Манай улс Чингис бондоо олон улсын зах зээл дээр гаргахдаа дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлаас болгоомжлон, айдас дагуулж байсан ч, амжилттай арилжаалагдсан байгаа. Арван оноос эхлэн сэрэмж дагуулсан Евро бүсийн хямрал нь өрийн бичиг гаргаж мөнгө босгочихоод, итгэл даагаагүй орнуудтай холбоотой. Тиймээс ч бондын захыг бараанаар харах хандлага өнгөрөгч оны дунд үед хүчтэй байсан. Гэхдээ дэлхийн бондын зах зээлийн мэдээллийг тогтож харахад арванхоёр он хөрөнгө оруулагчдад ээлтэй байсан.
Тухайлбал, дэлхийн эдийн засгийн 20 хувийг үйлдвэрлэгч АНУ-ын бондын захыг аваад үзэхэд богино хугацаатай бонд 3.62 хувь, дунд хугацаатай бонд 4.02 хувь, урт хугацаатай бонд 2.41 хувь, олон улсын бонд 5.66 хувь, компанийн бонд 10.24 хувийн ашгийг тус тус авчирсан байгаа юм. Moody”s S&P, Fitch гэсэн олон улсын рейтингийн агентлагууд АНУ-ын бондуудын үнэ өсөлттэй байгааг тэмдэглэж байлаа. Тэрчлэн энэ онд ч АНУ-ын бондын өгөөж өндөр байж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх прогнозыг шинжээчид хийж буй юм.
Ер нь бол Америк, Япон, Хятад зэрэг дэлхийн тэргүүлэгч эдийн засгуудын төв банкууд мөнгөний зөөлөн бодлогыг барьж, бодлогын хүүгээ бага түвшинд барих тухай мэдээллүүд нь хөрөнгө оруулагчдын бондын зах дахь итгэлийг нэмэгдүүлж байсан.
Харин энэ онд урт хугацааны хөрөнгө оруулалтын гол хөдөлгөгч хүч нь корпорациудын бондууд байх төлөвтэйг шинжээчид тэмдэглэж байна.
Сэтгэгдэл ( 0 )