Арваннэг, арванхоёр оны Монголын эдийн засгийн огцом өсөлтийн нэг гол шалтгаан нь болсон нүүрсний үнийн өсөлт нь өөрөө өмнөд хөрш болон олон улсын зах зээлийн өөрчлөлтөөс хамаарсан түр зуурын үзэгдэл байсан гэдэг нь тодорхой болж байна гэх мэдээллийг Уул уурхайн яамнаас өгч байгаа юм.
Манай өмнөд хөрш БНХАУ эдийн засгийн өсөлтөө хангахын тулд эрчим хүчний үйлдвэрлэлээ жил бүр нэмэгдүүлж ирсэн. Тэгвэл энэхүү эрчим хүчний үйлдвэрлэлийн гол түүхий эд нь нүүрс юм. Түүнчлэн 2007-2008 оны дэлхийн санхүү-эдийн засгийн хямралыг давахын тулд тус улсын Засгийн газраас 700 орчим тэрбум долларын санхүүжилтыг эдийн засагтаа оруулсан байдаг. Энэ төсвийн тэлэлтийн үр дүнд гангийн үйлдвэрлэл нь эрс сэргэсэн байдаг. Гэтэл 2010 оны Австралид болсон үеийн улмаас нүүрсний нийлүүлэлт эрс хумигдсан. Ингэж нэг талаас эрэлт өссөн, нөгөө талаас нийлүүлэлт хумигдсанаас үүдэн нүүрсний үнэ огцом өссөн байна.
Гэвч одоо нийлүүлэлт өсч, мөн Засгийн газрынх нь эрэлтийг дэмжсэн бодлогын нөлөө нь саарч, эдийн засгийн хэт халалт нь эргээд хөрж байгаа, мөн ерөнхий эдийн засгийн эрч нь сул байгаа зэргээс улбаалан нүүрсний үнэ хэвийн гольдролдоо эргэн орж байна гэж үзэх үндэстэй байгаа аж.
Түүнчлэн цаашид Монгол Улсын уул уурхайн салбарын, мөн нийт эдийн засгийн бодлого нь үнийн нэг удаагийн өсөлтөөс үүдэлтэй хөөсөн өсөлтөнд хоосон найдахаас зайлсхийх нь зүйтэй гэдгийг өнөөгийн байдал харуулж байна. Үүний оронд бодит байдалд тохирсон, зардал хэмнэсэн өрсөлдөх чадварт түшиглэсэн бодлогыг баримтална гэлээ.
Мөн түүнчлэн манай улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалт өмнийн говьд хэрэгжсэн билээ. 2010-2013 онуудад нийт 4 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөөтэй байсан ОТ төсөл нь бодит байдал дээр ердөө хоёрхон жилийн дотор 6 тэрбум долларын хөрөнгө оруулалтын ажил гүйцэтгэсэн гэсэн санхүүгийн дүн байдаг. Энэ бол бас л жил бүр давтагдах боломжоор хомс тохиолдол юм. Монгол улсад Эрдэнэтийн УБҮ-ээс хойш ийм хэмжээний бүтээн байгуулалт хийгдээгүй гэдгийг онцолж байна.
2012 оны эхний 7 сарын байдлаар Монгол Улс албан ёсоор нийтдээ нэг тонн алт экспортолж 46 сая долларын орлого олж байсан бол, энэ оны эхний 7 сарын байдлаар 3.4 тн алт экспортолж, 143 сая долларын орлого олоод байна. Зэсийн баяжмалын хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад онцын өөрчлөлт гараагүй байна. Гэвч ирэх саруудад ОТ үйлдвэрлэлийн тоо хэмжээ нэмэгдсэнээр оны эцэст зэсийн экспортын хувьд ихээхэн хэмжээний өсөлтийг үзүүлэх бодит боломжтой. Молибден, цайр, төмөр гэх зэрэг ашигт малтмалын хувьд экспортын хэмжээ өнгөрсөн оны түвшиндээ буюу багагүй хэмжээний өсөлттэй байна. Харин газрын тосны экспорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биетээр болон мөнгөн дүнгээр бараг хоёр дахин өсчээ.
Нүүрс болон жоншны хувьд байдал хүнд байна. Өмнөх оны эхний 7 сарын байдлаар 10 сая тн нүүрс экпортолж, 1.1 тэрбум долларын орлого олсон бол энэ оны байдлаар 8 орчим сая тн нүүрс экспортолж, 582 сая долларын орлого олжээ. Нүүрсний экспорт энэхүү биет хэмжээгээр 20 гаруй хувиар, харин үнийн дүнгээр 2 дахин унажээ. Жоншны хувьд ч экспорт нь биет хэмжээгээр болон үнийн дүнгээр 20 гаруй хувийн уналттай байна.
Цаашид бид нүүрсээ боловсруулж нэмүү өртөг шингээх, тээврийн өртөг зардлыг бууруулах зэрэг энэ салбарын өрсөлдөх чадварыг тууштай дэмжсэн бодлого баримтална. Жоншны хувьд технологийн шийдлийг сайжруулах, мөн борлуулалтын шинэ суваг нээх шаардлагатай байгаа.
Зэсийн баяжмалын үйлдвэрлэл биет хэмжээгээр төлөвлөснөөс бага байгаа нь ОТ төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаатай холбоотой. Нүүрсний хувьд татварын орлогын төлөвлөгөө тасраад байгаа нь экспорт буурсантай холбоотой. Үүнд нүүрсний нийлүүлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн, үнэ уналттай байгаа зэрэг нөлөөлжээ. Жоншны хувьд төлөвлөгөө тасарсан байгаа нь цөөн тооны худалдан авагчаас хэт хараат бас боловсруулалтын түвшин бага байгаатай холбоотой. Төмрийн хувьд бодит гүйцэтгэл нь харьцангуй сайн байгаа ч, төлөвлөсөн хэмжээнд хүрч чадахгүй байна. Цаашид төмрийг дотооддоо боловсруулах бодлого түлхүү баримтлана гэж байгаа. Урт хугацаанд олборлох салбар дотроо экспортыг төрөлжүүлж зөвхөн нүүрс, зэснээс хараат байдлыг багасгаж, газрын ховор элемент, уламжлалт бус газрын тос гэх зэрэг шинэ салбаруудад хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг идэвхтэй дэмжих болно.
Манай улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлыг авч үзвэл өмнөх жилүүдэд орж ирсэн шууд хөрөнгө оруулалтын 70 хувийг дангаараа эзэлж байсан Оюутолгой төслийн эхний үе шат 2013 онд дууссан. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 33 хувиар буурсан дүн гарах нэг шалтгаан болжээ. Доорх хүснэгтэнд ОТ-компанийн санхүүгийн тайланд үндэслэсэн хөрөнгө оруулалтын хэмжээг үзүүлсэн байна.
Сая ам доллар |
|
он |
хөр.ор |
2010 |
1,008.0 |
2011 |
2,920.0 |
2012 |
2,722.0 |
нийт |
6,650.0 |
Гэсэн хэдий ч газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой болон бусад уурхай даган босох цахилгаан станцууд, нүүрс баяжуулах, мөн боловсруулах үйлдвэрийн төслүүд, занар болон нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилтай холбоотойгоор шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хандлагатай байна. Манай улсын зүүн бүст нөөц өндөр байх магадлалтай газрын тосны илрэл бүхий хураагуур шинээр олдож, хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр болж байгаа нь нэгэн бодит жишээ юм.
Уул уурхайн яамны зүгээс ЭЗХЯ болон Монголбанкны мэдээлэлд тулгуурлан зарим нэг шинжилгээ хийж үзжээ. Монгол улсад 2013 оны эхний хагасын байдлаар нийт 961 тэрбум ам долларын шууд хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байгаа нь өмнөх өмнөх оныхоос 43 хувиар буурсан дүн байна. Олборлох салбарын хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Гэтэл бусад салбаруудад орсон шууд хөрөнгө оруулалт хэд дахин буурсан байна. Эндээс үзэхэд хөрөнгө оруулалт буурч буй нь зөвхөн уул уурхайн салбарын хүндрэл биш, нийт эдийн засгийг хамарсан үзэгдэл гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Гэхдээ ирэх саруудад эдийн засаг өсөх хандлага байгааг Уул уурхайн яамнаас дуулгалаа. Тухайлбал, Оюутолгой ХХК энэ жил 300 мянган тн баяжмал борлуулсан тохиолдолд ойролцоогоор 1.0 орчим тэрбум ам долларын орлого олох боломжтой. Түүнчлэн Чингис бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд дэд бүтцийн салбар болон бусад бодит секторуудын үйлдвэрлэлийг тэтгэх болно. Мэдээж мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтын өгөөж нь эдийн засагт бодитоор нөлөөлөхөд тодорхой цаг хугацаа шаардагдана гэж байна.
Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөр ч эдийн засагт бодитоор нөлөөлөх нь гарцаагүй. Оюутолгой компанийн экспорт, Чингис бондоор санхүүжигдэх шинэ төслүүдийн цар хүрээгээр манай ДНБ тэлж, улмаар манай улс өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлэгч байр сууриа бататгах бүрэн бололцоотой гэлээ.
Засгийн газар, баялаг бүтээгчид “хоёр эзний нэг албат” лугаа адил үүрэг гүйцэтгэж байна. Нэг талаас өмнөх Засгийн үед буй болсон өр (Оюу толгойн 250 сая $, Тавантолгойн 350 сая $, Эрдэнэтийн 200 сая $)-ийг барагдуулах, нөгөө талаас улсын төсвийн орлогыг бүрдүүлэхээр ажиллаж байна.
2013 оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн орлого өссөн дүнгээр 2.5 их наяд (өмнөх оны мөн үеээс зургаан хувиар өссөн), зарлага 2.6 их наяд төгрөг (өмнөх оны мөн үеээс 10 хувиар буурсан) болж, төсвийн тэнцэл 133 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 580 тэрбум төгрөгт хүрч байсантай харьцуулахад энэ оны эхний хагас жилийн төсвийн алдагдал буурсан байна. Гэсэн хэдий ч валютын ханшны савалгаа, нүүрсний экспортын уналт нь ирэх хагас жилд төсөвт дарамт учруулахаар байна. Уул уурхайн бус салбарууд ялангуяа зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, үйлчилгээний салбар улам бүр томорч, ноолуурын экспортын орлого эрс өсч байгаа гэх зэрэг хүчин зүйлүүдийн эерэг нөлөөгөөр төсвийн эрсдлийг хүндрэл багатай туулах бүрэн боломжтой. Мөн цаг агаар таатай байвал газар тариалан болон МАА-д багагүй хэмжээний өсөлт гарах болно.
Өнөөдөр уул уурхайн салбар эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь мөн түүнчлэн экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж байгаа билээ. Энэ дотроо нүүрс, жонш гэх зэрэг цөөн нэр төрлийн ашигт малтмалын гадаад зах зээл дэх үнийн уналтаас үүдэн “нийт эдийн засаг хямарч байна” гэж хий сандрахаасаа илүүтэйгээр хэт халсан эдийн засаг маань аажмаар хөрч, өсөлтийн хэвийн, тогтвортой түвшиндээ эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж байна.
Сэтгэгдэл ( 0 )