Зарим нь Нэргүй дарга, нөгөө нэг нь Нэргүй эгч, багачууд нь Нэргүй багш, бас зарим нь “Өндөр ээж” гэж дуудах нэгэн эмэгтэйн аав ээжээс заяасан нэр нь Баярмагнайн Нэргүй. Харин олонд түгсэн алдар нь дарга, эгч, багш болсон энэ эрхэм Улаанбаатар хотод 1960 онд төрсөн.
Аав ээж нь Төв аймгийн уугуул хүмүүс гэхээр тэрбээр ч бас энэ нутаг устай хүйн холбоотой. Уугуул нутгаасаа холдсон ч үгүй. Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод нэгэн жарны турш ажиллаж амьдарч байна. Баярмагнайх гэдэг айл гарын таван хуруу шиг нэг охин дөрвөн хүү төрүүлж өсгөжээ. Тэд бүгдээрээ энх тунх, сайн сайхан амьдарч, өдгөө үр ачаа тойруулан суугаа. Бүхэл бүтэн жарныг туулж өнгөрүүлсэн хүний үзсэн харсан ч их.
Тэрбээр Улаанбаатар хотыг 1970 оноос хойш тодорхой сайн мэднэ. Одоогийн Баянзүрх дүүрэг Найрамдлын район нэртэй. Хүн ам цөөнтэй, задгай байрлалтай, машин тэрэг цөөн, их цэвэрхэн, цэлгэр сайхан, ёстой л жинхэнэ Азийн цагаан дагина байх үеийг нь сайн мэдэх хүний нэг. Хүмүүс нь амгалан тайван, нийгмийн янз бүрийн бухимдал байхгүй.
Бүх нийтээрээ зохих хэмжээний боловсрол, соёлтой, үүнийгээ ч бодлогоор баримталдаг, хууль дүрмээ ягштал хэвшүүлдэг тийм л нийгмийг туулж өнгөрүүлсэн нь үнэн. Төлөвлөгөөт эдийн засагтай байсан учраас хүмүүсийн аж амьдрал ч хангалуун талдаа. Үндэсний үйлдвэрлэл нь сайн хөгжсөн Улаанбаатар байсан гэнэ. Түүний сэтгэлийн гүн дэх урьд цагийн дурсамж руу аялахад улсын маань нийслэл ийм л өнгө төрхтэй хадгалагдан үлджээ.
ХҮМҮҮН СУВАРГА БҮТЭЭДЭГ НЬ ЭХ, ЭМЭГТЭЙ ХҮН
Аав нь Төв аймгийн Бүрэн сумын харьяат. Ээж нь мөн Төв аймгийнх. Гэхдээ Алтанбулаг сумын хүн. Угтаа нэг нутгийн л хүмүүс. Нутагтаа ажиллаж амьдарч байгаад амьдралынхаа сүүлийн жилүүдийг Улаанбаатарт өнгөрүүлжээ. Үр хүүхдүүдээ сургууль соёлд суулгахаар ирээд л хотын айл болсон аж. Жирийн ажилчин хүмүүс байсан ч үр хүүхдээ бүгдийг нь сургууль соёлд сургаж, мэргэжил боловсролтой болгосон байна. Харин нийтлэлийн маань баатар 1968 онд одоогийн Хан-Уул дүүрэг, тухайн үеийнхээр Ажилчны районы найман жилийн 41 дүгээр сургуулийн босгыг давж, эрдмийн их аянд морджээ. 1978 онд тус сургуулийг 10 жилийн сургууль болсон хойно нь төгсч байжээ. Ингээд 1978-1980 онд Худалдааны техникумын худалдааны эдийн засгийн ангид суралцаж төгсөөд МУИС-ийн эдийн засгийн ангид дөрвөн жил сурч, дүүргэсэн байна.
Тэрбээр 1984 онд их сургууль төгссөнийхөө дараа Шинжлэх ухааны академийн санхүүгийн хэлтсээс ажлынхаа гарааг эхэлж, дараа нь III амаржих газрын аж ахуйн дарга, I амаржих газарт нягтлан бодогч, үүний дараа Улаанбаатар хотын санхүүгийн хэлтэс буюу “Буян” компанид ерөнхий нягтлан бодогч, Баянзүрх дүүргийн Тамгын газрын Статистикийн хэлтсийн ажилтнаар ажилладаг байж. Улаанбаатар хотын III амаржих газарт Санхүүгийн хэлтэст ажиллаж байгаад 1989 онд Удирдлагын академид суралцсан аж. Үндсэн мэргэжил нь нягтлан бодогч, эдийн засагч. Мэргэжлээрээ улсад 31 жил хоёр сар ажилласан ажээ.
Одоо гавьяаныхаа амралтанд суугаа. Гэхдээ зүгээр сууна гэдэг энэ хүний хувьд харш зүйл бололтой. Үүний нэг тод жишээ нь сүүлийн 15 жилд иргэний нийгмийн чиглэлээр маш их идэвхтэй ажилласан байх юм. Түүний ихээр анхаарал тавьж ажилладаг гол салбар нь иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах, ялангуяа эмэгтэй хүн нийгэмд ямар их үүрэгтэй вэ гэдгийг ухамсарлаж, илүү анхаарал хандуулдаг. Хамгийн чухал зүйл бол хүн гэж тэрбээр боддог. Тэр дундаа хүнээр жинхэнэ хүмүүн суварга бүтээдэг эх хүн, эмэгтэй хүний үүрэг оролцоо, дуу хоолой өнөөгийн ороо бусгаа цагийн ээдрээ хямралтай нийгэмд хамгийн чухал зүйлийн нэг.
ИРГЭНИЙ НИЙГМИЙН ОРОЛЦОО ИХ ЧУХАЛ
Оюутан бүсгүй 1980 онд 20-хон настайдаа нөхөртэйгээ анх танилцаж байж. Нөхөр Лувсанбямба овогтой Алтангэрэл гэж Цэргийн их сургууль дөнгөж төгссөн 25-хан настай шижигнэсэн сайхан офицер орь залуу насных нь нандин түүхүүдийг хамт бичилцжээ. Тэд нэг хүү, хоёр охинтой сайхан айл. Харамсалтай нь 20-иод жилийн өмнө нэг охин нь цэцэг цэврүү шиг 16-хан насандаа авто ослоор бурхан болжээ. Үлдсэн хүү, охин хоёр нь одоо 40 насны босго давсан гэхээр он цаг чи юутай хурдан. Нөхөр нь 2000 оны сүүлчээр цэргийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан аж. Одоо бурхны оронд одсон хэдий ч үр хүүхдийнхээ төлөө хийж амжаагүй бүгдийг хань нь хийнэ гэсэн сэтгэлээр ач зээ, үрс нь үлдэх амьдралын төлөө мятрашгүй тэмцэж буй цоглог ээж, эмээ юм.
Тэгэхдээ зөвхөн миний л хүүхэд болж бүтэж байвал болно доо гэсэн аминч үзлээр хандаж болохгүй гэдэг философитой. Ахмад хүмүүсийг ээж аав шигээ хайрлах, бага залуу хүүхдүүдийг өөрийн үр хүүхэдтэй адилтган, үе тэнгийнхнийгээ хань ижилтэйгээ үлгэрлэн бодож, өөрийн хийж чадах бүхнээ иргэний нийгмийн оролцоогоороо дамжуулан хийж байж л сая нөгөө хүсээд байгаа сайн сайхан нийгмээ цогцлоон бүтээнэ шүү дээ гэдэг итгэл үнэмшлээр л зүтгэж яваа нэгэн.
Хүн өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, зорилготой байх ёстой гэж үздэг. Тэрбээр 1990 онд МАН-д элсч, улс төрийн орлогчоор хоёр жил ажиллажээ. Тиймээс ч “Эгч нь нэг үе тодорхой хэмжээнд улс төрийн карьер хөөж байсан” хэмээн инээвхийлдэг. 2000 оноос олон намын систем бий болсон ч өөрийн итгэл үнэмшлийнхээ дагуу анх гишүүн болж элссэн МАН-даа үнэнчээр зүтгэсээр л байж. 2012 он хүртэл намынхаа шат шатны бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог манлайлагч гишүүн нь байж. Харин 2012 оноос хойш улс оронд өрнөж буй олон үйл явдал нэг л биш шударга бус байгааг мэдэрч, биеэ даасан байдал руу шилжжээ. Нарийндаа бол олон намын тогтолцоо гэж ярьж бичиж байгаа ч 20 гаруй нам дотроос сонголт хийчихээр нам одоо ч алга хэмээн тэрбээр толгой сэгсрэв. Хүний төлөө гэдэг үзэл баримтлалд нь ойр болохоор ХҮН намыг дэмжиж ажилладаг. Монгол Улсад хөдөлмөрийн шинэ хүчийг бий болгож, монголчууд шинэ нийгмийг байгуулъя гэвэл шинэ нам, шинэ хүнийг дэмжиж бүр шинээр улс төр хийх хэрэгтэй юм байна гэж бодсоны үндсэн дээр цоо шинэ гуравдагч хүчнийг дэмжин ажиллаж, үзэл бодлоо илэрхийлж, Баянзүрх дүүргийн намын үүр, салбар хороонд анхан шатны даргаар ажиллажээ. Мөн тэрбээр дүүргийнхээ Иргэдийн хуралд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж, хувиараа бие даан нэрээ дэвшүүлж, ард иргэдийнхээ саналыг чамлахааргүй авч байсан, улс төр, нийгмийн идэвхтэй нэгэн. Би цаашид ч гэсэн хамгийн зөв гэсэн сонголтоо л хийнэ. Надад одоо намын систем, хэт намчирхсан үзэл, ашиг сонирхолын зөрчлөөр жижиг хайрцагт орж байгаа нь таалагдахгүй байна. Монголд аль нь илүү хэрэгтэй, хойч ирээдүйнхээ төлөө хэн ажиллаж чадах вэ, хэн гэрэл гэгээтэй зүйл хийж чадах вэ гэдэг нь чухал. Ялангуяа залуу хүмүүсээ, шинээр төрж буй боловсон хүчин, хүний нөөцөө дэмжих, ажлын дадлага туршлага хуримтлуулахын төлөө хэн гэрэл гэгээтэй, оюунлаг, саруул сайхан зүйлийг хийж чадна, түүнийг л дэмжинэ. Шинжлэх ухаанчаар аливаад хандаж чадах улс төрийн хүчин л өнөөдөр Монголд, XXI зуунд хэрэгтэй хэмээн үзэл бодлоо эрс шулуун хэлэх зүрх зориг, туршлагыг өнгөрсөн хугацаанд хуримтлуулжээ.
АРД ТҮМНИЙ ӨГСӨН АЛДАР
Б.Нэргүй дарга Баянзүрх дүүргийн XXXV хороондоо 1990 оноос хойш Х хороо байх үеэс нь, дараа нь XXIII хороо болоход нь, одоо дахиад хуваагдахад нь гээд 30 гаруй жил амьдарч, ажиллаж байна. Бүхий л зүйл, аж ахуй эрхлэх, ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, иргэний нийгмийн оролцоогоо идэвхижүүлэх, улсад хөдөлмөрлөх, хоёр хүүхдээ дээд боловсролтой болгож, ажил төрлийн зах бараадуулах гээд хувь, хувьсгалын бүхий л ажлын гараа, хүч хөдөлмөр нь энд л ундарч байж. Хорооныхоо анхан шатны нэгж буюу Иргэдийн хурлын нарийн бичгийн даргаар 10 жил, дараа нь хороо, хэсэг, анхан шатны даргаар ажиллаж байсан ажил, амьдралын туршлагатай. Хожмоо Монгол Улсын Засгийн газраас баталсан хөтөлбөрийн дагуу хүүхэд харах үйлчилгээг хороондоо нэвтрүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа эрхэлж, Хүүхэд харах төвийн ахлагчаар ажиллаж байсан юм. Тиймээс л одоо Ерөнхий боловсролын сургуулийн 7-8 дугаар ангид сурч байгаа хүүхдүүд түүнийг “Багш аа” хэмээн дууддаг. Тус “Хүүхэд харах төв”-д хүмүүжиж байсан анхны багачууд нь өнөөдөр аль хэдийнэ сургуулийн дунд ангийн сурагчид болчихсон, тэд л Б.Нэргүй даргыг “Цэцэрлэгийн багш”, “Дарга багш” гэж дууддаг, тэгж ч боддог байсан юм билээ. Бага насны хүүхдийг харах, асрах, хамгаалах нь өнөөдөр ч нийгэмд тулгамдсан асуудлын нэг болсоор байгаа. Гэхдээ хүүхдүүдийг чөлөө завгүй ном уншуулж, юм бичүүлэх биш хүүхдийнхээ суурь хүмүүжилд маш сайн анхаарах, ялангуяа сайн хүн болж төлөвшүүлэх, хүнийг хайрлах үзэл бодолтой, суулгаж сургах зэрэгт чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй байна хэмээн тэрбээр ярив. Нэг хороонд ижий, ахай болтлоо ажиллаж амьдарсан болохоор зарим зүйл дээр сэтгэл эмзэглэж явдаг аж. Энэ нь ч хүүхэд харах үйлчилгээний байгууллагад өөрийн хувь нэмрийг оруулах хүслийг бий болгожээ. Анхан шатны нэгж, хороонд ажиллаж байх үед 20, 30-тай шижигнүүлж явсан залуучууд одоо 40, 50 гарчихсан, ид сайхан ажиллаж, хийж бүтээх насан дээрээ, зарим нь нийгмийн шуурганд уруудчихсан, миний, чиний найзууд байсан тэр хүмүүс өнөөдөр өөрийгөө хэн байсныг ч мэдэхээ больчихсон, ороо бусгаа цагийн аясаар төөрчихсөн явж байгаад сэтгэл шимширдэг. Тиймээс өдөржингөө гудамжинд уух ус ч үгүй байгаа хүмүүст тэрбээр өдөрт хэд л бол хэдэн саваар нь ус буцалгаж, цай чанаж, кофе найруулж өгдөг байсан үе бий. Хүйтэн хахирган цагт ядарсан нэгэнд бүлээн юм уулгах гэсэн халуун сэтгэл нь “Дарга аа”, “Багш аа” хэмээх алдар дээр нь “Тогооч оо”, “Хүмүүжүүлэгч ээ”, “Өндөр ээж ээ” хэмээх бас нэгэн авгайллыг бий болгочихжээ. Тэрбээр, хувь тавилангийн эрхээр зутарч яваа хүүхэд, буурай нарт өгч байгаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж, боломж бололцооныхоо хэрээр чанартай байлгахыг хичээдэг. Хүнд хоёр ширхэг хэрэггүй зүйл өгссөнөөс хэрэгтэй байгаа ганц зүйлийг нь өгөх хэмжээний сэтгэл гаргаж, гараа сунгах ёстой гэж үздэг байна. Энэ бүхний эхлэл нь хорооны анхан шатны нэгжид ажиллаж байхад тавигдсан гэдэг. Учир нь хүүхдүүд 3000 төгрөгөө, залуу гэр бүл 500 мянган төгрөгөө авч чадахгүй, хэнд хандахаа мэдэхгүй, хаашаа явж, юу асуух, өргөдөл яаж бичихээ ч мэдэхгүй, хэнээс, хаанаас өмгөөлөл авахаа ч гадарлахгүй ядарсан хүмүүс түүнийг л зориод ирдэг байж. Тэр болгон дээр чадлынхаа хэрээр тус нэмэр болоод явуулна. Ингэхдээ төр захиргааны байгууллагын хүмүүсийн мэдлэг чадвар нь дутдаг юм уу эсвэл сэтгэл нь дутдаг юм уу хэмээн гайхширдагаа ярьж байна.
Ажил нь бүтэж, сэтгэл нь тэнийсэн хүмүүс ам дамжуулан түүний хэрхэн тус дэм болсныг ярих. Зорьж ирэн өргөдөл бичүүлэх хүний тоо нэмэгдсээр нэг мэдэхэд хорооныхоо иргэдийн аав ээж, ах дүүс, худ ураг, амраг садан, аль нутаг усных, хэн нь ямар асуудал зовлонтой байдаг вэ гээд бүгдийг нь мэддэг болчихсон байж. Б.Нэргүй “Нэг хороонд 30 жил ажиллаж амьдрахад ийм л болдог юм билээ. Их сонин би хаана гишгэвэл устай, хаана гишгэвэл чулуутай, хаана хэнийхэн байгаа вэ гэдгийг хүртэл мэддэг болчихжээ. Зарим айлыг бүр 2-3 үеэр нь андахгүй таньж байна шүү дээ. Төрийн ажлыг хийж яваа Шийдвэр гүйцэтгэх албаны хүмүүст хүртэл тус нэмэр болж явлаа. Зарим хүн ажил алба залгуулахаар ирсэн ч айлаа, гудамжаа мэддэггүй. Олохгүй байх нь аргагүй шүү дээ, хот тэлсээр байна. Төрийн захиргааны албаны ажилчид, халамжийн төвийнхөн худаг дээр очиж маш их зүйл асуудаг юм билээ. Ус түгээгч нь миний утсыг өгчихдөг. Нэг жимээр 30 жил явсны давуу тал нь энэ юм болов уу. Хороонд ажиллаж байхад манай гэр рүү бүр жим гарч байлаа шүү дээ. Тэгэхээр хэчнээн олон хүн зорьж ирдэг байж вэ. Хүний амьдрал их сонин. Өдөр болгон завгүй гүйгээд байдаг хэр нь нэг л үйлдлээ дахин давтан хийгээд байдаг юм билээ. Гэхдээ сүүлийн үед шилжилт, суурьшилт их болсон. Уг нь хүн нэг газраа тогтвор суурьшилтай ажиллаж, амьдарч, төлөвших их сайхан шүү дээ” хэмээн ярих нь “Нэгийг бодож хоёрыг тунгаагаасай” хэмээн хэн нэгнээс хүсээд ч байгаа юм шиг.
НИЙГЭМДЭЭ САЙН САЙХНЫГ ТҮГЭЭЖ БАЙГАЛЬДАА МОД ТАРЬСАН ХҮН
Нийтлэлийн маань баатар нийгэмдээ сайн сайхан зүйлсийг, байгальдаа мод тарих ажлыг нэлээд хийсэн. Нийтийн ахуйн үйлчилгээний хоёрдугаар төслөөр хол, ойртоо нэлээд мод тарьж амжжээ. Тэр үед Улиастайн тойрог бүхэлдээ Х хороо байж. Харин дараа нь Х хорооноос XXIII хороо, тэндээсээ XXVIII хороо болон хуваагдсан байдаг. Хамгийн сүүлд XXIII хорооноос XXXV хороо хуваагдаж гарсан нь нийслэл хот зах хэсгээрээ тэлсээр байгааг илтгэнэ. Тэрбээр “Манай Улиастай бүтэц, зохион байгуулалтын хувьд их аятайхан. Нутаг орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс ажиллаж амьдардаг. Дээр үед цэргийн албан хаагчид их байсан болохоор хороо ерөнхийдөө их эмх цэгцтэй, хүмүүс нь ажилсаг, дэг журамтай. Цэргээс тэтгэвэрт гарсан хүмүүс, тэдний үр хүүхдүүд их бий. Иргэд маань өөрийн гэсэн өмч хөрөнгө сайтай. Тэднийг эвлэлдэн нэгдэж, зохион байгуулалтад оруулж, манлайлж л чадвал юу л бол юуг хийх чадвар чансаатай. Газар зүйн зохион байгуулалтын хувьд ч янз бүрийн бартаа саад багатай хороо шүү дээ. Баатархайрханы өвөр, Туул, Улиастай хэмээх хоёр сайхан голынхоо савд амьдарч, олон жил суурьшиж, ээнэгшсэн учраас хүмүүс нь ч гэсэн байгальдаа их хайртай. Өөрөө л хичээж, зөв амьдарч, ажиллаж, уул усаа хайрлаж чадвал Баатархайрхан гайхалтай сайхан нутаг. Өдөр болгон алтан баян хангайдаа ивээгдэж, энгэрт нь амьдарч, бүх зүйлээрээ тэгш сайхан явдаг. Нэг газар олон жил хамт амьдарсан хүмүүс ч бие биедээ ижил дасал болж, ах дүү шиг ойр дотно болох юм. Өглөө болгон Баянзүрх хайрханы оройгоос нар мандана. Өдөр болгон бид хамгийн түрүүнд мандах нарны тусгалыг харна. Өмнө зүгт Богд Дүнжингарав дүнхийгээд л Баатархайрханы элгэнд амьдарч буй Улиастайчууд байгалийн гоо сайхныг өдөр бүр мэдрэх боломжтой, агаар салхи сайтай. Баатархайрхан шигээ нуруутай, Улиастайн гол шигээ цэвэр тунгалаг сэтгэлтэй, сайн сайхан амьдрах хувьтай хүмүүс шүү дээ” хэмээх тодорхойлолтыг хорооныхоо иргэд, оршин суугчдад өгөв.
Тэрбээр Улиастайд “Лантуун дохио” ТББ “Ид шидийн орон-2” хэмээх хүүхэд хөгжлийн төв байгуулахад анх шав тавьсан цагаас нь эхлэн гар бие оролцжээ. Сэтгэл зүтгэлтэй нь энэ ажлыг чадлынхаа хэрээр дэмжиж байсан цаг. “Өндөр ээж” маань ч энэ ажлаас юу гэж хойш суух билээ. Оюутан залуучууд хагас, бүтэнд сайнд очиж ажиллаарай. Хоолны газрууд хоол, ус, ундааг нь залгуулаарай, тэнд байгаа сайн дурын ажилтнуудад чин сэтгэлээрээ хандаарай гээд байнга уриалсаар сууж байсан цаг саяхан. Харин одоо тус төв Улиастай гэлтгүй Хужирбулан, Гачууртын хүүхэд багачуудын ирж өдрийг өнгөрүүлдэг тав тухтай бүс нь болжээ. Баянзүрх дүүргийн Х хороонд ажиллаж байхдаа олон мод тарьсан газрын нэг нь энэ. Мод тарьж, үржүүлж байсан газарт нь “Ид шидийн орон” байгуулж хүүхэд багачуудаа хөгжүүлж, хамгаалах гэж байгааг тэрбээр ихэд билэгшээн хүлээн авч байсан юм. Мянга мянган мод тарьж, үржүүлж байсан тэр газраа Монголын хойч ирээдүйн төлөө чөлөөлж өгч байв.
“САМПИН ТОЛГОЙ”-ТОЙ БАЙХЫН УЧИР
Хулгана жилтэй арслангийн орд болохоор ч тэр үү, аливаа юмны түрүүнд манлайлж явдаг. Тайлан баланс гаргахдаа ч тэр, маш богино хугацаанд яг таг хийдэг байжээ. Өглөө нь 10 ажил төлөвлөсөн бол аль болох түүнийгээ л хурдан амжуулж, ажлаа бүтээж байж санаа амардаг зантай. Хэлбэр дүр, хийц маяг хөөсөн хүнд дургүй. Долигнож чадахгүй шууд хэлчихдэг учраас зарим хүнд хатуу ширүүн үгтэй санагддаг байсан болов уу. Үүнээсээ болж хохирч байсан үе ч цөөнгүй аж. Тэрбээр 10 дугаар анги төгсөхдөө Москвагийн их сургуулийн философийн ангийн хуваарь авчээ. Гэтэл гэнэт суурь шалгалт өөрчлөгдсөн, дээрээс нь ганц, хоёр онооны зөрүү гарсан гээд дотооддоо Хилийн цэргийн сургуульд орохоор боллоо. Тэгтэл Нисэхийн ангид эмэгтэй хүүхэд авах боломжгүй гээд хүйсийн асуудал сөхөгджээ. Ингэлээ гээд Нэргүй охин огтхон ч гуньж гутарсангүй. Тэрбээр одоо ч “Хүн өөрт хэрэггүй хог хаягдлаа зайлуулаад сурчихаар сэтгэл амар тайван болчихдог юм билээ” хэмээн суух.
Ерөөсөө л хар багаасаа бие даах чадвартай байсан учраас томчуудын гар хөлийн үзүүрт зарагдана. Багш нарынхаараа аж ахуйн чанартай ажил хийгээд гүйдэг охин байжээ. Хүүхдийг нь харна, гал түлнэ гээд уйдах цаг түүнд үгүй. Хичээлдээ ч сайн, сурлага сайтай байж. Жаахан охин байхдаа сэвхтэй учраас “Цоохор” гэж үеийнхэн нь дооглодог. Үүнээс өөр өө сэв түүнд үгүй ч зургаа, долоодугаар анги хүртлээ ийм хочтой явсан гэж байгаа. Харин наймдугаар ангид орсон жил өнөөх цоохор сэвх нь гэнэт алга болчихож. Үүнийг дагаад “Цоохор” хочгүй ч болжээ.
Тэртээ 40 гаруй жилийн алсад үлдсэн дурсамжаа сөхөн суухдаа “Булган аймгийн харьяат Даш гэдэг бөхийн охин Мядагбадам гэдэг найзыгаа би одоо маш их боддог. Бид хоёр маш дотно найзууд. Дугуй унана, хөлбөмбөг тоглоно. Хоёулаа нийлж хүүхдүүдийг шоглоно. Их эршүүд хоёр охин найзалдаг байлаа. Хатаасан алим, хар чавга таван төгрөгийн үнэтэй. Авч ангийнхандаа тараадаг зүйл нь энэ. Элэгний нухаш их авч иднэ. Нэг төгрөг 30 мөнгө. Тагийг нь гадаа цементэн дээр үрсээр байгаад онгойлгочихно. Оровч гаравч цугтаа явсан найз минь одоо хаана юу хийж яваа бол доо” хэмээн хөнгөн санаа алдав.
Хүн болох багаасаа гэдэг. Унаган багын зангаа гээгээгүй Нэргүй бүсгүй улсад хөдөлмөрлөж байх үедээ ч эмх цэгцтэй, хүнтэй харилцах хандлага дээрээ ч эршүүд нэгэн явжээ. Харин хэзээ хойно “Сампин толгойт” гэдэг хочтой болоотхож. Мэргэжил нь гарт орсных уу, бага залууд нь суусан хүмүүжил, дэг журамтай нь холбоотой юу. Юутай ч насны эцэст ийм хочтой болсон гэж байгаа. Энэ тухай сөхөхөд “Тэр үнээн. Усан толгойтой гэсэн бол гомдоно шүү дээ, би. Гэхдээ манай гэрийнхэн ч тооцоонд яггүй. Зарим хүн “Нарийн, айхтар хүмүүс” гэж ярьсан л байдаг юм. Энэ чинь харамч хариг даа биш шүү дээ. Ухаантай нь хадгал, хуримтлуул, шаардлагатай үед ашигла. Харин ухаан муутай нь олсноо юу ч үлдээлгүй үрээд бай гэдэг зүйлийг олон улсын байгууллагын төсөл дээр хадгаламж, зээлийн хоршооны 50 бүлийг удирдан чиглүүлж ажиллаж байхдаа сурсан. Хүнд сурсан эрдэм илүүднэ гэж үгүй. Хамгийн гол нь түүнийгээ ажил хэрэг болгож амьдрал ахуйдаа ашиглах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр өчнөөн олон номын дуу сонсоод байгаа хэр нь гадаах нь гэртээ, гэр дэх нь ходоодондоо орохгүй яваад байгаа хүн олон байна шүү дээ. Наад зах нь гарааны бизнес эрхэлж байгаа хүмүүс анхнаасаа ажил, гэр хоёроо ялгаж салгаж сурах хэрэгтэй. Ингэхгүй бол гэр нь ч юм уу, ажил нь ч юм уу бүү мэд. Бүх зүйл холилдоод эхэлдэг. Ингэж болохгүй. Өрх, бизнесийн төсөв тусдаа явах хэрэгтэй. Нэг үеэ бодвол амжилт руу тэмүүлж буй хүн бүр үүнийг мэддэг болжээ” хэмээн тэрбээр бас нэг “шпи” өгөв.
ДЭМ ДЭМЭНДЭЭ
Тэтгэвэрт гарахынхаа өмнөхөн “Дэлхийн зөн” Олон улсын байгууллагын Амгалан хөтөлбөрийн орон нутгийн багт гэрээт ажилтнаар ажиллаж байсан юм, тэрбээр. Тухайн үед жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр анхны мөнгөн хуримтлалын бүлэг гэдгийг “Дэлхийн зөн-Амгалан” хөтөлбөрийн багийнхантай хамтарч байгуулжээ. Баянзүрх дүүргийн VII, X, XII, XXIII, XXVIII хороонд 50 бүлэг байгуулан жижиг, дунд үйлдвэрлэлийн ижил үзэл бодолтой, ижил санхүүгийн боломжтой, банкнаас барьцаа тавьж, санхүүжилт авч чадахгүй байгаа 50 бүлгийг бий болгож, хадгаламж ба хуримтлал гэдгийг жинхэнэ утгаар нь бий болгож, цөөнгүй хүмүүсийг санхүүгийн боловсрол, сахилга батад сургажээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн VIII хороонд байрладаг “Wellmart” худалдааны төв дээр “Алтан зоос”-1, 2, 3, 4 гээд 8 хүртэл нь том бүлэг байгуулж, нэг удаагийн гаралтаараа тэндээс 30-40 сая төгрөгийн санхүүжилт авдаг иргэдийн дундын байгууллагыг бий болгож байсан түүхтэй. Иргэд 10 хоног тутамд өөрийнхөө мөнгөнөөс 20-25 мянган төгрөг хуримтлуулдаг, нэг бүлэг нь 15-20 хүний бүрэлдэхүүнтэй, тэгээд өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг сайн дурын бүлгүүд байж. Ийм сайн дурын бүлгүүдийг ажиллууснаар хадгаламж ба хуримтлал гэдгийг сайн ойлгожээ, иргэд. Үүнээс гадна санхүүгийн сахилга батад ч суралцжээ. Мэдээж орон нутагт үлдсэн маш том өгөөж нь энэ.
Улаанбаатар хотын гэр хорооллын 154 хороонд 2012 онд Засгийн газар, Хөдөлмөрийн газраас хамтарч жижиг хоршоодын хэлбэрээр Хадгаламж, зээлийн хоршоо байгуулсан юм. Түүнийг байгуулахад өөрийнхөө хороон дээр үнэт хувь нэмрээ оруулж, өмнө нь “Дэлхийн зөн”-гийн хөтөлбөрт хамрагдаж байсан 20 хүнийг өөрийнх нь оёдлын машин, ажлын багаж хэрэгсэлтэй нь авчирч төрийн санхүүжилтэд хамруулж бас амжжээ.
“ӨНДӨР ЭЭЖ”-ИЙН ФИЛОСОФИ
Монголын түүхэнд XXI зуун гэж гайхамшигтай шинэ эрин үе бий болсон. Хүн болж төрнө гэдэг агуу хувь тавилан. Тэр тусмаа Монгол хүн болж төрнө гэдэг гайхалтай. Гэхдээ монголчууд сайн сайхан яваа нэгэндээ бас халгаатай байдаг гэмтэй. Тиймээс жаргалд ташуурч, зовлонд сөхрөхгүйгээр хорвоог туулах ёстой. Жаргал гэдгээ зөв ойлгох хэрэгтэй. Үзэгдэж харагдах өнгөөр буюу гадна талдаа биш хүн дотоод сэтгэлдээ амар амгалан байвал тэр чинь жинхэнэ жаргал.
Хүн өдөр болгон сайн сайхныг бодож, амьдралд талархалтай хандаж сурах ёстой. Өнөөдөр зөвхөн өөрийгөө л бодох биш бусдын төлөө цохилох зүрх, жаахан ч гэсэн хүнд анхаарал хандуулах сэтгэлтэй бай. Өнөөдөр чи өөрөө болж бүтэж байгаа ч гэсэн болж бүтэхгүй байгаа нэгэндээ тусалж, хүнийг уучилж сурах хэрэгтэй. Залуучууд бие биедээ хүндэтгэлтэй хандаж, амьдралынхаа төлөө зүтгэ.
Өдөр бүрийн ажилдаа чин сэтгэлээ зориулж, өглөө болгон талархах сэтгэлтэй бай. Хүнийг гомдоож болохгүй. Хэлж ярьж байгаа үгээ өмнө нь заавал цэгнэ. Хүний, өөрийн ялгалгүй хүүхэд, багачуудаа хайрлаж, аав ээж, хөгшид настнаа өргөж түших ухаантай бай. Энэ бүгдийг санаж сэрж яваарай, хүүхдүүд минь.
Өөр нэг зүйл нь хэт их өндөр хэрэглээ, мөнгийг шүтэх шаардлагагүй. Хүний нас, хэрэглээ хоёр хязгаартай. Идэх хоол, өмсөх хувцас, амьдрах оронтой, суух унаатай л байхад болно. Хамгийн чухал нь монголчууд эрүүл байх ёстой. Эрүүл байхын тулд уух ус, идэх хоолондоо анхаарч, үзэл бодлоо цэгцлэх ёстой. Сэтгэл эрүүл байвал хүний бие эрүүл л байна. Битгий хүнийг ангилж ялга. Хүмүүн гэдэг өндөр дээд заяанд төрсөн тавиланг нь хүндэтгээд ижил тэгш харьц.
Хүний орчлонг тэгш дүүрэн болгож буй аз жаргалын цэцэгс болсон хүүхдүүддээ маш их хайртай бай. Өсч торниж буй орчныг нь цэвэр ариун байлга. Таны сэтгэл зөв байвал аяндаа царайнд инээмсэглэл тодорч, зам мөр чинь ариун цагаан болно. Ингэхээр чинь лам хар, эм эмнэлэг рүү гүйх шаардлагагүй болдог юм шүү дээ.
Монголд хөгжиж дэвших ирээдүй бий. Дандаа сайн сайхныг бодож, өөдрөг бай. Битгий үргэлж амин хувиа хичээж, хэт бэртэгчин бай. Ерөөсөө л би гэдэг ганцхан үгийг хаяад бид гээд л бодоод, яриад бай. Ингэвэл аандаа ажил үйлс чинь бүтээд байх нь тэр. Хүний амин чухал нэгдүгээр асуудал бол эрүүл мэнд. Эрүүл мэндээ алд дэлмээр алдан байж атга ч хүрэхгүй зүйл олж ирэхийн хэрэггүй.
Залуучууд маань гадагшаа гарч ажиллахдаа анхаарах нэг зүйл байна. Сайхан орон байр, унаа машинаа устган байж, аав ээж, хань ижил, үр хүүхдээ орхин байж хүний нутгийг ажил хийхээр зорих нь бий. Харийг зорьж буй шалтгаан нь буруу биш ч юуг алдаж, юуг олох вэ гэдгээ дахин, дахин бодож байж шийдвэр гаргаарай. Эцэст нь хаана ч явсан эрүүл мэнддээ л анхаар. Хүн юу тарина түүнийгээ л хурааж авдаг гэдэг чинь чиний өдөр бүр хийдэг болох, болохгүй зуршлууд чинь шүү дээ хэмээн сайн муу, сайхан муухайн тухай бараг лекц уншчих шахсанаар бидний яриа өндөрлөв. Улиастайн тойргийн “Өндөр ээж”-ийн лекц ч түмний олон хүүхдэд хэрэгтэй биз. Авах, гээхийн ухаанаар хандахаа уншигч абугай та мэдээрэй.
Сэтгэгдэл ( 0 )