Цэцэрлэг барих мөнгө байхгүй, гэхдээ...

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 31

Монголын үрс маш олон болтугай, бяцхан үрсээ хайрлая гэдэг ч төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга барих болохоороо төсөв мөнгө хүрэлцэхгүй гэж байна түмэн зовлон тоочиж суудаг нь гэм биш зан болсон. Аман дээрээ төр засаг нь Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн төлөө гэдэг ч ачир дээрээ тэднийгээ мартсаар л. Тиймдээ ч цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүд гэр хорооллынхоо шороо, байшингийнхаа орд хонгилд өвчин зовлонд өртөн өрөвдөлтэй амьдарч байна.

Тэдний ихэнх нь эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ мэдэхгүй. Мэдсэн ч эрхээ эдлэх боломж нь нийгмээсээ бүрдээгүй Монгол Улсын Үндсэн хуулийн заалт ч үйлчлэхгүй нөхцөлд бор нар шар хоногийг хэцүүхэн өнгөрөөж яваа. Тэд амьдралын хүнд хэцүүд нухлагдан сэтгэлдээ хүнд шархтай, хоосон ходоодтой, хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байна.

Гэтэл төр засаг нь сургууль цэцэрлэгийнх нь тоо хүрэлцэхгүй байгааг мэдсэн хэрнээ олигтой ажил хийхгүй хэрнээ төсөв хөрөнгө хуваарилах болохоороо Их хурлын гишүүд нь гэхэд нэг шөнийн дотор тэрбум тэрбумаар нь санаандаа орсон тоо тавьж тоглож суудаг. Тэдний хувьд юугаа ч мэдэхгүй тавьсан тоо нь тойрогт нь зарцуулагддаг нэртэй замхардаг. 

Ингэж тоглож суухын оронд эх орныхоо ирээдүй болсон хүүхдүүдэд сурч хүмүүжих боломж олгох cуpгууль цэцэрлэгийг нь бариад өгчихвөл зүгээр баймаарсан.

Ингэж чадахгүй байгаагаас боловсролын салбар уналтанд орж хувийн нэртэй өндөр төлбөртэй цэцэрлэг сургуулиудын тоо тоймоо алдсан. Эдгээр сургуулиудын сургалтын чанар, бяцхан үрсийг өсгөж хүмүүжүүлж байгаа орчин нь ямар байгааг шалгаж хянадаг газар байдаг гэхэд хэцүү. 

Байсан ч шилдгийг л тодруулахаас бус шинэ сэдсэн ажил, хийж хэрэгжүүлээгүй бүхнийг хэлж хянаж мэдэхгүй шахуу. Улсын цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны мөнгө 1000 төгрөг л байдаг бол хувийн цэцэрлэгүүдийн нэг өдрийн эцэг эхээс авдаг мөнгө нь 8000-10000 төгрөг. Харин үзүүлж буй үйлчилгээ нь арай дэндүү. Нялх балчир хүүхдэд өдөржингөө памперс хийгээд хоол өгсөн өгөөгүй хоёрын хооронд холоос хараад суучихна.

Орой очоод авахад нүүр нь халтар, үс гэзэг нь сэгсийсэн өрөвдөлтэй. Орой гэртээ турж үхэх гэсэн хүүхдүүд очоод хуурай идэх юм, цай хоол руу дайрчихна. Өдөржингөө хоосон шахуу байсан хүүхдүүд нэг дор их идэхээр ходоод нь дийлэхгүй шөнөдөө хямраад уйлж орондоо шээнэ. Ялангуяа гэр цэцэрлэгүүдийн хувьд энэ бол зуршил болсон зүйл. Эцэг эхчүүд хэлэхээр “Танай хүүхдээс өөр өчнөөн олон хүүхэд байна. 

Тэгээд ч танай хүүхэд олон дахин бааж шээдэг болохоор яах ч арга алга. Олон хүүхдийг асарна гэдэг хэцүү” гээд л ам таглачихна. Tөp засаг нь цэцэрлэгээр хангаж чадахгүй болохоор амьдрахын эрхэнд ажилдаа орсон эцэг эхчүүдийн хувьд энэ үгийг сонсож суухаас өөр арга олдохгүй. Уг нь “Хүүхэд асрахгүй юм бол цэцэрлэг гэж байгаад яах юм” гээд хэлчихмээр. 

Даанч тэгвэл таны хүүхэд гэрээ сахина даа. Угтаа бол төлбөрийг нь төлсөн бол үйлчилгээ шаардах эрхтэй. Шаардах шаардахдаа чанартайг нь нэхэх эрх бий. Дээхнэ үед эхчүүд хүүхдээ 45 хоног асран яслид өгөн ажилдаа ордог байсан бол 21 дүгээр зуун гарсан өнөө цагт хоёр нас хүрсэн хүүхдээ ч цэцэрлэгт оруулж чадахгүй гэр сахиж сууна. Гэртээ ойр цэцэрлэг олно гэдэг бол өвсөн дотроос зүү олохоос хэцүү юм болно. 

Эмч нар эрэгтэй хүүхдийг байнга памперстай байлгах нь шэсний замын үрэвсэл үүсгэх үндэс болдог. Тиймээс памперс бага хийж бай гэдэг ч цэцэрлэгийн багш нарын хувьд энэ бол юу ч биш. Өөрийнх нь хүүхэд биш бол бусдын хүүхэд өвдөх нь тэдэнд сонин биш. Улсын цэцэрлэгийн хувьд бол нэг анги нь 30-аас дээш хүүхэдтэй. Тиймээс ачааллаа дийлэхгүй байна гэдэг нэрээр оройдоо шээстэй өмдийг нь овоолж байгаад л “Хүүхдийнхээ өмдийг энэ дотроос ялгаж ав" гэдэг юм гэсэн. Яаж ч бодсон хүүхдээ өвчний үүр болгохыг хэн хүсэх вэ дээ. Гэсэн ч арга буюу улсын цэцэрлэгтээ л өгнө. Өгсөн тэр цэцэрлэг нь хэд хэдэн хүүхдийг нэг хөнжилд унтуулаад халдварт өвчин дамжуулдаг. Байсхийгээд л мөнгө нэхдэг гэж ирээд л баахан хар яриан дунд ажилладаг. 

Гэхдээ улсын хувийн гэлтгүй бүгд муу ажиллана гэж юу байх вэ. Нэг нь муу ажиллавал нөгөө хэдийнх нь ажлын үзүүлэлт буурдаг нь гэм биш зан юм хойно. Ямар ч юманд муу сайн хоёр тал байдгийн адил би гэртээ цэцэрлэг байгуулсан юм чинь яаж ч аашилж болно гэж бодвол андуурал болно. Нөгөө талаас хүрэлцэхгүй байгаа цэцэрлэгийг цэгцэлж гэр цэцэрлэг ажиллуулж байгаа нь сайн л байна. 

Боловсролын сайд нь гэртээ цэцэрлэг байгуулсан иргэдийг дэмжинэ гэсэн. Энэ зөв бодлого. Гэхдээ яаж ажиллаж байгаад нь хяналт тавибал зүгээр байх юм. Цэцэрлэг сургуулийн багш нарын хувьд нэг л их хангамж шаардсан хүмүүс. Ажлаа хэр хийдэг нь эргэлзээтэй. Боловсролын чанар сайн байсан бол их, дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүд ядаж анкет бөглөх чадвартай байхсан. 

Даанч тийм биш арай дэндүү гэмээр алдаатай бичдэг залуус бэлддэг. Түүгээр ч зогсохгүй багш нарын гарыг хүндрүүлэхгүй бол олигтой сургахгүй, эмч нар нь олигтой эмчилгээ бичихгүй. Сувилагч нарын хувьд чихэр, жимс, ундаа ч болов өгөхгүй бол нөгөө ээлжийнхээ сувилагчаар тариулчих гээд орхих нь энүүхэнд. Хэззэ Монгол оронд хүн хүнээ хүндэлдэг болох юм бол доо. Томчуудыг нь байг гэхэд хүүхдүүдийг нь хүндэтгэх юмсан даа.


Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
**********(202.179.20.195) 2013 оны 04 сарын 16

элдэв бусын баар зочид буудал барьж мөнгөө үрж байхаар цэцэрлэг бариад өгчихвөл хэн ч гэсэн хүүхдийн төлөө ажиллана шүү дээ. ер нь хүүхдийн гэсэн тодотголтой зүйл байдаг юм уу? томчуудаас олигтойхон цэцэрлэг шаардаач .....Хүн болгон л цэцэрлэг гэж шаардаад байвал томчууд чихээ онгойлгох болов уу даа...

0  |  0
**********(202.179.20.195) 2013 оны 04 сарын 16

элдэв бусын баар зочид буудал барьж мөнгөө үрж байхаар цэцэрлэг бариад өгчихвөл хэн ч гэсэн хүүхдийн төлөө ажиллана шүү дээ. ер нь хүүхдийн гэсэн тодотголтой зүйл байдаг юм уу? томчуудаас олигтойхон цэцэрлэг шаардаач .....Хүн болгон л цэцэрлэг гэж шаардаад байвал томчууд чихээ онгойлгох болов уу даа...

0  |  0
Top