Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын даргад Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг тус тус өргөн бариад байна.
УИХ-аас баталсан Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлснээр алтны худалдаа далд хэлбэрт орж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс багасан юм байна. Тухайлбал, албан ёсны статистик мэдээллээр 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол дээрх хуулийн нөлөөгөөр жил дараалан буурсаар 2012 онд 6 тн болж 4 дахин буурсан, мөн Алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын дарамт нэмэгдэж Монголбанк болон арилжааны бусад банкинд тушааж буй алтны хэмжээ эрс буурч, улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөрөг нөлөө үзүүлж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль батлагдахаас өмнөх 4 жилд 77 тн алт олборлодог байсан бол хууль хэрэгжсэн 4 жилд 48 тн болж алтны олборлолт 38 хувиар огцом буурсан байна. Алтны дэлхийн зах зээлийн үнэ 2000 оноос хойш тасралтгүй өсч, 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2012 онд 1800 ам доллар болж 6 дахин өсчээ.
Зах зээл дээрх алтны үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа гол шалтгаан нь дээрх хууль батлагдсантай холбоотой бөгөөд үндсэндээ татвараас зугтааснаар хууль бус алтны олборлолт нэмэгдсэн гэнэ. Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хийх, ашиглахыг хориглох тухай хуулиар зарим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, татварын хэмжээ нэмэгдсэнээр зарим ордын эдийн засгийн үр ашиг багассанаар татвараас зайлсхийж арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах болжээ.
Тиймээс төсөл санаачлагчид Монгол Улсын нутаг дэвсгэрт аж ахуйн нэгж, бичил уурхайчдын олборлосон алтыг худалдан авах, экспортлох, олборлосон алтны хөдөлгөөний бүртгэл, тооцоог эрхлэх асуудлыг Монголбанкны бүрэн эрхэд хамааруулснаар нэгдсэн хяналтыг тогтоож, тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжиж алтны худалдаанд зуучлагчдын хууль бус далд наймааг зогсоож, алтны олборлолт болон валютын нөөц нэмэгдэнэ гэж үзсэн байна. Мөн Монгол Улсын хурамтлалын хэмжээ өсч, эдийн засгийн чадавхи, баталгаа сайжирна гэсэн өөдрөг төсөөлөл гаргаад буй юм.
Тухайлбал, алтны нөөц ашигласны төлбөрийг 2,5 хувиар тооцож, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг “0” хувьтай байхаар “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь боловсруулжээ. Мөн хуулийн төсөлд алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх талаарх УИХ, Засгийн газар, Монголбанк, Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, алт олборлогчдын эрх, хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой зааж өгчээ. Ингэснээр алт олборлогчид олборлосон алтыг Монголбанкинд тушаахаар хуулийн төсөлд тусгаж, хууль зөрчсөн компани, аж ахуйн нэгжид зөрчлийн шинж байдлыг харгалзан тусгай зөвшөөрлийг цуцлах, хууль бусаар олборлосон, худалдсан алтыг улсын орлого болгох, 20 хүртэл сая төгрөгөөр торгох, бичил уурхайчдын олборлосон, худалдсан, хил гаалиар нэвтрүүлэхийг завдсан алтыг улсын орлого болгох, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль хүлээлгэж, зөрчил нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бол холбогдох зүйл, заалтаар хариуцлага тооцохоор зааж өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Oyutolgoi geh met buh company-uudiig altaa MONGOLBANKIND tushaahaar huulichilj boloh u