Төсвийн хоёр дахь хэлэлцүүлэг өрнөлөө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүд болон “Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2013 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр нь  Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийн ирц бүрдсэнийг дуулгаад, өмнөх долоо хоногийн пүрэв, баасан гаригийн тасалдсан хуралдааныг нөхөж хийнэ гэдгийг хэлж байсан. Түүнчлэн маргааш үдээс өмнө зарим байнгын хороо хуралдаж, төсвийн хэлэлцүүлгийг хийх тухай хэлж, үдээс хойш чуулганы  хуралдаантайг гишүүдэд сануулав.  

Эхлээд Монгол Улсын 2013 оны төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн талаар  Сангийн сайд Ч.Улаан  танилцуулга хийлээ.   


2012 оноос тэтгэмжийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлж, ажилгүйдлийн даатгалд өөрчлөлт оруулах бөгөөд тэтгэмжийн сангийн хэвийн үйл ажиллагааг хангахад энэ нь чухал ач холбогдолтой юм байна.  Нийгмийн даатгалаас тэтгэвэр авч байгаа мөн шинээр тэтгэвэр авахаар болсон   иргэдэд энэ нь хамааралтай аж. Ч.Улаан сайдын хэлснээр, ДНБ-ний хэмжээ буурахаар байгаа тул зарим тоон үзүүлэлтийг өөрчилж,  төсвийн орлого, зарлага, алдагдлын хэмжээнд өөрчлөлт оруулахаар болсон гэнэ. Нийтэд хавтгайруулсан халамж тэтгэмж олгохгүй, зөвхөн 0-18 насны хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг өгч,  хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжихээр болсныг тэрээр хэлсэн.

Түүнчлэн эрдэс баялгийн үнэ, хэмжээ, үзүүлэлт нь ДНБ-ний хэмжээг бууруулахаар байгаа гэдгийг энд дурдсан. Тиймээс 2013 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар энэ үеэр илтгэлээ.

Дараа нь УИХ-ын Байнгын хороод тус бүр төсвийн төслөөр санал, дүгнэлтээ гаргаснаа танилцуулсан. Төсвийн байнгын хорооны дүгнэлтэд, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд 2000 оноос эхлэн газрын тос хайх, олборлох, ашиглах үйл ажиллагааны зориулалтаар импортолсон бараа бүтээгдэхүүнд ногдох татварын чөлөөлөлтийг өнөөг хүртэл эдлүүлж байсныг цуцлахаар болсныг тусгасан талаар дурдагдаж байсан.

Газрын тос хайх, олборлохыг бүтээгдэхүүн хуваах гэрээгээр зохицуулж байгаа бөгөөд арав гаруй жил татвараас чөлөөлөгдөж байжээ.

Гадаад орны туршлагаас харахад газрын тосны чиглэлээр бүтээгдэхүүн хуваах зарчмаар хэрэгжүүлж буй төсөлд албан татварыг ногдуулдаг юм байна.

 Олон улсын жишигтэй тохируулж, татварыг тэгш шударга ногдуулах асуудлын хүрээнд хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах бодлого баримтлах нь зүйтэй гэж үзсэн ажээ.

 Газрын тосны салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг богино хугацаанд үр ашигтай хийлгэх, Засгийн газарт ногдох үр ашгийн хугацааг наашлуулах зорилгоор энэхүү чөлөөлөлтийн заалтыг хүчингүй болгосноор 2013 онд төсөвт 10,2 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой хэмээсэн  Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулсан юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан. Тэрээр тус байнгын хороо нэг банкинд 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдэд хадгаламжийн хүүгийн татвар ногдуулах нь зүйтэй гэж үзсэнийг хэлж байлаа.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлтэд тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг хөнджээ. Үүнийг  мөн л УИХ-ын гишүүн С.Ганбаатар танилцуулсан.

Тэрээр ажил олгогчийн болон даатгал төлөгчид хүндрэл учруулалгүйгээр даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхээр болсныг хэлж байлаа.

Мөн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд   боловсролын салбарт ажиллагсдад тэтгэвэрт гарахад нь 24 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж өгдөг байсныг 36 сар болгон нэмэгдүүлэх зэрэг заалт нэмсэнийг хассан юм байна.  Гэхдээ дараагийн хэлэлцүүлгийн үеэр дахин авч үзэхээр болсон аж.

Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтэд байгалийн нөөц ашигласны төлбөрийн хуулийн зарим хэсгийг хүчингүй болгохыг гишүүд дэмжсэн талаар танилцуулга сонссон юм.

Дараа нь гишүүд Төсвийн хуулийн төслөөр асуулт тавьж,  хариулт авах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Су.Батболд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тавьж байсан Тэрээр сайдтай аймгийн хөрөнгө оруулалт сайдгүй аймгуудынхаас ямраар илүү байгааг сонирхож тодруулсан.  
Сангийн сайд Ч.Улаан, “Хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг Сангийн яам хариуцахаа больж, Эдийн засгийн хөгжлийн яаманд шилжсэн. Иймд Сангийн яамны хувьд хөрөнгө оруулалтын дотоод бүтцийг  тохироод явж байгаа. Хөрөнгө оруулалтыг тусгахдаа обьект барих бэлтгэл нь бүрэн хангагдсан шаардлагыг харгалзаж үзсэн. Бэлтгэл хангагдаагүй хөрөнгө оруулалтыг хойшлуулсан тухай хэлж байсан.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дараа жил нийт 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс 300 нь шинээр барих барилга байгууламж.  Харин 100 нь өмнө эхлүүлсэн обьектод хамаарах хөрөнгө оруулалт” юм гэдгийг хэлж байлаа.

Хэлэлцүүлгийн явцад багш нарт олгох тэтгэмжийн асуудал нэлээд яригдсан.  Сангийн сайдын хэлснээр бол, анх Боловсролын тухай багц хуулийн төсөл өмнөх УИХ-аар хэлэлцэх шатанд 3.7 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардаж байсан аж.  Энэ нь алслагдсан бүсэд багш нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зорилготойгоор тавигдсан эх үүсвэр юм байна. Гэвч хууль батлагдах шатанд боловсролын салбарыг нийтэд нь хамарчээ. Хуулийг ирэх жилээс хэрэгжүүлж эхэлснээр төсөвт 160 орчим тэрбум төгрөг суулгах шаардлагатай ч энэ хэмжээний эх үүсвэрийг төсөвт суулгах бололцоогүй гэнэ. Иймд үе шаттайгаар авч үзвэл ямар вэ гэсэн. Тэрээр хуулийг хэрэгжүүлэх хугацааг 2014 оноос эхлүүлье, ингэхдээ алслагдсан сум, суурин газрын багш нарыг хамруулъя гэсэн санал боловсрогдоод явж байгаа гэдгийг дуулгасан.  

Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Үндэсний татварын газар  уул уурхайн том компаниудаас татвараа бүрэн дүүрэн авч чаддаггүй хэрнээ ард түмнийхээ мөнгийг сайн авдаг гэж шүүмжилсэн.  Оюутолгой компанийн зүгээс нэг их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан гэж  байгаа ч Татварын газраас гаргасан тайлангаар 450 тэрбум төгрөгийг л татварт төлсөн гэлээ.  Энэ нь 2005-2012 он хүртэл төлсөн татварын дүн юм байна.

Сангийн сайд Ч.Улаан ирэх жилд татварын орлогыг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллана. Далд эдийн засгийн нөлөөллийг багасгах талд анхаарч ажиллана гэж байлаа. Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Оюутолгой компани татвар, гааль, урьдчилгаа байдлаар хэдий хэмжээний мөнгийг  төсөвт оруулав гэдгийг тодорхой болгож, олон нийтэд үнэн зөв мэдээлэл цацна гэдгийг хэлж байсан.  

Ингээд  чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр бүхий 12 хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгах үеэр Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм. Тиймээс уг хуулийн төслийг Засгийн газарт буцаахаар болсон.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  хоёр ч өдрийг алдсанаас болж, өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байгаа юм. Тиймд оройн 19.00 цаг өнгөрөөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 80 гаруй хувийн саналаар дэмжигдэн, хоёрдугаар хэлэлцүүлэгт  шилжүүлсэн. Энэхүү төсөлд тусгаснаар, эдийн засгийг эрчимжүүлэх, урт хугацааны хөгжлийн хөрөнгө оруулалт хийх, экспортыг дэмжих бодлогыг санхүүжүүлэх зорилгоор дунд, урт хугацааны таван тэрбум хүртэлх ам.долларын Засгийн газрын үнэт цаасыг 2012, 2013 онуудад үе шаттайгаар олон улсын зах зээлд арилжаалах юм байна.  Ингэхдээ бондын хөрөнгийн зориулалтыг төсвийн алдагдал нөхөх бус дунд урт хугацааны бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийг эрчимжүүлэх, экспортыг дэмжиж импортыг орлох бодлогыг санхүүжүүлэхэд чиглүүлэхээр тусгасан аж.

УИХ-ын чуулганы цаг сунган хуралдаж байгаа хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд, гишүүдийн олонхи дэмжиж, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. Мөн Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Хэдийгээр УИХ-ын гишүүд нэлээд алжааж буйгаа илэрхийлж байсан ч УИХ-ын дарга өнөөдөр хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа дуусгавал зохилтойг хэлж хуралдаан цааш үргэлжилсэн.

Ингээд Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг, ”Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,   Монгол Улсын Засгийн газраас Арабын Нэгдсэн Эмират Улс, Нидерландын Вант Улс, Люксембургийн Вант Улс, Кувейт Улстай тус тус байгуулсан “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-ийг соёрхон баталсан тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх,  Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдшийн 20 цаг 30 минутад өндөрлөж, УИХ-ын дарга З.Энхболд маргааш буюу пүрэв гаригт УИХ-ын байнгын хороод үдээс өмнө хуралдаж, нэгдсэн чуулган үдээс хойш болно гэв.

А.ТЭМҮР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top