Олон нийтийн оролцоог уриа байдлаар нэмэгдүүлж болохгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 12 сарын 21

 

Нийслэл төр дэх олон нийтийн оролцооны тод жишээ болж, хороо бүрт Иргэний танхим байгуулах аж. Иргэний танхимыг Улаанбаатар хотын Иргэдийн оролцоог дэмжих  төслийн хүрээнд хуримтлуулсан  Иргэдийн бүлгийн туршлагад тулгуурлах юм байна. Өнөөдөр нийслэлийн 60 хороонд иргэдийн бүлэг ажилладаг. Тиймээс иргэдийн бүлэг болон төр дэх олон нийтийн оролцооны тухай Иргэдийн оролцоог дэмжих төслийн ахлах зохицуулагч Б.Нямсүрэнтэй уулзаж ярилцлаа. 

-Иргэдийн оролцоог дэмжих төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байгаа гэсэн. Төслийг хэрэгжүүлэх болсон зорилго юу байв?

-2005 онд энэхүү төслийг хэрэгжүүлэх санаа төрсөн юм. Улмаар иргэдийн оролцоонд тулгуурлан гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн том зорилтыг өмнөө тавьсан. Тухайн үед иргэдийн оролцоог дэмжих нь шинэлэг зүйл байлаа. Үнэндээ иргэдийн оролцоо гэсэн үгний утгыг нь ойлгодог хэрнээ яаж хэрэгжүүлэх вэ гэдгээ бид мэдэхгүй. Дээр нь иргэдийн оролцоо гэхээр хэнхэг хүний хийдэг ажил гэсэн ойлголт нийгэмд давамгайлсан байв. Залуучууд, өсвөр насныхан энэ үгнээс зугтдаг, ичдэг байлаа. Тиймээс тухайн үед дундаас дээш насны хүмүүсийг түшихээс өөр гарц бидэнд байгаагүй.  Иргэдийн дунд хаа сайгүй мэдээлэл хийлээ. 2000 хүнд мэдээлэл хийхэд 20 нь үлдэх жишээтэй. Төслийг хэрэгжүүлэхийн тулд бидэнтэй хамтран ажиллах хүмүүсийг хайж байлаа. Иргэн нь иргэндээ нөлөөлөх нь хамгийн зөв арга юм байна гэж үзсэн учраас идэвхжүүлэгч гэдэг үгийг хэрэглэлээ. Идэвхжүүлэгч гэхээр иргэдийн өмнөөс ярих, хийх, хариуцлага хүлээхгүй ээ. Тайван байгаа ард түмний дунд орж, тэднийг хөдөлгөөнд оруулж, хүсэл тэмүүлэлтэй болгохыг хэлж байгаа юм. Төслийн нэгдүгээр шатанд идэвхжүүлэгчдийг бэлтгэж, гэр хорооллын иргэд дунд ажиллуулж, иргэдийн бүлгээ байгуулав. Бүлэг гэж юу юм бэ?. Бүлгийн олон төрлөөс алийг нь сонгох вэ? Юу хийх, ямар үзэл баримтлал, зорилготой байх вэ? гэсэн арга зүйгээ тодорхойлоход бүлгийн хэлбэр хамгийн чухал байдаг. Тиймээс өөрсдөдөө туслах бүлэг гэсэн хэлбэрийг сонгож авсан. Энэ нь иргэд өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө тодорхойлно. Өөрсдөдөө байгаа нөөц бололцоондоо тулгуурлан асуудлаа шийднэ. Ингэсний дараа өөртөө туслах бүлэг маань тодорхой хугацааны дараа бие даан тогтвортой ажиллах боломжтой болно. Төслийн нэгдүгээр шатанд сайн дураараа эвлэлдэн нэгдэх арга, хэлбэрийг эрэлхийлэхэд чиглэгдсэн санал санаачилгыг хэрэгжүүлсэн бол, хоёрдугаар шатанд иргэдийн бүлгүүдийг нэгдсэн зохион байгуулалт, удирдлагатай, нэг системд хэрхэн оруулах вэ гэсэн асуудлыг шийдлээ. Тиймээс иргэдийн бүлгүүд маань холбооны зохион байгуулалтад орсон. Дүүрэг бүрт байгуулагдсан  иргэдийн бүлгүүд нэгдэж  холбоо  болсон, өдгөө дүүргүүдийн холбоод сүлжээ болон хамтран ажиллаж байгаа. Холбоод хоорондоо туршлагаа харилцан судлаж бас өрсөлддөг. Нэгдүгээр шатанд хүүхэд асарч байгаа юм шиг, танай бүлэг хурлаа хийсэн үү, тайлангаа хийсэн үү гэдэг байсан бол одоо бидний оролцоо багасаад ирсэн. Ямар нэгэн ажил авлаа гэхэд түүнийг хийхгүй хаяад явчихдаг бүлэг байхгүй. Нэг ёсондоо маш их хариуцлагатай болсон. Ийм хэмжээнд бүлгүүдийг ажиллуулахын тулд 2005 оны намраас хойш ажиллалаа.  Бид иргэдийн бүлгүүдтэй нийт 150 гаруй ажлын гэрээ хийсэн. Тэр дотор хүний хариуцлагагүй байдалтай холбоотой, эсвэл мөнгө аваад алга болсон зүйл огт гараагүй. Бид хоосон зүйл хийгээгүй юм байна гэдэг нь өнөөдөр харагдаж байна. Ямар ч байсан бүлгүүд маань барилгын ажлыг сайн хийгээд сурчихсан. Хамгийн энгийн технолгитой явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийдэг болсон.

-Одооноос олон нийтийн оролцооны талаар хүчтэй ярьж байна. Гэтэл та бүхэн 2005 оноос эхлүүлжээ. Хүндрэл бэрхшээл хэр байв?

-Ярих бол амархан. Хэрэгжүүлэх нь хэцүү. Олон ч асуудал бидэнд тулгарсан. Иргэдийн бүлгүүдээ хэрхэн дэмжих вэ, бэлэнчлэх бус өөрсдөө бүтээх сэтгэлгээг яаж төлөвшүүлэх вэ, иргэдээ төлөөлөөд дуу хоолойгоо илэрхийлдэг болгохын тулд яах вэ гээд л олон асуудал урган гарсан. Арга зүй, туршлагын хувьд бидэнд алдсан зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ алдсанаасаа оносон нь их.  Иргэдийн бүлгийг тогтвортой ажиллуулахын тулд хоёр хүчин зүйл хэрэгтэйг олж харсан. Нэгдүгээрт чадварлаг хүний нөөцтэй, нөгөө нь тасралтгүй өөрөө өөртөө орлого бий болгож байдаг  бичил бизнес иргэдийн бүлгүүдэд хэрэгтэй байдаг. Хүмүүс байгаа газарт заавал зардал гарна шүү дээ. Тиймээс бичил бизнесийг эрхэлж байж л зардлаа нөхнө. Бичил бизнесгүй дан сэтгэл зүрхээрээ нэгдэнэ гэвэл тодорхой хугацааны дараа бутраад алга болчихдог юм. Яг ийм байдлаар бутарч унасан иргэдийн бүлэг олон бий.

-Төр засгийн дэмжлэг хэрэгтэй байдаг уу. Тийм бол тэр нь ямар асуудал байдаг бол?

-Сэтгэл зовж байгаа зүйл байлгүй яахав. Бүлгүүд маань тууштай ажиллаж чадахгүй байгаа. Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Тухайлбал, нийгмийн ядууралтай холбоотой. Тэдний ар талд гэр бүл нь байна. Тэднийгээ тэжээх хэрэгтэй байдаг.  Сэтгэл зүрхээрээ нэгдэхийн хувьд иргэд нэгдэж чаддаг ч амьдралын эрхээр сатаараад явчихдаг. Энд юу хэлэх гээд байна гэвэл иргэдийг оролцуулна, тэдний оролцоотойгоор асуудлыг шийднэ гэдэг нь  хууль, дүрэм батлаад шийдэгдчихдэг зүйл огт биш. Иргэдийн өөрсдийн хоорондын энгийн харилцааг бий болгож байж, тэр харилцаа нь хүмүүст төр засгийн үйл ажиллагаанд оролцох сэдлийг төрүүлнэ, идэвхийг өгнө, дараа нь тэдгээр хүмүүс маань нийлээд эсвэл ганц нэгээрээ ч бай төрдөө үгээ хэлдэг болно. Энгийн хамтач харилцааны үр дүнд тэдний  гараас гарч байгаа нэг ч гэсэн бүтээгдэхүүнийг эсвэл тэдний хөдөлмөрлөх хүсэл эрмэлзлэлийг нь зах зээлтэй холбоход нь төр оролцоод өгч чадвал тэр нь жинхэнэ иргэдийн оролцоог дэмжиж байгаа явдал юм. Өнөөдөр л гэхэд манай иргэдийн бүлгүүд дөрвөн төрлийн үйлдвэрлэл явуулж байна. Тухайлбал, ямар ч төрлийн хувцас хийж байна. Нөгөө нь хүнсний ногоо, суулгац тарих, модон болон шүр сувдан эдлэл хийдэг. Гэтэл хийсэн бүтээгдэхүүнийг нь тохиолдлын байдлаар буюу жилд ганц нэг удаа зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаагаар борлуулдаг. Иргэдийн бүлгийн оролцоог дэмжинэ гэдэг шаардлагатай зах зээлд нь холбож өгөхийг хэлээд байгаа юм. Тогтвортой механизм хэрэгтэй гэсэн үг. Эдийн засаг нэмэгдэхээр иргэдийн оролцоо аяндаа хөгжих нь гарцаагүй. Төслийн зүгээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр санал санаачлага гаргаж, түүнийгээ туршиж үздэг. Гэвч энэ нь хангалтгүй байдаг.  Үр дүнтэй болгохын тулд төр засгаас бодлогод суурилсан дэмжлэг хэрэгтэй байгаа.  Хамгийн түрүүнд зах зээлтэй нь иргэдийг холбоод өг. Дараа нь иргэдийн бүлгүүдийн чадварт суурилсан сонгон шалгаруулалт хийгээд энгийн жижиг ажлуудыг иргэдийн бүлэгт өгч, үйл ажиллагаа нь өргөжүүлэх хэрэгтэй гэж боддог. Иргэдийн оролцооны эхлэл тавигдсан. Үүнийг одоо төр засгаас дэмжээд өгөх хэрэгтэй байна.

-Төслийн хугацаа дууслаа гэхэд иргэдийн бүлгүүд цаашид хэрхэн ажиллаж бол?

-Аливаа асуудлыг шийдвэрлэх хоёр арга байна. Нэг дэх нь гадны тусламж дэмжлэгтэйгээр мэргэжлийн хүн оролцож, шийдээд өгчихдөг. Нөгөө нь нөөц боломжид нь тулгуурлан өөрсдөөр нь шийдүүлэх. Үүнийг давуу талд тулгуурласан хандлага гэдэг. Бидний сонгосон арга нь давуу талд тулгуурласан хандлага юм.  Иргэдээ сургаж, чадваржуулъя. Иргэд нь өөрсдийн тулгамдсан асуудлаа тодорхойлж шийдвэрлэх хэлбэрийг сонгосон. Хэрвээ үүнээс өөр хэлбэрийг сонгосон бол нярай хүүхэд шиг, тэжээвэл амьдардаг, тэтгэхээ боливол зогсдог систем рүү орох гээд байсан. Өнөөдөр л гэхэд иргэдийн бүлгүүд маань өөрсдийн нөөц боломжийн хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа. Яагаад гэвэл өөрчлөлт, хөгжлийг хийхэд олон талын оролцоо, хамтын ажиллагаа хэрэгтэй байдаг.  Дан ганц төслийн хэмжээнд  сургаад бэлтгэх нь нэг тал нь шүү дээ. Өөртөө туслах хэлбэр нь өнөөгийн нийгэмд хамгийн шилдэг хэлбэр. Иргэдийн бүлэг нийгэмд хувь нэмрээ оруулах нь зөв гэсэн итгэл үнэмшилтэй болгох нь эхний шат. Энэ эхлэл тавигдсан. Харин одоо итгэл үнэмшилтэй болчихсон эдгээр хүмүүст жаахан л боломж олговол их зүйлийг хийж чадна. Иргэдийн бүлэг гэхээр хүмүүс ядуу иргэд үү, юу хийж чаддаг юм гэдэг. Гэтэл амьжиргааны түвшин бага гэгдэг хүмүүс харин ч эрэлт хэрэгцээ ихтэй байдаг. Эрэлт хэрэгцээ их байна гэдэг хүсэл тэмүүлэлтэй байна гэсэн үг. Хүсэл тэмүүлэлтэй хүний гараас нь юм гардаг. 2-12 хүний бүрэлдэхүүнтэй бол бүлэг гэж барууны орнуудад үздэг. Харин Монголд тооноос илүү сэтгэл зүйн холбоог чухалчлах хэрэгтэй гэж үздэг. Бүлэг гэдэг миний байх ёстой газар мөн үү гэдгийг эхлээд хүлээн зөвшөөрөх. Хүндэтгэл, итгэл хоёр ч байх ёстой. Ийм гурван зүйл байж л бүлэг оршин тогтноно гэж бид үздэг юм. Төслийн хугацаа дууслаа ч гэсэн тараад алга болохгүй гэсэн итгэл хүлээсэн хүмүүс байгаа. Сайхан хамт олон бүрдэж чадсан. Энэ эрчээрээ явбал төр засагт дуу хоолойгоо хүргэж, үр дүнд хүрнэ гэж найдаж байгаа. Төсөл маань 2015 оны долдугаар сард дуусна. Тиймээс хоёрдугаар шатнаас төслийн хамт олон иргэдийн бүлгүүдэд зааж зааварлах  оролцоогоо аажмаар  татаж байгаа. Яагаад гэвэл иргэдийн бүлэг маань төсөл зогслоо ч гэсэн үйл ажиллагаагаа үргэжлүүлэх чадвартай байх ёстой.  

-Бусад улс орны  иргэдийн оролцоог хэрхэн дэмждэг юм бол?

-Тайланд, Энэтхэг, Филиппин зэрэг иргэдийн оролцоо хөгжсөн улс орнуудад нийтлэг нэг зүйл бий. Тэр нь төрийн бус байгууллага, төсөл хөтөлбөр, нийгмийн ажилтнуудынхаа санал санаачлагыг төр нь сайн дэмждэг. Тухайлбал, Энэтхэгт иргэд нь жижиг хэмжээний үйлдвэрлэл явуулдаг. Бүтээгдэхүүнийг нь бөөний үнээр худалдаж аваад Засгийн газрынхаа нэрийн өмнөөс борлуулдаг. Дэлхийн өнцөг булан бүрт Энэтхэгийн ядуу өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилготойгоор нийгмийн сайн үйлсэд нэгдэхийг уриалж худалдаалдаг. Тайландад жишээ нь эмэгтэйчүүд нь цэцэг үйлдвэрлэдэг. Сайн ч хийнэ. Төрөөс зохион байгуулж байгаа бүхий л хүндэтгэлийн арга хэмжээний цэцгийг хийдэг. Энэ нь тэдэнд зах зээлийг нээж байгаа том дэмжлэг шүү дээ. Энэ туршлагыг иргэдийн бүлгийн ахлагч нар газар дээр нь очиж үзсэн.

-Иргэдийн оролцоо гэж яриад байдаг. Гэтэл яаж ажил хэрэг болгохыг мэдэхгүй байна уу гэх бодол төрөөд байдаг юм?

-Их дээд сургууль, судлаач, хэвлэл мэдээллийн салбарынхны анхаарлыг  энэ чиглэл рүү татах хэрэгтэй.  Их, дээд сургуулийн нийгмийн чиглэлээр сурч байгаа оюутан залууст орчуулгын ном цээжлүүлэх биш, бодит амьдрал дээр онол арга зүйг нь тодорхойлох бодлого баривал, хүссэн хүсээгүй бидэнтэй нэгдэнэ. Мэргэжлийн хүмүүсийн оролцоо нэмэгдвэл иргэдийн оролцооны хөгжил нэг шатаар ахина. Олон нийтийн оролцоог өнөөдөр уриа байдлаар ашиглаж байгаа нь үнэн.  Цаадах гол зорилго, агуулгыг ойлгодоггүй. Иргэдийн дунд ороод үз л дээ. Тэдний баяр, зовлонг хуваалц л даа. Тэгж чадахгүй бол иргэдийн оролцооны талаар юу ч мэдэж чадахгүй. Төр засгийнхан бидний ажилд хөндлөнгөөс ажиглах, тууз хайчлах, үг хэлэх ёстой гэсэн байдлаар ханддаг. Иргэдийнхээ дунд оролцож, манлайлагч байх юм бол иргэдээ ойлгоно. Нэг жишээ хэлье. Хятад улсын Засгийн газар их хэмжээний хөрөнгө оруулалттай тендер зарлахаар болж. Иргэний нийгмийн оролцоотой хийж гүйцэтгэж болох нэгэн тендерийг хэсэгчлэн нэлээд олон  байгууллагад өгсөн байна. Нэг компанийн 3000 хүний хүчээр хийх ажлыг  олон байгууллагын 30 мянган хүнийг хамруулан хийжээ. Үүнийгээ будаа цацах зарчим гэж тайлбарладаг. Ганцхан хүнд их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэгэн зэрэг өгөхгүй. Харин жижиглээд олон хүнд тэгш байдлаар хүртээх нь зөв гэж үздэг юм билээ. 

-Иргэдийн оролцоог дэмжих олон арга бий. Тэднээс ямар нь манай улсад илүү оновчтой гэж үздэг вэ?

-Монголд иргэнийг оролцуулж болох таван хэлбэр бий. Нэгдүгээрт, иргэдийн бодол санааг сонсож болно. Хоёрдугаарт, бүтээн байгуулалтад оролцуулж болно. Гуравдугаарт, иргэн хөндлөнгийн үнэлгээ хийж, санал бодлоо илэрхийлэх. Дөрөвдүгээрт, иргэнээр дамжуулж иргэнд нөлөөлөх, тавдугаарт шийдвэр гаргахад иргэдийн санал бодлыг тусгах хэлбэр юм. Эдгээр хэлбэрүүд бүгд өөр өөр механизмтай. Миний харж байгаагаар нийслэл, дүүрэг, хорооны ажил үүргүүд хоорондоо давхардсан, зааг ялгаа багатай учраас аль оролцоог нь хэн дэмжих юм, ямар үр дүнгээр үнэлэх, ямар стандарттай байх юм зэрэг нь тодорхой бус. Зүгээр л хэдэн хүнийг цуглуулбал олон нийтийн оролцоо гэж үздэг. Энэ бол үзэгдэх оролцоо байхгүй юу. Олон нийтийн оролцоо нь мөн чанараасаа хамаарч идэвхтэй, идэвхгүй зэрэг олон түвшинд хуваагдана. Бидний хүсэн хүлээж байгаа идэвхтэй оролцоог бий болгохын тулд эхлээд ямар хэлбэр, стандарттай байх, эцэст нь ямар үр дүнд хүрэх нь тодорхой байх ёстой. Тэрнээс бус суулаа, гараа өргөлөө, олонхийн саналаар шийдлээ гэдгээ иргэдийн оролцоо гэж үзэж болохгүй ээ.

-Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд иргэдийн ухамсартай ажиллаж хэрэгтэй юм биш үү?

-Мэдээж хүний мэдлэг, хандлага хоёрыг өөрчлөх ёстой. Төрийн байгууллагын ажилтнууд болон их, дээд сургуулийн оюутнуудыг одооноос л энэ хандлага руу сургах нь зөв. Их, дээд сургуулиудын хичээлийн арга барил ердөө л “copy, paste”. Ингэхдээ биднээс өөр соёл иргэншил, амьдралын хэв маягтай нийгмийн туршлагыг хуулдаг. Энэ бол хамгийн том эмгэнэл. Гэтэл манай иргэдийн бүлгүүдийг сонсвол тэр яриад байгаа олон нийтийн оролцоог жинхэнэ утгаар нь ойлгоно.

-Олон нийтийн оролцоог эхлэл төдий байгаа гэх юм. Гэтэл Дэлхийн банкны үнэлгээгээр манай улс онц гэсэн үнэлгээ авдаг юм билээ?

-Иргэний нийгэм, олон нийтийн оролцоогоороо манай улс Азийн орнууд дундаа эхний гуравдугаар байрт, дэлхийд 17 дугаар байрт ордог. Энэ бол Дэлхийн банкны 2011 онд хийсэн судалгаа. Нийгмийн хариуцлагын сүлжээ гэсэн Филиппин улс дахь байгууллагаас гаргасан судалгаагаар тухайн улс оронд бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллагуудын тоог хүн амынх нь тоотой харьцуулж, хэдэн хувь эзэлж байгаагаар нь үнэлдэг үзүүлэлт юм. Энэ судалгааны үзүүлэлтээр манай улс дээгүүр байрт ордог. Тоо өндөр гараад байдаг. Харин чанар яривал хэцүү л дээ. Бүртгэлтэй төрийн бус байгууллагуудын хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг мэдэх аргагүй ш дээ.

-Саяхан Япончууд иргэдийн бүлгүүдийн туршлагыг судлаад буцсан гэж дуулсан?

-Монгол, Япон хоёр орны ойлголтын зөрүү энд харагддаг. Японд олон нийтийн оролцоо гэдэг нь шаардлагатай үедээ гарч ирдэг юм байна. Гэтэл бид тогтмол байлгаж, идэвхжүүлээд, зогссон нэгнийгээ яаж ийгээд араасаа чирээд явдаг. Өөрөөр хэлбэл, Японд нэг хуультай холбоотой асуудал гарч ирлээ гэхэд бүгдээрээ цуглараад юмаа хийчихээд тарчихдаг. Манайд бол тогтвортой системийг эрэлхийлдэг. Ойлголтууд нь өөр учраас ямар ч цалин мөнгөгүй мөртлөө ингээд яваад байдаг, ямар мундаг юм бэ гэж япончууд хэлдэг юм.

-Танай төслийг нийслэлийн удирдлагууд хэр дэмжиж байна вэ?

-Хэдэн хэнхэг эмээ, өвөө нар ирцгээлээ гэж төвөгшөөдөг байсан хандлага одоо арай л өөр болжээ. Нийтлэг биш ч гэсэн хорооныхон манай иргэдийн бүлгийн хүнийг шүүхэд өгчихдөг, хороонд нь хийчихсэн бүтээн байгуулалтын ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Хорооны Иргэдийн нийтийн хурал дээрээ иргэдийн бүлгийн гишүүнийг босгож ирээд загнадаг. Хийсэн бүтээн байгуулалтыг нь хүлээгээд авчих газар олдохгүй гээд бэрхшээл бидэнд байсан.  Саяхан нийслэлийн удирдлагуудтай уулзсан. Сайн хүлээн авсан. Хамгийн гол нь гарах үр дүн шүү дээ.

Ш.Ундрам   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top