УИХ-ын дэд дарга Л.Цогтой Оюутолгойн гэрээ тойрсон асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар Оюутолгойн гэрээний нөхцөл байдлын талаар ярилцлаа. Нэгэн цагт таны гудамжинд жагсч шахалт, шаардлага тавьж байсан чинь төрийн хараанд оров уу гэж харагдаж байна?
-Миний хувьд Оюутолгойн гэрээ бол Монголын баялгийг цөлмөх, мөнгө сорох луйвар гэдгийг олон жил ярьж байна. Энэ байр сууриасаа өнөөдөр ч буцаагүй. Яагаад гэвэл гэрээний байгуулсан үүх түүх, мөн чанарыг дэндүү сайн мэдэх хүний нэг нь би. Үүнийг хаана ч бардам хэлнэ. Надад их сонин сэтгэгдэл төрж байна. Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын гишүүд яагаад гэнэт ухаан орсон юм шиг шуугих болов гэж. Ингэх учир ч байна. Олон жилийн турш иргэний хөдөлгөөнийнхөн болоод ард түмэн гэрээг өөрчил гэж тэмцэж, өлсгөлөн хүртэл зарлаж байхад хүлээж аваагүй. Харин өнөөдөр гэнэт ярих боллоо. Үүний цаана юу байгаа нь сонирхол татаж байна.
-Анхаарал тавих болсон нь буруу гэж үү?
-Ярьж байгааг нь буруу гэсэн юм биш. “Ниргэсэн хойно хашгирав” гэгч болж байна шүү дээ. Монголын төр, засгийнхан тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал, ард түмнийхээ ирээдүйг бодож байгаа юм бол энэ луйврыг илчлэхээс өөр замгүй. Гэхдээ ээлжит жүжиг тавиад үүний цаана бизнесийн бүлэглэлийн дахин хуваарилалт явагдчих вий гэж санаа зовж байна. Ер нь Оюутолгойн гэрээ гэх том луйвар хийх үндсийг 2006 оны Ашигт малтмалын хууль суурийг нь тавьсан байдаг. Тодруулбал, төсвийн мөнгөөр хайгуул хийсэн бол төр 50-аас дээш, хувийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34-өөс дээш хувь авч болохгүй гэсэн суурь заалт. Энэ заалт Үндсэн хууль зөрчсөн байтал өнөөг хүртэл өөрчлөхгүй байгаа нь цаашид хийх бүх гэрээг энэ зарчмаар луйвардана гэсний тод илрэл болов уу.
Нөгөө талаар гэрээг байгуулахад тухайн үеийн УИХ, Засгийн газрын бүлэглэлүүд учрыг нь олоогүй. Гадныхны аманд орж тэдний нөхцөл, болзлын дагуу хийсэн юм шүү дээ. Монголын ард түмний язгуур эрх ашгаас урвасан гэж хэлэх байна.
-Гэрээг байгуулсан талаас гадна “Оюутолгой” компанийнхан дураараа загнаж байна гэх шүүмжлэлийг төрийн тэргүүнээс эхлээд эрдэмтэн судлаачид хэлж байна. Татвар төлөхөөс зайлсхийхээс эхлээд л?
-Монгол Улс хуультай ч гэсэн мөрддөггүй учраас “Хойноос ирээд хот минийх, хотонд ирээд хонь минийх” гэсэн байдлаар аашилж байгаагийн тод жишээ энэ. Цаашид луйвар лавшрах юм шиг байна. Бүр гаарч эхэлнэ гэсэн үг. Бидэнд ч хэлэх үг олдохгүй нь бололтой. Магадгүй УИХ-ын чуулганаар нухацтай хэлэлцсэн нь “Оюутолгой”-г давруулахгүй, эрхэнд нь орохгүй гэсэн уур амьсгал байж болох юм. Гэхдээ л мордохын хазгай гэгч болсон гэрээ учраас асуудлыг бүрэн дүүрэн шийднэ гэдэгт итгэхгүй байна. Гэрээ хийсэн сайд нарыг шалгаж мөрдөөгүй цагт шударга үнэн олдохгүй. Тухайлбал, тэр сайд нар Оюутолгойн гэрээнээс гадна давхар байгуулсан хувь нийлүүлэгчдийн гэрээг нууцалсныг юу гэж ойлгох вэ. Энэ бүхнийг шалгах комисс байгуулагдах ёстой. Ерөнхийлөгчийн ивээл дор шүү. Эс бөгөөс ээлжит молиго болж өнгөрөх биз ээ.
-Гэрээ цаг хугацааны хувьд хойшлох төлөвтэй байна. Ингэх нь манай талд ашигтай юм болов уу?
-Өөрийнхөө юмыг хүнд бэлэглэчихээд эргүүлээд худалдаж авдаг орон энэ дэлхийд Монголоос өөр байхгүй болов уу. Энэ бүхний эцэст 34 жилийн дараа өртэй үлдэнэ гэдгийг монголчууд мэдэх биз. Ийм байдалд хүргэсэн бүлэг, нам, улстөрчтэй хариуцлага тооцохгүй бол ард түмэн ойлгохгүй. Хэрэв шударга шүүх байсансан бол учир нь амархан олдоно. Харамсалтай нь, шүүх нь шударга биш учраас хандаад нэмэргүй. Харин үүний учрыг олох ганц хүчин нь “Шударга ёс” эвсэл. Эвслийн зорилго бол “Оюутолгойн гэрээний луйврыг илчилж, Тавантолгойг ард түмэндээ авч өгөх”-д оршиж байгаа юм.
-Хоёр талын уулзалт маргааш болно. Уулзалтаар Монголд ашигтай байдлаар ярилцана гэж байгаа. Энэ нь тусах болов уу?
-Уулзалтын үр дүн гэрээний суурь болж чадахгүй. Луйврын гэрээг хүчингүй болгох шаардлагыг Монголын төр тавьж чадахгүй юм бол эргээд аманд нь орно. Монголын ард түмэн сонсч харж ханалаа. Гэрээний луйврыг эх оронч эрдэмтэд бишгүйдээ ярилаа. Гэсэн ч үр дүн алга. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол орон хуультай улс шүү” гэж олон удаа хэлнэ лээ. Харамсалтай нь, мөрдөхгүй бол мянган хуультай байгаад яах юм бэ.
Сэтгэгдэл ( 0 )