М.Сономпил сайдын унтаа байдал Улаанбаатарыг хөлдөөж мэдэх нь...

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 13

Гүйцэтгэх засаглалын тэргүүн Н.Алтанхуяг удирдан салбарын сайдууд нь мэдээлэл хийдэг “Бүтээн байгуулалтын цаг” гэх нэртэй нэгэн хурал даваа гараг бүр болж, хуралдааны процессыг монголчууд телевизээр үздэг жишиг тогтоод байгаа. Ерөнхийдөө бол Н.Алтанхуяг сайд бусад сайд нарынхаа ажлыг дэнсэлж, хатуу ширүүн үгсийг харамгүй шиддэг. Нэг талаас ажил хэрэгч шаардлагууд тавьж харагддаг тус хуралдааныг шоу болгож байгаа нь ч бас нууц биш. Өнөөх сайд нарынх нь хэлж яриад хийж бүтээгээд байна гээд байдаг ажлууд ч урагшилж өгдөггүй нэг гачлан бий. Ямартаа л өнгөрөгч долдугаар сарын 29-ний өдрийн даваа гарагийн хуралдаан дээр Эрчим хүчний сайд М.Сономпил мэдээлэл хийхдээ газрын маргаантай байсан Амгалангийн дулааны станцын газар чөлөөлөх ажлыг цэгцэрсэн гээд л байсан.

Нийслэлээс төсөвт тодотгол хийн айлуудыг чөлөөлөхөөр болсныг хэлээд энэ наймдугаар сарын 5 гэхэд газар чөлөөлж дуусна гээд байсан ч өчигдөр өөр зүйл ярив. Өнөөх газар нь  чөлөөлөгдөж дуусаагүй байгаа гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  “Амгалан” дулааны станц барих шийдвэрийг Засгийн газар 4 сарын өмнө гаргасан байхад өнөөг хүртэл барилгын ажил эхлээгүйд шүүмжлэлтэй хандав. Харин салбарын сайд нь айлууд нь мөнгөө авсан хэдий ч нүүхгүй байгаа гэсэн тайлбарыг хэлээд энэ асуудлаар нийслэлийн удирдлагуудтай өнөөдөр уулзалт хийсэн. Хамтарч хүч тавьж энэ долоо хоногт барилгын ажлыг эхлүүлнэ хэмээн ам гарлаа.

Ер нь Эрчим хүчний яамныхны чихнээс хонх уяж байхгүй бол тэдний гараас гардаг юм гэж үнэндээ алга байна. Тус яамныхан энэ онд 10 ажил хийхээр төлөвлөснөөс тавыг нь он дамжиж хийхээр болсон гэсэн. Эдгээрийн ихэнхи нь цахилгаан станцуудыг өргөтгөх ажил. Монгол Улс эрчим хүч, дулааны  хомсдолд орж үгээ хэлж болзошгүй байгаа энэ үед тус яам хариуцлагаа ухамсарлах ёстой. Бодлогыг нь боловсруулж байгаа яамны хувьд Засгийн газартаа эргэн шаардлага тавих ёстой билээ. Гэтэл өөрсдийнхөө ажил урагшлахгүй байгаа шалтгааныг зарим газар нийслэл болон БОНХЯ-наас газар давхардуулан олгосон нь ажил уях шалтгаан болж байгаа гэсэн тайлбарыг хэлж суугаа.

Түүнчлэн Эрчим хүчний шинэ эх үүсвэр 5 дугаар цахилгаан станцыг газарт буулгаж дийлэх үү гэдэг асуудал бий. Энэ төсөлд оролцох саналыг с Франц, Япон, Хятадын талаас ирүүлсэн бол манайхаас Newcom Group хүсэлтээ илэрхийлээд багагүй хугацаа өнгөрч байна. Гэсэн ч талуудтай тохиролцоод ажлаа явуулъя гэхээр байдаггүй. Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэсний дараа газрыг чөлөөлнө гэж  М.Сономпил хэлсэн.

Гэтэл тэр нь бас л бүтэл муутай байгаа бололтой. Түүний хэлснээр Баянзүрх дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр “Ургах наран” хорооллын урд талын авто зам болон төмөр замын хооронд байх Хөлийн голын хөндий дэх 43 га газрыг улааны цахилгаан станц барих зориулалтаар Эрчим хүчний яамд газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга гаргаж баталгаажуулсны дараа Франц, Япон, Хятад, Newcom Group дөрвийн аль нь барих эрхийг гартаа авах вэ гэдэг асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ гээд байгаа. Тэгэхээр нэг талаас нийслэлийн удирдлагуудын хойрго байр байдал энд яригдах ёстой ч, нөгөө талд салбарын яам нь салбарынхаа асуудлыг шийдвэрлэхийн тулд чадах ядахаараа зүтгэж, гүйж, шаардлага тавьж болдоггүй юм уу гэсэн асуудал байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.87.76.221) 2013 оны 08 сарын 13

Jinhene buteelch ajil heregch hun bish ajildaa sonirholgui bolchihson neg tiim hun l baih yum baina shuudee.

0  |  0
hi(202.70.46.206) 2013 оны 08 сарын 13

sonomoo chi neleen dunkuuuu

0  |  0
zochin(183.81.169.22) 2013 оны 08 сарын 13

ugaasaa ene nohor zaan shig udaan hodolgoontei bytelgyi hyn . zasgiin gazriig ogtsruulah heregtei.

0  |  0
Top