Монгол дэлхийн зах зээлд чирэгддэг гэдгээ мартах ёсгүй..

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 08

Эдийн засгийн өсөлтийн хурдаараа дэлхийд цойлж үзсэн Монгол Улс амаргүй нөхцөл байдалтай нүүр тулаад байна. Ийм байдалд хүрэхгүй байх боломж байсан байх учиртай ч, тэрийгээ ашиглаж чадсангүй. Манай эдийн засгийн өсөлт энэ оны I-р улиралд удааширсан байдалтай байсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 2012 онд 17 хувиар буурсан бол 2013 ны эхний 2 сарын байдлаар 58 хувиар буурсан үзүүлэлтэй гарсан. Өмнөх 2012 оны мөн үетэй харьцуулахад экспорт 7.8 хувиар, импорт 17,3 хувиар буурсан үзүүлэлтэй гарлаа. Экспортын хэмжээ буурсан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, нүүрсний үнэ буурч байгаатай холбоотой юм.  Өмнөх оны мөн үетэй харьцуулахад нүүрсний экспортын хэмжээ 2013 оны эхний 2 сарын байдлаар 0.1 сая тонноор нэмэгдэж 1.79 сая тоннд хүрсэн боловч нүүрсний үнийн бууруулалтаас шалтгаалан нүүрсний экспорт 64.9 сая ам.доллараар буурч 122.8 сая ам.долларт хүрсэн. Тэгвэл энэ хугацаанд авч үзвэл нүүрсний экспорт өнгөрсөн оноос 1 сая тонноор буурсан үзүүлэлт гарчихаад байна.

Манай улсын экспортын 2 дахь гол түүхий эд болох зэсийн үнэ 2012 оны 9 сард 8060 ам.долларт хүрч байсан бол 2013 оны 4 сард 6900 ам.долларт хүрч буурсан. Одоо ч олигтой өндийж дийлэхгүй байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш буурахад БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширч, зэсийн эрэлт буурсан. Лондонгийн металын зах дээр зэсийн нийлүүлэлт 2003 оноос хойших хамгийн өндөр хэмжээндээ хүрсэн зэрэг нь нөлөөлсөн байгаа.

Мөн экспортын хэмжээг бууруулахад Таван толгойн нүүрсний экспорт 3 сарын турш түр зогссон зэрэг нөлөөлсөн байна. Гадаад худалдааны алдагдал өмнөх оны мөн үеийн 154.8 сая ам.доллараас 88.6 сая ам.долларт хүрч багассан байгаа. Дээр дурьдсан гадаадын шууд хөрөнгө оруулалт, гадаад худалдааны хэмжээ буурсан нь эдийн засгийн өсөлт удаашрихад нөлөөлөл үзүүлсэн байгаа. 

Гэхдээ  Таван толгойн нүүрсний экспорт 4-р сард эхэлсэн, Оюу толгойн бүтээгдэхүүний экспорт эхлэсэн, дэлхийн эдийн засаг сэргэж, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх төлөвтэй байгаа, Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр томоохон дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлж эхлэх гэж байгаа, мөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулан гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх арга хэмжээг авч эхэлсэн зэрэг эерэг хүчин зүйлсээс хамааран 2-р улиралд эдийн засгийн өсөлт эргэн өсөх боломжтой талаар шинжээчид тэмдэглэж байсан ч, одоогийн нөхцөл байдлаас харахад зогсонги байдал давамгайлаад байна.

Оюутолгой хүлээлтийн байдалтай байхад, Эрдэнэс Тавантолгой дампуурсан тухай мэдээг Ерөнхий сайд өгч байна. Оюутолгой зогсвол гадаадын хөрөнгө оруулалтын 80 хувь нь сураггүй болох талаар эдийн засагчид хэлж байна.

Тэрчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг асуудал анхаарлыг ихээр татаж байна. Эдийн засагч Ч.Хашчулуун энэ тал дээр байр сууриа илэрхийлэхдээ “Тогтвортой, тодорхой орчин чухал. Гаднын хөрөнгө оруулалт урт хугацааных учраас эрсдэлд өртөмтгий. Тиймээс 40, 50 жилээр хөрөнгө оруулалт татна гэдэг энэ хэрээр хууль эрх зүйн орчин нь тогтвортой байна гэсэн үг. Бодлогын шинэчлэл, гэнэтийн хууль эрх зүйн өөрчлөлт гарвал хөрөнгө оруулалт зогсдог. Манайхан уул уурхайг энгийн бизнес гэж боддог. Гэтэл хууль эрх зүйн орчин тогтворгүй байснаар тухайн хүлээгдэж буй хөрөнгө оруулалт 40-50 жилээр зогсох эрсдэл ч бий. Бидний хувьд дэлхийн зах зээлд чирэгддэг. Өөрөөр хэлбэл, үнийн давалгаанд нь автдаг гэсэн үг. Үүнийгээ ойлгох хэрэгтэй. Тухайлбал, 2011 онд дэлхийн зах зээл уул уурхайн бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байсан бол өнгөрсөн оноос үнэ буурсантай холбоотойгоор эдийн засгийн өсөлт саарч байна. Тиймээс чирэгдэхгүйн тулд манай гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүн маш сайн өрсөлдөх чадвартай  байх ёстой. Тэгж байж дэлхийн зах зээлд үнэ буусан ч нүүрс, зэс тодорхой хэмжээгээр борлогдох боломж өндөрсөнө.” хэмээн ярьж байна. Тэгэхээр улстөрчид эдийн засгийн хэтийг харж чадсан эрүүл шийдвэрүүд гаргадаг байх хэрэгтэй гэдгийг л хэлээд байна.

Түүнчлэн Монгол банк, Засгийн газрын хувьд инфляцийн түвшинг бууруулах замаар зээлийн хүүг бууруулах арга хэмжээг даруй авах нь зүйтэй байгааг эдийн засагчид хэлж буй. Зээлийн хүү өндөр байгаа нь Монгол улсын эдийн засгийг хэдхэн том компаниуд болон төсвийн зарлагаас ихээхэн хамааралтай болгож байна.  Хөгжиж буй орнуудын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь жижиг, дунд бизнес эрхлэгчид байдаг боловч Монгол улсын хувьд зээлийн өндөр хүүнээс шалтгаалж жижиг, дунд бизнес хөгжих боломж, бололцоо хомс байна. Судалгааны үр дүнгээс харахад Монгол банкны бодлогын хүү зээлийн хүүгийн хэмжээнд бага нөлөөлөл үзүүлж байна. Харин иргэдийн дундах инфляцийн хүлээлт, эрсдлээс зээлийн хүүгийн түвшин ихээхэн хамаарч байгааг бас хэлж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top