ОЛОН ӨНГӨ I Хатагтай Мэри

2024 оны 10 сарын 28

Гурван жилийн өмнөх зун. Гэнэт л нэг өдөр тас хар зүсмийн алгын чинээхэн муурын зулзага хашаанд ороод ирэв. Хүний бараа харахгүй ээ. Идэх юм өгсөн ч ойртохгүй. Тэр үед өөр нэг алаг зулзага орж гардаг байсан юм. Алаг миний хөлтэй орооцолдож, хоол идэж, тоглохыг хараад мөнөөх хар зулзага аажим аажмаар дөхдөг болсон доо. Алаг зулзага ч айлынх байсан, аяндаа үзэгдэхээ больсон. Харин хар зулзага өдөр өдрөөр наашилсаар, гараас хооллодог, толгойгоо илүүлдэг болов. Ингээд бид хоёр найз боллоо.

Тэр үед би олон жил хав дараад байсан А.Чаковскийн “Ялалт” гурван боть улс төрийн романыг барьж аваад амтанд нь орчихсон байсан үе. Дэлхийн хоёрдугаар дайн төгсөж, 1945 онд Потсдамд АНУ, Их Британи, ЗХУ-ын удирдагчид гэрээнд гарын үсэг зурсан, бас 30 жилийн дараа 1975 онд Хельсинк хотноо Европын 33 орон дээр АНУ, Канад нэмэгдэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан хоёр том үйл явдлыг Зөвлөлтийн сэтгүүлч Воронов сурвалжилсан байдлаар ихэд сонирхолтой бичсэн түүхэн баримттай ном. Түүн дотор Их Британийн Ерөнхий сайд У.Черчиллийн отгон охин, Британийн армийн офицер Мэрийн тухай ч бий. Хар зулзага маань охин байж, тэр даруйд Хатагтай Мэри нэртэй болов. Эрвээхэй, царцаатай хөөцөлдөн зугаацдаг учир нэрэн дээрээ  “Зоригт анчин” гуншинг дагуулав. Одоо гурван настай Мэри гунхсан ганган муур авхай болсон. Цаанаасаа донжтой, эрхэмсэг. Хатагтай Мэри нэр ч зохисон гэж. Ямар ч гэсэн Мэриг ирснээс хойш би үе үе хар дарж зүүдэлдэг байсан минь оргүй болсон. Муур муу эрчсийг дардаг гэж үнэн бололтой хэмээн түүнээс хойш итгэдэг болсон юм даа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дайчин(139.5.217.88) 2024 оны 11 сарын 12

Ямар хөөрхөн юм бэ.

0  |  0
Top