А.Эрдэнэцогт: Шүүгчид нөлөөлөх нь ямар эрсдэл дагуулахыг холбогдох этгээдүүд мэдэх нь маш чухал

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Шүүхийн тухай багц хуулийн  талаар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхмийн эрхлэгч, доктор А.Эрдэнэцогттой ярилцлаа.

 -Шүүхийн тухай багц хууль мөрдөгдөж эхэллээ. Эдгээр хуулийн гол үзэл санаа шүүхийн хараат бус байдлыг хангаж хамгаалах явдал гэдгийг ихэнх хүмүүс төсөөлж байна. Харин ямар арга зам, механизмаар гэдгийг төдийлөн сайн мэдэхгүй байна. Энэ талаар хамгийн гол, шинэ гэхээр зүйлийг та хэлэх үү?

- Өмнө нь Монгол улс Шүүхийн тухай ганцхан хуультай байлаа. Түүгээр шүүхийн зохион байгуулалт, шүүгчийн эрх зүйн байдлын бүхий л харилцааг  зохицуулах гэж оролдож байсан нь нийгмийн хөгжлийн шалгуурыг даасангүй. Тэгвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн хүрээнд дээрх харилцааг дотор нь нарийвчлан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн  иргэдийн төлөөлөгчийн тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай багц хуулийг батлан гаргасан нь шүүхийг шинэтгэхэд чиглэсэн зоримог алхам болсон гэж үзэж байна. Тухайлбал, шүүхийн эдийн засгийн хараат байдал хангагдах эрх зүйн үндэс бараг бүрэн шийдэгдсэн.

-Тухайлбал яаж?

- Шүүхийн ерөнхий зөвлөл 2013 оноос төсвөө УИХ-д шууд оруулахаар боллоо. Харин зөв төлөвлөж, том сэтгэж ажиллах л үлдлээ. Энэ бол үнэхээр том өөрчлөлт. Өмнө шүүхийн төсөв нийт төсвийн 0.30-0.40 хувьтай тэнцдэг байлаа. Харин одоо хэдэн хувиар төсөвлөх эрх нь шүүхийн захиргаанд нь очлоо. Эдийн засгийн хувьд хараат, ахар тарчиг шүүх, шүүгч хараат бусаар ажиллах боломжгүй. мэдэлтэй хүмүүс шүүхэд нөлөөлөх явдал их байгаа гэсэ хардлага одоо ч байсаар байна.

-За тэгвэл шүүх эдийн засгийн хувьд хараат бус байх нөхцөл бүрэлдэх нь. Гэтэл эрх мэдэлтэй хүмүүс шүүхэд нөлөөлөх явдал их байгаа гэсэн хардлага одоо ч байсаар байна. Үүнийг хязгаарлах талаар шүүхийн тухай багц хуульд ямар зохицуулалт хийсэн бэ?

- Энэ үнэхээр чухал асуудал. Өмнөх шүүхийн тухай хууль, шүүгчид нөлөөлж болохгүй гэж тунхаглаж байсан болохоос нөлөөлсөн албан тушаалтан, этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалт байгаагүй юм. Харин одоо Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд хариуцлагыг маш тодорхой зааж өгсөн. Тухайлбал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх, халдахыг оролдсон нь тогтоогдсон байгууллагыг шүүхийн журмаар татан буулгаж болно. Мөн албан тушаалтныг шүүхийн журмаар огцруулах, чөлөөлөх бололцоотой болсон. Иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олон нийтэд мэдээллийн хэрэгслээр зарлана. Гадаадын иргэнийг өөрийн улсаас албадан гаргаж, дахин орж ирэх эрхийг 10 хүртэл жилээр хасна. Харин одоо ийм нарийн хариуцлагын механизмтай болсныг олон нийтэд сайн хүргэж, ойлгуулах нь чухал.

- Шүүгчийн хараат бус байдалд тухайн этгээдийн нөлөөлсөн, халдсан гэдгийг хэн яаж тогтоох билээ?

- Тэгэхээр Шүүгчийн эрх зүйн байдлын тухай 22 дугаар зүйлд заасны дагуу тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлгийг хөтлөнө. Мэдүүлэг хөтөлж байгаа тухайгаа хэргийн оролцогчдод мэдэгдэж, хууль зүйн үр дагаварыг танилцуулж баримтжуулна. Өөрөөр хэлбэл, шүүгч өөртөө нөлөөлөхийг оролдсон иргэн, байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтныг мэдүүлнэ гэсэн үг. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан гэж үзвэл түүнийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ. Тухайлбал, Ерөнхий шүүгч эсвэл сайд, УИХ-ын гишүүн ингэж дарамталлаа, нөлөөлөх оролдлого хийлээ гэсэн мэдүүлгийн дагуу хуулийн байгууллага шалгаж тогтооно. Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл мэдүүлэг болон түүнийг шалгаж тогтоосон баримтанд тулгуурлан харьяалах шүүхэд хүсэлт гаргана. Тэр хүсэлтийн дагуу шүүх дээр хэлсэн хариуцлагыг хүлээлгэнэ.

-Авлигатай тэмцэх тухай хуульд тухайн албан тушаалтныг зөрчил, дутагдал гаргасан бол арга хэмжээ ав гээд нэг бичиг явуулдаг тэр нь тэгж ингэсхийгээд өнгөрөх хандлага ажиглагддаг. Ийм байдал руу орчихгүй байгаа. 

- Огт үгүй. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар танай ийм албан тушаалтан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх, халдах оролдого хийсэн тул албан тушаалаас нь чөлөөлөх буюу огцруулах арга хэмжээ ав гэсэн шийдвэрийг шүүх гаргана. Хэрэв тухайн албан тушаалтныг албан тушаалаас нь тухайн байгууллага чөлөөлж, огцруулаагүй бол шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулахаар хуульчилсан. Энэ бол үнэхээр шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан мундаг механизм. Харин одоо шүүгчид шударгаар мэдүүлэг хөтлөх нь чухал. Үүний үр дүнд шүүгчид “дээрээс дарамталдаг” гэсэн нэг жижүүрийн гэмээр бас бодит байдал дээр байсан дарамтаас чөлөөлөгдөж, хараат бусаар шийдвэрээ гаргах бололцоотой болж байна. Нөгөө талаас шүүгчид нөлөөлөх нь ямар эрсдэл дагуулахыг холбогдох этгээдүүд мэдэх нь маш чухал.

- Өөр нэг асуулт байна. Жишээ нь: УИХ-ын гишүүн шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж төсөөлье. Одоогийн практикаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй бол асуудал бараг л зогсчихдог. Энэ байдал давтагдах уу?

- Чи хамгийн чухал асуултыг олоод тавьчихлаа. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 38 дугаар зүйлд үүнийг маш тодорхой зохицуулсан. Өөрөөр хэлбэл, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн , халдсан албан тушаалтныг шүүхийн журмаар албадан албан тушаалаас нь чөлөөлж, огцруулахад энэ хуулиас бусад хуулиар тогтоосон нөхцөл, журам хэрэглэхгүй гэж заасан учраас ямар нэг ажиллагаа, саад байхгүй гэсэн үг.

-Албан тушаалтныг бөхийлгөсөн, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалсан ер нь гайгүй эрх зүйн орчин бүрдсэн бололтой байна. Хууль батлагдаад тодорхой хугацаа өнгөрсөн. Үйлчилж эхлээд удаагүй байна. Гэхдээ шүүхийн шинэтгэл яригдаад 4 жил боллоо. Шүүх, шүүгчийн сэтгэлгээ, арга барил өөрчлөлт гарах нь хамгийн чухал. Та судлаач бас өмгөөлөгч хүний хувьд ийм өөрчлөлтийг мэдэрч байна уу?

- Барин тавин өөрчлөх гээд, нийгэм даяар хүлээлт үүссэн гэж ойлгож байгаа. Ингээд бодохоор шүүхийн шинэтгэл ямар их чухал, нийгмийн хүлээлт болсон асуудал болох нь харагддаг. Ийм чухал асуудлыг зориг гарган барьж авсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ард түмэн талархах цаг ирнээ. Ер нь улс төрчид ийм халуун цэгээс тойрч явах нь олонтаа байдаг. Тэрээр тэгсэнгүй. Эхлэлийг тавилаа. Өөрчлөлтийн тухайд мэдэрсэн олон зүйл бий. Юуны өмнө шүүгчид бие дааж шийдвэр гаргах эрмэлзлэл эрс дээшилсэн. Илэрхий дураар авирладаг байсан шүүгчид зөөлөрсөн. Эмээх зөв байх, ажил албаа хадгалах хандлага бий болсон. Бүхэлдээ өөр цаг үе ирснийг мэдэрсэн гэж хэлэх үндэстэй.

-Та эрдэмтэн хүний хувьд шүүгчийн санаатай, санамсаргүй гаргаж байсан алдааны талаар хэлэхгүй юу?

-За энэ талаар энэ удаа ярих цаг нь биш гэж бодож байна. Шинэчлэлт, өөрчлөлт, дасан зохицож , тогтолцоогоо өөрчлөхийн төлөө  зүтгэж байгаа шүүгчдээ энэ удаа урам хайрлаж, шинэчлэлтийг манлайлан хийхийг л хүсмээр байна.

-Ярилцлага өгсөн Танд баярлалаа.

- Чухал сэдвээр ярилцсан Танд ч бас талархал илэрхийлье.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tsetsegee(202.179.11.94) 2025 оны 03 сарын 13

unen

1  |  0
hi(103.9.90.254) 2025 оны 03 сарын 13

Yg zuw heljee....

1  |  0
Хуульч(122.201.20.133) 2025 оны 03 сарын 13

Чанартай ярилцлага өгчээ. Сайн эрдэмтэн байна. Баяр хүргэе

1  |  0
Top