Гадаад худалдааны бараа эргэлт 8477,4 сая ам.долларт хүрэв
Гадаад худалдааны барааны статистик мэдээллээр (2012 оны эхний есөн сард) гадаад худалдааны нийт бараа эргэлт 8477.4 сая ам.доллар болж 2011 оны мөн үеэс 169.4 сая ам.доллар буюу 2.0 хувиар өсчээ. Импортын дүн экспортынхоос 2014.2 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс сөрөг гарчээ.
Экспорт буурчээ
Экспортод 3231.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.7 хувиар буурсан байна. Энэ бууралт нь экспортын бүтцийн дийлэнх хувийг эзэлж байгаа эрдэс бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.0 хувиар буурснаас шалтгаалжээ.
Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхуүн 2880.4 сая ам.доллар буюу 89,1 хувь, нэхмэл бүтээгдэхүүн 203.8 сая ам.доллар буюу 6.3 хувь, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 20,1 сая ам.доллар буюу 0.6 хувь, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 70.6 сая ам.доллар буюу 2.2 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 98.2 хувийг эзэлж байна.
Хилээр 14.1 сая тонн нүүрс гаргажээ
Экспортын нийт бараа бүтээгдэхүүнд чулуун нүүрсний экспорт үнийн дүнгээр тэргүүлжээ. Оны эхний есөн сард 14.1 сая тонн буюу 1417.6 сая ам.долларын чулуун нүүрсийг хилийн чанадад гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 266.1 мянган тонноор буюу 9.0 сая ам.доллараар илүү байна. 2012 оны эхний есөн сарын дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад чулуун нүүрсний хилийн дундаж үнэ 102 ам.доллараас 100.5 ам.доллар болж буурсан байна. Энэ оны эхэнд нүүрсний дундаж үнэ 118 ам.доллар байсан бол есдүгээр сард 85 ам долларт хүрч cap тутам дунджаар 3.9 хувиар буурчээ.
Нэг тонн зэсийн үнэ 1455 ам.доллар болов
Энэ оны эхний есөн сард 430.8 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.9 мянган тонноор өссөн хэдий ч хилийн үнэ 1752 ам.доллараас 1455 ам.доллар болж 298 ам.доллараар багассан нь уг бүтээгдэхүүний экспортыг үнийн дүнгээр 121.4 мянган ам.доллараар буурахад нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын дундаж үнийн сарын хэлбэлзлийг авч үзвэл оны эхний саруудад 1549 ам.доллар хүртэл өсч байсан ч зургаадугаар сараас эхлэн сард дунджаар 4.4 хувиар буурсан байна.
Экспортолсон зэсийн баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдэр болон цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ-д, жоншны 39.1 хувийг БНХАУ-д 57.9 хувийг ОХУ-д, молибдений баяжмалын 5.6 хувийг БНХАУ-д 23.4 хувийг БНСУ-д 71 хувийг Хонгконгод тус тус экспортолжээ.
Импорт 8.7 хувиар өсөв
Монгол Улс дэлхийн 54 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 92.7 хувь, Канадад 2.0 хувь, ОХУ-д 1.7 хувь тус тус ноогдож нийт экспортын 96.4 хувийг дээрх орнууд эзэлж байна.
Импортоор нийт 5245.8 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2011 оны мөн үеэс 419.5 сая ам.доллараар буюу 8.7 хувиар өссөн байна. Импортоор нийлүүлэгдсэн барааны 86.5 хувийг валютын төлбөртэй худалдаа, 0.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 2.1 хувийг гадаадын тусламжийн бараа, 11.2 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа эзэлж байна.
Ш.Цогт
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”
Сэтгэгдэл ( 0 )