“Талх чихэр” ХК өдөрт 3 сая төгрөг завшиж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 01 сарын 27

 

Өсөхөөс сурсан үндэсний хэл гэдэг шиг багаасаа идэж заншсан атар талхны  маань үнэ  арван өдрийн өмнөөс  210 төгрөгөөр нэмэгджээ. Нэмэгдсэн шалтгаан нь хуучин 10 төгрөгний, одоо бол үнэгүй уутнаас ялгаагүй ууттай болсонд  юм байх. Эргүүлж тойруулж үзлээ. 200 төгрөгт “босоод” байх уут лав харагдсангүй. Будагтай дээрээс нь олигтой гарын ая даах эд биш байна лээ. Ядаж 100-ын тор шиг эдэлгээ даагаад 200 төгрөг гэж байвал бас болох.  Улмаар хардлага төрж уут яагаад ийм үнэтэй байгааг тодрууллаа. Тэгвэл нэмэгдэл энэ 210 төгрөгний  бараг тал хувьд нь буюу 94 төгрөгт нь уут “босож”,  үлдсэн нь савлагааны тоног төхөөрөмж, тээвэрлэлтэд зарцуулагдах ажээ. Тэгэхээр талхны үнэ нэмэгдвэл 100 төгрөгөөр нэмэгдэх болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн талх үйлдвэрлэгч  компанийн технологийн шинэчлэлийн зардлыг ард иргэд нуруун дээрээ үүрэх ёсгүй  юм. Ер нь талхны үнийн 50-60 хувь нь талхны өөрийнх нь өртөг байдаг. “Атар” талхны хувьд зөвхөн түүхий эд нь 400 гаруй төгрөг. Энэ үнэ дээр тоног төхөөрөмж, ажилчдын хөлс нэмэгдээд 630 төгрөгөөр худалдаанд гаргадаг байсан. Өнөөдөр талх үйлдвэрлэгчид  100 төгрөгийг зүгээр л хэлж байгаад биднээс луйвардчихаж байгаа хэрэг. Харин энэ луйврын талаар ШӨХТГ-аас 210 төгрөгөөр биш 170 төгрөгөөр нэмэх боломжтой гэж үзсэн, одоогийн байдлаар судалж байгаа аж.  Тэгвэл тэднийг судалж байх хооронд “Талх чихэр” ХК биднээс хичнээн төгрөг хумсалж байгааг бодож үзье.

“Талх чихэр”  ХК өдөрт 30,000 гаруй талх үйлдвэрлэдэг. Үүнээс 100 төгрөгийг та биднээс луйвардаж байгаа гэхээр өдөрт 3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа биз. Ийм ашигтай бизнес ховор шүү.

Талхны савлагааг өөр өнцгөөс нь харъя л даа. “Уг уут нь өөрөө хүнсний зориулалттай, анхдагч бүтээгдэхүүнээр хийсэн, стандарт хэмжээ зузаантай, амьсгалдаг уут юм” гэж “Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Батцоож бидэнд тайлбарлаж байлаа. Тэгвэл зах зээлд борлуулагдаж байгаа бусад талхны уутны өртөг 50-60 төгрөг байдаг. Тэгэхээр Атар талхны савлагаа үүнээс хямд өртөгөөр бүтэх боломжтой.

Өдөр тутмын хэрэглээ болсон талхны үнэ   210 төгрөгөөр нэмэгдсэн нь иргэдэд хүндээр тусч байгаа. Тиймдээ ч худалдагчид ууталсан, уутлаагүйг худалдан авагчиддаа санал болгож байна.  Хэрэглэгчид голчлон уутлаагүйг нь авч байгаа. Тэдгээр худалдан авагчид талхаа  авахдаа гялгар уутанд хийлгэж авдаг. Мөн олон жил хэрэглэж заншсан учраас ууттай уутгүй ялгаа байхгүй юм.

Тэгэхээр хэрэглэгчээ бодоод талхныхаа үнийг бууруул. Үгүй бол О.Магнай “агаа”-д ховлож олсон ашгийг чинь хураалгана шүү.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top