Ам.долларын чангаралт шатахууны үнийг хөөрөгдчих вий!

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Ам.долларын ханш монгол төгрөгийн эсрэг сулрах нөхцлийг бодит эдийн засгаас олж харахад хэцүү байгаа юм. Хэдийгээр өнөөдөр Монголбанк интервенц хийж, банкуудад 20 сая ам.доллар, 155 сая юань худалдсан ч, энэ нь ханш тогтворжуулахын тулд хийж байгаа түр зуурын арга гэдгийг эдийн засагчид мэдэж байгаа. Өнөөдөр арилжааны банкуудын мэдээллийг харахад, Хаан банкны  ам.долларыг худалдах ханш 1560 байгаа бол юань худалдах ханш 262.30 төгрөг байна. Энэ янзаараа ханшийг барьж тогтооно гэдэг хэцүү байна. Гол нь валютын ханшийг хөөргөдөөд байгаа үндсэн асуудлуудыг шийдвэрлэх шаардлага байна. Гэхдээ тэдгээр нь экспортыг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэсэн дунд хугацаанд хэрэгжүүлэх шаардлагатай асуудлууд юм. Эдийн засагч Ч.Хашчулууны хэлж буйгаар бол  “ингэхийн тулд экспортыг дэмжих хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлж ажиллах нь үр дүнтэй болох байх. Ингэхдээ макроэдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төлбөрийн балансыг сайжруулах, төсвийн алдагдал, зарлагыг багасгах шаардлага гарна.” гэсэн байна.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд манайхыг чиглэсэн хөрөнгө оруулалт эрс буурч, экспортоос орж ирэх орлого  үлэмж танагдсан тухай тоон мэдээллүүдийг бид олонтаа сонсож байгаа. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг нүдний гэм болгох гол шалтгаан нь өнгөрсөн жил батлагдсан Стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль гэдгийг бас ярьж байгаа. Манай улсад хийгдэж байгаа нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 85  орчим хувь нь эрдэс баялгийн салбар луу ирдэг бол энэхүү хуулиар тус салбар дахь хөрөнгө оруулалт хийх бололцоог хумисан нь нь эргээд эдийн засагт их нэрмээс болоод байгаа аж. Ямартаа л 2011-2012 онд энэ салбар дахь хөрөнгө оруулалтын урсгал 3-4 тэрбум ам доллараар хэмжигдэж байсан бол хуультай холбоотойгоор хэдхэн сарын дотор 60 орчим хувиар багассан үзүүлэлт байгаа.

Хэдийгээр Чингис бондын тэрбум таван зуун сая ам.доллар эдийн засагт эргэлдэж байгааг валютын ханшийг хэвийн түвшинд барих бас нэг  гарц гэж харах хандлага байсан ч, бодит байдал дээр бондын мөнгөний зарцуулалт ч элгийн юм болж дуусч байна.

Тэгэхээр хөрөнгө оруулалтын дотогшлох их урсгалыг даган төгрөгийн ханш чангардаг болохыг бид арваннэгэн оны жишээнээс харж болох юм. Ер нь төгрөгийн ханш 2010, 2011 онуудад чангарах чиглэлтэй байсан. Гадны хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн, мөн гадаад худалдаанаас валютаар олох орлого ихэсч байсантай  холбоотойгоор төгрөг чангараад байсан. Гадны хөрөнгө оруулалт ба экспортын орлого нэмэгдсэнээр гаднаас дотогш чиглэсэн ам долларын урсгал нэмэгдэж, дотоодод гадаад валютын нийлүүлэлт нэмэгдэн  ханшийг нь сулруулж байлаа.

Харин одоо бол нөхцөл байдал эсрэгээрээ байна. Тэрчлэн дунд хугацаанд ээл дагуулах шийдвэрүүдийг гаргах шаардлагатай байгаагийн нөгөө талд, тэр хүртэл эдийн засагт хүндрэлүүд гарах вий гэсэн болгоомжлолыг дагуулж байна. Тухайлбал, ам.долларын ханшийн чангаралтыг дагаад импортлогчид шатахууны үнийг нэмбэл яах вэ гэдэг асуулт байна. Учир нь өнгөрөгч оны нэгдүгээр сард шатахууны үнийг нэмэхдээ ам.долларын ханшийн чангаралтыг гол шалтаг болгон тайлбарлаж байсан.

Харин Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч тухайн үед Дэд Ерөнхийлөгч байхдаа “Мэдээж импортын барааны үнэ ханш валютаас хамааралтай. Гэхдээ нэг зүйлийг маш сайн санах хэрэгтэй.Ханш хоёрхон жилийн өмнө 1450 байхад, бензин 1200 байсан шүү дээ. Өнөөдөр гэтэл ам.доллар 1450 л байна. Яагаад 1450 байна гэхээр Монгол улсын гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн жил бараг бүтэн “хасах” явлаа шүү дээ. Бид энэ талаар сар бүр мэдээлж байсан. Оны төгсгөл рүүгээ багасах хандлага гарсан. Нэгдүгээр сарын эхээр мэдээж валютын орлого багасдаг. Энэ хугацаанд ханш бага зэрэг буюу хоёр хувиар өссөн. Арваннэгдүгээр сар болон арванхоёрдугаар сард ханш долоон хувийн хөдөлгөөнтэй байсан. Гэхдээ үүнээс үүдэлтэй шатахууны үнэ ингэж өндөр өснө гэдгийг сайнойлгохгүй байна. Ямар ч байсан шатахууны үнийн өсөлт ханшнаас болоогүй гэдгийг би баталгаатай хэлж чадах байна. Яагаад валютын ханшинд буруугаа чихээд байгаагийн шалтгааныг нь сайн ойлгохгүй байна. Гадаад нөхцөл байдал нь өөрчлөгдсөн юм уу гэхээр дэлхийн зах зээл дээр 15 хувийн л өөрчлөлттэй байна.” хэмээн ярьж байсан. Харин одоо ам.долларын ханш өнгөрсөн жилийнхээс 100 гаруй төгрөгөөр чангарчихаад байгаа энэ үед импортлогчид шалтаг хийхгүй гэх баталгаа бий юу. Хэрэв шатахууны үнэ нэмэгдчихвэл дагаад бусад бараа, үйлчилгээний үнэ ч хөөрөгдөж, инфляци эвгүй болоод ирнэ  шүү дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top