Төвөд судлаач, эрдэмтэн зохиолч Д.Сумъяаг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Та сүүлийн жилүүдэд Монголд байсангүй. Эх орондоо ирээд юуг хамгийн түрүүнд анзаарав, юуг нь онцлох бол?
-Намар сайхан улирал шүү, намрын налгар цагаар эх орондоо ирэх сайхан байна. Сүүлийн гурван жил АНУ-ын Юта мужид ажиллаж, амьдарлаа. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд харсан зүйл бол зам, гүүр, байшин барилгууд. Сүүлийн хэдхэн жилд маш олон бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажлыг хийжээ. Харахад илт мэдэгдэж байна.Төрийн үйлчилгээнээс эхлээд олон салбар цахимд шилжсэн байна. Гурван жилд маш олон зүйл өөрчлөгдсөн байх юм. Ирэнгүүтээ дулаан байгаа дээр нь нутагтаа очно гээд Завхан аймаг руу яваад ирлээ. Манай нутагт маш сайхан зун, намар болжээ. Хөдөөгийнхний амьдрал сайхан байна. Мал сүрэг нь өсөж, айл болгон доод тал нь хоёр авто машинтай, хүүхдүүд нь машинаар ус, түлээ, аргалдаа яваад. Аав ээж нь сумын төв рүү очиж хүүхдээ эргэчихээд ирж байна. Миний бодоход монголчуудын амьдрал нийтээрээ сайжирчээ. Энэ бүхнийг хараад баярлах сэтгэл төрж байна даа.
-Шинэ уран бүтээл, судалгааны ямар ажлууд хийж байгааг сонирхож болох уу?
-Би гадагшаа явахынхаа өмнө хоёр ч төсөл авсан байсан юм. Нэг нь ШУА-ийн төвөд судлалын салбар “Мэргэд гарахуй орон” номыг шинэ үсгээр, орчин цагийн монголчуудад хүргэхээр төлөвлөж байсан. Явахынхаа өмнө 2021 оны сүүлээр хэвлэлд өгөөд явсан. Нөгөөх нь ЮНЕСКО-гийн ивээлд байдаг Нүүдлийн соёл иргэншлийн хүрээлэн дээр “Зохист аялгууны толь”-ийг зургаан зүйлээр, төвөд, санскрит, хятад, англи, монгол бичгээр болон шинэ үсгээр судалгааных нь хамт уншигчдад хүргэхээр төсөл авсан байсан. Сүүлийн “Зохист аялгууны толь”-ийн төсөл дээр хоёр жил гаруй ажилласан. Яагаад гэвэл олон хэлээр, дээр нь судалгааных нь хамт учраас нэлээд удлаа. Нягтлах юм ч их байлаа. Түүнийгээ 2024 оны эхээр Цагаан сарын өмнөхөн хэвлэлтээс гаргасан.
-Таныг АНУ-д байхад бид цахимаар ярилцах санал илгээж байсан. Яагаад гэвэл, тэнд Дилав хутагтын тухай эрдэм шинжилгээний хурал болж, та оролцож илтгэл хэлэлцүүлсэн байсан...?
-АНУ-ын Монгол судлалын нийгэмлэг, доктор М.Саруул-Эрдэнэ, Монголын Элчин сайдын яамтай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан юм. Тэнд би “Дилав хутагтын зохиосон зарим солдив шүлгийн тухай” гэсэн жижигхэн илтгэл хэлэлцүүлсэн. Энэ ташрамд хэлэхэд, тэр хуралд оролцсондоо их баяртай байгаа. М.Саруул-Эрдэнэ докторын зохион байгуулсан тэр хурал “АНУ-д очсон анхны монголчууд” гэсэн сэдэвтэй байсан. Тэнд очоод Монголд байхдаа төдийлөн анхаарахгүй байсан Дилав хутагтын тухай сонирхолтой мэдээллүүдийг авсан нь их сайхан байлаа.
Яагаад гэвэл, Монголоос төдийгүй, Азиас бараг л нэлээд түрүүнд АНУ-д очсон хүмүүсийн нэг нь Дилав хутагт юм билээ. 1931 онд монгол нутгаасаа гарч Хятадад очиж Чан Кай Ши-гийн зөвлөх болж, дараа нь АНУ-д очиж амьдарч байгаад тэндээ таалал болсон. Дилав хутагтын хувьд хутагтын эрдэм чадлаас гадна Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүхий л амьдрал, үйл хэргээ зориулсан хүн. Тэр хүний улс төрийн гайхамшигтай үйл ажиллагааг хүндлэх, бишрэх сэтгэл төрж байлаа. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг харахад яг үнэндээ бүгд Монголоо гэсэн сэтгэлтэй байдаг.
Тэгэхээр гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүс гэдэг бол Монголынхоо төлөө ингэж ажиллаж, амьдардаг юм байна гэсэн үлгэр дуурайлал, бахархалыг Дилав хутагтын үйл амьдралаас хараасай гэж бахархаж тэр үйл ажиллагаанд оролцсон. Бидний хэдэн хүн Нью Жерси рүү Дилав хутагтын сууж байсан орон хийд, амьдарч байсан гэрээр орох, дурсгалыг нь мөнхжүүлэх, мөн буддынхаа сүмд очих юмсан гэсэн монгол хүн байвал тэр хийд рүү нь очиж байгаасай гэдэг үүднээс очсон. Нөгөө талаас Монгол Улсын тусгаар тогтнол, ирээдүйн хувь заяа гэдэг асар их үнэтэй, өөрөөр хэлбэл ХХ зууны хоёрдугаар хагасын үед гадаад оронд гайхамшигтай үйлийг бүтээсэн хүний нэг бол Дилав хутагт юм гэдгийг тэнд очоод илүү тодоор олж харсан, маш их бахархсан.
Тэр үед Монгол Улсад ТЕГ-аас Дилав хутагттай холбоотой зарим баримтуудыг ном болгож гаргасан байна. Мөн Ширчин Баатар сонирхолтой ном бичиж хэвлүүлсэн зэрэг олон сайхан үйл явдал давхацсан. Тэгэхээр бид сүсэгтэн байхаас гадна иргэн байх ёстой. Иргэн хүний, улс үндэстнийхээ төлөөх үүрэг гэж гайхамшигтай бөгөөд өндөр байдаг юм байна гэдгийг Дилав хутагтын үйл амьдралаас харж болно. Тэр хүн АНУ-ын Ерөнхийлөгчид хэрхэн нөлөөлж, тэр нь цааш явсаар НҮБ-д Монгол Улсаа гишүүнээр элсүүлэхэд ямар том хөшүүрэг болсон тухай түүхийг харахад Дилав хутагт үнэхээр агуу улстөрч байжээ гэж бид маш их бахархсан.
-Та бол олон хутагт төрсөн Завхан аймаг, Дилав хутагтын нутгийн хүн, эрдэмтэн судлаач. Гэхдээ хутагт судлалаар биш Дарь Эх судлалд илүүтэй шамджээ. Төвөд судлаачийн хувьд Дилав хутагтыг судлахад баримт илүүтэй олдох байсан санагдлаа?
-Энд байхад, өөрөөр хэлбэл Төвөд судлалын салбарт ажиллаж, Дарь Эхийн номуудыг, их олон хувилбар байдаг тэр болгоныг бөөцийлж явсан. Дилав хутагтын тухайд өөр хүмүүс судлаг гэсэн шиг бодоод явдаг байсан. Гэтэл АНУ-д тэр хүний сууж байсан хийд, амьдарч байсан гэрийг үзэж, номын хийгээд төрийн ажлын түүчээ болсныг нь бахархлаа. Тэр хийд орон руу монголчуудаа зорьж очиж байгаасай гэж их бодлоо. Удахгүй Завхан аймагт хурал болно, тэнд “Дилав хутагтын зарим зохиол бүтээлийн уламжлал, шинэчлэлийн тухай” гэсэн илтгэл хэлэлцүүлэх гэж байгаа.
-Дилав хутагтын бүтээл туурвил гэхээр ямар чиглэлийн бүтээлүүд байдаг вэ?
-Дилав хутагт анх Андиа гэгээн гэгддэг Цэрэндондов хувилгааныг тодруулж, таван настай хүүхдийг ширээнд өргөмжилсөн тухай зохиол байдаг. Удахгүй болох хуралд энэ тухай ярих гэж байгаа юм. Тэгэхээр 1924 онд Дилав хутагт бодитой гэгээнийг тодруулжээ.
Тэр Андиа гэгээн амьд сэрүүн явсаар 1996 онд жанч халсан байдаг. Монголын бурханы шашны амьд бодитой хувилгааныг Дилав хутагт тодруулсан, тэр үйлс нь тасралгүй явсаар шашин номтой золгоод ирсэн юм байна гэдгийг би илтгэлээрээ гаргаж тавихыг зорьж байгаа юм.
Илтгэлийн хоёрдугаар хэсэг нь “Отгонтэнгэрийн магтаал” гэж 33 бадаг дуу. “Оройн чимэг” нэртэй тэр дууг Дилав хутагт равнайлсан буюу одоогийнхоор бол редакторлосон юм билээ. Тэгэхээр 33 бадаг тэр дуугаар социализмын үед тухайн нутгийн иргэд найр хуримаа эхлүүлдэг байсан.
Дилав хутагтын энэ хоёр зохиол бол нэг нь бодитой хүнийг тодруулсан, нөгөө нь дууг равнайлсан. Энэ хоёр бол социализмын үед бурханы шашныг таслалгүйгээр ард түмний дунд бодитойгоор авч явсаар энэ хүртэл авчирчээ. Энэ нь хутагтын эрдэм чадал юм гэдгийг илтгэлдээ гаргаж тавих юм.
-Таны судалгааны бүтээлүүдийг тодорхой хүрээний хүмүүс сонирхож, бас судалж ирсэн. Зохиолч, яруу найрагчийн хувьд та яруу найраг, үргэжилсэн үгийн зохиол бүтээл туурвиж байна уу. Уншигчид танаас ийм бүтээлүүдийг харж хүлээдэг шүү дээ?
-Судар, сурвалж судлал, эрдэм судлалын номууд жаахан далд байдаг. Хүн нь ч далд, бүтээл нь ч үнэхээр тодорхой хүрээнд очдог л доо. Монголын ард түмэн бол яг үнэндээ “Талын гурван улаан” ч гэдэг “Нутаг амьтай аав” дуугаар минь намайг сайн мэддэг. Би ч тэрэнд нь их баярладаг. Нутаг усандаа дуу зориулж, дуун эгшиг өргөнө гэдэг сайхан шүү дээ. Судалгааны ажлын хажуугаар уран бүтээлээ туурвилгүй яах вэ.
Хамгийн сүүлд “Агнистын шувуу” яруу найргийн номоо гаргасан. Мөн “Амармагийн ааль” үргэлжилсэн үгийн бүтээл бий. Цаашид надад хиймээр, бичмээр, дурсмаар зүйл их байна. Хүмүүсийн тухай их бичих юмсан. Миний эргэн тойронд байгаа хүмүүс, надтай уулзсан хүн бүхний тухай эргээд бодоход маш гэгээн саруул, надад их хүчийг өгчээ. Тэр хүмүүсийн ачаар би өдий зэрэгт хүрсэн. Нэг үгээр хэлбэл, цагаан зүгийн бурхад гэмээр хүмүүс юм даа. Би ийм хүмүүстэй найзлаж, нөхөрлөж, номын ертөнцөд хамтдаа амьдарч иржээ. Тиймээс тэдэндээ маш их талархдаг. Тэр бүгдийнхээ тухай ядаж дурсамж хөрөг бичихсэн. Тийм ном зориулахсан гэж бодож байгаа.
-Номынхоо нэрийг та сая хэлчихлээ шүү дээ, “Цагаан зүгийн бурхад” гээд...?
-/инээв/. Тийм ээ, надтай уулзсан, миний эргэн тойронд байгаа бүх хүн цагаан зүгийн бурхад юм, би ингэж л боддог. Тэр хүмүүст дандаа талархаж, дандаа баярлаж явдаг.
-Тантай ер нь муу хүн таарч байв уу?
-/бодов/. Үгүй, надтай ер муу хүн таарч байгаагүй юм байна. Уулзсан хүмүүсийнхээ тухай эргээд бодоход би тийм муу хүмүүстэй таарч байсангүй. Дандаа сайнтай учирч явсан байна. Хүмүүс зарим хүнийг “муу хүн байна” гэж хэлдэг. Тэр бол тухайн хоёр хүний цаг үеийн л нэг зөрчлийн асуудал байдаг байх. Хүний хувийг олж төрнө гэдэг өөрөө маш дээд хувь байдаг. Тэр утгаараа хүн гэдэг бол гэрэл гэгээ, дандаа бурхад. Тийм сайхан хүмүүсийн буянаар амьдрал ийм сайхан гэрэл гэгээтэй, өдий зэрэгтэй явж байна шүү дээ.
Сэтгэгдэл ( 0 )