С.Эрдэнэ: Төсвийг зөн совингоор ярьж болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

 

Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсөвтэй холбогдуулан Хүн ам, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс дараах тодруулгыг хийлээ.

-УИХ Монгол Улсын нэгдсэн төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах үүрэг хүлээж эхэллээ. Өмнө нь тухайн оныхоо арванхоёрдугаар сарын 1-ний дотор нэгдсэн төсвийг батлах үүрэг хүлээдэг байхад л цаг хугацаанд шахагдаад барахгүй, шөнө дөлөөр хуралдаж амждаг байсан. Одоо амждаг л байгаа даа?

-УИХ-аас баталсны дагуу Төсвийн удирдлага санхүүжилтийн тухай хууль хүчингүй болж, оронд нь нэгдсэн төсвийн тухай шинэ хууль үйлчилж эхэлж байна. Шинэ хуулийн хүрээнд УИХ нь Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг ирэх арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой болж байгаа.  Цаг хугацаа давчуу ч би бол хувьдаа амжина гэж харж байгаа.

Өчигдрөөс УИХ-ын Нийгмийн бодлого,боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүллээ.  Тэгэхээр Төсвийн болоод, Эдийн засгийн байнгын хороодоор энэ долоо хоногтоо багтаад төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх болов уу.

-Монгол Улсын 2013 оны төсөв өмнөх жилийнхтэй харьцуулахад зарлага нь хэт өссөн, нүсэр том төсөв гэж эдийн засагчид шүүмжилж байгаа. Тэр дундаа хямрал нүүрлэж болзошгүй үед төсвийг тэлэх нь эргээд эдийн засагт гүн гүнзгий хямрал авчрах аюултай гэж тайлбарлаж байна?

-Улстөрчид төсвөөр ямагт улстөр л хийж байдаг шүү дээ. УИХ-аар хэлэлцэж байгаа 2013 оны төсвийн төслийг сайн нягтлах юм бол хөрөнгө оруулалтын зардал, урсгал зардал аль нь ч өсөөгүй. Өмнөх жилийнхтэй дүн баланс барьж байгаа. Хамгийн гол нь хөрөнгө оруулалтын зүйл заалт дээр шинээр барих обьект гэхээсээ илүү энэ онд дуусгаагүй бүтээн байгуулалтыг ирэх жил дуусгахаар хөрөнгийг түлхүү суулгасан. Энэ утгаараа хөрөнгө оруулалт өмнөхөөсөө буураагүй харагдаж байгаа. Гэхдээ шинээр хийх хөрөнгө оруулалт өмнөхөөсөө харьцангуй буурсан юм шүү дээ. Хоёрдугаарт, төсвийг өмнөх жилийнхтэй нь харьцуулахад данхайсан юм байхгүй,  байх ёстой зардлууд л туссан. Сөрөг хүчний зарим нэг улстөрч “Төсөв данхайсан” гэдэг юм ярьсан л байна лээ. Би бол тэр хүмүүст бодит байдал дээр нотлох тоо баримттай ярь. Ерөнхийд нь “Данхайсан төсөв болох гээд байна” гэх мэтээр дөхүүлсэн юм бүү ярь. Өнөө жилийн төсөв ямар байсан, ирэх жил ямар болох гээд байна вэ гэдгийг бодитой тооцож ярих ёстой. Түүнээс улстөр хийх маягаар зөв совингоор ярьдгаа болих хэрэгтэй л гэж хэлмээр байгаа.

-Ирэх оны төсвийн төсөлд Хүний хөгжлийн сангаас олгож байсан 21 мянган төгрөгийн хөрөнгийг суулгах уу. Бичиг баримтгүйгээсээ болоод ч юм уу, аль эсвэл ажил төрөлтэй гадагшаа явж байгаад 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэд олон бий. Зарим нэг нь шинэчлэлийн Засгийн газар өмнөх Засгийн газрын ажлыг үргэлжлүүлэх сонирхолгүй байна ч гэж тайлбарлах юм. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох ёстой 340 мянган төгрөгийг хэзээ өгөх юм бэ?

-Хүний хөгжлийн сангаас олгож байсан 21 мянган төгрөгийг Шинэчлэлийн Засгийн газар гарч ирээд цуцалсан юм шиг, өгөхгүй байгаа юм шиг буруу ойлгохоо болих хэрэгтэй. Угаасаа хуулийн үйлчлэх хугацаа нь өнгөрсөн долдугаар сарын 1-нд дуусгавар болсон. Долдугаар сарын 1-ний дотор өмнөх Засгийн газар энэ ажлаа хийж дуусгасан байх үүрэгтэй. Өмнөх Засгийн газрын хийж амжаагүй хариуцлагагүй ажлыг дараагийн Засгийн газарт үүрүүлээд байж болохгүй. Бид ямарваа нэгэн үүрэг хариуцлагаас зугатаах гээд байгаа ч юм биш. Албан тушаалтнууд тухайн ажлыг хариуцсан бол түүнийгээ биелүүлдэг л байх ёстой. Морь унаад явж байтал өмнөх хөл нь бүдрэхээр хойд хөлийг нь ороолголоо гэдэг шиг аливаа асуудалд хандаж болохгүй. Өөрөөр хэлбэл, өмнөх Засгийн газар үүргээ биелүүлж чадаагүй байхад бид энэ үүргийг биелүүлэх үүрэг байхгүй нэг талаасаа. Хэдийгээр нөхцөл байдал ийм ч гэлээ төрийн ажилд залгамж чанар байх ёстой гэдэг утгаар нь нэгэнт олгогдоод ирсэн мөнгийг үргэлжлүүлж олгоод цэгцэлье гэдэг байр суурийг шинэчлэлийн Засгийн газар барьж ажиллаж байна. Одоогоор 21 мянган төгрөгөө авч чадаагүй 40 орчим мянган иргэн байна. Тэдний 50 хувь нь хаяг тодорхойгүй, бичиг баримт бүрдээгүй гэдэг шалтгаанаар тодруулж чадахгүй байгаа. Харин өргөдөл гомдол нь ирчихсэн, бичиг баримт нь гүйцчихсэн хаяг нь тодорхой 20-иод мянган иргэн бий. Тооцоо судалгааг гаргаж байгаа. Шаардлагатай мөнгөний эх үүсвэрийг ирэх оны төсөвт суулгахаар ярьж байна, шийдэгдэх бололцоотой.  Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож байсан нэг сая төгрөгийн үлдэгдэл болох 340 мянган төгрөгийг шинэ он гарахаас өмнө олгохоор судалгаа хийж ажиллаж байгаа.

-Бичиг баримтгүйгээс болоод Хүний хөгжлийн сангаас олгож байсан 50 мянга, 70 мянган төгрөгөө аваагүй иргэд ч олон бий. Тэд хүсэлтээ гаргаад бичиг баримтын зөрчлөө арилгавал түүнийгээ нөхөж авах бололцоотой гэж ойлгож болох уу?

-Одоогоор энэ тухай яриагүй, 340 мянга, 21 мянга дээр л ярьж байна.

Г.ДАРЬ

Эх сурвалж: Ардчилсан нам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top