Монголчууд сүмогийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон. Tэp нь мэргэжлийн сүмо бөхийн барилдааныг цэнхэр дэлгэцээр үзэх болсноор эхэлсэн гэж болно. Өдгөө монголчуудын нэгэн бахархал сүмочид. Арлын оронд сүмочид маань амжилттай барилдаж, мэргэжлийн сүмогийн гурав дахь ёкозүна төрөөд байна. Өнөөдөр мэргэжлийн сүмод Монголын 30-аад хүүхэд амжилттай барилдсаар. Миний гарын цөөнгүй шавь нар мэргэжлийн болон сонирхогчдын сүмо бөхийн дэвжээнд амжилттай барилдаж, эх орныхоо алдрыг дуурсгаж явна. Сүмо бөхийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваагаараа бахархах дуртай” гэж сүмо бөхийн дасгалжуулагч Цэдэн-Ишийн Шийрэв яриад бидний ярилцлага эхэлсэн юм.
-Сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ганзага дүүрэн оролцоод ирсэн байна?
-11 дэх удаагаа сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хонконгт энэ аравдугаар сарын 27-28-ны өдрүүдэд зохиогдлоо. Миний бие улсын заан, ОУХМ Ц.Мягмарсүрэнгийн хамтаар баг тамирчдаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дасгалжуулаад ирлээ. Дэлхийн 40-өөд орны эмэгтэй, эрэгтэй сүмочид тус бүр дөрвөн жингийн ангилалд өрсөлдөн барилдсан.
Залуучуудын -100 кг-ийн жинд “Аврагч” спорт хорооны бөх, аймгийн заан Б.Серик барилдаж эхлээд Хонконг, Гүржийн бөхчүүдийг ялж хэсгийн аваргын төлөө ОХУ- ын бөхийг золгож хав барьцнаас золгож илүүрхэн барилдаж ялсан. Аваргын төлөө Бүх Японы болон оюутны аварга Онами Ашихашитай хоёр минут гаруй барилдсан. Манай бөх олон мэхний хувилбар хийсний эцэст зайлж мушгиж өрсөлдөгчөө ялснаар сонирхогчдын сүмо бөхийн залуучуудын дэлхийн аваргын алдрыг хүртэж, алтан медалийн эзэн болсон.
Б.Серикээс өмнө манай бөхчүүдээс өдгөө мэргэжлийн сүмогийн жюүрёо зиндаанд барилдаж буй А.Баасандорж дэлхийн залуучуудын аварга болж байсан юм билээ. Залуучуудын үнэмлэхүй жинд “Аварга” дээд сургуулийн оюутан, аймгийн начин Д.Аззаяа эхлээд хийлсэн. Дараа нь Японы бөхийг монгол бөхийнхөө үндсэн мэхээр ялж, аваргын төлөө Гүржийн бөх Ж.Жигатай барилдаж золгож шахаж татаж ялснаар анх удаагаа дэлхийн аваргын алдрыг хүртлээ.
80 кг-ийн жинд Ц.Анхбаяр Пакистан, Хонконг, Болгарын бөхчүүдийг ялж аваргын барилдаанд Японы бөхтэй барилдаж, ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Залуу бөх Ц.Анхбаярын хувьд жин нэлээд хассаны дээр аваргын барилдаанд сэтгэл ханасан байдалтай барилдсан. +100 кг-ийн жинд Д.Төрболд эхлээд хийлж, Гүрж, Украйны бөхчүүдийг ялж, Японы Мүрамашид ялагдсанаар мөнгөн медалийн эзэн болсон. Залуу бөх Д.Төрболд Японы ахлах сургуулийн 3-р ангид сурдаг өдгөө 17 настай.
Нуруулаг 187 см,145 кг жинтэй. Цаашид мэргэжлийн сүмод барилдаж өндөр амжилт үзүүлэх магадлалтай. Охидын +75 кг-ийн жинд М.Сэлэнгэ хүрэл медаль хүртсэн. Насанд хүрэгчдийн ангилалд манай бөхчүүд боломжийн барилдсан. Үнэмлэхүй жинд ОУХМ Г.Наранбат аваргын төлөө барилдаанд Японы аваргыг зогсолтгүй дайрсаар ялснаар дэлхийн аваргын алдрыг хоёр дахь удаагаа хүртлээ.
Маэноюү нэрээр мэргэжлийн сүмод дөрвөн жил гаруй барилдсан Г.Наранбат өдгөө ч Токио хотноо сүмогийн дунд сургуульд багшилж байгаа юм. Эмэгтэйчүүдийн -80, +80 кг- ийн жинд 85 кг-ийн жинд О.Мөнхцэцэг, Х.Сүнжидмаа, эрэгтэйчүүдийн +115 кг-ийн жинд дэлхийн хошой аварга У.Бямбажав нар хүрэл медалийн эзэд боллоо. Р.Гантөгс жин их хассаныхаа үр дүнг үзүүлж, хэсэгтээ Японыг ялж, аваргын төлөө Болгарын бөхтэй барилдаж, шуугиулсны эцэст ялж, олон жил хүлээсэн аваргын алтан медалиа хүртлээ.
Өрсөлдөгч болгар бөх нь хурц дайчин барилдаантай ч дүрмийн бус алдаа гаргаж, барилдааны явцад Гантөгсийг цохисон. Уг нь ийм тохиолдолд шууд хасдаг ч шүүгч торгож, дахин барилдуулсан юм. Багийн барилдаанд манай улсын залуучууд Украйн, Гүрж, Бразилийн багийг хожиж, хэсгийн аваргын барилдаанд Японы багт 1:2-оор ялагдаж, хүрлийн төлөө барилдаанд Гүржийн багийг 3:0-ээр ялсан. Манай залуучуудын багт Б.Серик, Н.Шижирболд, Н.Төрболд нар орж өрсөлдсөн.
Охидын болон эмэгтэйчүүдийн багийн барилдаанд манай багийнхан 4-р байр эзэллээ. Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн багийн барилдаанд манай багийн бүрэлдэхүүнд ОУХМ У.Бямбажав, Ц.Мягмарсүрэн, Ц.Батзориг, Н.Ичинноров нар багтсан. Хэсгийн аваргын барилдаанд манайхан японы бөхчүүдэд 1:2-оор дийлдээд, дагах барилдаан хийж, медалийн төлөө Унгарын бөхчүүдийг ялсан. Японд суралцаж буй залуу сүмоч Н.Ичинноров гол барилдааныг амжилттай хийсэн, жин ихтэй гол нурууны бяртай залуу байна лээ. Цаашид мэргэжлийн сүмод хөл тавих байх аа.
-Сонирхогчдын сүмо бөхийн хөгжлийн түвшин ямархуу байна даа?
-Сүмо бөх дэлхийн нийтээр улс орнууд жигдхэн хөгжүүлэх боллоо. Ялангуяа Европын улс орнууд амжилттай хөгжүүлж байгаа нь энэ удаагийн тэмцээний амжилт нотолж өглөө. Гурав дахь удаагаа зохиогдсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бараг бүх аваргын алтан медалийг Европынхон хүртлээ. Ганцхан жинд л сүмогийн өлгий нутгийн бүсгүйчүүд түрүүлсэн байна.
Олон улсын сүмо бөхийн холбоо, ОУОХ-той хамтран 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд сүмог үзүүлэх барилдаанаар оруулж, 2020 оны олимпийн наадмын албан ёсны хөтөлбөрт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ. Бразил, Куба, АНУ зэрэг орнууд ч сүмо хөгжүүлэх асуудалд түлхүү анхаарах боллоо. Улс орнуудын төр, засгаас онцгойлон анхаарч, санхүүгийн дэмжлэгийг бүх талаар үзүүлэх боллоо.
-Манай сүмочид ямархуу дэмжлэг хүртэж байна даа?
-Миний бие цөөнгүй жил тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголынхоо сүмочдын дасгалжуулагчаар оролцож ирлээ. Дэмжлэг, санхүүгийн туслалцаа бараг хүртэж байсангүй. Тамирчдынхаа хамтаар өөрсдөө л зардлаа гаргах жишээтэй. Энэ удаа ч урьдын адил байлаа. Зөвхөн сүмочид гэлтгүй. Спортын бүх төрлийн багш дасгалжуулчид болон тамирчдыг бүх талаар дэмжиж урамшуулж байх ёстой. Миний удирдлага дор жүдо, самбо, кураш, сүмо бөхийн төрөлд гэхэд л 100 гаруй тамирчид байнгын бэлтгэлд хамрагдаж уралдаан тэмцээнд оролцож байна.
-Таны удирдаж буй “Аврагч” спорт хорооны баг тамирчдын амжилт өндөр байдаг...?
-Миний үндсэн ажил бол ОБЕГ-ын харьяа “Аврагч” спорт хорооны бөхийн дасгалжуулагч. Шавь нараас маань “Лондон-2012” олимпийн наадамд оролцсон тамирчин байна. Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар жүдогийн Дэлхийн цомын тэмцээнд түрүүлж, Б.Бат-Эрдэнэ Истанбулын дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртээд байна. Б.Серик, А.Давааням, О.Мөнхцэцэг, Ч.Эрдэнэсайхан, Н.Нямтуяа, Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарын бөхчүүд маань цаашдаа ч өндөр амжилт үзүүлж багшийгаа олон баярлуулах байх аа.
Одоогоор шавь нараас маань олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон нэрэмжит тэмцээнээс 1000 гаруй медаль хүртээд байгаа. Мэргэжлийн сүмогийн талбарт миний шавь болох Кёкүшюүхо Эрдэнэбаатар, Таканоива Баасандорж нарын цөөнгүй тамирчид ид барилдаж байна. Нэгэн үе монгол хүн бүр л сүмо бөх сонирхож, ярьдаг байсан.
Сүүлийн жилүүдэд энэ байдал бага зэрэг буурсан байдал мэдрэгдэх боллоо. Би цаашдаа ч эх орондоо сүмо бөхийн спортыг сурталчлан таниулах үйлсэд идэвхийлэн ажиллах болно. Нэгэн сонирхолтой баримт дэлгэхэд миний удирдсан самбо, Жүдо, сүмо бөхийн дугуйланд олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт анх ирж хичээллэн, спортын дөртэй болж, их спортын амжилтын анхны замналаа тавьж байсан түүхтэй. Н.Төгсцогт хэсэг хичээллэж байгаад бокс руу урвачихсан (инээв).
Бусад спортын төрлүүдийг бодвол манай улсад сүмогийн тэмцээн тун цөөхөн зохиогддог, бөхийн төрлөөр хичээллэгчид л тэмцээн уралдаанд оролцох жишээтэй. Энэ байдал цаашдаа дүрэм журмаараа болох байх аа. Энэ дашрамд Онцгой байдлын Ерөнхий газар, “Аврагч” спорт хорооны удирдлагууддаа бүх талаар тусалж дэмжиж байдагт тамирчдынхаа өмнөөс баярлан талархаж явдгаа “ТЦ” сониноор уламжлан илэрхийлмээр байна.
Д.Гэнээ
Эх сурвалж: “Таван Цагариг”
Сэтгэгдэл ( 0 )