Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн алдагдалтай эвлэрч болохгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 22

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой нийт 94 компани, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2012 оны жилийн эцсийн байдлаар 50 компани нь алдагдалтай ажилласан байна. Эдгээрээс хамгийн их алдагдалтай ажилласан 14 компанийн жилийн нийт алдагдал 50 тэрбум төгрөг болж байгаа нь өнөөдрийн ханшаар тооцоход 25 сургууль, эсвэл 30 цэцэрлэг, эсвэл 7 томоохон эмнэлэг барихад хангалттай хүрэх мөнгө.  Энэ бол зөвхөн нэг жилийн алдагдал нь. Цаашдаа алдагдалтай ажиллах тусам маш их боломжийг устгаж үгүй хийсээр байна гэсэн үг. Ийм байдалдтай эвлэрч чимээгүй байх, тоомжиргүй хандах эрх хэнд ч байхгүй.

 Иймээс Төрийн өмчийн хороо 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр эдгээр 14 компанийн удирдлагуудыг Төрийн өмчийн хороонд хүлээн авч алдагдлын шалтгаан, менежментийн арга барилд нөлөөлж байгаа хүчин зүйлд үнэлгээ өгч, цаашид алдагдлаас хэрхэн гарах боломж бололцоо, шийдэл байгаа талаар харилцан санал солилцож хамтран ажиллахаар уулзлаа. Өмнө нь  алдагдалтай ажиллаж байгаа компаниудынхаа үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байсан бол энэ удаад алдагдлыг бууруулж ашигтай ажиллаж болох арга замыг хайж компанийн удирдлагуудтай хамтран шийдвэрлэхээр болсон.  Энэ жилээс эхлэн ТӨХ-оос төрийн өмчийн компаниудын ТУЗ болон дарга нарыг жилийн гэрээтэй ажиллуулахаар боллоо. Ингэснээр жилийн хугацаанд тухайн томилогдсон дарга болон ТУЗ-ын гишүүд тухайн компанийнхаа менежментийг сайжруулан, алдагдлаа бууруулж чадахгүй бол хариуцлага хүлээлгэх мөн томилогдон очсон хугацаандаа байгууллагадаа шинэ менежмент туршаад алдсан бол эргэн хянан үзэхээр болов. Огт шинэлэг зүйл хийгээгүй дарга нартай ТӨХ-с хариуцлага тооцон ажиллахаар боллоо. Ажлаа хийж чадахгүй байгаа дарга нар өөрийн хүсэлтээр ажлаа өгдөг жишиг тогтооно. Ийм сэтгэлгээний өөрчлөлт бол нийгмийн сэтгэлгээний хувьсгал хийх цаг хугацаа нь болсон гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Алдагдалын гол шалтгаан нь:

   - Төлөвлөлт

    -Технологийн шинэчлэлт

    -Хүний нөөцийн чадамж

    -Хөрөнгийн удирдлага

    -Санхүүгийн удирдлагыг сайжруулах шаардлагатай байна.

Иймд ТӨХ-оос алдагдалтай байгаа компаниудын үйл ажиллагаанд шинэчлэл хийж шинэ арга барил, зорилтыг дэвшүүлж ажиллаж байна. Төр сайн менежер – төрийн хариуцлага 5х5 зарчмийг удирдлага болгон ажиллах зорилт дэвшүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top