Хэт савлаад, огцом үсчиж харайгаад байвал аюултай

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 11

 Долларын ханшийг хазаарлаж чадахгүй төв банк гэх тодотгол Монголбанктай цуг яваа. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий эдийн засагч С.Болдтой эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төгрөгийн ханшийн өөрчлөлт, бодлогын асуудлаар хэвлэлд байр сууриа  илэрхийлэхдээ “Сүүлийн хэдхэн хоногт гарсан валютын ханшийн огцом өөрчлөлт бол эдийн засаг, бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй, зохистой бус хөдөлгөөн байлаа л даа. Тиймээс ч Монголбанк валютын захад жинтэй оролцож, шаардлагатай зохицуулалтыг хийгээд байна. Цаашид бид хууль тогтоомж, төрийн мөнгөний бодлогод заасан чиг үүргийнхээ хүрээнд, шаардлагатай үед нь валютын захад оролцож, ханшийн огцом хөдөлгөөн, зохисгүй хэлбэлзлийг багасгана.

Иргэд сандарч тэвдэх огт хэрэггүй юм. Зах зээлд гарсан иймэрхүү шуугиан, сөрөг хүлээлтээс болж иргэд маань өөрийн хүсээгүй шийдвэрийг гаргаж, шаардлагагүй зардал үүсгэн, өөр дээрээ ихээхэн эрсдэл авч, алдагдалд орох вий дээ гэсэн болгоомжлол бидэнд байнга л байдаг. Тиймээс иргэд маань зах зээлд гарсан аливаа өөрчлөлт, мэдээллийг цаг хугацааных нь хувьд сайтар нягтлан үзэж, нухацтай хандан, зөв шийдвэр гаргаж байх хэрэгтэй.

Төгрөгийн ханш сулрахаар муу, чангарахаар сайн, эсхүл ханшаа тогтмол барих ёстой ч гэдэг юмуу нийтийн дунд байдаг буруу ойлголтоосоо бид салах цаг аль хэдийнэ болсон. Төгрөгийн ханш гадаад валютын эсрэг сулрах нь цаанаа ямар агуулгатай юм бэ гэдэг нь чухал. Энэ бол дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэн, экспортод суурилсан эдийн засгийн бүтэцтэй болох бодлогын сонголт юм. Монгол улсад сүүлийн 20 жилийн хугацаанд ийм бодлого байгаагүй. Тэгвэл төгрөгийн гадаад валюттай харьцах ханш суларч байгаа хандлага нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг урамшуулах, түүний өрсөлдөх чадварыг сайжруулах, цаашлаад эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлоготой нийцтэй бөгөөд тийм нөхцөл боломжийг нь бас бүрдүүлж өгнө. Ханшийг барина гэдэг ойлголт үндсээрээ буруу. Валютын ханш нь эдийн засгийн суурь нөхцөл, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчноосоо хамаарч уян хатан тогтож байх ёстой. Гэхдээ валютын зах тогтвортой биш, ханш хэт савлаад, огцом үсчиж харайгаад байвал аюултай. Тиймээс ханшийн тэрхүү огцом хөдөлгөөнийг нь багасган тогтворжуулах зохицуулалтыг төв банкнаас хийж байдаг.”  хэмээн байр сууриа илэрхийллээ.

Тэгвэл Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгс ам.долларын ханшийн чангаралтад хоёр голлох хүчин зүйл нөлөөлж байгааг хэллээ. Нэг талаас, Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй олон зорилтот хөтөлбөрийг нэрлэв. Тус хөтөлбөрүүдийн хүрээнд Төвбанкнаас Засгийн газарт олгож буй зээл огцом өссөн байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засагт маш их хэмжээгээр мөнгө нийлүүлж байгаа нь ам.доллартай харьцах ханшийн өсөлтөд шууд нөлөөлсөн гэж хэлж болно гэв. Хагас жилийн хугацаанд нөөц мөнгө 118 хувиар өссөн нь үүнийг илтгэж байна. Эдийн засагт эргэлдэж буй мөнгөний хэмжээ ихсэх тусам төгрөгийн үнэ цэнэ нь алгуур бууж байдаг. Тиймээс зах зээлд буй гадаад валюттай харьцах төгрөгийн ханш суларч байна. Нөгөө талаас, гадаадын шууд хөрөнгө оруулалт татарч, гадаад худалдааны алдагдал эхний хагас жилд нэг тэрбум ам.долларт хүрсэн. Манай эдийн засаг руу ордог валютын урсгал багассан гэсэн үг. Ийнхүү нэг талаас төгрөг их хэмжээгээр нийлүүлэгдсэн, нөгөө талаас ам.доллар бага хэмжээгээр эдийн засагт орж ирж байгаа нь ханш сулрахад хүргэсэн гэж байна.

Ямартай ч Төв банк ам.долларын ханш чангараад байгаад айж эмээгээд бэмбэгнээд байх зүйлгүй гэсэн тайван агуулгатай тайлбартай суугаа бол эдийн засагчид өөрийг ярьж байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hohirogch(122.201.18.159) 2013 оны 08 сарын 11

Heden togrogoo bankind hadgaluulj tsaas bolguulav. Heleh ch ug alga. Zevuu hureed bh um

0  |  0
Top