Казахстаны Ерөнхийлөгч ном уншиж, ширээний теннис тоглон, алхах дуртай

З.Тэмлүүн | Zindaa.mn
4 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Түүний тухай сонирхолтой мэдээллээс хүргэе.


Казахстаны Ерөнхийлөгч ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай.

​Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдөр төрийн айлчлал хийх гэж байна. 

Ерөнхийлөгчийн хувиар анх удаа айлчлал хийх гэж байгаа К.Токаев 2006 онд Гадаад хэргийн сайдынхувиар, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийндаргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарынЕрөнхий захиралын хувиар манай улсад ирж байсан юм. 

Ерөнхийлөгч К.Токаев 1953 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Алматы хотноо төрсөн. Их жузын Жалайр овгийн хүн. Касым нь “өгөөмөр” гэсэн утгатай араб, Жомарт нь “эрэлхэг, зоригтой” гэсэн утгатай казах үгюм. 

​К.Токаев 1975 онд Москвагийн ОУХДС (МГИМО)-ийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 1983-1984 онд Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлага хийсэн. 1992 онд ОХУ-ын ГХЯ-ны Дипломат академи төгссөн.

1975 онд​ ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд дадлагажигч.

1975-1979 онд​ ЗХУ-аас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яаманд ажилтан.

1979-1983 онд​ ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан.

1983-1984 онд​ Бээжингийн хэл судлалын дээд сургуульд дадлагажигч.

1984-1985 онд​ ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилтан.

1985-1991 онд ​ЗХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх.

1992-1993 онд​ БНКазУ-ын Гадаад хэргийн орлогч сайд.

1993-1994 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд.

1994-1999 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн сайд.

1999-2002 онд ​БНКазУ-ын Ерөнхий сайдын орлогч, Ерөнхий сайд.

2002-2003 онд​ БНКазУ-ын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга.

2003-2007 онд ​БНКазУ-ын Гадаад хэргийн сайд.

2007-2011 онд​ БНКазУ-ын Сенатын гишүүн, Сенатын даргаар ажилласан.

2011-2013 онд​ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын Женев дахь салбарын даргаар ажилласан.

2013-2019 онд​ Казахстаны Сенатын даргаар ажиллаж байсан. 

Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаев өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа 2019 онд болсон ээлжит бус сонгуулиар К.Токаев төрийн тэргүүнээр сонгогдсон.

Тус улсын Үндсэн хуулинд орсон өөрчлөлтийн дагуу (Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байх бөгөөд дахин сонгогдохгүй) 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр болсон ээлжит бус сонгуульд 81.31 хувийн санал авч, дахин сонгогдсон.

Орос, хятад, англи, франц хэлтэй. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, улс төрийн шинжлэх ухааны доктор цолтой. 

Ерөнхийлөгч К.Токаев 2021 оноос Казахстаны Ард түмний Ассамблейн дарга, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Аюулгүйн Зөвлөлийн даргаар ажиллаж байна. 

Ном унших, ширээний теннис тоглох, алхах дуртай. Оюутан байхдаа ширээний теннисийн спортын дэд мастер болсон гэдэг мэдээлэл байдаг. 

2016-2018 онд улсынхаа Ширээний теннисийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан. 2022 онд Турк Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Т.Эрдоантай теннис тоглож байсан удаатай юм. 

2006 онд Казахстаны Гадаад хэргийн сайдынхувиар, 2013 онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийндаргын орлогч бөгөөд НҮБ-ын Женев дахь салбарынЕрөнхий захиралын хувиар Монгол Улсад ирж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top