Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2012.10.24/ хуралдааны эхэнд Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт оруулахаар санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зөвшилцлөө.
Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрийг Монгол Улс 2000 оны долдугаар сарын 26-ны өдөр хүлээн зөвшөөрч, хэлэлцээрийг УИХ-аар соёрхон баталсан юм байна. Харин 2006 онд дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулан гишүүн орнуудын жагсаалтад Төв болон зүүн Европын бүс, Монгол Улс гэж нэмэн, ингэснээр манай улсад тус банкны үйл ажиллагаа хэрэгжин, зээлжих эрхтэй 61 дэх гишүүн болжээ.
Энэ удаад Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах хэлэлцээрт дахин нэмэлт, өөрчлөлт оруулахаар болж байгаа бөгөөд газрын дундад тэнгис, өмнөд бас зүүн бүсийн зарим орнууд гэсэн бүсийг нэмж, тус банкны гишүүн орноор элсэх хүсэлт тавиад байгаа Морокко, Туни, Иордан улсуудыг нэмэх гэж байгаа ажээ. Хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсад ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй хэмээн Сангийн сайд Ч.Улаан танилцуулгадаа дурдсан юм.
УИХ-ын гишүүн М.Батчимэг, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн орны хувьд хамтын ажиллагаа хэр үр дүнтэй байгаа вэ. Хэдий хэмжээний зээл олгосон юм бол. Сүүлийн үед тус банкны зээлийн нөхцөл их хатуу, хувийн хэвшлийн байгууллагын дотоод хэрэгт хэтэрхий оролцох, бизнест нь нөлөөлөх хандлага гаргах болсон талаар гомдол дуулдах болсон. Энэ талаар тайлбар өгнө үү хэмээн Сангийн сайд Ч.Улаанаас хүссэн юм.
Сангийн сайд Ч.Улааны тайлбарласнаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүни орон болсноор хувийн хэвшлийн салбарынханд хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа идэвхжсэн аж. Өнгөрсөн хугацаанд 800 гаруй сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг хувийн секторт оруулж, 30 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм байна. Банкнаас олгох зээлийн хэлэлцээрийн нөхцөл хатуу байгаа талаар сонссон гэж Сангийн сайд хэлсэн. Тэрбээр, Банк болохоор өөрийн гэсэн нөхцөл, шалгуур бий.Гэхдээ хоёр тал тохиролцож байгаа болохоор банкны дотоод асуудалд оролцдоггүй. Гэхдээ тус банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар тодорхой мэдээллийг эрхэм гишүүнд хүргүүлье хэмээн хэлсэн юм. Гишүүд ийнхүү хэлэлцээд хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг дэмжих нь зүйтэй хэмээн үзлээ.
Үүний дараа Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн гэрээний төслүүдийг зөвшилцөн мөн дэмжлээ.
Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслийг боловсруулж 2012 онд 14 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм байна. Тус төслийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх ажлын хүрээнд доорх ажлыг хийхээр төлөвлөжээ.
Нэгдүгээрт, нийслэлийн зарим эмнэлгийг хөгжүүлэх бодлого, стратегийн төлөвлөгөө боловсруулах, хоёрдугаарт, эмнэлгийн салбарт дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг төлөвлөх тогтолцоог бий болгохоор төлөвлөсөн байна. Түүнчлэн гуравдугаарт, Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн загвар эмнэлэг болгон өөрчлөх, дөрөвдүгээрт, эмнэлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тогтолцоог шинэчлэх ажлуудыг тусгасан байна.
Дээрх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийг Улаанбаатар хотын бусад дүүрэгт загвар эмнэлэг болох, олон төрлийн тусламж, үйлчилгээтэй нэгдсэн эмнэлэг болгон өөрчлөхөөр тогтож, эмнэлгийн барилга байгууламжийг шинэчлэх, тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, орон тоо, хүчин чадлыг сайжруулахад дутагдаж байгаа нэмэлт 25 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр болсон байна.
Төслийн хүрээнд тус эмнэлгийг загвар болохуйц олон төрлийн тусламж үйлчилгээтэй нэгдсэн эмнэлгийн загварт оруулан 300 ортой дотор, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, мэдрэл, мэс засал-гэмтэл, халдварт, хавдар, сэтгэц зэрэг үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг амбулатори болон хэвтүүлэн эмчлэх, өдрийн эмчилгээний хэлбэрээр цогцоор нь үзүүлэх эмнэлэг болгон өөрчлөх юм. Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийг 2016 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Харин “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэхэд АХБ-наас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам.долларын зээлийг олгохоор төлөвлөсөн байна. Төслийн хүрээнд гурван үндсэн асуудлыг шийдвэрлэхээр тодорхойлжээ. Цусны аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.Энэхүү төсөл 2018 оны 12 дугаар сард хэрэгжиж дуусах юм байна.
Байнгын хороогоор хэлэлцсэн дараагийн асуудал нь Азийн авто зам, Транс-Азийн төмөр замын сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын хооронд байгуулах Хуурай боомтын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх байлаа.
Манай улс Азийн автозамын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын чанартай Хуурай боомтуудыг байгуулж ажиллуулах замаар эдгээр бүс нутаг, улс орнуудтай транзит тээврийг хөгжүүлж, олон улсын нэгдмэл холимог тээвэр, ложистикийн системийг бий болгох хэрэгтэй байгаа ажээ.
НҮБ-ын Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн хорооноос гишүүн орнуудын хүрээнд Олон улсын чанартай Хуурай боомтын хэлэлцээр байгуулах ажлыг санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг боловсруулан гишүүн улс орнуудад хүргүүлээд байгаа юм байна.
Хэлэлцээрийн төсөлд далай тэнгисээс алслагдсан орны нийслэл/тужийн төв, эсвэл Азийн авто замын болон Транс-Азийн төмөр замын аль нэг сүлжээнд хүрэх бололцоог харгалзан, олон улсын нэгдмэл холимог тээвэр, ложистикийн ситемийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох олон улсын чанартай Хуурай боомтын жагсаалтыг баталж, хөгжүүлэх асуудлуудыг тусгасан өндөр ач холбогдолтой юм байна.
Зам, тээврийн яамны зүгээс ул хэлэлцээрийн төслийг санаачлан боловсруулахаас эхлэн батлах хүртэлх бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирсэн гэж тус салбарын сайд А.Гансүх танилцуулгадаа дурдаад хэлэлцээрийг байгуулах нь далайд гарцгүй Монгол Орны хувьд ихээхэн ач холбогдолтой гэж тайлбарлалаа.
Манай улсаас олон улсын чанартай Алтанбулаг, Сайншанд, Улаанбаатар, Замын-Үүд, цаашид байгуулах боломжтой Чойбалсан зэрэг байршлуудад хуурай боомтыг байгуулах боломжтой гэж хэлэлцээрийн төсөлд санал оруулсан юм байна.
УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, Ч.Улаан нар Цагаан нуур, Ярант, Нөмрөг, Гашуунсухайт, Бичигтийн боомтыг яагаад оруулсангүй вэ. Одоо жагсаалтад оруулах боломж бий юу гэж лавлаж байв.
Зам, тээврийн яамны ажлын хэсгээс тайлбарласнаар одоогоор жагсаалтад оруулсан байгаа байршлууд нь Азийн авто замын сүлжээ буюу Транс-Азийн төмөр замын сүлжээнд холбогдож байгаа бөгөөд цаашид манай орны хувьд гадаад худалдааны гол зангилаа болох замаар дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, тээх хүчин чадлыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой гэлээ Гишүүдийн дурдсан боомтуудыг оруулах нэмэлт хэлэлцээрийг хийх боломжтой гэж тэд хариулсан юм.
Хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дээрх хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )