Импортлогчдоо хөөчихөөд Орос, Хятадуудыг даллан дуудах уу?

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

 

Зах зээлийн нийгэмд хөл тавиад 20 гаруй жилийг үдсэн ч, энэ нийгмийнхээ агуулга, үнэ цэнийг бүрэн сэхээрэх шаардлага  бидэнд байсаар л байна. Уг нь хаа хаанаа эртхэн сэхээрч дийлвэл  “улстөр үнэ тогтооно” гэдэг нь урт хугацаандаа эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг хямрааж, улмаар эгэл жирийн иргэдийн амьжиргааг сульдаатай түвшинд аваачих уршигтай гэдэг дээр ойлголцлоо нэгтгэж чадвал зүгээр байгаа юм. Тэрчлэн зах зээлийн жам ёсны хуулиар бүх барааны үнийг зөвхөн зах зээл өөрөө буюу эрэлт, нийлүүлэлт тогтоох учиртайг, энэ хуулийг дагах нь нэг талаас “харгис” мэт боловч, дагахгүйгээр татгалзах нь бүр хэцүү гэдгийг эдийн засагчид хэлээд байдаг нь учиртай. Үнэ гэдэг юм өгсөж, уруудаад ирэхээр энгийн номхон иргэдийн хувьд тунчиг тоглоом тохуутай мэт санагдаж, бухимддаг нь үнэн л дээ. Гэтэл угтаа бол үнийг зах зээл өөрөө тодорхойлох, тогтоох тэрхүү эрүүл боломжийг төрийн зүгээс олгох, нэг ёсондоо эдийн засгаа эрүүлээр замнах гарцыг хуулийн үүднээс нь баталгаажуулах нь төрийн үүрэг юм.

 

Харин манай дотоодын нөхцөл байдлыг харахад зүй тогтлыг өөр тийш нь залж ирсэн олон жил өнгөрчээ.  Улстөрийн нам хүчнүүд төрийн эрх мэдлийг гартаа авсан жилүүддээ нийгмийн төлөөх үйл ажиллагааг явуулдаг болохыг үгүйсгэх нь утгагүй ч, зах зээлийн өөрийн үндсэн зарчим руу хэт халдсан, өөрсдөдөө ашигтай байдлаар, олон нийтээс оноо авах байдлаар шийдвэрлэсэн алхмуудыг хийж ирснийг хэвлэлийнхэн бид хөндөх л учиртай. Энэ нь угтах олон жилүүдэд эдийн засагт, иргэд бид бүхний бодит амьдралд сөрөг үр дагавартай учраас л өгүүлж байгаа гэдгийг тодотгох нь зөв болов уу. Мөн нөгөө талд эдийн засгийн зүтгүүр болсон үндэсний аж ахуй нэгжүүдэд ч хамаатай асуудал юм.

 

Түүнчлэн төрийн эрүүл бус оролцооны уршигаар ихээхэн эрсдэл үүрч болзошгүй байгаа барилгын, шатахууны гэхчлэн чухал салбаруудын тухай ярихаас өөр аргагүй юм. Магадгүй ингээд хэлэхээр эрхэм Та дотроо “төр засгаас нь үнэ тогтворжуулна гээд тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулаад л байгаа биз дээ” гэж бодож болох юм. Шатахууны салбарын тухайд аваад үзэхэд “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах SIFS” гэсэн дэд хөтөлбөрийн хүрээнд 13 компанид 192 тэрбум төгрөгийн зээлийг 3,8 хувийн хүүтэйгээр олгосноос гадна 703 тэрбум төгрөгийн форвард хэлцэл хийж шатахуун импортлогчдыг дэмжсэн гэдгээ засгийн зүгээс хэлээд байгаа. Гэтэл бодит байдлыг аваад шатахууны үнийг валютын ханшийн хэлбэлзлээс хамгаалсан энэ хөтөлбөр дөнгөж эхэлж байхдаа буюу жилийн өмнө амжилттай хэрэгжиж байсан бол өдгөө нөхцөл байдал өөр байна. Улстөрчдийн зүгээс энэ хөтөлбөрөө нэмж томруулъя гэж яриад байгаа ч,  нөхцөл байдлыг харахад импортлогчид ханшийн эрсдэл гэхээсээ экспортын үнийн дарамтаас үүдсэн бэрхшээлтэй нүүр тулчихсан байдалтай байж байна. Уг нь зун зургадугаар сарын үед гэхэд импортлогчид түлшний литр тутмын үнийг 50 төгрөгөөр буулгаж байсныг бид мэднэ. Тэгэхэд Оросууд экспортын үнээ огцом нэмэгдүүлээгүй, онцгой татвараас чөлөөлсөн, шатахууны үнэ хямд байсны дээр SIFS хөтөлбөр хэрэгжээд, ерөнхийдөө тохироо бүрдээд байсан гэсэн үг. Тиймээс түлшний үнэ 50 төгрөгөөр хямдарч, иргэдэд ч таатай байсан.

 

Тэгвэл одоо яг юу болоод байгааг харахаар импортлогчдын ганц эх үүсвэр болсон Оросын тал экспортын үнээ зуныхтай харьцуулахад  нэмчихсэн байна. SIFS хөтөлбөр гэх эргэлтийн хөрөнгөд зориулсан зээл нь тухайн компанийн эргэлийн хөрөнгийг 100 хувь хангадаггүй. Засгийн газраас мөнгө авсан ч, компаниуд арилжааны банкуудаас мөнгөө зээлсэн хэвээрээ бөгөөд өндөр хүүгээ төлж байгаа. Түүнчлэн экспортын үнэ нэмэгдэхээс гадна өндөр хүү төлж байгаа учраас долларын ханшийн хэлбэлзлийн эсрэг хамгаалалтын үзүүлэх нөлөөлөл сулраад байна гэсэн үг.

 

Түүнчлэн импортлогч компаниудын төлж байгаа бүх татвар, шатахуун авч байгаа  үнэ гэхчлэн үйл ажиллагааны бүх зардлыг тооцоод үзэхээр АИ-92 түлшийг -83 төгрөгийг алдагдалтай, дизель түлшийг -150 төгрөгийн алдагдалтайгаар хэрэглэгчдэд хүргэж байгаа гэсэн дунджаар авч үзсэн тооцоо байна. Шатахууны компаниудын олдог ашиг нь  3-5 хувьтай байдаг гэдэг нь ил болсон зүйл. Тэгвэл алдагдалгүй энэ хэмжээний ашигтай ажиллахын тулд одооны үнээр бол шатахууныг 50 төгрөгөөр нэмэгдүүлэхэд болж байгаа гэнэ. Тэгэхээр сая өгүүлсэн хасах алдагдал дээрээ үүнийгээ нэмэхээр АИ-92 түлшний литр тутмын үнийг 130 төгрөгөөр нэмэх болчихож байгаа ч, импортлогчдын хувьд тэгж шууд огцом нэмэгдүүлэх нь эдийн засагт, ифляцид,  иргэдийн амьдралд сөрөг нөлөө ихтэй гэдгийг тооцож суугаа биз. Тиймдээ ч саяхан зарим компаниуд 50 төгрөгөөр үнэ нэмчихээд эргүүлээд буулгасан асуудал үүссэн болов уу.

 

Энэ удаа эргүүлээд үнэ буулгасан асуудал дээр салбарын яам болоод Монголбанк бус Засгийн газар өөрөө хүч түрэн орж ирсэн нь хэвлэлийнхэнд анзаарагдсан. Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сараас хойшхи түлшний үнийн өсөлт, бууралттай холбоотой асуудлууд дахь улстөрчдийн оролцоог анзаарч харж буй хэвлэлийнхний хувьд энэ удаагийн оролцоог нь ч анзаарахгүй өнгөрсөн гэвэл худлаа болно. Ерөнхийдөө улстөрийн зүгээс импортлогчдод үнэ заах гэдэг энэ хандлагыг иргэддээ тодорхой ойлгуулах үүднээс хамтарсан засаг тарахаас яг өмнөхөн болсон үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлыг эргэн сөхье.

 

Улстөржүүлсэн үнэ...


Арванхоёр он дөнгөж гараад хэдхэн хонож байхад импортлогчид түлшний үнийг нэмсэн. Өмнөх оных нь сүүлийн сард ЭБЭХ-ний Дэд сайд Б.Ариунсангийн ахласан Үнэ тогтворжуулах ажлын хэсэг хуралдаад үнэ нэмэхийг зөвшөөрсөн байдаг.  Гэтэл ШӨХТГ тэрхүү нэмэгдлийг нь улстөржүүлэн, улмаар хуйвалдаан байсан гэх тодотгол дайгаад, компаниудад торгууль тавьж, Дэд сайд  суудлаасаа буусны дараа, засаг ч тарсан гэж нэг талаас харагддаг. Гэхдээ АН засгаас гарсны дараа нэр бүхий нөхдүүд нь  шатахууны үнийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийхдээ  “Үнийг улс төрийн зорилгоор санаатайгаар өсгөж, бас далимдуулан сонгуулийн зардлаа босгосон” гэх агуулгатай зүйлс ярьсан  эргээд МАН руугаа чиглэсэн анхаарал татсан мэдээлэл байсан. Харин хариуд нь тухайн үеийн Ерөнхий сайд,  МАН-ын дарга,  С.Батболд “Энэ удаагийн шатахууны огцом өсөлтөд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн нөлөө давамгайлсан байхыг үгүйсгэхгүй. Төрийн албан хаагчдын түвшинд ч, магадгүй аж ахуйн нэгжүүдийн хувьд ч  энэ асуудал сөхөгдөж мэднэ. Өөрсдөдөө ашигтайгаар алхам хийсэн  байхыг үгүйсгэхгүй. Засгийн газрын ажил явдгаараа явна гэдгийг би оны өмнө ч хэлж байсан. Одоо ч үүнийг давтан хэлье. Улс орны ажил улс төрөөс хамаарах ёсгүй. Жингийн цуваа явдгаараа явж, улс орны Засаг төрийн ажил явдгаараа явж л таарна. Харин үүн дээр улс төр хийж болохгүй шүү. Тиймээс би өмнө ч улс төрийн хүчнүүдэд хандан энэ тухай уриалж байсан. Аливаа нэгэн улс төрийн хүчин ард түмний нуруун дээр дарамт болох  асуудлаар хожоо хийхгүй байх, эдийн засаг бизнесээр, улс төрийн тоглолт хийхгүй байхыг уриалсан” гэх зүйлийг хэлж ярьсан нь улстөрийн хүчнүүд улс орны эдийн засагт онцгой чухал шатахууны салбарыг, импортлогчдын эрх ашиг гэдэг юмыг улстөрийн хорондоо хутгаж зуураад байгаа юм биш үү гэж харахад хүргэж байв. Импортлогчдын хувьд бодит бэрхшээлээ хэлж яриад ордог ч, улстөрчид зальтай ханддаг жишиг энэ маягаар баяжигдсаар өнөөдрийг хүрч байна. Ерөнхийдөө арванхоёр оны эхэнд болсон түлшний нэмэгдэлтэй холбоотой асуудлаас хойш Засгийн газар импортлогчдын бэрхшээлийг үнэн цагаанаар нь хүлээн зөвшөөрч байгаагаа шууд илэрхийлэхээс  айдаг ч болсон гэж болох. Ямартаа л та санаж байгаа бол импортлогчид өнгөрсөн онд үнээ нэмэх асуудлыг засагт тавьсан ч, хүлээн зөвшөөрөөгүй. Тэрчлэн алдагдлаа бууруулахын тулд үнээ шууд нэмэхэд нь Засгийн газар чимээгүй өнгөрч байсан удаатай.

 

Харин сая Засгийн газар дуугарсан гэдгийг түрүүн өгүүлсэн билээ. Ерөнхийдөө бол Ерөнхий сайд болоод ШӨХТГ-ын дарга О.Магнай гэдэг хүмүүс нийлээд үнийг хүчээр бариад, бариад урт насгүй гэдгийг ойлгохоос өөр гарц одоогоор алга байгаа юм. Импортлогчдоо алдагдал хүлээ, хүлээ гээд хаячихлаа гэхэд энэ улс орон шатахууны хямралд орвол яах вэ. Эсвэл импортлогчдоо дампууруулж орхиод, тэдний орон зайд Орос, Хятадуудыг даллан дуудаж авчрах гээд байгаа юм уу гэсэн асуултыг тавихаас өөр аргагүйд хүрэх нь.

 

Э.Болор

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үнэ(118.70.170.139) 2013 оны 11 сарын 05

Зөв бичжээ. Бизнес рүү Засгийн газар хутгалдах аваас жинхэнэ утгаараа манай улсын эдийн засаг сүйрэх алхам руугаа орж байна л гэсэн үг. Үнийг хүчээр баривал сүйрэхийн цондон доо.

0  |  0
yu (203.91.117.4) 2013 оны 11 сарын 05

bolio heden neftiin company demjeed bga yumuu unee nemeh gd l niitlel zahialah yumdaa

0  |  0
ТАНЫ НЭР:(103.23.51.3) 2013 оны 11 сарын 05

БОЛЬЁ ОО

0  |  0
ТАНЫ НЭР:(103.23.51.3) 2013 оны 11 сарын 05

БОЛЬЁ ОО

0  |  0
Top