Бид яагаад гадны Засгийн газруудын “хүү”-г идэж болохгүй гэж!

Автор | Zindaa.mn
2013 оны 10 сарын 28

 

Ерөнхийдөө бол манай эдийн засаг Голланд өвчинд нэрвэгдсэн нь үнэн гэдэг дээр маргаж суух цаг одоо биш гэдгийг өмнө нь өгүүлж байсан.  Баялгийн хараал гэдэг нь ч биднээс холгүй харагдаж  байгаа. Манай эрх баригчид үрэлгэн явж ирсэн. Мөнгөтэй үедээ  хавтгайруулан цацаж ирсэн. Инфляци ч дорвитой уруудаж чадахгүй л өнөөдрийг хүрч байгаа. Хүү өндөр байгаа нь үнэн. Үйлдвэрлэл хөгжихгүй байгаа нь үнэн. Үнэндээ бидэнд өөр бидэнд ямар шинж тэмдэг хэрэгтэй гэж. Тэгэхээр эндээс гарах арга зам бидэнд чухал гэсэн үг л дээ. Уг нь байгалийн баялаг ихтэй дэлхийн  улс орнууд нэгэн ижил зовлонтой нүүр тулчих гээд байдаг гэмтэй. Хэрэв Засгийн газар нь ашигт малтмал, түүхий эдийн экспортоос орж ирж байгаа орлогоо хурааж хумихгүй тэрчигт нь зарж үрчихээд байвал улмаар эдийн засагт хэт халалтыг үүсгэж,  Голланд өвчин гэж томьёологддог сөрөг нөлөөлөлд автах эрсдэл ойрхон байдаг. Харин энэ эрсдэлээс хол байхын тулд нэгэн арга замыг тодорхойлсон нь Баялгийн сангуудыг бий болгох явдал байв. Түүнчлэн манай албаны нөхдүүд хэлэхдээ ийм маягаар эдийн засгаа голланд өвчинд нэрвэгдэхээс, баялгийн хараал тусахаас сэргийлж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй сайн туршлагууд цөөнгүй бий гэдэг. Тэгвэл манай тухайд юу билээ. Бид баялагтай нь үнэн. Түүгээрээ л мөнгө босгож байгаа нь үнэн. Хөршийн болоод дэлхийн эдийн засаг дахь таагүй нөхцөл байдал лавширвал экспортоос орж ирэх орлого гацаж, эдийн засаг сульдах эрсдэл яг дэргэд байсаар байна. Уг нь тэгээд  Баялгийн сан гээчийг бид байгуулаагүй биш байгуулчихаад байгаа. Гэхдээ одоогийн нөхцөл байдал биднээс Баялгийн сангийн хөрвөх чадварыг шаардаад байгаа байж болох юм. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Ахлах эдийн засагч Ян Хансен хэлэхдээ “- Баялгийн хараал нь заавал байх ёстой гарцаагүй зүйл биш. Эдийн засгийн хууль биш гэж байна. Мөн үүний эсрэг  төсвийн мэргэн бодлого хэрэгжүүлэх нь хамгийн гол. Хараалаа ерөөл болгож хувиргасан улсуудын нууц энэ байна. Норвеги, Вотсвана болон Чили зэрэг байгалийн баялаг ихтэй улс орнууд байгалийн баялгийг ерөөл болгож чадсан туршлага бий. Байгалийн баялгийн хараат улс орнууд байгалийн баялгийн хараалыг хэрхэн ерөөл болгох оновчтой бодлого хэрэгжүүлэх нь гол юм. Хараалыг ерөөл болгоход баялгийн сан асар их үүрэгтэй байж болох ч,  төсвийн бодлогоор дэмжигдээгүй, хослоогүй тохиолдолд үр дүн дагуулдаггүй гэж хэлж байв.

 

Харин манай тухайд улсын тухайд төсвөө хэлбэлзлээс хамгаалахын тулд  Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан нь, энэ оноос хэрэгжиж эхэлж буй. Энэ хуулийн дагуу Тогтворжуулалтын санг байгуулсан. Санд мөнгө хуримтлагдаад 2 жил болж буй. Экспортод гаргаж байгаа нүүрс, зэс хоёрынхоо үнийг Нэрлэсэн үнэ, Тэнцвэржүүлсэн үнэ гэж ялгачихаад, Тэнцвэржүүлсэн үнээс нь илүү гарч борлогдвол, тэр хэсгийг нь Тогтворжуулалтын сандаа хийгээд байгаа. Харин энэ сангийн мөнгө “амьгүй” байдаг. Тэгвэл тэр мөнгийг өөр эх үүсвэрүүдэд байршуулж, арвижуулахын тулд баялгаа арвижуулах санг байгуулах хуулийн төслийн асуудал яригдаад байсан. Одоогоор чимээгүй талдаа байна. Ер нь бол сангийн хөрөнгөөр Гадаадын Засгийн газрын өрийн бичгийг авч,  тэднээс хүү авч, хэрэглэх тухай яригдаад байгаа юм билээ. Уг нь энэ бол хэрэгжүүлвэл үр дүнтэй бидэнд эрсдэл багатай байж болох хувилбар. Өөрийнхөө Засгийн газрын өрийн бичгийг олон улсад гаргаж, өндөр хувийн хүү төлж байгаа бидний хувьд бусдын Засгийн газрын өрийн бичгийг авч, тэдний хүүгээр бас  дансаа баярлуулаад байвал аятай юу.

 

Ер нь бол Монгол Улсад Төр гэдэг эзэнтэй 23 сан үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал ороод хууль санаачлагчдад буцаагдсан байгаа. Энэ хуулийн төсөл Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдэж байхад Засгийн газрын тусгай сан хэт хавтгайрч байгааг Засгийн газар цаашид анхаарах,Засгийн газрын тусгай сангуудыг нэгтгэх, төсвийн багцад нь оруулах, шинээр тусгай сан байгуулахыг хязгаарлах зэргээр зохицуулалт хийх шаардлагатай тухай санал гишүүдээс гарч байсан юм. Энэ бол анхаарах л ёстой зүйл л дээ.

 

Түүнчлэн түрүүн өгүүлсэн Тогтворжуулалтын сантай дээрх хуулийн төслийн өөрчлөлтийн асуудал ч холбоотой юм. Учир нь энэ санд хурааж хуримтлуулсан хөрөнгийг улстөрчид зоргоороо зарлагадах боломж хуулийн хүрээнд гарч болзошгүй талаар ярих шинжээчид байдаг. Сангийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой  хуулийн 91.3.1.-т тухайн жилийн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө, төсвийн орлогын гүйцэтгэлийн зөрүүг улсын төсөвт шилжүүлж  болно гээд заачихсан. Энэ зөрүү гэдгийг юу гэж ойлгох вэ. Дутагдаж байгаа хэсэг үү, илүүдэж байгаа хэсэг үү. Зөрүү гэж дутагдаж байгаа хэсэг гэж тодорхой зааж өгөөгүй. Энэ нь сангийн хөрөнгийг зарцуулсан байсан ч болохоор ойлгогдож байгаа талаар, хууль тогтоогчид өөрсдөө тодорхойгүй зүйлийг тусгаж батлуулсан талаар ярьдаг. Ер нь бол Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Хүний хөгжил сан руу шилжүүлэн ашигласан байлаа гэхэд хянах боломж байхгүй талаар яригдаж ирсэн.  Тэгвэл Тогтворжуулалтын сангийн хөрөнгийн зарцуулалт нь ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ хуулиар зохицуулагдах юм. Арван онд батлагдсан тус хуулийн дагуу бол сангийн хөрөнгө мөнгийг шамшигдуулах боломж үгүй гэдэг ч, энэ санг илүү хөрвөх чадвартай болгох шаардлага байгаа юм.

 

Э.Болор

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top