Өнөөдөр эхэлсэн МАН-ын Их хурлаар өөрсдийн дотоод асуудлаас гадна өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагааны талаар хатуухан үгс хүчтэй сонсогдож байна. Тухайлбал, намын дарга нь эдийн засаг, нийгмийн байдлын тухайд үг хэлэхдээ “Уг нь маш их зүйлийг хүлээж 2012 оны сонгуульд АН-д илүү санал өгсөн сонгогчид өнөөдөр “Сахил хүртээд шал дордов” гэгч боллоо хэмээн дүгнэж байна.
Саяхан Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа ард түмэнд тайлагналаа. Шинэчлэл бол сэтгэл гарган хийх ажил юм гэсэн Ерөнхий сайдын гарын үсэгтэй ном олон мянган хувь хэвлэгдлээ. Ямар чухал ажлуудыг хийв гээд сонирхоод үзэхэд: тендер бүрэн цахимжив, хаалга нь цоожтой дотоод ажлын өдрийг алга болгов, сурагчдыг дүрэмт хувцастай болгож 23 тэрбум төгрөгийг эцэг эхээс нь гаргуулав, 176 ялтан цалин орлогоосоо өр төлбөрөө барагдуулав, шинэчлэлийн Засгийн газрын 1111 төвийн жишиг 21 аймагт хүрээгээ тэлэв, Монгол 93 шатахуун гаргав /энэ худлаа л даа, Хятадын бензин/, цементийн үнийг 200 мянган төгрөг байсныг 135-145 мянган төгрөг болгов, шонхор шувуу наймаа биш, бахархал болов. 2016 онд улсын наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд биш Хүй долоон худагт хийх суурийг тавив, 1,5 тэрбум ам.долларын “Чингис” бонд арилжаалав, Батаар үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь залав, Монгол эх оронтой танилцах аяллыг 16392 км-т зохион байгуулав, Эрдэнийн Ганжуур судрыг дэлхийд данслуулав, Ерөнхий сайд иргэддээ ойртож нээлттэй, ил тод, тунгалаг байхын тулд 15 удаа пүрэв гариг бүрт нээлттэй ярилцлага хийв гэхчилэн тайлагнажээ. Залуучуудын хэлдгээр, ерөнхийдөө шоудах ажил голложээ гэсэн дүр зураг эндээс харагдана.
Гэтэл гол ажил нь юу байсан бэ?
Дэлхийн эдийн засгийн форумын эрхлэн гаргадаг өрсөлдөх чадварын индекс энэ жилийнхээ тайланг саяхан танилцууллаа. Тайланд хамрагдсан дэлхийн 148 улсаас манайх 107 дугаар байрт оржээ. Өнгөрсөн жил 144 орноос 93-р байрт жагсаж байв. Өрсөлдөх чадварыг тодорхойлохдоо 12 тулгуур үзүүлэлтийг үндэслэдэг ба манайх 8 үзүүлэлтийнх нь хувьд ухарсан байна. Үүн дотроо макро эдийн засгийн тогтвортой байдлын оноо гэдэг үзүүлэлтээр өмнөх оныхоос 78 байраар ухарч хамгийн муу 18 улсын тоонд нэрлэгджээ. Яагаад ингэж ухрав гэдгийг баримтаар авч үзье.
Саяхан нэг жилд л гэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг 4 тэрбум ам.долларын хэмжээгээр нэмж татаж чадаж байсан улс одоо нэмэгдүүлэх нь байтугай 42 хувиар буурууллаа. Монголчуудын их найдвар тавьж байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт зогслоо. Цаашдаа ч хэрхэх нь тодорхойгүй байна. Бас нэг том горьдлого байсан “Эрдэнэс-Тавантолгой” компанийг аль хэдийнэ дампуурсан гээд Засгийн газрын тэргүүн маань зарлачихсан.
Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор огцом нэмэгдэж дотоодын нийт бүтээгдэхүүний 50 орчим хувьтай тэнцэж байна. Энэ нь монголын нэг иргэнд 3 сая орчим төгрөгийн өр ногдож байна гэсэн үг. Ирэх жил гадаад өрийн дарамтыг 60 хувьд хүргэнэ гэж тооцоолсноо эрх баригчид саяхан УИХ-д танилцууллаа.
Европын холбоог сүйрүүлчих шахаад байгаа Грек улсын гадаад өр ДНБ-ийхээ 80 хувьд хүрлээ гэж саяхан зарласан. Гэтэл манайх түүнээс онцын ялгарахгүй орон болох нь ээ.
Улсын төвсийн орлого 1,5 их наяд төгрөгөөр буюу 21 хувиар тасрах нь тодорхой боллоо. Энэ нь эдийн засгийн өсөлт саарсантай, уул уурхайн бүтээгдэхүүний экспорт эрс багассантай, мөн орлого олох арга замыг нарийн аргачлал, тооцоо судалгаагүйгээр, нэг үгээр хэлбэл, цээжний хонжоогоор төлөвлөсөнтэй холбоотой байна. Зөвхөн нүүрсний экспорт гэхэд энэ онд 35 сая шахам тн-ыг гаргана гэж төлөвлөсөн бол гүйцэтгэл нь сайндаа, 15 сая тн-оос хэтрэхээргүй боллоо.
Ам.долларын ханш анх удаа 1700 төгрөгөөс дээш давсан тохиолдол гарч үндэсний мөнгөний худалдан авах чадвар дөрөвхөн сарын дотор 300 орчим төгрөгөөр сулраад байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч, валютын урсгал гадагшилж байгаагийн ноцтой үр дагавар мөн. Монголбанкны валютын нөөц ч эрс багасчээ. Эрх баригчид валютын ханшийг барьж чадаагүйнхээ бурууг зөвтгөж “Долларын ханш өсч буй нь муу зүйл биш. Экспортоо нэмэгдүүлэх ховорхон боломж. Энэхүү алтан боломжийг сайн ашиглах хэрэгтэй” хэмээн хээв нэг тайлбарласаар өдий хүрлээ. Тэдний онолоор бол төгрөгийн ханш уналт үргэлжилсээр нэг ам.доллар 2000, 3000 төгрөгт хүрэх нь ч муу зүйл биш бололтой. Гэтэл хүн амын ялангуяа бага орлоготой хэсэг, импортоор түүхий эд, материалаа авч үйлдвэрлэл явуулдаг болон дотооддоо борлуулалт хийдэг хэдэн мянган аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд энэ нь туйлын хүндээр тусч байна.
Эрх баригчид бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнэ төдийлөн өсөөгүй гэж хоолойгоо сөөтөл ярьж ойлгуулахыг оролдсоор ирлээ. Гэтэл үнэн хэрэгтээ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ 20 гаруй шахам хувиар өсч ард иргэдийг бухимдуулсаар байна.
Уг нь Засгийн газар Монголбанктай 4 дэд хөтөлбөр баталж мах, гурил, бензин шатахуун, барилгын материал зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулна гэж З их наяд төгрөг зарах боломжтой болсон. Тэр мөнгийг арилжааны банк болон зориуд сонгосон хэдэн компанид олгосон. Засгийн газарт ийм том боломжийг олгож байсан түүх өнгөрсөн 23 жилд хэзээ ч байгаагүй юм. Гэтэл түүний үр дүн харагдсангүй. Үндсэндээ тэр их мөнгө бүтнээрээ үнэ тогтворжуулахад очсонгүй, нэлээд хэсгийг нь өөр зорилгоор компанийн эздэд тараасан гэдэг мэдээллийг Засгийн газар, Монголбанк одоог хүртэл няцааж чадахгүй байна.
Үнэ тогтворжуулах нэрийн дор зарлагдсан энэ 3 их наяд төгрөг нь Хүний хөгжлийн сангаас иргэдэд олгож байсан Эх орны хишиг болох 21 мянган төгрөгийг 4 жил олгох хэмжээний мөнгө байсан гэдгийг эрх баригчдад сануулахад илүүдэхгүй. /2010 оны 1 дүгээр сарын 1-нээс, 2012 оны 7 дугаар сар хүртэл Эх орны хишиг өгөөд 1,9 их наяд төгрөг зарцуулагдсан юм./
Чингис нэртэй өрийн бичиг арилжаалж авчирсан 1,5 тэрбум ам.доллар бол Монголын ард түмэн хэдэн үеэрээ төлөх өр болж хоцрох нь тов тодорхой юм. Энэ өрийг тавьсан, хувь хишгийг нь хүртсэн хүмүүс хэсэг хугацааны дараа засаг солигдоход өөрчлөгдөөд, хаа нэг тийш сураггүй алга болсон байх болно. Харин лай ланчигийг нь ард түмэн, татвар төлөгчид, дараа дараагийн Засгийн газар үүрэх болно. Их эзэн хааныхаа нэрийг барьж арилжаалсан өрийн бичгийн хүүд 2012 оны 12 дугаар сарын 6-наас хойш өдөр бүхэн 273 сая төгрөгийн хүү төлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 108 тэрбум 88 сая 770 мянга 754 төгрөг /108.088.770.754/ буюу 325 цэцэрлэг, 108 сургууль барих мөнгө аль хэдийнэ салхинд хийсчээ.
Өмнө тавьсан энэ өрөндөө сэтгэл ханаагүй одоогийн эрх баригчид “Самуурай” бонд, бусад зээлийн араас идэвхтэй хөөцөлдөн таваргаж явна.
Эдийн засаг, санхүү маань ийнхүү “чөтгөрийн тойрог”-т орчихсон учраас нийгмийн байдал ямар түвшинд буй нь ойлгомжтой.
Баян, хоосны ялгаа улам ихэслээ. Хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлох жини коэффициент улсын дунджаар 0,341 байгаа бөгөөд энэ үзүүлэлт хангай, баруун, зүүн бүсэд 0,300-0330 болсон нь улсын дунджаас 0,011-0,041 нэгжээр доогуур байна. Хүн амын орлогын тэгш бус байдлыг харуулах Тейлийн индекс одоо 0,216 байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0,022 нэгжээр бага боллоо. Тэгш бус байдлыг тодорхойлохын тулд хүн амыг хэрэглээний түвшингээр нь 5 тэнцүү хэсэгт хуваан бүлэг бүрийн нийт хэрэглээнд эзлэх хувийг гаргадаг байна. Ингэхэд хамгийн бага хэрэглээтэй хэсэг буюу ядуучууд нийт хэрэглээний 7,7 хувийг эзэлж байхад хамгийн чинээлэг хэсгийнх 41,6 хувь байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээ, хамгийн ядуу 20 хувийнхнаас 5,4 дахин их байгааг харууллаа. Бас нэг тоо хэлье. Монголбанкнаас гаргасан статистикийн мэдээгээр, банкууд дахь нийт хадгаламжийн мөнгөний 95,5 хувь нь хүн амын ердөө 5-хан хувьд оногдож байна.
С.Батболдын тэргүүлсэн Засгийн газар хамгийн сүүлд 2012 оны нэгдүгээр сард цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 52 хувиар нэмэгдүүлснээс хойш 21 сар өнгөрч байхад тэдгээрийг нэг ч төгрөгөөр нэмсэнгүй. Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмбэл юмны үнэ өсчихдөг гэсэн ганц өгүүлбэрээр тайлбар тавиад өнөөг хүрлээ. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдүүлээгүй байхад ч барааны үнэ яаж өссөнийг өмнө өгүүлсэн. Цалин, хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлнэ гэсэн амлалт энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байдаг учраас эрх баригчид инфляцийн түвшин тун бага байгаа хэмээн яриад буй нь угтаа цалин, тэтгэвэр, тэтгэмжийг болж өгвөл нэмэхгүй гэсэн бодлоготой холбоотой хэмээн зарим судлаач дүгнэж байна.
Элдэв шүүмжлэл дагуулж байсан хэдий ч, ядуу олон мянган гэр бүл, өрхийн амьжиргааны эх үүсвэр болж ирсэн 21 мянган төгрөгийн дэмжлэг зогссон. Иргэдийн худалдан авах чадвар буурахад ямар хүчин зүйл нөлөөлснийг тогтоох зорилготойгоор өнгөрсөн оны эцсээр явуулсан нэг судалгаагаар түүнд хамрагдагсдын 70 шахам хувь нь иргэн бүрт өгч байсан 21 мянган төгрөгийн нэмэгдэл зогссонтой холбоотой гэж үзжээ.
Эрх баригчид нийгмийн хамгааллын бодлогыг ер нь л, анхаарлынхаа гадна хаях хандлагатай байдаг нь саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын хуулийн анхны төсөл, 8 хувийн хүүтэй орон сууц хөтөлбөрөөс тод харагдсан. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг анх оруулж ирэхдээ “Өнгөрсөн хугацаанд жижиг, дунд үйлдвэрүүдийг хангалттай дэмжсэн. 19 хуулиар 243 төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлсэн. Одоо болно. Цаашдаа том бизнесээ илүү дэмжинэ. 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компаниудыг дотоод, гадаадын гэж ялгаварлахгүйгээр 4 төрлийн албан татварыг тогтворжуулна” гэж зүтгүүлэхийг оролдсон билээ. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хөрөнгө оруулалтын талаар цаашид баримтлах бодлогоо зөв дэвшүүлж түүнээ авч гарч чадсаныг тэмдэглэн хэлье. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчдыг дотоод, гадаадын /гадаадынхыг нь төрийн өмчит болон хувийн/, хөдөө, хотын, жижиг том гэж ялгаварлахгүй хандах агуулгатай болгож, ялангуяа хөдөө орон нутагт хөрөнгө оруулалтыг түлхүү хандуулах, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг энэхүү бодлогын гадна үлдээхгүй байхаар хуульчлагдсан.
Өмнөх Засгийн газрын үед анх удаа орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэдэд 6 хувийн хүүтэй зээл олгох бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл үүнийг өнөөгийн эрх баригчид “халамжийн шинжтэй учир буруу” гээд 8 хувийн хүүтэй болгож хүссэн хүн бүхэн хамрагдаж болохоор өөрчилсөн. Хуулийн энэ цоорхойг овжин хэсэг далимдуулан байр худалдах, худалдан авах хуурамч гэрээ хийгээд банкнаас 8 хувийн зээл аваад өөр зүйлд ашиглачихаж байна. Уг нь орон сууц огт авч байгаагүй, гэрт амьдардаг тэр хэсгээ хямд орон сууцаар эхлээд хангах нь зөв байсан билээ.
Ийм нөхцөлд манай нам ямар бодлого баримтлах ёстой талаар хэдэн зүйл хэлье.
Ойрын жилүүдэд эрдэс баялгийн салбарын давамгайлах үүргийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй боловч цаашдаа: импорт зонхилсон, хямралд өртөмтгий өнөөгийн эдийн засгийг үндэсний хуримтлал, бүтээмж, шинэ технологид суурилсан, өрсөлдөх чадвартай, бүтцийн хувьд төрөлжсөн эдийн засаг болгох чиглэлээр идэвхтэй ажиллах нь зүйтэй юм. Сүүлийн үед эдийн засгийг солонгоруулна гэж зарим эрдэмтэн яриад байгаа нь үүнийг хэлж буй хэрэг.
Дотоодын үйлдвэрлэлээ бүх талаар дэмжиж Монгол Улс үйлдвэрлэгч орон болох зорилтыг хангахын төлөө бүх талаар зүтгэж тэмүүлэх ёстой. Ингэж чадвал гаднын хүчин зүйлийн хамаарал багасч байнга түгшээж байдаг гадаад валютын ханшийн өсөлт гэсэн дарамтаас ангижрах болно.
Гадаадад дахин бонд буюу өрийн бичиг арилжаалж өр нэмэгдүүлэхээс эрс татгалзах, “Чингис” бондоос үлдээд байгаа хөрөнгийг бүтээн байгуулалт, эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрт зарцуулах, бондын мөнгийг улсын төсөвт заавал тусгадаг болохыг эрх баригчдаас шаардаж хатуу хяналт тавьж ажиллах шаардлагатай;
Бизнесийн тогтвортой бодлогыг хангахын тулд эрх баригчдын буюу төрийн оролцоог үлэмж багасгаж, ялангуяа хувийн хэвшилд элдэв дарамт, шахалт үзүүлдгийг зогсоох;
Саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг тогтвортой мөрдүүлж хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн сэргээх;
Уул уурхайгаасаа олох орлогоос дэд бүтэц ялангуяа дулааны цахилгаан станц, төмөр зам зэрэг стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд чиглүүлж ажлыг нь түргэвчлэх;
Төр, засгийн байгууллагуудын данхар бүтэц, үрэлгэн зардлыг багасгаж, хэмнэгдсэн мөнгийг ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход чиглүүлэх; Ингэж чадвал бага орлоготой өрх, ажилгүй, орлогогүй иргэдээ дэмжсэн чухал алхам болох юм.
Шүүрэн шанага шиг болсон төрийн мөнгөний бодлогод тавих хяналтыг чангатгаж, оновчтой болгох;
Монголчуудын хамгийн их найдвар тавьж байгаа Оюутолгойн гэрээг харилцан ашигтай байх үндсэн дээр даруй сайжруулах нь өнөөгийн засаг, төрийн шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болж байна гэв.
Сэтгэгдэл ( 5 )
novshiin xog MAN sono, xar xeree met guaglaxaa boli!!!
Unen helsen shu arai chadamjgui Zasgin gazar bna Erunhiiduu said bolon heden said Nar ni uneheer gologdoj bna shu de.Chadvargui Hun taviad hamag yum holion bantan uneheer unin usultuus avhuulaad Zasagaa avj yavah chadvargui Nam yuma AN.
Эдийн засгийн хувьд үнэн дампуурлын байдалтай болчихоод байгаа нь үнэн шүү. Гудамжны хулигаан хүмүүс конторт орж сууж том дарга болсноор нэг их сайхан ажил ч хийчихдэггүй юм байна гэдэг нь яахын аргагүй үнэн байна. АН хулигаан луйварчин ихтэй болохоос, улсын ажил төрөл хийчихээр боловсон хүчнээр үнэн маруухан юм.
боломж олгосон гэвэл үүн шиг худлаа юмбайхгүй дээ харинодоогийнх шиг дураараа засгийн газар байсан уу гэвэлсүүлийн 90 гаруй жилд харинч нэг байхгүй байхаа хэтэрхий дураараа дампуурсан засгийн газар л байгаад байгаа юм даа