ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнөөдөр манай улсад ирнэ. Зорилго нь маш тодорхой. Халх голын түүхт ялалтын 85 жилийн ойд хүндэтгэл үзүүлнэ.
Түүнчлэн энэ онд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг байгуулсны таван жилийн ой тохиож буй.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно. Мөн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцоно гэсэн товтой байгаа. Наашаа ирэхээс өмнө Кремльд Монголын үндэсний өдөр тутмын “Өнөөдөр” сонинд ярилцлага өгсөн. Энэ ярилцлагаараа “Монгол, Оросын бүтээлч хамтын ажиллагаа улам арвижна” гэдгийг онцолсон.
ОХУ манай улсын мөнхийн хоёр хөршийн нэг. Энэ утгаараа В.Путин манайд анх удаа айлчилж буй юм биш. Гэхдээ өмнөх айлчлалууд цаг үе амар тайван, дайн байлдаангүй үед өрнөсөн. Харин одоо бол Орос, Украины хооронд үргэлжилсэн хурцадмал байдал намжаагүй байна. Үүнтэй холбоотой түүнийг Монголд багагүй сюрприз хүлээж байна. Тухайлбал, хэдэн өдрийн өмнөөс ОХУ-аас Монгол Улсад сууж буй Бүрэн Эрхэт Элчин сайдын яамны атташе П.Ю.Петрунинг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасан, олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, дээрээс нь хэргийн газраас зугтахыг оролдсон” гэх мэдээллүүд цацагдаж эхэлсэн.
ОХУ-ын Элчин сайдын яамны зүгээс үүнийг “ОХУ-ын талаар янз бүрийн худал, санаанаасаа зохиосон, сөрөг мэдээлэл нийтэлж, үүгээрээ мөнхийн хөрштэй муудалцуулах арга заль хэрэглэж байгаа нь гайхаш төрүүлж байна. Уг мэдээнд хавсаргасан видео дээрх хүний царай харагдахгүй, ар талаас холын зайнд авсан, П.В.Петрунин мөн гэсэн баталгаагүй, осолд орсон машины дугаар ч огт харагдахгүй байна. Тиймээс энэ нь ОХУ-ын цэргийн атташетай огт хамаагүй өөр ослын видео бичлэг байхыг үгүйсгэхгүй. Түүнээс гадна зарим сайтын “нотлоод” байгаа П.В.Петрунин согтуу байсан, дээрээс нь ослын газраас зугтаахыг оролдсон гэснийг нотлох баримт үгүй байна" гэсэн тайлбар мэдэгдлийг гаргаад буй.
Өөрөөр хэлбэл, хоёр орны найрсаг харилцааг зохион байгуулалттайгаар харлуулах, эгэл жирийн иргэдийн тархийг угаах,сэтгэлд нь сэв суулгах гэсэн элдэв ажиллагаа, гүтгэлгүүд Монголд ийнхүү эрт эхэлсэн.
Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Хотын дарга асан Э.Бат-Үүл нар “В.Путиныг Монголд ирдэг юм бол баривчлуулах хэрэгтэй” гэсэн бол удалгүй Олон улсын зүгээс ийм ажиллагаа явуулах гэж байна гэсэн цуурхал тарсан. Манайхны нэг онцлог нь худлыг үнэн мэтээр сүр дуулиантайгаар сошиал орчинд давлагаалдаг. Тэр нь сурсан дассан хийгээд хамгийн сайн хийж чаддаг ажил нь болсон. Нийгэм дэх асуудлыг ойлгож байгаа, наад цаадыг мэддэг болсон хэсэг бол тийм ч амархан автахгүй байгаа нь энэ мэт шуугиан дуулианыг олноороо түрэхгүй байгаагаас харагдаж байгаа юм. Харин өчигдрөөс Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, АН-ын дарга асан С.Эрдэнийн хүү Э.Одбаяр, “элийрэгч” хэмээгдэгч Ц.Уянга тэргүүтэй NoWar хөдөлгөөнийнхөн Украины тугийг барин төв талбайд эсэргүүцлийн жагсаал эхлүүлсэн. Тэдний амнаас “Дайнтай орны төрийн тэргүүн Монголд айлчлах нь шившигтэй” гэх мэт үгс гарч буй.
Тэгвэл дээрх байдлаар асуудлыг авч үзэж буй хүмүүст хариулт болгосон эсэх нь тодорхойгүй ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар байр сууриа тодорхой илэрхийлсэн нь анхаарал татаж байгаа юм. Тэрбээр “Украинд болж буй эмгэнэлт үйл явдлын гол шалтгаан нь АНУ тэргүүтэй “хамтын барууны” улс орнуудын Оросын эсрэг чиглэсэн зорилготой бодлого юм. Хэдэн арван жилийн турш тэд Украинд бүрэн хяналтаа тогтоохыг эрмэлзэж ирсэн. Тиймээс тэд үндсэрхэг үзэлтэй болон Оросын эсрэг байгууллагуудыг санхүүжүүлж, Орос бол Украины мөнхийн дайсан, оршин тогтноход нь заналхийлж буй гол хүчин зүйл хэмээх үзэл баримтлалыг системтэйгээр сурталчилж ирсэн. Нэг ёсондоо Украин нь барууны геополитикийн амбицыг хэрэгжүүлэх талбар, мөн золиос нь болсон юм” гэж “Өнөөдөр” сонины сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Монголд энэ мэт хөдөлгөөн өрнөж буй ч ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нэгэнт товлосон айлчлалынхаа хүрээнд Монголд ирнэ. Тэрбээр Улаанбаатарт ганцхан өдөр байгаад буцна. Зарим газраар зам хаах учраас хүмүүс ажлаасаа, хүүхдүүд хичээлээсээ хоцрох зэрэг бухимдал үүсэж болзошгүй.
Түүнээс нийтээрээ эсэргүүцэх нь үгүй л болов уу. Мэдээж аливаа улс орны төрийн тэргүүн манай улсад ирэхдээ өндөр харуул хамгаалалт дунд айлчлал хийдэг. Энэ уламжлал давтагдана. 2005 онд Ж.Буш Монголд айлчлахдаа хэдийгээр Тэрэлжид очиж, монгол ёс уламжлалтай танилцах, морь унах зэргээр энгийн чөлөөтэй мэт байсан ч хэдэн давхар харуул хамгаалалт дунд айлчлалаа өндөрлүүлж байв.
Хойд хөршийн тэргүүний хувьд амаргүй цаг үед айлчилж буй тул хамгаалалтыг хатуу чанд байлгах нь ойлгомжтой. Тэр ямар ч үед ирлээ гэсэн бусдын байр суурь бол Монголын биш. Монголын байр суурь мөн бусдынх биш. Манай улс мөнхийн хоёр хөрштэй. Хэн нэг нь дургүй байлаа гээд нүүчихгүй, харилцаагаа таслах боломжгүй, тэгэх ч учиргүй. Монгол Улс төвийг сахисан байр суурь баримталдаг. Сүүлийн жилүүдэд дэлхийн олон орны төрийн тэргүүнийг эх орондоо урьж, гадаад харилцаанд тэгш хэмийг барьж байгаа. Цар тахлын дараах сэргэлтийн жилүүдэд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Ромын пап гээд өндөр дээд хэмжээний зочид Монголд айлчилсан. Энэ үеэр Монгол Улс “Ардчиллын Баянбүрд” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцолж байв. Мөн ОХУ-ын Гадаад харилцааны сайд, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар айлчилж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар хоёр хөршөөс гадна олон улс оронд харилцан айлчлал хийж, гэрээ хэлцэл байгуулсан.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн санаачилгаар гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт Улаанбаатар хотноо болсон. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Улаанбаатар хотноо болж өнгөрсөн. Бутаны Эзэн хаан айлчлаад буцсан. В.Путин ч гэсэн тэр л зочдын нэг. Тэр ирснээр, явснаар Монголд юу ч өөрчлөгдөхгүй. “Хөлийнхөө хурууг өмхий байна” гээд тайрч хаядаггүй гэж монголчууд хэлэлцдэг.
Улсын баатар Э.Бат-Үүл уурлахаар, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Сосорбарам олны өмнө гарч “бөөлөхөөр”, эсвэл хэн нэг нь элийрч, NoWar-чид жагссанаар дэлхий эргэчихгүй байлгүй дээ. Сайнтай, муутай сав дүүрдэг гэдэг шиг олон хүн олон янз л байдаг. Ямар нэг хэвэнд цутгачихсан биш. Тэглээ гээд Орос нүүгээд холдчихгүй. Монгол хилээ хаачихгүй. Газар зүйн хувьд бид нэг хавтгай дээр хил залгаа оршдогоороо оршиж, Халх голд байгуулсан хамтын ялалтаа тэмдэглэдгээрээ тэмдлэглэж, цаашдаа ч гэсэн харилцаа, хамтын ажиллагаа бусад орны адил үргэлжлээд явах нь тодорхой.
Монголын төр гадаад харилцаанд тэгш хэмийг барьж, төвийг сахиж, Монголын ард түмэн хэзээнээсээ амар амгалан амьдарч ирсэн, амьдралын тэр хэм хэмнэл тийм ч амархан өөрчлөгдөхгүй. Тэр ирнэ бас буцна. Харин бид Монголдоо үлдэж, монголоороо амьдарна.
Сэтгэгдэл ( 8 )
Нэр нүүрээ шаварт хутгав,2 нүүртнүүд амжилт олсон түүх хүн төрөлхтний түүхэнд огт байхгүй
Бид Тэнгис далай гатлаад нүүхгүй,,,хөрш улстайгаа мөнхөд зэрэгцэн орших тул муугаар битги й ярь
Delhi ANU soloriin erhend baihaar yaj zovdogiig olon zuun jil harj bna.Uls byre uursudiin munguuruu hoorondoo naimaa hiideg bol ard uls ter doorool mash uur bolno doo.Aris ungu nshashin shuteleg dain dachin bagsan daa.Tsedenbal Nubhbat darga nar baisan bol barga hamgiin tyryynd elsene dee,
Ynen tyyh bol Stalin delhiin 2 dainii daraa ANGIL.ANU 2 oor Yaltiin gereend Mongol ulsiig hycheer.Delhiid Mongol uls gej alban iosoor hych tulgan zuvshuuryylsen shyy.Yynii neg arga zali bol.Stalin Choibalsand ingej helsen baidag Joponii haant ulsad alban iosoor dain zaral.Delhiid Mongol uls gedegiig oilguulj medryyl tegseneer delhii huleen zuvshuuruh bolno gesen arga zaltai hyn baijee.Minii Mongolchuudaa yag ynenedee bol ene Halh goliin tulaan bol.Mongoliig delhiid hychiig ni sergeej ugsun uil yavdal uuniig Mongol hyn byr oilgoh heregtei.Suguuliin eh oron tyhiin hicheel zaah iostoi.
брикс - нато 2 ын аль ивээлд нь багтах нь тухайн улс орны үзэл бодол байх гэхдээ манай улсын хувьд миний бодлоор оростойгоо аль болох эвтэй нь дээр байхдаа
Монголыг дэлхийд ганц сайхан харлууллаа даа
Найрсаг монгол оронд минь тавтай морил. Путинг тэнгэр ивээг
Айлд хүн ирээд буцдагшдээ