Эдийн засгийг эдийн засагчид бус улстөрчид залж урагшлуулдаг, тун нь хэтрэхээрээ нийгэмд сөрөг үр дагаврууд буглан гаардаг гэдгийг бид ухаж ойлгохтойгоо болсон. Дэлхий нийтийн жишиг нь өөрөө ийм бараан. Ямартаа л тэргүүлэгч гүрнүүд тэр дундаа Европын өрийн хямралтай холбоотойгоор шийдвэрлэх арга замыг олох гэсэн Их 20-ийн санхүүчид гэхчлэн эдийн засгаар овоглосон талууд олонтаа чуулдаг ч эцсийн дүндээ тэдний хэлэлцсэн асуудлууд Засгийн газруудынхаа босгыг давж, шүүлтүүрээр орсны дараа л сая хөрсөнд буух боломж ойртдог юм байна гэдгийг бид харж л ирсэн. Тэгээд гол нь өнөөдрийг хүртэлх хугацаанд Европын орнуудын нөхцөл байдал илааршин сайжирсан гэхэд хэцүү байгаа. Үүнийг эхэлж өгүүлэхийн учир нь манай тухайд ч эдийн засаг дахь төрийн оролцоо бодлогын түвшиндээ учир дутагдалтай явж ирсэн гэдгийг хэлэх гэснийх. Нэг талаас нийгмийн амьжиргааг дээшлүүлэх гэсэн үндсэн ижил зорилго нь Засгийн газар, Төв банк хоёроос нарийн уялдааг шаарддаг боловч, Төвбанк улс төрийн нөлөөллөөс хол байх шаардлага нь зайлшгүй байдаг. Малайз улсын Төвбанкны дэд ерөнхийлөгч Сүкдэйв Сингх хэвлэлд байр сууриа илэрхийлэхдээ “Хэрэв Төвбанк Засгийн газрын нэгж байсан бол бодлогын хүү улс төрөөс хамаарч савлах эрсдэлтэй. Энэ нь эдийн засагт тогтворгүй байдал үүсгэхийн сацуу богино хугацаанд эдийн засагт сайн нөлөөтэй байх ч дунд буюу урт хугацаандаа сөргөөр нөлөөлнө.” гэсэн байдаг. Тэгвэл манай тухайд нөхцөл байдал ямар байгаа билээ.
Монголбанкны зүгээс Ирэх арвандөрвөн онд баримтлах мөнгөний бодлого эдийн засгийн дархлааг сайжруулахад чиглэнэ гэж буй. Харин энэ оны хувьд эдийн засагт үүссэн хүндрэлийг саармагжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглүүлэн, зохих үр дүнд хүрлээ гээд байгаа. Ирэх оны эцэс гэхэд инфляцийг 8 хувьтай барина гээд байгаа төв банкны зүгээс энэ оны наймдугаар сарын байдлаар инфляци улсын хэмжээнд 9.4 хувь, Улаанбаатар хотод 8.4 хувь болон буурсан нь нөгөө зориод байсан түвшинтэй нь ойртсон гэж тодорхойлж байгаа. Шалтгаан нь, төсвийн тогтвортой байдал хангагдаж, эрэлтийн гаралтай инфляцийн дарамт бага байсны зэрэгцээ Монголбанк, Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн үр дүнд нийлүүлэлтийн буюу зардлын шалтгаантай инфляци мэдэгдэхүйц буурсан нь эерэгээр нөлөөлсөн гэж байгаа юм.Гэхдээ нөгөө талд улстөр өөрөө зах зээлийн жам ясны зарчимыг гишгэлж, үнэ тогтоогчийн үүрэг гүйцэтгэхээс хойш суухгүй байгаа нь эдийн засагтаа хор хохирол дагуулах тухай яригдаж буй.
Түүнчлэн Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч бөгөөд үйл ажиллагаа нь хуулиараа Засгийн газраас хараат бус байх учиртай Монголбанкны хувьд Мөнгөний бодлогыг амжилттай хэрэгжүүлэх хөрс бэлтгэгдсэн байгаа юу гэдэг асуултыг дахиад л тавих ёстой юм. Төв банкны экс Ерөнхийлөгч Л.Пүрэвдорж эрхэм энэ тал дээр байр сууриа тодхон илэрхийлчихдэг нэгэн байсныг санаж байна. Одоо эргэн сануулахад ч хэрэгтэй байх. Тэрээр “...Дэлхийн төв банкууд анхнаасаа хараат бус байсангүй. Харин цаг хугацаа өнгөрөхийн хэрээр төвбанкийг Засгийн газрын харъяанаас гаргах нь дэлхий нийтийн хандлага болжээ. Төв банкны үйл ажиллагаа улс төрчдийн мэдэлд байсан цагт ДНБ-ий өсөлт тогтворждоггүй төдийгүй инфляци дорвитой буурдаггүй нь нэгэнт нотлогдсон зүйл. Гэтэл манайд дэлхий нийтийн хандлагыг сөрж, бусдын алдаанаас суралцахыг хүсэхгүй байгаа үзэгдэл илэрч буй нь харамсалтай. Аливаа төв банк бол зөвхөн нийгмийн эрх ашигт үйлчилж байх үүрэгтэй институт юм. Харин энэхүү өндөр үүрэг хариуцлагыг ёс төртэй биелүүлэх баталгаа нь төв банкны хараат бус үйл ажиллагаа билээ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс төв банк зарим тохиолдолд хүнд хэцүү арга хэмжээг зайлшгүй авах ёстой болдог. Ийм тулгамдсан арга хэмжээг цаг алдалгүй авч чаддаг байхын тулд төв банк хэнээс ч хараат бусаар шийдвэрээ гаргаж байх зайлшгүй шаардлага урган гардаг. Гэтэл үүнийг сүүлийн үед зарим УИХ-ын гишүүн хүртэл үгүйсгэж ярих болсныг анхаарахгүй орхиж болохгүй юм. Хариуцлагагүй улс төрд үйлчилж буй мөнгөний бодлого юунд хүргэдгийг Зимбабве улсын жишээнээс тод харж болно...” гэж байсан юм.
Тэгвэл 2013 онд төрөөс баримтласан мөнгөний бодлогыг Монголбанк хэрэгжүүлэхдээ төрөөс ямар хэмжээний хамааралтай үйл ажиллагааг явуулсан бэ гэдэг дээр яригдах асуудлууд бий. Засгийн газартай хамтран хэрэгжүүлсэн “Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн бодит үр дүнгийн асуудал байна. 2011, 2012 онд иргэдийн нуруун дээрх ачааг нэмэгдүүлж буй инфляцийн өсөлтийг хязгараарлахын тулд мөнгөний хатуу бодлогыг барьж, бодлогын хүүгээ нэмэгдүүлж байсан Төв банк одоо харьцангуй зөөлрөөд байгаа л даа. Ер нь бол манай төв банк 2007 оноос инфляцийг онилсон мөнгөний бодлогын арга хэлбэрт аажимаар шилжсэн байдаг.
Учир нь 2006-2007 оноос эхлэн эдийн засаг дахь мөнгөжих явцтай уялдан мөнгөний эргэлтийн хурд, мөнгөний эрэлт, мөнгөний үржүүлэгч тогтворгүй болж мөнгөний агрегат болон инфляцийн хоорондох хамаарал алдагдаж эхэлсэн аж. Тиймээс ийм хүндрэлүүдээс шалтгаалж 2007 оноос эхлэн инфляцийг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт аажмаар шилжих дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж инфляцийн түвшинг бууруулж, үнийн тогтвортой байдлыг хангахад чиглэн ажиллаж ирсэн гэж байгаа юм. Үр дүнд хүрэхийн тулд: Инфляцийн дунд хугацааны тоон зорилтыг олон нийтэд ил тод зарлах; Төв банкны мөнгөний бодлогын үндсэн бөгөөд урт хугацааны зорилтыг үнийн тогтвортой байдал хэмээн томъёолох, инфляцийн зорилтот түвшинг алдахгүй байхад төв банкнаас бүхий л арга хэмжээг авах; Боломжтой бүх төрлийн мэдээллийг (зөвхөн мөнгөний агрегатуудын талаар төдийгүй) мөнгөний бодлогын шийдвэр гаргалтад ашиглах; Мөнгөний бодлогын эрх баригчдын төлөвлөгөө, зорилтуудыг олон нийтэд тайлбарлан таниулах замаар мөнгөний бодлогын стратегийг ил тод, нээлттэй байлгах; Төв банкны хариуцлагыг инфляцийн гүйцэтгэлтэй уялдуулах гэхчлэн арга хэлбэрүүдийг тодорхойлсон байдаг.
Гэхдээ “хатуу бодлого”-ын инфляцид нөлөөлөх нөлөөллийн хугацаа урт гэдэг нь тодорхой болсон билээ. Бодлогын хүүгээ хэдийгээр өсөлттэй барьж байсан ч, инфляцийн өсөлтийг бууруулахад учир дутагдалтай асуудлууд байсан харагддаг. Уншигч та санаж буй бол арванхоёр онд Монгол Улсын Засгийн газар хоёр оронд шилжсэн инфляцийг 5 хувь руу буулгана гэж төлөвлөөд байсан. Харин төв банк байгаа хөрсөө нөхцөл байдлаа бодьтой харж байсан. Мэдээж тэгээд Засгийн газрын санаснаар асуудал эргээгүй гэдгийг бид мэднэ.
За харин энэ Засгийн газрын зүгээс Төв банктай хамтран хэрэгжүүлж байгаа бодлогын хөтөлбөрүүд урт хугацаандаа эдийн засагт ямар үр авчрах вэ гэдэг дээр цаашид яригдах асуудал гарна байх. Бодлогын хүүтэй тулж ажиллах арга хэлбэрээс энэ удаадаа хойш суух байдал ажиглагдаж байгаа. Нөгөө талаас “...Бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчдийг буруутгахаас өмнө инфляцийн цаад учир шалтгааныг хамтдаа олж, улс төрчид, Засгийн газрын анхаарлыг үүнд хандуулж чадах юм бол “үнийн өсөлтийн мангаснаас” манай эдийн засаг ангижрах боломжтой болно...” хэмээн Төв банкны өмнөх удирдлагын хэлж байсныг эргэн саная. Засгийн зүгээс авч байгаа арга хэмжээнүүд нь жинхэнэ учир шалтгаан тийш анхаарал хандуулж байгаа хэрэг мөн үү гэдэг асуултыг нээлттэй үлдээе.
Э.Болорхажид
Сэтгэгдэл ( 0 )