З.Энхболд: Манай улс Оросын Сибирийн бүсийг Хятадын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох гол гүүр болно

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 05

 

“Евро-Азийн тээвэр: Бүс нутгийн оролцоо” олон улсын бага хурал болж байна. Тус хурлыг УИХ-ын дарга З.Энхболд нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд байгалийн баялаг, ялангуяа уул уурхайн орд газруудын бүтээгдэхүүн олборлолт, ашиглалтад түшиглэн эрчимтэй өсч байна. Дэлхийн улс орнуудын эдийн засгийн хамаарал улам гүнзгийрч, бараа бүтээгдэхүүний хэрэгцээ нэмэгдэж, үйлдвэрлэл өргөжихийн хэрээр түүнд шаардагдах түүхий эд, тухайлбал, ашигт малтмал, газрын тос, байгалийн хий, тэдгээрийн тээвэрлэлтийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. Манай орны хувьд байгалийн асар их баялагтай ОХУ-ын Сибирийн бүсийг БНХАУ-ын аж үйлдвэрийн бүсүүдтэй холбох эдийн засгийн харилцааны гол гүүр болох бодлогыг тууштай баримталж байна.

 

Үүний дагуу тээврийн дэд бүтэц, нефть, хийн хоолой, холбооны болон эрчим хүчний сүлжээний томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт тавьж байна. Монгол Улсын газар зүйн байршил, байгалийн саад бэрхшээлгүй тал нутаг болон хамгийн дөт замнал дээр нэмээд улс төрийн тогтвортой байдал нь эдгээр транзит дэд бүтцүүдийг хийх үндэс суурь нь болох юм.

 

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар болон Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичгүүдэд дотоодын тээврийн нэгдсэн сүлжээг бий болгох, ойрын болон дунд хугацаанд хийх ажлуудыг тусгасан. Мөн Монгол Улсын Засгийн газар 2008-2015 онд худалдаа, тээврийг хөнгөвчлөхөд чиглэгдсэн “Транзит Монгол Үндэсний хөтөлбөр”-ийг батлан хэрэгжүүлж байна.

 

НҮБ-аас энэ асуудалд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн үр дүнд Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн комиссын ивээл дор Азийн орнууд, Азийн авто замын сүлжээ, Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулаад байна. Мөн Хуурай боомтын тухай Азийн орнуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ сарын 7-нд Бангкок хотноо болох Азийн Тээврийн сайд нарын хурлын үеэр байгуулах гэж байна.

 

Хэдийгээр эдгээр сүлжээ нь одоогийн дэд бүтцэд тулгуурлаж байгаа боловч ирээдүйд Ази, Европын хооронд зорчигч, ачаа тээвэрлэлтийг богино хугацаанд саадгүй хангах нэгдсэн сүлжээг бий болгох зорилготой юм. Зүүн Ази, Европыг холбосон энэхүү тээврийн сүлжээний хамгийн дөт зам нь манай улсаар дамжин өнгөрч байна.

 

Манай улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дамжин өнгөрөх тээвэр, холбоо болон цахилгаан дамжуулах шугам, хоолойн тээврийн асуудлаар нэгдсэн бодлого, чиглэлтэй болох, энэ бодлого нь гадаадын улс орнуудад ил тод, ойлгомжтой байхаас гадна аливаа хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжиж хамгаалах учиртай.

 

Тийм учраас энэ асуудлыг судалж урт хугацаанд төрөөс баримтлах бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор УИХ-аас парламентад суудалтай намуудын төлөөлөл бүхий нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгийг томилон ажилуулж байна.

Энэ ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал, “Монгол Улсын тээврийн логистик: өнөөгийн байдал, цаашдын хөгжил” онол, практикийн бага хурлыг тус тус зохион байгуулсан байна.

 

Манай орны газар зүйн байрлал болон байгалийн тогтоц уулгүй тал нутгын давуу талыг ашиглан Монгол Улсыг тив дамнасан зорчигч болон ачаа тээврийн асар их урсгал дамжин өнгөрөх сувгийн нэг чухал зангилаа хэсэг болгох боломж байгааг онцлон тэмдэглэж байна.

 

Мөн түүнчлэн үндэсний зам, тээвэр, логистикийн хүчирхэг сүлжээ байгуулан хөгжүүлэхийн тулд гадаад орчин, ялангуяа хоёр хөршийнхөө бодлого, нөхцөл байдалтай нягт уялдуулах шаардлагатайг Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх, борлуулахад учирч буй хүндрэл бэрхшээлүүд тодорхой харуулж байна.

 

Бүх төрлийн тээвэр нь өөр өөрийн онцлогтой учраас тэдгээрийн онцлог давуу талуудыг харгалзан худалдаа, тээврийг хөнгөвчилсөн холимог тээвэр, логистикийн үйлчилгээг төрөөс бодлогоор дэмжин зохицуулах зүй ёсны шаардлага тавигдаж байна Бид энэ шаардлагыг хангах зорилгоор Логистикийн тухай хуулийн төслийг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.

 

Өнөөдөр зохион байгуулж буй энэхүү олон улсын бага хурлын зорилго нь манай улсын Засгийн газар болон бүс нутгийн орнуудын томоохон хувийн хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид мэдээлэл, туршлагаа солилцох, цаашид бүс нутгийн хэмжээнд бодлогоо хэрхэн нэгтгэх талаар санал бодлоо хуваалцахад оршиж байна.

 

Та бүхний тээвэр, логистикийн хөгжлийн асуудлаар гаргасан санал дүгнэлт Евро-Азийн хоорондын тээврийг хөгжүүлэх нэгдсэн бодлогыг боловсруулах болон улмаар УИХ-аас шаардлагатай эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно.” хэмээн хэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(103.26.194.195) 2013 оны 11 сарын 05

Manai Mongol Uls 2 hurshuu holbosonhos tumur zam bish buur 3 egnee tumur zamtai bolchihvol lag bolno doo. Galt tereguud harvasan sum shig hurdaar hureh gazaraa hurdeg...

0  |  0
баялаг(202.170.68.229) 2013 оны 11 сарын 05

Сибирьт гучин триллион доллар зүгээр л хэвтэж байгаа, цаг нь ирэхээр Хойд Ази баян болох учиртай

0  |  0
Top