Импортлогчид үгсэн хуйвалдав уу, эрх мэдэлтнүүд худлаа ярив уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 08

Шатахууны үнийг нэмж гэдийсэн импорлогчид эргээд үнээ буулгах болсон талаар Газрын тосны газар болоод ШӨХТГ-ын нөхдүүд  баяр бахдалтайгаар ярьцгааж байна. Ам.долларын өсөлтийн тухай ярин байж үнээ нэмсэн тэдэнтэй албаны байгууллагуул тохиролцсон гэнэ. Тодруулбал, Уул уурхайн яам, Газрын тосны газраас тус компанийн удирдлагуудтай уулзаад танайх үнээ буулга, оронд нь бид Засгийн газраас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй валют олгох хөтөлбөрт оролцуулж өгье гэдэг байдлаар ярьж тохиролцсон гэх зүйлийг ГЗГ-ын зүгээс хэлж байна. Тэгэхээр үнэ нэмэх шийдвэрийг зоригтой гаргасан импортлогчид энэ удаад хожоотой ажиллажээ гэж харагдаж байгаа юм. Уг нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг  валютын ханш савлагаас төрийн зүгээс зохицуулсан учраас шатахууны ханшид хөдөлгөөн ороогүй, ер нь орохгүй гэх зүйлийг хэлж байсан ч, импортлогчид тэгж зоргоор нь байгаагүй. Үр дүнд нь засгаас дэмжлэг авахаар болж байна. Мөн сануулахад үнэ нэмэгдсэний дараа Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Жаст”, “Магнай трейд” компаниуд үнээ нэмсэнтэй холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ тэднийг тэвчээргүй загналаа л гэж байсан. Аравдугаар сард тус газраас шатахууны үнэд зохицуулалт хийх асуудал яригдаж байтал тэд нэмчихлээ гээд байсан. Тэгэхээр зарим импортлогчдын тэвчээр алдагдсан байдал нь нийтийн дургүйцлийг асааж мэдэхээр нөхцөл байдал үүссэн тул энэ сард зохицуулалт хийх төлөвлөгөөнд нь өөрчлөлт орж, цаг зуурын арга хэмжээг авч байгаа л харагдаад байна.

 

За ямартай ч энэ удаад талууд тохиролцох талыг баримталлаа. Өмнө нь бол ШӨХТГ-аас үнэ нэмсэн асуудлыг хянаж нягтлаад импортлогчид үгсэн хуйвалдаж, үнээ нэмсэн хууль бус хэрэг явдал болжээ гэсэн дүгнэлтэд хүрч, улсын байцаагч 17 тэрбум төгрөгийн торгууль ногдуулж байсан нь, бөөн юм болж байж эхнээсээ торгуулийг барагдуулсан гэх мэдээлэл байгаа. Харин өнгөрөгч оны сүүлийн сард  “НИК” компани шатахууны нөөц хангалттай байхад зөвхөн талонтой иргэд, хэрэглэгчийн карт эзэмшдэг хувь хүн,  аж ахуйн нэгжүүдэд үйлчилсэн нь зохиомол хомсдол бий болгосон гэж үзээд Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тус компанийг 4.9 тэрбум төгрөгөөр торгосон асуудлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцээд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх буюу шийтгэвэрийн хэмжээг хүчингүй болголоо. Цаашлаад ШӨХТГ-аас “НИК” компанид илүү бодьтой торгууль оногдуулах ёстой болоод байгаа юм.

 

Ерөнхийдөө импортлогчид болоод холбогдох байгууллагууд хоорондын асуудал энэ янзаар дуусахгүй нь. ШӨХТГ-ын даргын байр суурийг харахад шатахууны үнийн өсөлт нь төрөөс баримталж байгаа бодлогын хүрээнд явж байгаа юм билээ. Тиймээс ч Газрын тосны газраас үнийн асуудлаар зохицуулалт хийх талаар ярьсан байж таараад байна.

 

Манай улсын хэмжээнд жилдээ нэг сая тонн орчим нефтийн бүтээгдэхүүн импортлож хэрэглэдэг. Үүний 65 орчим хувь нь дизель түлш, 25 хувь нь бензин, 10 хувь нь А-80 байдаг. Монгол улсад хэрэглэж байгаа бензин борлуулалтын 55 хувийг уул уурхайн компанийн бөөний худалдаа эзэлдэг. Үлдсэн 45 хувь нь иргэдэд жижиглэнгийн худалдаа байдаг. Тиймээс шинэчлэлийн Засгийн газрын хүрээнд Монгол улс уул уурхайн орон учир гаднаас оруулж ирж байгаа  шатахууны үнэ уул уурхайн компаниудад  зах зээлийн журмаар явна. Харин иргэдэд хүрч байгаа бензиний үнийг тогтвортой байлгах бодлого барьж байгаа гэх зүйлийг О.Магнай хэлсэн. Тиймээс жижиглэн бөөн гэж хоёр хуваагаад  тусдаа бодлого баримтлахаар болжээ.

 

Энэ шинэ бодлогын хүрээнд  компаниудыг цочирдолд оруулахгүйн тулд эхний ээлжинд энэ 83 тэрбумын зээлийг олгож байгаа. Мөн валютийн ханшны эрсдэл байхгүй болгож гэрээ хийсэн. Хэрвээ  өнөөдөр дээрх арга хэмжээг аваагүй байсан бол ОХУ-аас орж ирэх хилийн үнийн өөрчлөлтийг тооцоод үзэхэд нефтийн үнэ 210 төгрөгөөр нэмэгдэх байсан. Засгийн газраас  бодлого хэрэгжүүлэн арга хэмжээ авсаны үр дүнд 50 төгрөгөөр нэмэгдэж байна. Энэ тогтсон үнэ нь тавдугаар сарын 20-доор тогтсон үнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн долоон сарын турш нефтийн үнэ хөдөлгөөнд ороогүй.  Ингэж  Засгийн газрын баримталсан бодлогын үр дүн ашигтайгаар гарч байна.” хэмээн ярьсан юм.

 

Тэгэхээр энд анхаарал татаж байгаа нэг зүйл бол валютийн ханшны эрсдэл байхгүй болгож гэрээ хийсэн байтал нь импортлогчид яахаараа ам.долларын ханшийн өсөлт рүү шалтгааныг тохож үнээ нэмээд байна вэ гэдэг асуулт байгаа юм. Эндээс харахаар О.Магнай нар худлаа яриад байна уу, эсхүл импортлогчид үгсэн хуйвалдаад байна уу? гэдэг асуулт дахиад л гарч байгаа юм.

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top