөлнө.
-Х.Баттулга гэснээс та хоёрыг самбо бөхийн улсын аваргад барилдахад тухайн тэмцээнд түрүүлсэнд нь байр өгнө гэсэн хэрнээ Х.Баттулгад өгчихөөд, танд өгөөгүй гэсэн байх аа?
-Тийм. Миний нас арай бага байсан болохоор эрт өгчихвөл биеэ тоочихно гээд больсон гэсэн. Гэхдээ гурван жилийн дараа дахин түрүүлж Баян Бүрдэд гурван өрөө байртай болсон.
-Чөлөөт бөхөө яагаад орхичихсон юм бэ?
-Уг нь намайг дархан аварга Х.Баянмөнх энэ бөхийн төрлөөр авах их сонирхолтой байсан. Би даанч жиндээ хүрдэггүй байсан юм. Тэгээд ч өмнө нь самбо бөхөөр аймаг, улсын АШТ-ээс медаль хүртчихсэн байсан болохоор багахан хэмжээний сонирхлын зөрчил гарсан хэрэг.
-Та үндэсний бөхөөр анх цэргийн начин цол хүртэж байсан гэл үү?
-Үгүй. Уг нь би тэр цолыг авах болзол хангасан. Гэвч өгөөгүй.
-Хэдэн оны хаана болсон барилдаан бэ?
-“Алдар” спорт хороонд бүх цэргийн наадмаар юм. 30 залуу тойргоор барилдахад би нэг ч уналгүй түрүүлсэн юм. Одооны хүүхэд жаахан ч амралтгүй өдөрт 30 удаа барилдвал маргааш нь халуураад бөөн юм болох байлгүй. Тэр барилдаан надад маш хүнд байсан. Гэхдээ түрүүлж чадсан. Барилдааны дараа цэргийн начин цол өгөх байх гэж бодож байтал “Чи цэргийн хүн биш учраас энэ цолыг өгөхгүй” гэж зохион байгуулагчид нь хэлсэн.
-Үндэсний бөхийн анхны багш тань хэн байв?
-Бурхан болооч Ж.Даваажав, Ш.Чанрав нар. Гэхдээ ах нь багш нарын удирдлага дор нэг их хичээллэж байгаагүй. Өөрийнхөө дураар л явдаг байсан.
-Үндэсний бөхөөр тууштай хичээллэсэн бол заан цол хүртэх боломж байсан болов уу?
-Хэн мэдлээ. Өнгөрсөн юмыг одоо “Би чадах байсан юм” гэж хэлэх утгагүй. Би оргил үедээ сонгомол бөхийн төрлөөр гадаад руу олон тэмцээнд орж байсан. Медаль ч нэлээд авч, эх орныхоо төрийн далбааг мандуулсан. Тэмцээнээс явж ирэхэд улсын баяр наадам маргааш нь эхэлдэг байсан. Тиймээс цагийн зөрүүнээс шалтгаалж гол амжилт үзүүлэх үе буурсан байх.
-Таныг дэлхийн болон улсын аваргад олон удаа оролцож медаль хүртэж байсныг бөх сонирхогчид мэднэ. Гавьяат цол өгөхгүй юм байх даа гэж боддог уу?
-Би цол гуншин горьддоггүй ээ. Найзууд, гэр бүлийнхэн ийм зүйл ярьж л байдаг юм.
-Та хотод анх хэдэн онд орж ирсэн юм бэ?
-1986 онд.
-Улсын наадамд хэдэн удаа гарч улсын цолтны эгнээнд багтав?
-1997 онд буюу 11 жилийн дараа улсын заан З.Дүвчинээр начин цол хүртсэн. Начин болохоосоо өмнө хоёрын даваанд ч их унасан. Хоёр удаа дөрвийн даваанд өвдөг шороодсон. 1997 оны тэр наадмаар одоогийн улсын заан цол хүртээд байгаа Д.Бумбаярыг хоёрын даваанд хаяхад Х.Баянмөнх аварга надад “Чи заан болох хүүхдийг хаялаа даа” гэж хэлж байсан. Д.Бумбаяр ч надад гомдож уйлж байсан. Тэр жилийн наадам тарсны дараа Насаа багш бид хоёр хэдэн залуустай төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойхно байсан соёмботой хөшөөний дэргэд жаахан сууж байгаад салцгаасан. Тэгэхэд Насаа багш тэр хүмүүст намайг “Ийм сайхан биетэй хүн начин цол хүртэх нь хэзээнээс л харагдаад байсан юм. Өнөөдөр болчих гэж. Болоо доо, болоо” гэж байсан. Тэр үг түүний хувьд чин сэтгэлээс нь гарсан нь одоо мэдрэгддэг юм. Би ч тэр үед хөөрчихсөн байсан болохоор нэг их юм бодолгүй өнгөрсөн л дөө.
-Тэр наадмаас хойш та үндэсний бөхөөр нэг их барилдаагүй санагдана. Цолондоо ханачихсан байсан уу?
-Үе үе барилддаг байсан шүү дээ. Гэхдээ самбо, жүдогоор хичээллэж хойшоо, урагшаа тэмцээнд яваад жаахан орхигдуулсан тал бий.
-Одооны залуус цолд их шунаж барилдаж байна. Танд тийм бодол байгаагүй юу?
-Одооны залуустай би нэг дэвжээн дээр гарч барилдахгүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна. Гэхдээ тийм зүйл анзаарагдаж байгаа. Бидний хувьд тийм зүйл байгаагүй. Чадвал даваад л чадахгүй нь дараа жилийн наадмыг хүлээгээд л зодог шуудгаа эвхээд суудаг байлаа.
-Даян аварга А.Сүхбат та хоёрын “Монголын хамгийн өндөр, нам хоёр бөх” нэртэй зураг улс даяар тараагдсан. Уран зураг болсон байгаа нь ч харагдсан. Тэр зураг танд байдаг уу?
-Байж магадгүй ээ. Байвал ээжид байгаа. Ээж саяхан миний медалийн дипломыг бор авдарнаасаа гаргаж үзүүлсэн. Гурван хуруу хэртэй зузаан болсон байна билээ. Олон жилийн дараа үзэх сайхан санагдсан. Тэр зургийн талаар ярихад А.Сүхбат бид хоёр начин цол хүртэх гээд их мэрийсэн боловч хоёр, гурвын даваанд цувраад уначихсан юм. Жаахан гомдолтой асраас хамт гараад явж байхад хэн нэгэн зурагчин авсан юм билээ.
-Тэр жилээс хойш таныг бөх сонирхогчид “Тийм сайхан биетэй хэрнээ улсын цол авахгүй юм” гэж хэлж байсан. Танд ямар санагддаг байв?
-Туайн үед би зөвхөн үндэсний бөхөөр дагнаж бэлтгэл хийж байсангүй. Амжилт муутайхан барилддаг байсан нь үнэн. “Дэмий гонзгой” гэж хэлэх нь наад захын яриа байсан. Эхэндээ эвгүй санагдаж байсан ч төд удалгүй дассан. Тэгээд ч тэр үед надад барьц олддоггүй байсан. Хоёр хуруугаараа л барилддаг байлаа шүү дээ. Сэнжигдвэл хоёр хуруугаа л оруулна. Тэгж байж санаа амарна. Бусад бөх шиг дөрвөн хуруугаа оруулаад дугтрах гэхээр минийх багтдаггүй юм. Тэгээд л хоёр хуруугаа хийхээрээ санаа минь амарч байх вэ. Наад зах нь тийм зүйлээс болж цолоо ахиулах боломж таарахгүй байсан л даа.
-Таны барилдаан өндөр, нам бөхийн алинтай нь илүү таардаг вэ?
-Нэг удаа Адъяатөмөр гуайтай барилдахад эвгүй байсан. Тэр хүн надаас нэг их намхан биш. Намайг бөхийн спорт руу ороогүй байхад тэр хүн бөхчүүдээсээ хамгийн өндөр нь байсан. Жаахан амарч байгаад өрөхөөр яг миний нүүрний өөдөөс нүүр нь тулчихна. Харин өөрөөсөө намхан хүнтэй барилдахаар арай амар байдаг. Тийм хүнтэй барилдаад сурчисан юм шиг байгаа юм.
-Гэхдээ аймгийн арслан Д.Даваадоржид та олон удаа тахимаа өгсөн дөө?
-Тийм. Жаахан болохоор нь барьц олдохгүй хэцүү. Тэр хурдан хөдөлгөөнтэй болохоор бүр ч төвөгтэй. Давах гээд яагаад ч болдоггүй юм даа. Нэг жил Монгол туургатны наадам болох гээд “Монголын хамгийн өндөр, нам хоёр бөх явуулаач” гэсэн урилга ирсэн байв. Түүнд би Д.Даваадоржтой явж би түрүүлж, Даваадорж шөвгөрсөн. Намайг түрүүлэхэд тэмээ, аяга, шанага, хөгжим зэрэг баахан юм өгсөн. Бараг л байдаг юмаа барьсан байх.
-Та 1992 оны шилдэг залуу бөхөөр шалгарсан. Урам их авсан уу?
-Өө их их. Олон аавын хүүгээс ганцаараа оны шилдгээр шалгарах сайхан юм билээ.
-Тэгээд яагаад спортоо орхисон юм бэ?
-Аливаа зүйл үеэрээ байдаг. Хүн давахгүй байж барилдаад яах вэ, дараагийн үе маань гарч ирэг гэж бодоод больсон.
-Та зодог шуудаг, монгол гутлаа хэнээр оёулдаг байв?
-Цэрэн аваргаар оёулдаг байсан. Түүнийг бурхан болсны дараа хүүхдүүдээр нь оёулдаг болсон.
-Таны өндөр жин хэд байна вэ?
-Орост үзэхэд 2 метр 20 см байна билээ. Жин 140.
-Хүүхэд байхдаа хэд кг жинтэй, хэдэн см өндөртэй байсан бэ?
-Ямар сайндаа 76 кг хүрчихээд 86 кг-д барилдах гээд 10 литр хар цай ууж байх вэ дээ.
-Та багын өсгөлүүн хүүхэд байсан уу?
-Нэг их өндөр байгаагүй ээ. Аавын аав морь сайхан уядаг хүн байсан. Хурд ихтэй. Би дүүтэйгээ хурдны морийг нь унадаг байсан. Дүү маань эхний хэдэн жил морины гараанд сугараад үлдчихдэг байлаа. Тэгэхээр нь өвөө хөлийг нь дөрөөтэй нь сураар холбож уяад уралдуулдаг байсан. Морь нь бүдэрч унавал хүүхэд яахыг боддоггүй их зүрхтэй байж дээ. Би ихэвчлэн том насны морь унана. Тэгэхээр нэг их өндөр, жин ихтэй хүүхэд биш байсан байгаа биз дээ.
-Та хойд хөршид амьдраад хэдэн жил болж байна вэ?
-Зургаа. Эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байна.
-Та яг ямар ажил эрхэлж байна вэ?
-Амьдрахын эрхэнд юм юм л хийж байна. Нэг их тодорхой ярихыг хүсэхгүй байна.
-Эхнэр тань...
-Бас л нэг ажил хийж байгаа.
-Ямар...
-Тодорхой хариулт авах гээд байгаа юм уу.
-Уншигчид маань сонирхож байгаа болов уу гэсэн үүднээс л асууж байгаа юм л даа?
-Консул маягтай юм хийж байгаа. Би тэр талаар сайн мэдэхгүй байна аа.
-Та хэдэн хүүхэдтэй билээ?
-Хүү, охин хоёртой. Охин маань тавдугаар анги. Гурван жил ангийн дарга хийсэн. Орос, Англи, Хятад хэлэндээ сайн. Харин Монгол хэлэндээ муу. Би “Түргэхэн тэр юмыг хий” гэхээр “Түргэхэн гэж юу гэсэн үг вэ” гээд гайхаад байгаа юм чинь.
-Тэгвэл ойрын хугацаанд эх орондоо ирж амьдрах хэрэгтэй юм байна гэж бодогддог уу?
-Бодогдоно. Морь ч гэлээ нутгаа санаад гүйдэг биз дээ. Охиноо Монгол ёс, заншлаас нь хөндийрүүлэхгүйн тулд ойрын жилүүдэд Монголдоо ирнэ ээ. Ясаа ч нутагтаа тавина.
-Та хамгийн сүүлд хэзээ эх орондоо ирсэн бэ?
-Хоёр жилийн өмнө. Саяхан манай нутгийн дүү олимпийн аварга Н.Түвшинбаяр цолныхоо найрыг хийхдээ “Том ахыг авч явна аа” гээд ээжийнхээр орж намайг аваад явсан. Найр нь өргөн дэлгэр сайхан болсон. Бараг л улсын наадам шиг.
-Нутгийнхан тань таныг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Сайхан, сайхан. Даанч миний үнсүүлдэг өвгөчүүд цөөрч. Нутаг минь сайхнаараа хэвээрээ байна аа.
-Н.Түвшинбаяр аваргыг Лондонгийн олимпод алтын төлөө барилдахад та юу бодож байв?
-Ах нь телевизээрээ үзсэн л дээ. Бэртэлтэй хэрнээ аваргын төлөө барилдах гэж байгааг нь хараад өөрийн эрхгүй уйлсан. Сэтгэл огшоод л ирж байгаа юм чинь. Зөвхөн монгол аваргаас л тийм тэвчээр гарна. Өөр хэнээс ч биш.
-Та үндэснийхээ их баяр наадмыг дэргэдээс нь үзэлгүй олон жил боллоо. Телевиз, интернэтээр үзэхэд юу бодогддог вэ?
-Дээлээ өмсөөд наадмынхаа талбайд алхах юмсан гэж боддог. Өнөөдөр (өнгөрсөн амралтын өдрүүдэд) л гэхэд Бөхийн өргөөнд ороход найзууд маань сууж байна. Гэртээ орж ирж байгаа юм шиг санагдсан. Надтай Орост бөх ярих, ойлгох хүн бараг байхгүй. Өөртэй чинь бөх ярьж байгаа минь сайхан байна.
-Нэлээд хэдэн жилийн өмнө таныг уяач болж гэсэн яриа гарсан. Үүнийг та сонссон уу?
-Сонссон. Ард түмэн маань намайг хүндэлсэндээ хурдан удмын бага насны адуу өгдөг. Түүнийг харсан нэг нь намайг уяач болох нь гэж бодсон юм байлгүй, тэгж ярьсан байна билээ. Миний морь уяна гэж юу байх вэ дээ. Тэр ч байтугай намайг говьд мянгат малчин болоод эхнэр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна гээд хүүхэд тэврүүлсэн зураг эвлүүлж зогсоочихсон байна билээ. Наана, цаана нь адуу, үхэр бэлчээгээд. Эхнэр бид хоёр хараад бүр гайхсан. Дараа нь элгээ хөштөл инээсэн. Ер нь манайхан жаахан жудаггүй юм ярих, бичих болж.
-Жудаг гэснээс залуу бөхчүүд жил жилийн наадамд найраа хийх, допинг хэрэглэх боллоо. Үүнийг та сонсч л байгаа биз дээ?
-Сонсч байгаа. Ийм зүйл хийж байгаа хүмүүсийн хүмүүжил нь жаахан дутсаных юм уу даа. Ард түмнийхээ хайр, хүндлэлийг дааж барилдмаар юм. Эцэст нь допинг хэрэглэсэн хүмүүс өөрсдөө биегүй болно гэдгийг ухаарахгүй байна.
-Таны дүү сайн барилддаг гэсэн. Одоо барилдаж байгаа юу?
-Барилдаж байгаа. Гэхдээ самбо, жүдог илүүд үзээд байх шиг байна. Надаас нэг их намгүй залуу бий. Би түүнийг хүрлийн цуглуулга гэж нэрлэдэг. Учир нь тэр самбо бөхийн залуучуудын гурав, насанд хүрэгчдийн УАШТ-ээс таван удаа хүрэл медаль хүртсэн.
-Танайхан ер нь том биетэй юу?
-Би дээр өвөө минь морь сайн уядаг байсан гэж хэлсэн шүү дээ. Тэр өвөө маань их том биетэй. Аав минь ч биерхүү. Сумандаа барилддаг байсан гэдэг. Бидний том биетэй болсон нь өвөөгийн гентэй холбоотой.
-Та айраг сайн ууна биз?
-Айрагтай нутгийн хүү байна даа ууна аа. Н.Түвшинбаяр аваргын найранд очоод айраг сайхан уусан.
-Хоол сайн идэх үү. Би таныг хэдэн литрийн аягатай бол гэж асуумаар санагдлаа?
-Би бусад бөхийг бодвол бага иддэг шүү дээ. Литр 500-гийн аягатай. Түүгээрээ нэг л иднэ. Манайхан лут иднэ шүү.
-Тантай ярилцах зуур үс тань нэлээд бууралтсаны одоо л анзаарлаа?
-Насаа хэлээд яах вэ дээ. Хорвоогийн жамаар бууралтаж л байна.
-Таныг хэдэн жилийн өмнө бор сархадтай нэлээд нөхөрлөх боллоо гэж хүмүүс ярьж байсан. Энэ үнэн үү?
-Бүр уухгүй байсангүй. Гэхдээ яахаа алдатлаа ууж ч байгаагүй. Гэхдээ би сүүлийн хоёр жил бараг уугаагүй. Нутагтаа ирээд найзуудтайгаа таарч хааяа хэд татлаа. Эхнэр маань саяхан залгаж “Архи бага уугаарай. Биеэ сайн бодоорой. Хэн ч чамайг бага уу гэж хэлэхгүй шүү” гэж байсан. Энэ ч үнэн л дээ. Гэхдээ найзуудтайгаа нэг уулзсаных сайхан ууж, ярилцалгүй яах вэ.
-Орост сар шинээ нутагтаа байгаа юм шиг тэмдэглэдэг үү?
-Тэгнэ. Улаанбаатараас “Өгөөж”-ийн хэвийн боов, хонины ууц явуулчихна. Гэрийнхээ хоймрын хананд төрийн далбаагаа хадчихсан байгаа. Далбаандаа мөргөөд, тэр хавийнхаа хөгшчүүдтэй золгож, гэртээ оруулж цайлаад өнгөрүүлдэг. Бөхөө ч интернэтээр үзнэ.
-Оросууд тантай зургаа авахуулдаг уу?
-Авахуулна. Сүүлийн үед Оросын өндөр хүмүүс ховордоод надтай зураг авахуулах гээд байгаа юм болов уу гэж бодоод байгаа. Эрэгтэй, эмэгтэйгүй надтай зургаа авахуулах гэнэ. Зарим нь надаас “Монголд танаас өндөр хүн бий юу” гэдэг. Тэгэхээр нь би жаахан онгироод “Би дундаж нуруутай хүний тоонд орно. Надаас өндөр хүн олон бий” гэсэн. Тэгсэн тэд гайхаж байгаа юм чинь.
-Таныг оросууд Чингис гэж нэрлэдэг гэсэн. Танд ямар санагддаг вэ?
-Намайг нэг орос “Чи Казак уу” гэв. Би “Монгол” гэсэн чинь “Тэгвэл Чингис хаан ийм л биерхүү хүн байсан байх” гэж хэлсний үүднээс ийм яриа гарсан юм. Тэр яриаг гарснаас хойш би их ичдэг, айдаг байлаа.
-Та уураа хэр барьж чаддаг вэ?
-Их барина. Нэг тэсрэх юм бол хүчтэй гаргана.
-Та хэдэн размерийн гутал өмсдөг вэ?
-50. Монгол гутал 52-ийг.
-Та бөхөөс өөр ямар авьяастай вэ?
-Зураг зурах зуртай. “Монголын нэг өдөр” зураг шиг, ардын урлаг. Ихэнхийг нь хүн авчихдаг юм. Мөн модоор юм хийх дуртай. Нэлээд хэдэн жилийн өмнө нутгийнхаа ууланд явж байгаад ямар ч өөгүй модны үндэс олж түүгээрээ өөртөө эмээл хийсэн. Одоо гэрт байгаа.
-Таныг морь унаж байгаагаар төсөөлөхөд нэг л сонин санагдаж байна шүү?
-Намайг өндөр болохоор хүмүүс их гайхдаг. Би адилхан л хүн шүү дээ. Гэхдээ сүүлийн үед морь унахаа байсан. Амьтан зовоогоод яах вэ. Хэдэн жилийн өмнө манай нутгийн нэг найз надад морь бэлэглэсэн юм. Эмээллээд мордсон чинь толгой нь хөлийн завсар хавчуулагдаад байна билээ. Тэр морь ч жаахан яваад хөлөрсөн.
-Таныг ном их уншдаг гэж сонссон. Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Ихэвчлэн түүхийн ном уншдаг. Түүхээ мэддэг болсныхоо дараа хүнтэй юм ярина шүү дээ. Хамгийн сүүлд Гаанжуур, Даанжуурыг орчуулж хэвлэснийг авч уншсан.
-Та нэг удаа боди арт зураг бие дээрээ зуруулж хүмүүсийг алмайруулсан шүү, тийм ээ?
-Би хойшоо явахаасаа өмнө “Шинэ үе” продакшны хамт олонтой сар ажилласан. Ээжийгээ арган дотор хийгээд гэрээ үүрээд нүүж байгаагаар хүмүүс андахгүй. Дараа нь Англид үсчин гоо сайханчдын ДАШТ-д оролцсон. Түүний дараа өөрийн тань хэлж байгаа зүйлийг хийсэн. Би улсынхаа төлөө амь бие хайрлахгүй зүтгэнэ ээ.
-Аливаа аймаг нутгийнхаа алдартай хүний хөшөөг босгодог. Танай аймаг таны хөшөөг босгоно гэж ярьж байна уу?
-Яриагүй ээ. Надад ч тийм бодол алга. Харин би аавынхаа хөшөөг босгох бодолтой яваа. Аав минь төрийн соёрхолт Жамъян гэж хүн байсан. Ирэх жил босгоно оо. Багахан хэмжээний наадам ч зохион байгуулна. Та намайг амьд байгаа болохоор “Ясаа хаана тавих гэж байна вэ. Өөр улсын иргэд авна гэж байна уу” гэж асуухгүй байна. Хэдэн жилийн өмнө нэг япон надад “Чамайг үхэхээр би чиний ясыг музейдээ тавина” гэж хэлсэн. Миний уур тэвчихийн аргагүй хүрсэндээ “Муу самуурай минь би үхсэн ч ясаа нутагтаа тавиулна” гэсэн. Гэтэл тэр “Танай улс ядуу юм чинь би мөнгөөр зодоод авчихна” гэж байсан. Юмыг яаж мэдэх вэ. Нутгийнхандаа хэлэхэд “Намайг өнгөрвөл ясыг минь хүний ёсоор нутагт минь тавиарай” гэж хэлмээр байна.
-Та хэзээ Орос явах вэ?
-Хэд хоноод явна аа. Энд найзууд, хамаатнуудтайгаа уулзсан чинь хэд хономоор л байна шүү.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 2 )
энэ хүний бас нэг ярилцлагыг уншаад би уйлж билээ :)
Minii unagan nutgiin ah unheer saihan setgel hudulgum yariltslaga ugsun bnaa. MInii Bayan-Agt sum iim l mundag ard tumentei nutag daa Orgilbold nachindaa az jargal eruul enh sain saihan buhniig husie. Minii ah uuguul nutgiinhaa neriig duursaj yavaarai