-АМЕРИКИЙН ЛОС-АНЖЕЛОС ХОТНОО.
...Тэр өдөр их халуун байв. Торон дээгүүр довтолсон бөмбөг газар унах агшинд амжиж босгох тамирчны гар нь хөлстэй, танхим дүүрэн, сэтгэлээ барьж ядан орилох хөгжөөн дэмжигчдийн хоолойн өнгө нь "хөлстэй", тоглолтын нэгэн агшинд амсхийж нүүрээ арчих тамирчдын хувцас нь хөлстэй, тамирчдын гарын аясаар ийш тийшээ үсчих бөмбөг нь хүртэл хөлстэй. Энэ 8 сарын сүүлчийн, 9 сарын эхний өдрүүдэд АНУ-ын Лос-Анжелос хотноо "Америк дахь монголчуудын аварга шалгаруулах, Монгол улсын анхны гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит волейволын тэмцээн" 7 дахь удаагаа болж өнгөрлөө. 2006 онд анх удаагаа болж байсан тэмцээнд 5 баг тамирчид оролцож байсан бол, 7 жилийн дараа эрэгтэй 9 баг, эмэгтэй 10 баг оролцох болтлоо өргөжин тэлжээ. Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд:
1. Вашингтон ДС хот \"Монгол морьд"\
2. Лос-Анжелос хот
3. Оакланд хот
4.Чикаго хот \"Мон транс"\
5. Сиэтл хот
6. Walnut Greek хот \"Next Generation"\
7. Денвер \"Их тал"\
8. Монгол улс \"Мастерууд"\
9. Лос-Анжелос хот \"Grazy East West"\
Эмэгтэйчүүдийн ангилалд:
1. Оакланд хот
2. Лос-Анжелос хот \"Холливууд"\
3. Чикаго хот \"Монгол Транс"\
4. Денвер хот \"Их тал"\
5. Денвер \"Mile High"\
6. Монгол улс \"Мастерууд"\
7. Лос-Анжелос хот \"Од"\
8. Вашингтон ДС \"Power"\
9. Сиэтл хот
10. Оакланд хот
20 орчим "Спортын мастер", нилээд хэмжээний зэрэгтэй тамирчид оролцсон энэ тэмцээн, цар хүрээ чанар чансааны хувьд эрс өргөжижээ. Хэдийгээр Америкт суралцаж, ажиллаж, амьдарч байгаа монголчуудын хувьд энэ спортод өөрийн дур сонирхлоороо, цаг боломжоо таацуулан хичээллэж байгаа гэхэд бараг "мэргэжлийн" түвшинд дөхөж байгаа нь монгол хүний өөдрөг бардам, омголон зүтгүү зангийн нэгэн илрэл гэлтэй. Тэмцээний тоглолт болгон нь өрсөлдөөнтэй болсон нь, танхим дүүрэн цуурайтах уухай, хор шарандаа нүүр нь минчийж хашгирах "балиашигчид", дэмжиж байгаа багаа даган сандлаа чирэн талбай тойрон эргэлдэх хөгжөөн дэмжигчид, заримдаа бухимдлаа шүүгчид гарган зангах авч, эргээд тоглолтдоо орох тамирчид нотолж байв. Спорт бол спорт. Хичнээн хор шарандаа шатаж талцаж байвч, дараах хоромд инээлдэн тэврэлдэх залуус, тэр л агшинд СПОРТ хэмээх нэгэн гэр бүлийн аугаа орон зайн сайхан уур амьсгалыг мэдрүүлнэ.
А.Доржсүрэнгийн гаргасан "мөнхийн жим"
...Бидний залуу ахуйд Дундговь аймгийн өсвөр болон залуусын волейволын баг тамирчид "Улсын аварга шалгаруулах" гэсэн тодотголтой тэмцээнүүдийн ангилалд бүрд амжилт гаргаж, хотын болон төв суурингийн тамирчдын зүрхэнд "шар ус хуруулж" байсныг мэдэх юм. Боловсон хүчин болон баг тамирчдын нөөц харьцангүй дутмаг хөдөө орон нутгаас ингэж амжилт гарган, улс орны хэмжээнд нэрээ дуудуулан, олны анхааралд өртөж "Дундговийн волейволчид мундаг шүү" гэж хүн болгоны аманд хэлүүлэх гэдэг амаргүй. 1938 онд Дундговь аймгийн Дэрэн суманд малчин Анжийн гэр бүлд төрсөн Доржсүрэн үүнийг хийж чадсан юм.
1957-1961 онд УБДС-ийг монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжлээр төгссөн тэрээр Дундговь аймагтаа очиж багшлахын зэрэгцээгээр өөрийн дур сонирхолтой волейволын спортыг хөгжүүлэхээр зүтгэж эхэлсэн гэдэг. Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургууль дээр хичээллүүлж эхэлсэн волейволын секцийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид нь 1964 онд болсон "Монголын пионер сурагчдын анхдугаар спартакиад"-ад оролцохдоо, хөвгүүдийн баг нь "мөнгөн медаль" хүртсэнээр амжилтын гараа нь эхэлжээ. Тэр цагаас хойш "Монголын пионер сурагчдын спартакиад", "Өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн"-ий аваргаар 2 удаа, "Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн"-д 2 удаа түрүүлж, "МХЗЭ-ийн нэрэмжит цомын тэмцээн"-д 9 жил дараалан түрүүлж, төрөлх сургуульдаа цомоо 3 удаа "үүрд хадгалуулжээ". Энэ л хичээл зүтгэл, гаргасан амжилтыг нь үнэлж А.Доржсүрэнг 1998 онд "Монгол Улсын гавьяат дасгалжуулагч" цолоор шагнасан нь, волейволын спортын түүхэнд "анхдагч" нь болон үнэлэгдсэн аж.
-Аав минь УБДС-ийг төгсөж ирээд тэтгэвэрт гарах хүртлээ 40 гаруй жил Дундговь аймагт волейволын спортыг хөгжүүлэхийн төлөө зүтгэсэн.Одоо хэр нь Монголын волейволын олон тэмцээнүүдэд амжилттай оролцож байгаа баг болгонд Дундговийн нэг хүн байж л байдаг юм шүү дээ. Уг нь монгол хэлний багшийн мэргэжилтэй мөртлөө волейволын спортод дурлаж зүтгэсэн хүн. Түүнийг нь би өвлөсөн юм даа. 2004 онд аавыгаа бурхан болоход нь хүүхдүүд нь нэгдээд "Дооёо багш" нэртэй санг байгуулсан юм. Аав ээж минь 8 хүүхэд төрүүлж өсгөхөд бүгдээрээ л волейволчин болсон. Түүнээс 5 нь "Спортын мастер" цолтой. Том ах минь Хөвсгөл аймагт волейволын спорт хөгжүүлж байсан "Спортын мастер" цолтой, дараагийн ах минь нэг их спортоор яваагүй ч 1-р зэрэгтэй, тэгээд Норовсамбуу ах минь АНУ-д байдаг 1-р зэргийн шүүгч, дараагийн ах минь "Гал команд"-ад ажилладаг, хөнгөний "Спортын мастер", түүний дараагийн 2 нь "Спортын мастер", улсын зэрэгтэй шүүгчид, хамгийн бага дүү минь 1-р зэрэгтэй, харин ээж минь бидний "алтан балиашиг". Одоо ач зээ нараас минь волейволчин болж гарч ирж байгаа.
2006 онд аавынхаа нэрэмжит волейволын тэмцээнийг 15-16 насны ангиллаар зохион байгуулж, дараа нь шавь нарынх нь дунд зохион байгуулсан. Түүнээс хойш нилээд өргөжиж байнаа. 15-16 насны ангиллын "Улсын аварга шалгаруулэх тэмцээн"-ийг аавын нэрэмжит болгон хэвшүүллээ. Жил жилийн волейволын лигийн тэмцээний төгсгөлд "Шилдэг дасгалжуулагч" -ийг Монголын Волейволын Холбоо шалгаруулаад, шагналыг нь 8 хүүхэд нь хамтарч гаргадаг уламжлалтай. Бид 8 чинь бүгдээрээ л төсвийн байгууллагад ажилладаг хэдий ч аавынхаа "нэрэмжит шагнал" ыг дор бүрнээ хувааж байгаад л гаргадаг юм. Бас аавын минь тухай "Алдрын оргил багш минь" нэртэй дууг, шавь Р.Батжаргал үгийг нь зохиож, Г.Эрдэнчулуун аяыг зохиож бүтээсэн. Тэр дууг нь "нэрэмжит тэмцээн" нь эхлэх бүрд эгшиглүүлдэг юм. Энэ бол бидний аавдаа барьж байгаа "өргөл" юм даа. Энэ жил бид аавынхаа төрсөн, Дундговь аймгийн Дэрэн сумын нутаг дахь "Цагаан ламын бууц"-нд аавынхаа гэрэлт хөшөөг босгоод, 7 сарын 18-19 нд төрсөн суманд нь аавынхаа нэрэмжит волейволын тэмцээнийг зохион байгууллаа. Тэр тэмцээнд 24 баг оролцсон нь их сайхан байсан шүү.
Би өөрөө аавынхаа мэргэжлийг өвлөсний хувьд, аавынхаа үлдээсэн тэмдэглэлүүд дээр тулгуурлаад "Алдрын титэм" нэртэй 2 боть ном гаргаж байгаа. Аав минь их л нямбай, тооцоотой хүн байж. Тэр олон жил тасралтгүй "Өдрийн тэмдэглэл" хөтөлж, оролцсон бүх л волейволын тэмцээнүүдийн судалгаа тэмдэглэлийг хөтөлсөн байсан. Энэ нь нэг талаасаа бидний гэр бүлийн түүх мэт боловч, нөгөө талаасаа Монголын волейволын спортын хөгжлийн нэгэн түүх болж үлдэнэ. Энэ мундаг тэмдэглэл дээр миний хувьд шаардлагатай нэмэлт материалуудыг оруулж байгаа. Америкт болж байгаа энэ тэмцээн ч бас л өргөжиж хөгжиж байна. Энд ирж оролцоод, харж мэдэрч байхдаа би их баяртай байгаа. АНУ-д болдог тэмцээнийг нь миний дүү Д.Норовсамбуу ихэвчлэн зохион байгуулж, бид боломжоороо л дэмжиж тусалдаг юм. Энэ жилийн тэмцээнд би өөрөө, миний дүү Д.Болорцэцэг оролцон тоглож, Д.Норовсамбуу минь зохион байгуулагч, шүүгчээр оролцож байна.
Энэ тэмцээнд Монголоос ирж оролцож байгаа "Мастерууд" багийн тоглогч, "Спортын мастер", Хэл Шинжлэлийн Хүрээлэнгийн ЭША Доржсүрэнгийн Болормаа надтай ийнхүү хуучилсан юм. Волейвол хэмээх их спортын хөгжилд сэтгэл зүрхээ, хичээл зүтгэлээ зориулж асан А.Доржсүрэнгийн гэгээн мөр, өдгөө Монгол эх орондоо төдийгүй Америк гүрэнд ч зурайж байна.
Тэмцээний чансаа тогтоогдов
Өнгөрсөн жилийн "Америкийн монголчуудын аварга шалгаруулах волейволын тэмцээн"-ийг Денвер хотноо зохион байгуулагсад, Колорадагийн монголчуудын "Их тал" нэртэй волейволын клуб байгуулжээ. Америкийн монголчуудын дунд нилээд өргөжиж байгаа волейволын спортыг ямар нэгэн хэмжээнд зохион байгуулалтад оруулах нэгэн оролдлого нь "Их тал" клуб аж. Энэ клубт
-Ерөнхийлэгч Б.Цогоо
-Менежер Т.Одбаяр
-Н\Б дарга С.Батжаргал
-Санхүүч Х.Уянгаа
-Дасгалжуулагч Э.Эрдэнэбилэг
-"Спортын мастер" Э.Мандахаа
нар зохион байгуулж ажилладаг аж. Тэд Денверт бий болж байгаа волейволын багуудаа нэгтгэж дэмжих, тэдний санхүү болон дэмжлэгийг өргөжүүлэх, цаашид Монголын Волейволын Холбоо \МВХ\-той хамтран ажиллах зорилго тавьсан гэнэ. МВХ-нд Америкт болж байгаа энэ тэмцээний тухай мэдээлж, өнгөрсөн жилээс эхлэн Монголоос 2 баг урьж оролцуулан ур чадвар болон туршлагаа хоорондоо солилцох, энэ хүрээнд хамтын ажиллагаа болон дэмжлэгээ өргөтгөж эхэлж байна. Тэдний ийм оролдлогын үр дүнд, энэ жилийн тэмцээний хүрээнд:
1. МВХ-оос "Америкийн монголчуудын аварга шалгаруулах волейволын тэмцээн"-ийг албан ёсоор МВХ-ны хуваарьт тэмцээнд оруулж, тэмцээний оролцогсод болон чансааг нь харгалзан "Б" зэрэглэлийн ангилалд тооцохоор болжээ.
2. Тэмцээн нь "Б" зэрэглэлийн ангилалд тооцогдох болохоор энэ тэмцээнд оролцож байгаа тамирчдын амжилтыг харгалзан, МВХ-ны тодорхойлолтыг үндэслэн "Спортын зэрэг, цол" олгож байх болсон гэнэ. Түүний эхлэл болгож, энэ тэмцээний нээлтэн дээр:
-"Спортын мастер" цолоор Ариунтуяа \Нью-Жерси\
- "Улсын 1-р зэргийн шүүгч" -ээр Д.Норовсамбуу \Лос-Анжелос\
-"Улсын 1-р зэргийн тамирчин" -аар Энхбаатар \Сиэтл\
Хичээнгүй \Лос-Анжелос\
Тэмүүжин \Лос-Анжелос\
Д.Булган \Сиэтл\
-"Улсын 2-р зэргийн тамирчин"-аар Г.Сугар \Денвер\
нар шагнагдаж, уг зэрэг цолоо гардан авцгаалаа. Энэ бүхэн нь "Америкийн монголчуудын аварга шалгаруулах волейволын тэмцээн" цаашид өргөжин тэлж, баг тамирчид өөрсдийн ур чадвар, хичээл зүтгэлээ Монголын жишгээр үнэлүүлэх, улмаар энэ оронд өсч өндийж, хөгжиж байгаа монгол залуус Америкт төдийгүй дэлхийн хэмжээнд үнэлэгдэн гарч ирэх эхлэл болох буйз. Магадгүй нэгэн цагт Америкийн монголчуудын волейволын шигшээ баг, Монголын лигт тоглож байгаа багуудтай ур чадвараа сорих цаг ойрхон ч байж мэднэ. Хөгжил гэдэг нь, урьдын гавьяагаа дурдаад бусдад "номлоод" суухдаа биш, өсч өндийж байгаа залуу үеэ дэмжин, тэдний бадарсан урам зоригийг дэлхийн хэмжээнд дүрэлзүүлэхдээ л байх биз.
Монголоос ирсэн баг тамирчид
Энэ жилийн Лос-Анжелосийн тэмцээнд Монголоос хашир туршлагатай, ахмад тамирчдын "Мастерууд" нэртэй эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг баг уригдан иржээ. Нэгэн цагт "Алдар" нийгэмлэгийн волейволын шигшээ багийн багш дасгалжуулагч байсан, хөл бөмбөгийн "Спортын мастер", волейволын дасгалжуулагч, өдгөө ҮБТДС-ийн "спорт тоглоом"-ын багшаар ажиллаж байгаа Л.Доржжаваар ахлуулсан энэ баг, дотоод сэтгэлийн эрчимдээ "шатаж" яваа залууст, их спорт гэдэг чухам юу болохыг мэдрүүлсэн. Насны наран хэвийсэн хэдий ч, "волейвол" гэхээр хамгаа "мартдаг" тэдний их спортдоо үнэнч сэтгэл, өдгөө хүртэл хэвээрээ байгаа нөхөрлөл, бие биеэ хайрлаж хүндлэх халуун дулаан илч, "хуучин бууны хугархай" болохоороо "сурсан юмыг сураар боож болдоггүй" олон олон агшнуудыг тэмцээнд оролцож байгаа залууст мэдрүүллээ. Л.Доржжав багшийн тухай Б.Ган-Энхбаяр хуучлахдаа, "Багш минь их ч чанга хүн байсан юм шүү. Тэмцээн дээр давуулалт алдсаны тоогоор тэмцээнд хожсон ч бай, хожигдсон ч бай, гар дээр нь суниалгадаг байж билээ. Энэ хүний хүчээр бид энэ спортод өөр өөрийн зам мөртэй болж чадсан" гэж билээ.
Хэрэгтэй цагтаа "довтолж", хүчээ нөөн "хуурч", торон дээгүүр эргэлдэх бөмбөгийг сэтгэлдээ учирлан аргадаж тоглосон тэдний эмэгтэй баг 2-р байр эзлэн "мөнгөн медаль" хүртсэн бол, эрэгтэй баг нь "хүрэл медаль"-ийн төлөөх тоглолтод Оакландын залууст боломж олгон "тахим өгөв". Өнөөдөр ааг омгоо, аархал бардамналаар даруулж яваа залууст хожмын цагтаа ч энэ спортод "үнэнч" байхыг, өөртөө шингээсэн ур чадвар нь хэзээ ч балран үл арилдагийг, сэтгэл авхаалж байхад торны тэртээх сул зайд бөмбөгөө хэрхэн хаяж болдгийг жишээлэн үзүүлэв. Юу юунаас илүүтэй спортод их нөхөрлөл, эр зориг, тэсвэр тэвчээр, авхаалж самбаа хэрэгтэй болохыг залууст тоглолтоороо "учирлав".
-Л.Доржжав \"Спортын мастер"\
-Н.Баттулга \"Спортын мастер"\
-Д.Алтанцэцэг \"Олон улсын хэмжээний мастер"\
-Д.Болормаа \"Спортын мастер"\
-Б.Ган-Эрдэнэ \"Спортын мастер"\
-Д.Одбаяр \"Спортын мастер"\
-Н.Юля \"Спортын мастер"\
-М.Ганцэцэг \"Спортын мастер"\
-Т. Отгонбаатар \"Спортын мастер"\
-Д.Болорчимэг \"1-р зэргийн тамирчин"\
Их спортдоо үнэнч яваа та нар сайхан байсан шүү. Олон олон жилийн дараа, залуу насандаа энэ л спортод хамтдаа зүтгэж явсан найзууд учирч дурсамж яриа сэдрээн, эргээд залуу болох шиг л "сэвэлзэх" мөчүүд тийм ч олон тохиох билүү, тэр тусмаа харь оронд. Тэднийг ингэж олноороо ирж, сурсан дэвжээн дээрээ "сураар боож болдоггүй" ур чадвараа харуулахыг үзэх тохиол дахиад олдох ч билүү. Энэ жилийн тэмцээний давтагдашгүй агшин энэ байлаа. Торон дээгүүр эрчилдэн эргэлдэх бөмбөг шиг, залуу насны ааг бардамналаа багш шавь нар, дотно анд нар дурсан сэргээж хамтдаа нулимс чийглэн, сэтгэл нь уяран хайлсан өдрүүд байлаа, тэдний хувьд.
Тэмцээний эргэн тойронд
-Тэмцээний нээлтэд жагссан 19 багуудын өмнө ёслолын журмын дагуу Монголын Төрийн далбааг Лос-Анжелос хотноо ажиллаж амьдарч байгаа, 1945 оны чөлөөлөх дайны ахмад зүтгэлтэн, "Онц тээвэрчин", ахмад волейволч Н.Мижиддорж, волейволын "Спортын мастер", "Дооёо багш" сангийн тэргүүн Д.Болормаа, Техас муж болон Лос-Анжелос хотын 2010, 2011, 2013 онуудын "Өсвөр насны хүүхдийн шатрын аварга" Э.Билгүүдэй, ачаа тээврийн "Боргил" компаны эзэн, сагсан бөмбөгийн 1-р зэргийн тамирчин, "шилдэг ивээн тэтгэгч" Мөнх-Эрдэнэ нар хүндэтгэлтэйгээр залсан юм.
-Тоглолт болгон нь өрсөлдөөнтэй, үзүүштэй болсон. Аав ээж нь охиноо хүүгээ дагаж ирж, хөгжөөн дэмжиж, эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ дагаж баясч, төрөөд хэдхэн хонож байгаа хүүгээ аав нь тэргэнд хийж түрээд, ээжийнх нь тоглолтыг дэмжиж, найзууд нь цуглаж мундаг тоглож байгаа нэгнээрээ онгирон бахархаж байгаа нь энэ спортын нэгэн ид шид гэлтэй. Сонирхож дурласан зүйлдээ монголчууд маань хичнээн үнэнч сэтгэлтэй байдгийн нэгэн илрэл энэ аж.
-Энэ жилийн тэмцээнд оролцогсдыг ажваас нас нь ихэд залуужжээ. Харь оронд сургууль, ажил, амьдралын мөр хөөж яваа монгол залуус минь цагийг дэмий нөхцөөж, зугаа цэнгэлд омтгойрох нь багасч байна. Тэд өөрсдийн сонирхолоороо нэгдэж их спортын хаалгыг тогшиж байна. Америкийн ахлах сургуульд суралцаж байгаа олон залуус, сургуулийнхаа "шигшээ" багт тоглож, амжилт гаргаж байна. Миний сураглаж ажсанаар, лавтайяа 10 орчим ийм хүүхдүүд энэ тэмцээнд оролцож байгаа аж.
-Тэмцээнд оролцогсод монгол айргаа амталж, монгол хуушуураа хазалж, монгол сүүтэй цайны аагинд урссан хөлсөө арчиж, "монгол" гэсэн бахархлаараа омогшиж 2 өдөр цэнгэв. Харийн тэнгэр дор ч монголоороо байж монголоороо бахархаж байх гэдэг, нутгийн салхи сэвэлзэж сэтгэлийн жавар үргээх шиг, нуурын хөвөөнд буусан шүвүүд ижлээ дуудан ганганах шиг, нууцхан сэтгэлдээ бие биенээ хань татах шиг сайхан аж.
Аваргын төлөөх тоглолтууд болон шилдгүүд
*Эмэгтэйчүүдийн "хүрэл" медалын төлөөх тоглолтууд Вашингтон ДС, Денверийн багуудын хооронд болсон. Вашингтон ДС-ийн охидууд биеэр жижиг боловч хүчтэй довтолдог, хамгаалалт сайтай, Денверийн багийн охидууд арай өндөр нуруутай, талбай дээрээ жигдхэн тоглодог. Хоёр баг эхний 2 тоглолтдоо нэг нэг хожлоор тэнцэж, 3 дахь ээлжийн тоглолт нь нилээд ширүүн өрсөлдөөний эцэст Вашингтон ДС-ийн "Power" баг хожиж "хүрэл медаль" авлаа.
*Эрэгтэйчүүдийн "хүрэл" медалын төлөөх тоглолтод Оакландын багт, Монголоос ирсэн "Мастерууд" баг " тахимаа өгсөн"-өөр тоглолт болоогүй. Нилээд эрчтэй, хүчтэй Оакландын баг "хүрэл медаль" авсан. Мэдээж тоглолт болсон байлаа ч энэ үзүүлэлт төдийлэн өөрчлөгдөхгүй байсан болов уу?
*Эмэгтэйчүүдийн аваргын төлөөх тоглолт Оакландын баг, Монголын "Мастерууд" багийн хооронд болсон. Монголын багийн хувьд хашир туршлагатай, тэр хэрээрээ хууралт сайтай. Харин "мастер" М.Ганцэцэгийн хүчтэй довтолгоо, хааяадаа гэнэдүүлэх Д.Болормаа, Д.Алтанцэцэг нарын довтолгоо багтаа оноо авчирч байв. Тэд маш мэдрэмжтэй жигд тоглоно. Хааяадаа эцэж цуцах боловч , хурдан тэнхэрч амждаг нь тоглож сурсных нь гэлтэй. Тэд талбайгаа маш сайн мэдэрч хаана сул зай, сул тоглогч байгааг андахгүй. Өөрсдөө байрлалаа хурдан эзэлж амждаг болохоор бөмбгийг алдахгүй.
Оакландын багийн хувьд гол довтлогч нь "Спортын дэд мастер", 8 дугаартай тоглосон Ану. Ану энэ жилийн тэмцээний "гол баатар" нь байсан. Маш хурдтай довтолдог, үсрэлт дундаа сул зайг харж амждаг, аль ч зайнаас хүчтэй довтолж чаддаг, давуулалт нь хүртэл довтолгоо шиг хүчтэй, маш мэдрэмжтэй, дайчин тоглогч. "Хэрвээ жаахан өндөр байсан бол..." гэж олон ч шинжээч тамирчид шүүрс алдаж байв. Оакландын багийн ахлагч "Спортын мастер" Эрдэнэтуяа багаа хүнд анзаарагдахгүй хэрнээ маш сайн удирдаж байсан. Тэгтлээ хашгирахгүй хэрнээ түүний хөдөлгөөн, зангааг багийнхан нь маш сайн мэдрэх юм билээ. Баг нь маш жигд тоглолттой, хүн болгон өөрийн зайдаа "эзэн" болж чаддаг болохоор бөмбгийг хэртэй бол газар унагаахгүй.
Хоёр багийн хувьд эхний хоёр үедээ тус бүр нэг хожилтойгоор тэнцэж, 3-р үеийн тоглолтдоо эн тэнцүүхэн өрсөлдөв. Хэн хэн нь ч тоглолтын чадвараараа хожиж мэдэх байсан ч "бөмбөг бөөрөнхий" гэдгээр хожил Оакландын талд ивээж, тэд өнгөрсөн жилийн "аварга" цолоо хамгаалж үлдлээ.
*Эрэгтэйчүүдийн аваргын "алтан медаль"-ийн төлөөх тоглолт Вашингтон ДС-ийн "Монгол морьд" , Walnut Greek хотын "Next Generation" багуудын хооронд болов. Вашингтон ДС-ийн "Монгол морьд" баг "Америкийн монголчуудын аварга шалгаруулах волейволын тэмцээн"-д 3 удаа түрүүлж байсан бол, залуусын "Next Generation" баг өнгөрсөн жилийн Денверт болсон тэмцээний аварга баг.
Вашингтон ДС-ийн "Монгол морьд" багийнхан сүүлийн жилүүдэд залуусаар хүч сэлбэсэн, бүх тоглогчид нь жигд хамгаалж, жигд довтолдог. "Спортын мастер" Чулуундавааг нэгэн цагт Монголын волейволын спортын "шилдэг тоглогч" байсан гэдгээр нь спортынхон андахгүй. Тэрээр маш хүчтэй довтлохоос гадна, хамгаалалт сайн хийдэг, тоглолтын бүх л үед багаа залж чаддаг. "Монгол морьд" багийнхан бүх л тоглолтдоо жигд сайн тоглож байсан болохоор, аваргын төлөө өрсөлдөнө гэдэг нь эхний өдөр тодорхой байсан л даа.
Walnut Greek-ийн "Next Generation" баг нь, Лос-Анжелос хотноо аж төрдөг волейволын спортын мастер Б.Ган-Энхбаяр, хоккей, бокс, волейволын нэрт тамирчин Алтанхуяг нарын хоёр хүү "Спортын мастер" А.Бат, 1-р зэргийн тамирчин А.Цог, волейволын "олон улсын хэмжээний мастер" Баатарын хүү нар болох, Сан-Франциско хотод суралцаж, амьдардаг 1-р зэргийн тамирчин Б.Алтан-Од, Б.Энх-Од нар болон тэдний найзаас бүрдсэн баг. Энэ багт Алтанхуяг өөрийн 2 хүүтэйгээ хамт тоглож, эхнэр Б.Ган-Энхбаяр нь зөвлөгчөөр ажиллаж байсан нь содон байв. А.Бат, А.Цог нар хүчтэй довтлогч төдийгүй сургуулийнхаа шигшээд тоглодог, тэндээ "шилдэг"-т тооцогддог залуус. Нэгэнт өөр өр хотуудаас нэг баг болж оролцож байгаа болохоор багийн харьяаллаа жил жилээр сольж байх юм гэсэн. Энэ баг бол Америкт өсч өндийж байгаа монгол залуусын ур чадварын илэрхийлэл байлаа.
Эхний хоёр тойрогтоо тэд эн тэнцүүхэн тоглож, тус бүр нэг хожилтойгоор 3 дахь үеийн тоглолт эхлэв. "Next Generation" -ы залуус хүчтэй довтолгоондоо эрдээд, анхаарал суларсан мөчид "Монгол морьд" ынхон бөмбөгийг босгож, эргүүлж довтолгоонд оруулж чадаж байсан нь эсрэг багаа өөрийн тоглолтын барилдаа оруулах боломж нь болсон. Хоёр багийн харилцан довтолгоо маш хүчтэй байсан болохоор, энэ тоглолт жинхэнэ "оргил" нь байлаа. Хүчтэй өрсөлдөөний эцэст тоглолт "Монгол морьд"-ын ялалтаар төгсч, "Next Generation"-ы залуусын хувьд том сургамж болон үлдлээ.
* Уламжлал ёсоороо тэмцээний төгсгөлд дүнгээ гаргаж шилдгүүдээ тодруулан шагнаж урамшуулав.
-Эрэгтэй тамирчдын ангилалд: "алтан медаль" Вашингтон ДС хотын "Монгол морьд" баг
"мөнгөн медаль" Walnut Greek хотын "Next Generatoin" баг
"Хүрэл медаль" Оакланд хотын баг
-Эмэгтэй тамирчдын ангилалд: "алтан медаль" Оакланд хотын баг
"мөнгөн медаль" Монголын "Мастерууд" баг
"хүрэл медаль" Вашингтон ДС хотын "Power" баг
-"Шилдэг довтлогч" шагнал: -А.Бат \"Next Genertaion" \
- Ану \ "Оакланд"\
-"Шилдэг холбогч" шагнал: -Эрдэнэтуяа \"Оакланд\
-Лувсанбат \"Оакланд"\
-"Тэгш тоглогч" шагнал: -М.Ганцэцэг \"Мастерууд"\
-Одбаяр \"Мастерууд"\
-"Шилдэгийн шилдэг тоглогч" шагнал: Чулуундаваа \"Монгол морьд"\
нар тодорч шагнагдлаа. Энэ жилийн тэмцээнийг "Гавьяат дасгалжуулагч" А.Доржсүрэнгийн хүү, "Америк дахь Бурханы шашинтны Холбооны тэргүүн", волейволын спортын 1-р зэргийн шүүгч Д. Норовсамбуу тэргүүтэй багийнхан сайн зохион байгуулсан. Тэмцээнд оролцогч 19 багийн тоглолтыг гурван талбайд зэрэг явуулж, ихэвчлэн "Спортын мастер"-уудаар тоглолтуудыг шүүлгэсэн нь хэрүүл маргаангүй, гомдол бухимдалгүй байхад нөлөөлсөн байх. Дараа жилийн тэмцээн Оакланд хотод болохоор товлогдоно билээ. Авах гээхийн ухаанаар Монголын Волейволын Холбооны "Б" зэрэглэлд багтсан энэ тэмцээн улам улмаар төгөлдөржин сайжрах биз ээ.
Төгсгөл
Урд хөршийнхэн нь "арьсан бөмбөг алгаараа алгадах наадаан" гэж, хойд хөршийнхөн "волейвол" гэж, монголчууд бид өөрсдөө "гар бөмбөг" хэмээн нэрлэдэг их спорт дахь монголчуудын цуглаан алс тэртээх Америкийн хотод ийнхүү болж өндөрлөв. "Гар бөмбгийн спорт"-ын гурван үеийнхэн нэгэн танхимд хуран цуглаж, сэтгэл нь сүлэлдэв. Өөрсдөөрөө бахархаж омогшив.
Спорт бол их эв нэгдлийн барилдлага, бахархал омогшилийн цуурай, ирээдүйдээ итгэх итгэл, эргээд дурсах бардамнал. Тэр тусмаа "багийн" гэж нэрлэгддэг, хамтаараа л алдаа оноогоо үүрдэг, баяр гомдлын нулимсаа хамтдаа урсгадаг энэ спортод монголчууд улам улмаар амжилт олж байгаа нь монголчууд бидний эв нэгдлийн нэгэн цучил буюу. Энэ цучилд гал нэмж байгаа хүн болгонд талархаж баярламаар.
Харь аль ч орны залуусаас хол илүү гоё харагдах монгол залуус минь энэ спортоор их хаваа гайхуулж, эрдэм чадлаа харуулж байгаа нь юутай сайхан. Тэр болгоны ард "монгол" хэмээх нэр минь дуурсагдаж яваг. Уужим дэлхийн хязгааргүй орон зайд Монголын минь далбаа нь намирч, дуулал нь эгшиглэж байг. Тэр тоолонгоор монголчууд бид сэтгэлдээ омогшиж, "монгол" гэдгээрээ онгирч бардамнаж байг. Төрийн минь сүлд ивээг.
Намайг ажлынхаа хажуугаар энэ тэмцээнийг зорин очиж тэмдэглэл бичих хүсэл тэмүүллийг минь өгдөөж, дэмжсэн дотны анд болох Алтанхуяг, Ган-Энхбаяр хоёртоо их баярлалаа. Та нартай сэтгэлийн үгээ ярилцаж, жинхэнэ найз нөхөд шиг инээлдэж суух сайхан байсан шүү. Та нар аугаа их спортод орон зайгаа эзэлж байгаа мундаг гэр бүл. Та нараар үргэлж бахархаж байдаг. Та нартаа амжилт хүсье.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
Сэтгэгдэл ( 1 )
saihan temtseen boljee ene humuus dotor tanidag hun ch bna .naiz maani ch bna .hamaatan ber egch maani ch baih shig hen be gevel zohiolch yaruu nairagch D.sumya