Сэргээшээс үүдэлтэй хэрүүл Монгол бөхөөс салахаа болив. Айрагдсан морь, шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг болоод нэлээд хэдэн жил өнгөрлөө. Сэргээш хэрэглэснийг манайхан бүү хэл шинжилгээ хийдэг газар нь баталж чаддаггүй юм билээ. Гэтэл бид сэргээш гэж ийм их хэрүүл хийх шаардлага байна уу гэсэн асуулт гарч ирнэ. Аймгийн наадам болоод улсын наадмын 5-аас доош даваанд унасан бөхөөс сэргээшийн шинжилгээ авдаггүй. Тэгэхээр энэ бас л өрөөсгөл шалгуур болж байна.
“Чилийсэн палийсан” гэдэг эмэнд гормон өндөрсүүлэгч бодис байдаг аж. Энэ эмийг гэмтэл бэртэлтэй бүх хүн хэрэглэдэг юм. Ийм маягаар эрүүл мэндтэй холбоотой уудаг олон эмэнд сэргээшийнхтэй ижил гардаг бодис бий гэдгийг анагаахын эрдэмтэд бүгд хэлж байгаа. Тэгэхээр одоо монгол бөх сэргээш гэдэг зүйлийг бүр таг мартвал яасан юм бэ. Бяртай нь биш мэхтэй, хурдтай нь давдаг онцлог зөвхөн монгол бөхөд л байгаа. Монгол бөхийн барилдаан бусад барилдаанаас тэс өөр учир сэргээш бараг л хэрэг болохгүй дээ. Хэрэв хэрэглээд тэр нь үнэхээр нэмэртэй бол өөр асуудал бас сөхөгдөнө.
Жишээ нь: Улсын заан Санжаадамбыг унагах зорилгоор нэг бөхөд сэргээш хэрэглүүлж гэж бодъё. Тэр бөх гурав юмуу дөрвийн даваанд л Санжаадамбыг хаях ёстойгоор бэлтгэгдээд тэгээд хаячихаад 5-ын даваанд унаад өгнө. Түүнээс шинжилгээ авахгүй. Харин түрүү өрсөлдөөний бөхийг зайлуулж байгаа хэрэг. Нэгэнт Санжаадамба уначихсан юм чинь өөр бөх түрүү барилдаанд гарч ирнэ. Нөгөө сэргээшийн шинжилгээний хэрэг байна уу, үгүй л байна шүү дээ.
Сэргээш хэрэглээгүйг ганцхан Х.Мөнхбаатар мэдэж байгаа бол хэрэглэсэн гэдгийг ганцхан Р.Нямдорж мэдэж байгаа болохоор үнэн худлыг дүгнэх ямар ч боломж алга. Үнэн худал нь бүү мэд А.Сүхбат аваргад зориулж сэргээшийг гаргаж ирсэн гэх яриа бий. А.Сүхбат аварга Нямдоржтой хэрэлдсээр байж ид залуу насандаа зодог тайлсан нь хөдөлшгүй үнэн. Одоо дахиад нэг залуу арслан Нямдорж гэдэг хүнтэй муудлаа. Бас зодог тайлах уу, эсвэл ид барилдах идэр залуу насандаа барилдах эрхээ хасуулах уу гэдэг асуудал гараад байна. АХ-ын 90 жилийн ойгоор зургаагийн даваанд Х.Мөнхбаатар, Бат-Эрдэнэ нарын барилдаан маргаантай болсон. Уг нь бол Мөнхбаатар мэх хийж хаясан байдаг. Гэтэл Бат-Эрдэнийг давуулсан. Түүнийг эсэргүүцэж Мөнхбаатар наадмын талбай дээр дараагийн даваа эхэлтэл зогсож байсныг телевиз үзсэн бүх хүн мэдэж байгаа. Шударга цэц бол Мөнхбаатарт даваа өгөхгүй юмаа гэхэд дахиж барилдуулах ёстой. Түүний урд жил Өсөхбаяр аваргатай барилдахад арслан Б.Ганбаатар, улсын засуул Б.Пүрэвээ нар илт Өсөхөө аваргын талд үйлчилж байсныг наадамчин олон эсэргүүцэн шуугиж байсан даа. Иймэрхүү маягтай гадуурхалт бол бөхийн барилдаанд нэг бус удаа давтагдаж байгааг түмэн олон харж байгаа.
Энэ жил гэхэд үзүүр түрүүний барилдааны үеэр Баянмөнх аваргатай Нямдорж хэрүүл хийж бараг зодолдох дээрээ тулсан. Бөхийн холбооны тэргүүн Нямдорж барилдаан бүхэнд оролцож, энд тэнд гүйж явдаг нь түмний нүдэнд ил байхад “би суудлаасаа огт босдоггүй” хэмээн улайх ч үгүй ярьж суух юм. Яахаараа Нямдоржтой муудсан бөхчүүдээс сэргээш илрээд байна гэдэг нь анхаарал татсан асуудал. Эсвэл сэргээш хэрэглэсэн бөхчүүд Нямдоржтой муудаад байна уу гэдэг асуудал гарч ирнэ. Ер нь бөхчүүдээ талцуулсан, хагаралдуулсан, хэрүүл тэмцэлд улайрсан тийм удирдлага байх хэрэг байна уу, тийм болохоор хэл ам тасрахгүй байгаа юм бишүү гэж бодогдохоор байна. “Би чамтай үзэлцэнэ, Чи ингэж хэлснээрээ өөрийнхөө замд чулуу шидлээ, тэнэг мангар” энэ тэр гэж холбооныхоо гишүүн бөхийг олон түмний өмнө илт дарамталж байгаа хүн бол нүднээс далд юу ч хийдэг байж мэдэх нь гэсэн сэтгэгдэл төрүүлж байна.
Энэ бол Нямдорж, Мөнхбаатар нарын хоорондын асуудал биш. Ер нь бөхийн барилдаанд найраа байгаа, хувийн үзэл бодлоор бие биенээ хавчин гадуурхах, эрх ашгийг маш том зөрчил байгааг харуулж байна. Одоо сэргээш гэдгийг таг мартаад барилдвал яасан юм бэ, бүгд л сэргээшээ хэрэглээд л барилдана биз...
Тал бичээч Да.Жаргалсайхан
Сэтгэгдэл ( 0 )