Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар сүү, сүүн бүтээгдэхүүн импортлогч, шүүс үйлдвэрлэгч компанийн төлөөллүүдтэй уулзлаа.
Тус газар нь өөрсдийн үйл ажиллагааны чиглэлд үндэслэн иргэдээс ирсэн гомдол саналын дагуу хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж ажилладаг. ШӨХТГ-ын даргаар О.Магнай томилогдоод удаагүй ч хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахаар ажилдаа шуурхайлан ороод буйг ойрын өдрүүдэд хийж буй уулзалтууд харуулж байна. Тухайлбал, өнөөдөр дээрх бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компаниудын төлөөллүүдтэй уулзаж тус салбарт хэрэгждэггүй хуулийг хэрэгжүүлж, мөрдөгддөггүй стандартыг мөрдөж ажиллахыг сануулав. Тодруулбал, үнээний цэвэр сүү, байгалийн жимсээрээ, жинхэнэ жимсээрээ хэмээн худалдаалагддаг сүү, шүүсийг зарахдаа орц найрлагын талаар хэрэглэгчдэд үнэн зөв мэдээлэл өгөх, сав баглаа боодол, шошгололт, стандартыг хангаж ажиллахыг шаардлаа. Мөн гадаадаас импортолдог бүтээгдэхүүн дээр эх хэлнээ орчуулсан нэмэлт шошгыг наах хэрэгтэй гэв. Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд ирэх сарын 1-нээс эхлэн бүтээгдэхүүнийхээ стандартыг хангаж худалдаанд гаргах хуулийн хугацаа өгсөн бол шүүс үйлдвэрлэгчдэд ирэх сарын 11-нээс эхлэн хууль, стандартаа мөрдөж ажиллах сарын хугацаа өглөө.
Шүүсийг Монгол улсын стандартад мөрдөгдөж байгаагаар цэвэр шүүс, өтгөрүүлсэн шүү, сэргээсэн шүүс гэж ангилдаг байна. Гэтэл дийлэнх рекламаар “цэвэр жимсний шүүс” гэж сурталчилдаг. Цэвэр шүүс гэж шинэхэн байдлаар хадгалж байсан жимс жимсгэнэ, ногооноос механик аргаар боловсруулалт хийж гаргаж авсаныг нэрлэдэг байна. Харин сэргээсэн шүүс гэдэг нь хуурай болон шахсан шүүсийг ундны устай холин технологийн боловсруулалтад оруулан гаргаж авсныг хэлдэг ажээ. Гаалийн мэдүүлгээр манай улсад никтар буюу жимсний сироп орж ирдэг гэсэн байна. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч компаниуд “сэргээсэн шүүс” гэж нэрлэж байх ёстой юм байна. Учир нь шүүс үйлдвэрлэгчид жимс оруулж ирдэггүй никтар буюу сироп оруулж ирдэг гэсэн үг. Гэхдээ цэвэр жимсийг шүүс болгон гаргаж байгаа шүүсийг “цэвэр шүүс” гэж нэрлэх юм.
Харин компаниудын хэлж буйгаар Стандарт хэмжил зүйн газрынхан шинэ стандарт гаргахдаа хэдхэн хоногийн дотор мөрдөх хугацаа өгдөг гэсэн. Гэтэл компани маш их шошгололтын нөөцтэй байдаг бөгөөд шаталтад орох магадлалтай гэлээ. Мөн компаниуд стандартаа мөрдөж үнэн зөв мэдээлэл бүхий хаяг шошго наадаг. Гэвч бүх компаниуд зэрэг мөрдөхгүй болохоор тухайн бүтээгдэхүүний борлуулалт мууддаг сул тал байдаг байна. Мөн уулзалтын үеэр Стандарт хэмжил зүйн газраас гаргасан 2003 стандарт нь хүчинтэй байгаа тухай компаниуд ярьж байлаа. Тэгэхээр өнгөрсөн зургадугаар сард батлагдсан стандартын алийг нь ч мөрдөх боломжтой гэсэн тухай компаниуд мэдэгдээд байв. Иймд уг хоёр хүчинтэй стандартын алийг нь мөрдөхийг тодруулж өгөхийг хүссэн. Харин хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулинд бол хэрэглэгч тухайн бараа бүтээгдэхүүний талаар сонголт хийхэд үнэн зөв мэдээллээр хангагдах ёстой гэдэг байна.
ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Нэг сарын хугацаа өгье. Энэ хугацаанд батлагдсан стандартыг зөрчсөн шүүснийхээ алдааг засаарай. Хэрэв алдааг засаагүй бол бүх дэлгүүр супермаркетаас бараа бүтээгдэхүүнийг хурааж авах боломжтой. Харин сироп найруулж зарахыг зөвшөөрч байгаа. Гагцхүү сэргээсэн шүүс юм гэдгээ бичдэг болъё. Хэрэв хуулиа, стандартаа мөрдөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлнэ. Бидний барьж байгаа бодлого торгож шийтгэхдээ биш хууль дүрмээ мөрддөг болъё гэдэгт байгаа. Энэхүү мөрдүүлэх гээд байгаа хууль стандарт зургадугаар сард батлагдсан. Үүнээс хойш мөрдөж эхлэх хугацаа байсан” гэсэн юм.
Х.Заяа
Сэтгэгдэл ( 0 )