Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хуралдааныг Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдан явууллаа. Хуралдаанаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийн жагсаалт, нийслэлд 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын бэлтгэл ажлын тухай, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай зураг төсвийн жагсаалтанд үерийн хамгаалалтын барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж, дулаан хангамж, цахилгаан хангамж, авто зам, замын байгууламжийн зураг төсвөөс гадна, нийтийн тээвэр, эрүүл мэнд, боловсролын салбар зэрэг нийт 10 чиглэлд хийгдэх барилгын зураг төсөв багтсан байна. 2012-2013 онд Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 7,9-хороо, Баянзүрх дүүргийн 8-р хороо, Ус-15 болон Дунд голын үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажлын зураг төсөв, Туул голын үерийн хамгаалалтын далангийн хэсэгчилсэн засвар зэрэг 9 газарт үерийн хамгаалалтын барилга байгууламж барих, засах зураг төсөв боловсруулахаар жагсаалтанд оруулж үүнд нийтдээ 640 сая төгрөг төсөвлөжээ. Инженерийн шугам сүлжээг сайжруулахад зориулан нэг тэрбум, 520 сая төгрөгийн зураг төсвийг гаргажээ.
Тасганы овооны цэвэр усны буух ф500 мм шугамыг солих ажлын зураг төсөв, Төв цэвэрлэх байгууламж болон гэр хороололд загвар бага оврын цэвэрлэх байгууламж барих зураг төсөв зэрэг инженерийн шугамтай холбоотой нийт 20 гаруй ажлын зураг төсөв боловсруулахаар жагсаалтанд оруулжээ. Мөн 2012-2013 онд авто зам, замын байгууламжийн зураг төсөвт нийт 780 сая төгрөгийг төсөвлөхөөр төлөвлөж байгаа юм байна. Ирэх онд шинээр Хайлаастын уулзвараас, Дарь эхийн зам хүртэлх 1,6 км зам 60 метр урт гүүрний хамт, Сэлбийн баруун эргээр, Энхтайвны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртлэх 0.7 км авт зам, 100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Энхтайваны өргөн чөлөөнөөс Бээжингийн гудамж хүртэлх 0,7 км автозам, 100 айлаас хойш Сэлбийн баруун эргээр Дарь-Эхийг Ногоон нуурын гудамжтай холбосон замтай холбох 2,2 км авто зам, Шар хадны эцсээс урагш Улаанхуаран Улиастайг холбосон шинэ зам хүртэлх 2,1 км авто зам, Дарь эхийн замыг Цагдаагийн гудамжтай холбох 0,4 км авто зам, Хувьсгалчдын авто замаас Хайлаастын авто замын эцэс хүртэлх 3,6 км авто замыг барихаар зураг төсөвт тусгажаа.
Харин эрүүл мэндийн салбарт 369,5 сая төгрөгийн зураг төсвийг суулгаж байгаа бөгөөд, БГД-ийн Наркологийн төвийн барилга, ХУД-ын Туул тосгоны эмнэлгийн барилга, түргэн тусламжийн төвийн салбар пунктуудын байрыг засах, шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр цэцэрлэг барих болон, сургуулийг өргөтгөх, засвар хийх зэрэг зураг төсөвт нийт 1 тэрбум 885 сая төгрөг зарцуулагдахаар тооцсон байна. Ингээд танилцуулгын дараа Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд хот төлөвлөлт, зураг төсөл судалгааны албаас танилцуулж байгаа энэхүү зураг төсвийн жагсаалтын үнийг энэ чигээр нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Зарим нэг төсөв хэт үнэтэй байхад, зарим чухал ажлын зураг төсөв орхигджээ гэдэг дээр санал нэгдсэн. Тиймээс хуралдааныг удирдсан Нийслэлийн Засаг даргын санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, яаралтай эхлүүлэх ёстой, зураг төсөв нь хэнд ч тодорхой, ойлгомжтой байгаа ажлуудыг хийж эхлэе. Харин зарим нэг тодруулах шаардлагатай зураг төсвийг тодорхой болгож 11.20-ны дотор хэлэлцье гэв. Энэ саналыг Удирдлагын зөвлөлийн гишүүд дэмжлээ.
Нийслэлийн Татварын газрын дарга С.Энхбаатар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 сарын 18-ны А/645 дугаар Захирамжаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай санал боловсруулах ажлын хэсгийг Засаг даргын орлогчоор ахлуулан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг ажиллах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, уг асуудлыг хэрэгжүүлэх мэргэжлийн алба болох Нийслэлийн татварын газар зарим бэлтгэл ажлыг хийж эхний хувилбарыг боловсруулсан байна. “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн" 6 дугаар зүйлийн 6.1-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн тавдугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ноогдуулна гэж заасан байдаг байна. Энэ нь 2010 онд уг хуульд оруулсан нэмэлт найруулга бөгөөд ирэх оны 1-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм.
Иймд энэхүү хуулийн хэрэгжилтийг хангахын тулд үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг харгалзан албан татварын хувь хэмжээг тогтоохдоо нийслэлийн нутаг дэвсгэрийг бүсчлэх шаардлага гарчээ. Одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотыг тодорхой зорилгоор бүсчилсэн туршлага байдаг байна. Газрын төлбөрийн хэмжээг тогтоохдоо Улаанбаатар хотыг 5 бүсэд хувааж, ялгавартайгаар тогтоосон бол нийслэлийн хөгжлийн чиг хандлагыг харгалзан 3 бүсэд шуудан, харилцаа, холбооны чиглэлээр нэлээн олон бүсэд хуваадаг байна. Нийслэлийн Татварын газар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар хуваах үүднээс 3 бүс болгох санал гаргажээ. Нийслэлийн Удирдлагаас Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо газрын үнэлгээний бүсчлэлийг харгалзах чиглэл өгсний дагуу НИТХ-аас 2010 онд тогтоосон Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын төлбөр тогтооход хэрэглэх бүсчлэлийн хязгаарыг үндэс болгожээ. Энэ дагуу Нийслэлийн газрын албаны зураглалд үндэслэн үл хөдлөх хөрөнгийн албан татварыг хороогоор нь хуваах зарчмын дагуу нийслэл Улаанбаатар хотыг 5 бүсэд хувааснаа танилцууллаа. Үл хөдлөх эд хөрөнгийн хувь хэмжээг 1-р бүсэд -1,0 хувь, 2,3 дугаар бүсэд -0,8 хувь, 4,5 дугаар бүсэд -0,6 хувиар тогтоох саналыг орлууллаа. Ажлын хэсгийн саналыг сонсоод Удирдлагын зөвлөлийн гишүүд, “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох” төсөлтэй холбогдуулан нийслэлийн төсөвт нэмэгдэж орох орлогын тооцоог нарийвчлан тооцож, 2013 оны төсвийн төсөлд тусгах, энэхүү тогтоолыг төслийг эцэслэн боловсруулж, НИТХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.
Сэтгэгдэл ( 0 )