Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжээд сар боллоо. Энэ хүрээнд хүнсний үйлдвэрлэгч болон экспортлогч, дэлгүүр, хүнсний захуудын хадгалалт, орчин нөхцөл овоо дээрдсэн. Тухайлбал: талхыг ууталж, он сарыг нь тодорхой болгосон. Өндөг ч мөн тамгалсан он сартай байна. Ил захуудын орчин сайжирсан байна лээ. Тухайлбал “Наран туул” –ын хүнсний зах гэж олон хүний хөл холхисон ил задгай орчинд хүнсний бараа, талх, сүү цагаан идээ, жимс, жигнэмэг, гээд бүхий л зүйл задгай, бохир орчинд зарагддаг байсан бөгөөд орой тарахдаа дээгүүр нь бүтээлгээр хучаад явчихдаг байсан бол одоо битүү шилэн лангуутай болсон нь арай л боловсон харагдаж байна лээ.
Гэхдээ л эрүүл ахуйн тухай яривал бас л асуудалтай. Хүнсний зүйлийг сэрүүн нөхцөлд хадгалах горимтой төдийгүй хадгалалтын хоног хугацаанаас чанарын алдагдал хамаардаг. Тэгвэл энэ асуудал хаа ч орхигдсон харагдана. Шилтэй жимсний чанамал, лаазалсан консерв, хаа сайгүй лангуун дээр өрөөстэй байна. Хэд хоног ийм бүгчим халуун нөхцөлд тавигдсан бол гэхээр л хугацаа дуусах болоогүй нь хамаа ч алга.
Он сар нь дуусах болоогүй ч гэлээ заасан хэмд зөв хадгалаагүй л бол хүнсний бүтээгдэхүүн амархан мууддаг. Гэтэл энэ тал дээр анхаар ч байгаа зүйл мэргэжлийн хяналтынханд байдаггүй бололтой. Ихэнхи дэлгүүр, задгай захуудад хүнсний зориулалтын хөргөгч тун цөөн байх юм. Ганц нэг байсанд нь төрөл зүйл хамаарахгүйгээр холиод хийчихэж. Хүнсний зүйлийн наймаа уг нь овоо л ашигтай гүйлгээ сайтай баймаардаа. Иймэд ядаж 3-аас дээш зориулалтын хөргөгч хөлдөөгчтэй байхыг шаардаж болмоор л баймаар юм.
Манай ихэнхи 8 нэрийн дэлгүүрүүд бүгд “Наран-туул”-ын өргөтгөлийн контенерээс бараагаа авдаг байна. Монгол улсын хэмжээнд хүнсний бараа түгээгч гэхэд болно. Хөдөө орон нутгынхан эндээс л бараагаа авдаг. Гэтэл энэ том хүнсний түгээлтийн төв гадаа орчинд, шороо тоосонд дарагдан, халуунд нь халж, хүйтэнд нь хөлдөж, хүр ч байхад эрүүл ахуйн талаас яривал үнэндээ л ичмээр биз. Манайх шиг ийм орчинд хүнсний барааг худалдаалж, түгээдэг газар гэвэл үгүй. Ямартаа ч манайхны хүнсний талаарх мэдлэг ч дээшилж, аль болох эрүүл хүнс хэрэглэхийг зорьдог болсон энэ үед хүнсний худалдааны соёл тэр хэрээрээ дээшлэх шаарлагатай.
Хүнсний ногооны хуудалдаачид төмсний гүйлгээ маш муу байгаа тухай ярьж байсан. Манайхан нэг хэсэгтээ манжинг хорт хавдар үүсгэдэг хэмээн цуурхаж худалдан авахаа байсан бол одоо төмсийг хэт их цардуултай, өвчлөл үүсгэдэг хэмээн насан туршдаа идсэн гол ногооноосоо татгалзхад хүрээд байгаа бололтой. Ер нь үнийн хувьд ч бусад ногооноос харьцангуй хямд зарагдаж байх юм. Монгол үрийн төмс 1кг-нь 600-900 хооронд сортоосоо шалтгаалан ийм үнэтэй байхад лууван, байцаа эрэлт ихтэй учир 700-1100 төгрөгийн хооронд зарагдаж байна. Төмсийг муу гээд хэн хэлээд цуурхав. Тариаланчдийн үлдэгдэл төмс ч агуулахад овоолоостой байгаа аж. Энэ байдлыг харгалзан ирэх жилийн ургацаа төлөвлөхгүй бол хэрэглээнээс ихэдчихэвэл хөөрхий тариаланчид л хохироод үлдэнэ шүү дээ.
Түүнчилэн хүнсний захуудаар ил зарагдаж буй махны асуудал байна. Уг нь дээхэн үед цаасан уутанд боогоод цэвэрхэн зарагддаг байсан гэдэг. Гэтэл юм хөгжөөд буй өнөө үед лангуун дээр ил зарагдаж байгааг гадных нь хараад толгой сэгсэрдэг гэсэн. Гэхдээ манайх нь тэгээд харж, үзээд аваад сурчихсан хойно яая гэхэв. Харж байж авсан хэрнээ бөөн хальс аваад хулхидуулсан байдаг юм чинь харахгүй бол бөөн яс авч хулхидуулна биз. Мэргэжилтнүүд энэ тал дээр анхаарч, хөгжүүлэх тал дээр бодлого гаргана биз ээ.
Энэ сарын 23нд үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран хэлэлцүүлэг өрнүүлэх сурагтай. Гуравдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хүн амын аюулгүй байдлыг хангах учиртай хуулиудад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, худалдан борлуулагч, хэрэглэгчдийн эрх, үүргийг нарийвчлан заасан. Тухайлбал, дэлгүүр, супер маркет, захууд хугацаа нь хэтэрсэн, Англи, Орос, Монгол хэлнээс бусад хэлний тайлбартай хүнсний бүтээгдэхүүнийг худалдахгүй байхыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид хугацаа нь дууссан, хаана үйлдвэрлэсэн, хэрхэн хэрэглэх нь тодорхойгүй бүтээгдэхүүн авахгүй болох юм. Гэтэл одоогийн байдлаар хууль хэрэгжилт тун хангалтгүй байгаа учраас ийнхүү бодлого боловсруулагчид нь хуралдахаар болсон байна. Хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтэд зөвхөн уриалах бус, бодлогын төвшинд ярилцахаар болсон аж. Тэгвэл уг бодлогын хүрээнд илүү өргөн хүрээний асуудлууд яригдах нь тодорхой.
Ямартаа ч дээр дооргүй ярьдаг болж, хэрэгжүүлсээр байхад хүнсний тал дээр санаа зовох зүйлгүй болох цаг ирэх байлгүй
Т.Дуламжав.
Сэтгэгдэл ( 0 )