Мэргэжлийн хяналтын алдаа, дутагдлыг тодорхойллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 26

“Мэргэжлийн хяналтын өөрчлөлт, шинэчлэлт” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр МХЕГ-т болж өндөрлөлөө.

Хянаж шалгаж, торгож шийтгэхийн тулд мэргэжлийн хяналт байдаг биш, харин хүний аюулгүй байдлыг хангахын тулд үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны бүхий л хүрээнд аюулгүй байдлын хэм хэмжээг тогтоохын тулд хяналт шалгалт хийдэг байх нь Мэргэжлийн хяналтын үндсэн үүрэг. Харин Мэргэжлийн хяналтын байгууллагыг өөрийг нь чадавхжуулах, байцаагч нарыг өндөр түвшинд сургаж бэлтгэх, тэдэнд тавих мэргэжлийн болон ёс суртахууны шалгуурыг илүү өндөр түвшинд гаргахыг өнөөгийн цаг үе төдийгүй иргэд, олон нийт шаардах болсон.

Уулзалтад Монгол улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл, Мэргэжлийн хяналтын байцаагч, алба хаагчид оролцсон. Мэргэжлийн хяналтын байгууллага нь Монгол улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг, Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Хурлаар Мэргэжлийн хяналтын байгууллагыг боловсронгуй болгож, хөгжүүлэх, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын санал, зөвлөмжийг:

-Хүнсний аюулгүй байдал, экспорт, импортын бүтээгдэхүүний хяналт,

-Эрүүл мэнд, эмчилгээний чанар аюулгүй байдлын,

-Байгаль орчин, геологи уул уурхайн хяналт

-Дэд бүтэц, барилга, хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт

-Санхүү, боловсролын хяналтын чиглэлийн хүрээнд санал, зөвлөмжийг нээлттэй сонсож байв.

Шинэчлэлийн Засгийн газар Мэргэжлийн хяналтыг бодлогын хүрээнд үйл ажиллагааг нь шинэчлэн сайжруулах, олон улсын жишигт хүргэх зорилт тавьсан байна. Энэ үеэр Шадар сайд “Шинэчлэлийн Засгийн газар Эрүүл чийрэг Монгол хүн хөтөлбөр хэрэгжүүлж ажиллаж байгаа. Хүний эрүүл чийрэг, аюулгүй орчинг хангах, хэрэглэгчийн төлөө МХЕГ газар хариуцлагатай ажиллах ёстой”-г онцлон хурлыг эхлүүлээд, хуралд оролцогчдын санал, бодлыг сонссон юм.

Тухайлбал, хуралд оролцогчид дотоодын хяналт, шалгалт суларсан, хяналтын үр дүн гардаггүй, хяналт шалгалт хийхэд батлагдсан стандарт байдаггүй, өөрсдийн байцаагчдаас гадна холбогдох ТББ, ажилтнуудаас нэмэлт хүч авч ажилладаггүй, төлөвлөгөөт бус шалгалт хийж болдоггүй, хяналт шалгалттай холбоотой иргэн, аж ахуйн нэгж бичиг баримт бүрдүүлэхэд хүнд суртал их төдийгүй олон хоног зарцуулдаг, мэргэшсэн мэргэжлийн байцаагч хянахаа больсон, сургуулиа төгсөөд 2-3 жил болсон ажилтнууд улсын ахлах байцаагчаар ажилладаг, хяналт шалгалт хийхдээ мэдлэг нь хүрдэггүй, том компаниудад хийсэн хяналт шалгалтаа мэдээлж тайлбарладаггүй,  хяналт шалгалт хийх мэргэжлийн багаж хэрэгсэл байдаггүй зэрэг мэргэжлийн хяналтынханд болоод аж ахуйн нэгж, байгууллагын өмнө тулгамддаг алдаа, дутагдлыг илэрхийлээд байсан юм. Эдгээр алдаа дутагдлыг протокол хөтлөн авч, Мэргэжлийн хяналтын байгууллагад шинэчлэлт, өөрчлөлт хийхдээ тусгах юм байна.

Х.Заяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top