Ардчиллын салхи арай сэвэлзээгүй байхад буюу 1980 оны дунд үед барууны кино, жүжгээс эхлээд зарим бараа бүтээгдэхүүн ч нууцаар орж ирж байлаа. Тэр үед хүүхэд залуус барууны тулаантай киног өөрийн авьяасаараа олж үзэн, тухайн цаг үеийн зодооны шилдэг мастер Брюс Лиг шүтэн биширч, түүн шиг сайн зодолддог болохыг мөрөөддөг байсан түүхтэй. Тэдний дунд өдгөө Кикбоксын Олон улсын хэмжээний мастер, 2001 оны кикбоксын ДАШТ-ий хүрэл, 2003 оны алт, мөнгөн медальт, Монголын Бүх Ард түмний их наадмын алтан медальт, Монголын кикбокс тулааны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон О.Алтанпүрэв байв. Олон амжилт гаргасан ч өчүүхэн ч хөөрч, дэвэрч байгаагүй түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та хэдэн онд төрсөн юм бэ?
-Эх орныхоо нийслэлд 1973 онд мэндэлж аав, ээжээрээ Алтанпүрэв гэдэг нэр чихэндээ шивнүүлсэн дээ. Гурван эгч, нэг эмэгтэй дүүтэй айлын ганц хүү. Намайг энэ спортод хөл тавихад аав, ээж миний сонирхлыг огт хориглоогүй. Харин ч дэмжсэн. Ээж маань тэшүүрийн спортын мастер цолтой байсан болохоор спортын зөв хүмүүжилтэй хүүхэд байсан л даа. Багадаа гимнастикаар хичээллэдэг байлаа. Үүгээр хичээллэснээр спортын зөв суурийг тавьдаг гэдэг.
-Гимнастикаар хичээллэхэд зодооны төрлөөр ярихад үсрэлт, уян хатан хөдөлгөөн их нэмэр болсон биз?
-Тэгэлгүй яах вэ. Хамгийн гол нь тэсвэр хатуужилтай болсон.
-Хэдэн оноос тулааны спортоор хичээллэж эхлэв?
-1986 оноос. Тэр үед тулааны спортын клуб гэж байгаагүй. Энэ спортод элэгтэй хүүхдүүд нийлж бүлгэм шиг юм байгуулдаг байсан. Зодооны зурагтай ном хэн хэндээ солилцоно. Гэхдээ би гурван жилийн дараа кикбоксын дасгалжуулагч хийж эхэлсэн. Мөн Монголын Жидкондогийн Холбоог анх байгуулж мастер багшаар нь ажилласнаас хойш тулааны урлагт 23 жил хүчин зүтгэж явна. 1992 онд Монголын улсын олимпийн боксын шигшээ багт туслах дасгалжуулагчаар томилогдсон.
-Тэр үед та 19 настай байсан гэл үү?
-Тийм.
-Тулааны спортоор хичээллэхэд таны хувьд юу өөрчлөгдсөн бэ?
-Багаасаа бүлгэм байгуулж энэ спортын төлөө зүтгэсэн болохоор хамгийн түрүүнд биеэ даах чадвар нэмэгдсэн. Мөн өөрсдөө бэлтгэлээ хангахын тулд уутанд элс чихнэ, хиймэл хүн хийнэ.
-Таны гараас хэдэн хүүхэд төгссөн бэ?
-5000 гаруй бий. Би тэднийг хамгийн гол нь зөв хүмүүжилтэй, тэвчээртэй иргэн болгохын төлөө ажилласан. Одоо зарим нь банк, уул уурхайн захирал болчихсон явна билээ. Хааяа таарахаараа “Сайн байна уу багш аа” гэдэг. Хүүхэд байхдаа багшилж эхэлсэн болохоор зарим нь надаас олон насаар дүү биш.
-Та энэ спортын анхны цол зэргийг санаачилсан. Хүмүүс хэрхэн хүлээж авч байсан бол?
-Спорт л юм хойно цол, зэрэг байхгүй бол болохгүй юм шиг санагдаад энэ санааг гаргасан юм. Тэр жилдээ буюу 1999 онд Монголын Кикбокс, тулааны спортын холбоог Т.Наранчулуун, О.Номин нартай хамтран байгуулж УАШТ зохион байгуулсан. Дэвжээ, тамирчдын хувцаслалт, шүүлтийн техникийн аргыг ч чадах чинээгээрээ боловсронгуй болгохыг хичээсэн.
-Энэ спортыг улс хэрхэн харж үзэж байна вэ?
-Жүдо бөхийн тамирчинг гадаадын аль нэг тэмцээнд оролцох гэхэд нь мөнгөөр хангаж байна. Харин би нэг ч удаа улсын зардлаар гадаадын тэмцээнд явж байгаагүй. Өр тавиад л явдаг. Намайг анх хичээллэхэд ах нар “Яваандаа цаг хугацаа өөрчлөгдөхөөр улс энэ спортыг харж үзнэ” гэж байсан. Би ч итгэсэн. Гэтэл өнөөдөр олимпийн төрлийн спортоо л харж байна. Энэ чинь хуучинсаг үзэл биз дээ. Үүнийг дээдсүүдэд хэлсэн чинь “Олимпийн төрлийн спортоор хичээллэхгүй яасан юм. Боксоор хичээллэж болох л байсан. Хохь чинь” гэсэн. Тэгэхээр кикбоксыг сонгосон миний буруу болж таарлаа л даа.
-Танай хадам аавыг боксчин байсан гэсэн?
-Тийм. Хадам аавыг маань Г.Зориг гэдэг. Боксын шигшээ багт 1960-1976 он хүртэл ажиллаж бэлтгэлээ хангаж байсан хүнд жингийн тамирчин. Шинжлэх ухааны доктор цолтой. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн бол 1978 онд олимпийн тоглолтын шилдэг наймд үлдэж байсан гэдэг. Гэргий маань тийм сайн тамирчин хүний хүүхэд болохоор намайг маш сайн ойлгодог.
-Та өөр ямар шинэ ажил эхлүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Тун удахгүй энэ спортын төрлийг олимпийн төрөлд багтаана гэсэн. Тэгэхээр түшээдүүдээс шоовдорлогдох нь багасах байх.
У.Баярсайхан
Сэтгэгдэл ( 0 )